Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/01016

 

2022           10            28                                         001/ХТ2022/01016

Б.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 156/ШШ2022/00206 дугаар шийдвэр,

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 226/МА2022/00021 дүгээр магадлалтай,

Б.Оийн нэхэмжлэлтэй

Г.З холбогдох

16,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Зохигчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Сайнбат, хариуцагч Г.Г.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Б.О нь Г.З холбогдуулан 16,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 156/ШШ2022/00206 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-д зааснаар хариуцагч Г.Г.Зээс 3,359,420 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Оөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үндсэн зээл, алдангид 12.840.580 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 68.701 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

3. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 226/МА2022/00021 дүгээр магадлалаар Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 156/ШШ2022/00206 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-д зааснаар хариуцагч Г.Г.Зээс 3.359.420 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Оөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үндсэн зээл, алдангид 12.840.580 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-д зааснаар хариуцагч Г.Г.Зээс 5.880.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Оөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.320.000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,” гэж , 2 дахь заалтын “68.701” гэснийг “104230” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220.400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Г.Г.З хяналтын гомдолдоо: ...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Б.О анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2020.05.29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 12,000,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар 2020.11.29-ний өдөр хүртэл зээлдүүлсэн... Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.2 хувийн алданги тооцож, 250 хоногийн 6,000,000 төгрөг болон үндсэн зээл 12,000,000 төгрөг нийт 18,000,000 төгрөг болсон. Тус зээлээс хариуцагч 2021.07 сард 1,800,000 төгрөгийг өгсөн. Иймд үлдэгдэл 16,200,000 төгрөгийг хариуцагч Г.Г.Зээс гаргуулж өгнө үү гэж нэхэмжилсэн. Миний хувьд Б.Оөөс 2019.11.29-нд 5,000,000 төгрөг, 2019.12.31-нд 2,000,000 төгрөг нийт 7,000,000 төгрөгийг ямар нэгэн бичгийн гэрээ байгуулахгүйгээр амаар харилцан тохиролцож зээлдсэн. 2020.01 сараас 2021.10.16-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч Б.Оөд 4,402,580 төгрөгийн бараа материал, дансаар нийт 4,238,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд нийтдээ 8,640,580 төгрөгийг буцаан төлсөн. 2016.12.20-ны өдөр 3,000,000 төгрөгийг Б.Оөөс зээлдсэн юм. Энэ мөнгийг зээлдэхдээ би өөрийн гараар 3,000,000 төгрөг хүүтэй нь авсан талаар бичсэн юм. Уг мөнгөө хүүтэй нь зээлсэн хугацаандаа төлж барагдуулсан. Дараа нь 2017.03.03-ны өдөр Б.Оөөс дахин 6,500,000 төгрөг зээлье гэж хэлэхэд чи урьд зээлсэн мөнгөнийхөө баталгаа дээр нэмээд бичээд өгчих гэхээр нь 2017.12.20-ны өдөр бичсэн баталгааныхаа доод хэсэгт нь бичиж өгсөн. Хамгийн гол нь Б.О чи мөнгө зээлсэн гээд биччих би нөхөртөө баримтыг чинь харуулж байж өгөхгүй бол болохгүй нөхөртөө харуулах юмтай байхгүй бол болохгүй гэхээр нь бичээд өгсөн. Тэгтэл удалгүй хэд хоногийн дараа эгч нь энэ удаад мөнгө зээлж чадахааргүй боллоо мөнгөгүй болчихлоо гээд өгөөгүй юм. Хэрвээ өгсөн бол Б.О эгч дансаар шилжүүлэх ёстой. Надад өгсөн бүх мөнгөө дансаар шилжүүлдэг би ч буцаад дансаар зээлээ төлдөг. Гэтэл надад зээлсэн 6,500,000 төгрөгийн 1,500,000 төгрөгийг нь авсан 5,000,000 төгрөг үлдсэн гэж худал гүтгэсэн. Энэ талаар би анхан шатны шүүх дээр дэлгэрэнгүй тайлбарласан боловч ганцхан миний хууртагдаж бичсэн баримт дээр үндэслэн намайг 5,000,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзсэн. Миний хувьд хууль зүйн туслалцаа авах боломжгүй байсан бөгөөд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо би уг мөнгийг аваагүй талаараа хэлээд хуульчаас хөөн хэлэлцэх хугацааны талаар сонсож байснаа шүүхэд хэлсэн нь шүүхэд буруу зөрүү ойлголт төрүүлж өөрийгөө авсан мэт ойлгуулсан байна. Уг нь би уг мөнгийг аваагүй, авсан байсан ч гэсэн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусдаг юм биш үү гэж л тайлбарласан юм. Үүнийг анхан шатны шүүх намайг 6,500,000 төгрөг авсан гэж хүлээн зөвшөөрч байна гэж үзэж хөөн хугацаа тасалдсан зэргээр хууль зүйн дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн гэж үзсэн нь нотлогдохгүй хуулийн шаардлага хангаагүй баримтыг үндэслэн намайг буруутгасан. 2020.11.29-ний өдөр намайг дөнгөж төрөөд удаагүй байхад Б.О ирээд 7,000,000 төгрөг дээрээ гэрээ байгуулмаар байна. Гэрээ байгуулахгүй бол нөхөр уурлаад байна харуулах юмтай байна гэхээр нь зөвшөөрөөд нотариат руу очсон. Тухайн үед 0-8 насны 3 хүүхдээ таксинд үлдээгээд нотариат орсон байсан учир 7,000,000 төгрөгийн гэрээ хийж байгаа гэж ойлгоод гарын үсэг зураад гараад ирсэн. Гэтэл сая 2022 онд намайг шүүхээс дуудах үед нь уг гэрээтэй танилцаад 12,000,000 төгрөг гэж нотариат дээр батлуулсан учир энэ мөнгийг авсан аваагүй заавал төлөх юм байна гэж ойлгоод тайлбараа өгсөн. 2020.11.29-ний өдөр байгуулсан гэх энэ гэрээнд 2017 онд намайг зээлсэн гээд байгаа 5,000,000 төгрөгийг тооцсон талаар тухайн үед нэхэмжлэгч юу ч дурдаагүй хирнээ мөнгө нэмж бичсэн байсан. Тиймээс би энэ гэрээг намайг төөрөгдүүлж хийсэн хууль бус гэрээ гэж үзээд байгаа юм. Иргэний хуулийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээнд байгуулсанд тооцно гэсний дагуу анхан шатны алданги төлөх үүрэггүй гэж зөв дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүхээс хуулийн уг заалтыг зөрчиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Г.Г.З би Б.Оөөс авсан 7,000,000 төгрөгөө нийтдээ 8,640,580 төгрөг буюу үндсэн мөнгө хүүгийн хамт төлсөн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Б.О хяналтын гомдолдоо: ...Шийдвэр, магадлалыг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 172 дугаар зүйлийн 172.2.1, Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а-д заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. ...Нэхэмжлэгч Б.О би 2020.05.29-ний өдөр хариуцагч Г.Зэй өмнө нь амаар байгуулсан зээлийн гэрээгээ бичгээр байгуулж, нотариатаар батлуулсан билээ. Тус зээлийн гэрээг анхан шатны шүүх хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн. Тус шийдвэрт гомдол гаргасны дагуу Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн боловч “...анхнаасаа алдангийн талаар тохиролцоогүй байх тул нэхэмжлэгчийн алданги гаргуулах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Г.Зэй 2020.05.29-ний өдөр бичгээр гэрээ байгуулахдаа гэрээний 3.7-д “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги төлнө гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс анх зээлийн харилцаа үүссэн үеэс эхэлж алдангийг тооцож нэхэмжлээгүй бөгөөд хариуцагч Г.Г.З 2017, 2019 онуудад зээлсэн мөнгөө өгөөгүй, өгөхгүй хойшлуулж байсан тул зээлийн гэрээг бичгээр байгуулж. үндсэн зээл, хүүгээ төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцсон. Хариуцагч бичгээр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлээ хугацаанд нь төлөөгүй тул 2020.05.29-ний өдрийн зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу алданги шаардах эрхтэй. Нөгөө талаас давж заалдах шатны шүүх бичгээр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн атлаа гэрээний 3.7-д заалтад дүгнэлт хийлгүй алданги шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч Г.Г.Зийн гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлд алданги тооцоход нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа тул Иргэний хуулийн 232.4, Зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу алдангид 2,940,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй болно. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч Г.Г.Зээс алданги 2,940,000 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан гомдлыг болон хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг тус тус илэрхийлжээ.

7. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.10.12-ны өдрийн 001/ШХТ2022/01111 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

8. Хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

9. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Г.З холбогдуулан үндсэн зээл 10,200,000 төгрөг, алданги 6,000,000 төгрөг, нийт 16,200,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргахдаа 2020.05.29-ний өдрийн бичгээр байгуулсан зээлийн гэрээг үндэслэл болгож, 2017.03.03-ны өдөр 6,500,000 төгрөг, 2019.11.29-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019.12.31-ний өдөр 2,000,000 төгрөгийг тус тус амаар тохиролцон зээлдүүлсэн, нийт зээл 12,000,000 төгрөгийг хожим нь бичгээр баримтжуулсан, хариуцагч 1,800,000 төгрөгийг төлсөн тул үндсэн зээлээс хасахад 10,200,000 төгрөг үлдсэн, гэрээнд алданги төлөхөөр тохирсон тул алдангийг хамт шаардана гэжээ.

Хариуцагч Г.Г.З нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсч, 2019.11.29-нд 5,000,000 төгрөг, 2019.12.31-нд 2,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг зээлж авсан, харин 2017 онд 6,500,000 төгрөгийг аваагүй, зээлийн хүү 1,470,000 төгрөг, нийт 8,470,000 төгрөг төлөхөөс 8,602,000 төгрөгийг төлж, үүрэг дуусгавар болсон гэж маргажээ.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болох 2020.05.29-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус, нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу 12,000,000 төгрөгийг шилжүүлээгүй, гэрээг бичгээр байгуулаагүй тул алданги шаардах эрхгүй гэж дүгнээд 12,000,000 төгрөгөөс хариуцагчийн бараагаар төлсөн 4,402,580 төгрөг, мөнгөн хэлбэрээр төлсөн 4,238,000 төгрөгийг хасч үлдэх 3,359,420 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

11. Давж заалдах шатны шүүх 2020.05.29-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж, үндсэн зээл 12,000,000 төгрөг, 6 сарын зээлийн хүү 2,520,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 8,649,500 төгрөгийг хасч үлдэх 5,880,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ талууд анхнаасаа алданги тохиролцоогүй тул хожим нь бичгээр гэрээ байгуулсан ч алдангийг шаардах эрхгүй гэж дүгнэж, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

12. Хоёр шатны шүүх зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 232 дугаар зүйлийн 232.3, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн нь хяналтын шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх үндэслэл болсон ба энэ талаарх зохигчийн гомдлыг танхимын нийт шүүгчдийн хуралдаанаас хүлээж авахаар шийдвэрлэсэн.

13. Хэрэгт байгаа баримтаас үзвэл хариуцагч Г.Г.З нь 2019.11.29-нд 5,000,000 төгрөг, 2019.12.31-нд 2,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг зээлж авсан, буцааж 8,649,500 төгрөгийг төлсөн үйл баримтыг зохигч маргаагүй. Харин 2017.03.03-ны өдөр 6,500,000 төгрөгийг зээлсэн эсэх, 2020.05.29-ний өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болжээ.

14. Анхан шатны шүүх зээлдүүлэгч мөнгөн хөрөнгөө шилжүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2020.05.29-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т нийцээгүй байна.

Учир нь иргэд хоорондын зээлийн гэрээг хэлбэрийн хувьд амаар байгуулах нь хууль зөрчихгүй бөгөөд амаар байгуулсан тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр байхыг Иргэний хуульд заасан байдаг. Гагцхүү зээлийн хүү болон анз тогтоосон бол гэрээг бичгээр байгуулах, ийнхүү бичгээр байгуулаагүй бол хүү, анз шаардах эрхгүй болохыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-д тус тус заажээ.

Зохигч талууд зээлийн талаар аман тохиролцоо хийж, хожим уг тохиролцоог бичгийн хэлбэрт оруулан, 2020.05.29-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч нь 12,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийг хүүтэй зээлүүлсэн гэж тохиролцсон байна. Мөн зээлийг буцаан төлөх үүргээ зээлдэгч хугацаа хожимдуулвал алданги тооцох талаар талууд гэрээндээ заажээ. Талууд амаар байгуулсан гэрээг хожим нь бичгийн хэлбэрт оруулж, гэрээг байгуулах нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” гэж заасныг зөрчихгүй.

15. Ийнхүү зохигч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байна. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Давж заалдах шатны шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлыг хуульд нийцүүлэн зөв дүгнэжээ.

16. Хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтыг зөв сонгосон боловч давж заалдах шатны шүүхийн “алдангийг тохироогүй” гэж үзсэн дүгнэлтийг залруулах үндэслэлтэй.

17. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний талууд үүргээ харилцан, зохих ёсоор биелүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч Б.О мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч Г.Г.З нь 3 удаа нийт 12,000,0000 төгрөгийг зээлж авсан  болохоо бичгээр илэрхийлж хүлээн зөвшөөрсөн /хх-94/ үйл баримт тогтоогдсон байх тул  “...12,000,000 төгрөгийг зээлж аваагүй, 7,000,000 төгрөг зээлж авсан” гэх хариуцагчийн татгалзал, энэ талаарх хяналтын гомдол үндэслэлгүй байна.

18. Шүүх зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулсан. Хариуцагч нь 6,500,000 төгрөгийг зээлж аваагүй гэх татгалзлаа нотолж чадаагүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 67 дугаар зүйлийн 67.1.1, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

19. Давж заалдах шатны шүүх зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж зээл, зээлийн хүүг зээлдэгчээс гаргуулсан атлаа гэрээний нэг нөхцөл болох алдангийг анхнаасаа тохироогүй гэж дүгнэж, хэрэгсэхгүй болгосон нь зөрчилтэй болжээ. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр, гэрээнд заасан “алданги төлөх” талуудын тохиролцоо хүчин төгөлдөр байна.

20. Талууд анзыг бичгээр тогтоосон тул үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн хариуцагч нь алданги төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй эсэх, нэхэмжлэгч нь алдангийг хэзээнээс эхэлж хэрхэн тогтоосон тооцоолол гаргаагүй байгаа нөхцөлд алдангийг гаргуулах боломжгүй бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. Иймд  “алдангийг гаргуулахыг хүссэн” нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 226/МА2022/00021 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 109,030 төгрөг, нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 61,990 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                       ШҮҮГЧИД                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД