Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2016/0863/З |
Дугаар | 278 |
Огноо | 2017-09-04 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 278
Д.Ү-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагчийн өмгөөлөгч Э.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 118 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0313 дугаар магадлалтай, Д.Ү-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 118 дугаар шийдвэрээр Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Ү-ийн “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0313 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 118 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Нэхэмжлэгч Д.Ү-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн талаар:
Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Ү-г Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсгийг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Энэ тохиолдолд Засгийн газарт захиргааны санаачилгаар шийдвэр гаргах эрх хэмжээ, үндэслэл байсан эсэх талаар тайлбар хийвэл:
Засгийн газар Д.Ү-г Ашигт малтмалын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө холбогдох сайдын саналд үндэслэлгүйгээр, шууд өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлж, Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг ... эрхлэх асуудлын хүрээнд нь тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар ... чөлөөлнө” гэж заасныг зөрчиж, хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн төрийн албанд хөдөлмөрлөх эрх, төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдөхгүй байх хуулиар олгогдсон баталгааг хөндсөн захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийж, оролцогчийн эрхийг хангаагүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааны зохицуулалтыг тусгасан байдаг бөгөөд тус зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх баталгааг зохицуулсан байдаг.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс Д.Ү-г Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсгийг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх үзэхдээ, маргаан бүхий ажлын байрны чиг үүрэг нэмэгдсэн гэсэн бол давж заалдах шатны шүүх маргаан бүхий ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдээгүй гэж эсрэг дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүх чиг үүрэг хэвээр хадгалагдаагүй гэдэг дүгнэлтдээ үндэслэн Д.Ү-г ажлаас чөлөөлөхөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгийн заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзсэн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дах хэсэгт “төрийн байгууллагыг нийлүүлэх замаар өөрчлөн байгуулсан боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан байдаг.
Давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын газар, Газрын тосны газруудыг Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар нийлүүлэх замаар өөрчлөн байгуулсныг хүлээн зөвшөерсөн хирнээ албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдээгүй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-ийг хэрэглэх боломжгүй гэж дүгнэж байгаа нь хоорондоо зөрчилтэй дүгнэлт болсон. Учир нь нийлүүлэх замаар өөрчлөн байгуулахад чиг үүрэг, эрх үүрэг шинээр байгуулагдсан байгууллагад шилждэг. Гэтэл Ашигт малталын газар, Газрын тосны газрыг нийлүүлэх замаар өөрчлөн зохион байгуулж, тэдгээрийн чиг үүрэг, эрх, үүргийг шинээр байгуулсан Ашигт малтмал, газрын тосны газарт шилжүүлсэн байтал Ашигт малтмалын газрын даргын эрхэлж байсан албан тушаал, чиг үүрэг Ашигт малтмал, газрын тосны газарт шилжээгүй гэдэг дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй юм.
Дээрх хуулийн заалт нь төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөхгүй байх, төрийн байгууллага аливаа хэлбэрээр өөрчлөн байгуулагдсанаас үл хамааран өмнө эрхэлж байсан ажил үүрэг /чиг үүрэг/ нь шинээр бий болсон ажлын байранд агуулгаараа хадгалагдсан /чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томьёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга хэвээр байгаа/ байвал тухайн ажлын байранд буюу төрийн албанд үргэлжлүүлэн хөдөлмөрлөх эрхийн баталгаа юм.
Харин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасан “...3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгож, төрийн албанаас чөлөөлөх” зохицуулалт нь уг зохицуулалтын өмнөх зохицуулалтуудыг хэрэглэх боломжгүй тохиолдолд хамгийн сүүлд хэрэглэгдэх, эсхүл төрийн албан хаагчтай өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр хэрэглэх хэм хэмжээ юм. Ийм хэм хэмжээг баримтлан нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлж, түүний эрх зүйн байдлыг дордуулсан захиргааны актыг хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хууль буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр гаргасан гомдлыг дараах үндэслэлээр хангалгүй орхив. Үүнд:
Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсгийг үндэслэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Учир нь, Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр агентлагийн даргыг томилох, чөлөөлөх бүрэн эрхийг Засгийн газарт олгосон байна. Монгол Улсын Засгийн газар нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэх бөгөөд үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ; танхимын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь Засгийн газрын хуралдаан мөн /Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1,3,4 дэх хэсэг/.
Иймээс маргаан бүхий актыг Засгийн газрын хуралдаанаар гаргасан /Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1/ тул “хариуцагч холбогдох сайдын саналд үндэслэлгүйгээр, шууд өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн” нь хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн” гэх гомдол үндэслэлгүй байна.
Мөн давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн “Ашигт малтмалын газар, Газрын тосны газрыг нэгтгэн Ашигт малтмал, газрын тосны газар өөрчлөн байгуулагдаж, тус газрын даргын орон тоо 1 байхаар батлагдсантай холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын ажлын байрны тодорхойлолтыг шинээр баталсан, улмаар Ашигт малтмалын газрын даргын албан тушаалын тодорхойлтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдээгүй”, өөрөөр хэлбэл, өөрчлөгдсөн байх тул “нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасан баталгаагаар хангагдах ёстой байтал шүүх хуулийг буруу тайлбарласан” гэх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
Харин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасан “...3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгож, төрийн албанаас чөлөөлөх” зохицуулалт нь уг зохицуулалтын өмнөх зохицуулалтуудыг хэрэглэх боломжгүй тохиолдолд хамгийн сүүлд хэрэглэгдэх, эсхүл төрийн албан хаагчтай өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр хэрэглэх хэм хэмжээ юм. Ийм хэм хэмжээг баримтлан нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлж, түүний эрх зүйн байдлыг дордуулсан” гэх гомдлын тухайд нэхэмжлэгч энэхүү үйлдэл юмуу эс үйлдэхүйн талаар маргаагүй, зөвхөн ажлаас чөлөөлсөн Засгийн газрын 2016 оны 16 дугаар тогтоолыг /өөрт холбогдох хэсгийг/ хууль бус гэх үндэслэлээр хүчингүй болгуулах, эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан үеийн цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр маргажээ.
Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, уг тогтоолоор төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал одоо байхгүй болсон байх тул гомдлын энэхүү үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.
Харин “хариуцагч нь нэхэмжлэгчийн төрийн албанд хөдөлмөрлөх эрхийг хөндсөн захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийж, оролцогчийн эрхийг хангаагүй” гэх гомдол үндэслэлтэй байх боловч энэхүү шийдвэр гаргах ажиллагааны алдаа нь маргаан бүхий актын эрх зүйн үр дагаварыг өөрчлөхүйц, тухайлбал сонсох ажиллагаа явагдсан байсан бол нэхэмжлэгчийн тайлбар, саналыг үндэслэн ажлаас чөлөөлөгдөхгүй байхуйц үр дагавар үүсгэх алдаа биш тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах боломжгүй юм.
Иймээс шүүх бүрэлдэхүүн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 118 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0313 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ