Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 102/2020/00599/И |
Дугаар | 001/ХТ2022/00866 |
Огноо | 2022-09-27 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2022/00866
2022 09 27 001/ХТ2022/00866
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/01472 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1708 дугаар магадлалтай, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Х” ХХК-д холбогдох Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол, доголдлыг арилгахтай холбоотой гарсан зардал, олох ёстой байсан ашиг, өмгөөлөгчийн зардал нийт 107,437,773 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Э.Жаргал, Ц.Мөнхзул, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол, доголдлыг арилгахтай холбоотой гарсан зардал, олох ёстой байсан ашиг, өмгөөлөгчийн зардал нийт 107,437,773 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/01472 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-аас 18,624,600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 88,813,173 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 695,138 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 251,073 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ. 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1708 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/01472 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.05-ны өдрийн 1708 дугаар магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. 4.1. Хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх “гэм хорын хэмжээг тодорхойлохдоо гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэхээр заасан тул гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой зардал, хохирлыг ажил гүйцэтгэгч “Х” ХХК-д дангаар хариуцуулах үндэслэлгүй" гэж Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсгийг тус маргааны хувьд буруу тайлбарлан хэрэглэсэн. 4.1.1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэж учирсан гэм хорын хэмжээг үнэлэн тогтоох нийтлэг шалгуур үзүүлэлтийг цохон заасан. Тус зохицуулалтыг хохирогчийн алдагдсан ашиг орлого, нэмэлт зардлын хэмжээг тогтооход хэрэглэх ба ингэхдээ дан ганц гэм хор учруулагчийн гэм буруугийн хэмжээг харгалзах агуулгатай. Гэтэл хуулийн тус зохицуулалтыг эсрэгээр нь хохирогчийн гэм буруугийн талаар дүгнэхдээ үндэслэж, буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өмч, эд хөрөнгийн дагалдах гэм хор, хохирлын тухайд алдагдсан үйл ажиллагааны ашиг, орлогын хэмжээг тогтооход хохирогчийн өмч, эд хөрөнгийн байдал чухал ач холбогдолтой. Харин шүүх гэм хор учруулагчийн гэм буруугийн хэмжээ ялимгүй байхад хохирогчийн өмч, эд хөрөнгөнд харьцангуй хэмжээний хохирол учирсан эсэхийг шалгаж, улмаар хариуцлагыг зохистой хэмжээнд тогтооход Иргэний хуулийн 229.2-т заасныг хэрэглэх учиртай. Харин Иргэний хуулийн 230.3-т зааснаар арилгах гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогч өөрөө гэм буруутай эсэхийг харгалзах ёстой. Хохирол арилгахтай холбоотой дээрх зохицуулалтууд нь гэм хор учруулагч заавал гэм буруутай байхыг шаардахгүй ба гагцхүү хохирлыг бодитой бөгөөд шударга ёсны зарчимд нийцэх хэмжээнд барагдуулах эрх зүйн нийтлэг зарчимд суурилдаг. Тиймээс шүүх тухайн тохиолдол бүрд Иргэний хуулийн 229.2, 230.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэснээр хохирлын хэмжээг бодитой бөгөөд хүлээн зөвшөөрөхүйц хэмжээнд тогтоож чадна. 4.1.2. Иргэний хуулийн 230.3-т “Гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана” гэж эдийн бус гэм хорыг арилгахад хохирогчийн гэм буруугийн хэмжээг харгалзахаар заасан. Тус зохицуулалтыг өмч, эд хөрөнгийн хохирлын тухайд хэрэглэх тохиолдолд хохирогчийн үйлдлээс хохирол үүссэн байх, хохирол болон хохирогчийн үйлдлийн хооронд учир шалтгааны холбоос байсныг тогтоосон байх ёстой. Тодруулбал, хохирогч бодитойгоор эрх зүйн эсрэг үйлдэл хийж, хууль журам зөрчсөн бөгөөд үйлдлийнхээ үр дагаврыг мэдэж байсан, эсхүл мэдэх болон үр дагавраас зайлсхийх бололцоотой байсан тохиолдолд гэм буруутайд тооцно. Учир нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинж нь гүйцэтгэгчийн үйл ажиллагаагаар Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2, 350.1.6-д заасан доголдолгүй үр дүн бий болгох байдаг. Гүйцэтгэгч зөвхөн үйлдэл хийх үүрэг хүлээвэл Хөлсөөр ажиллах гэрээ болох тул шаардлагатай төсвийг батлуулж, ажилд ашиглах бараа, материалыг өөрөө сонгон авч, ажлын үр дүнд муугаар нөлөөлөх зааварчилгаа, материалаас татгалзах, цаашлаад ажлын нарийвчилсан төлөвлөгөө, задаргааг өөрөө хариуцан ажиллах үүргүүдийг хүлээдэг онцлогтой. Эдгээр цогц үйл ажиллагааны өчүүхэн хэсгийг гүйцэтгээгүй захиалагчийг буруутгаж, хохиролд хүргэсэн ямар нэг үйлдэлгүйгээр гэм буруутайд тооцож, нөхөн төлүүлэх хохирлыг өөрт нь хуваарилах нь хохирол арилгахтай холбоотой болон Ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтуудад нийцэхгүйн зэрэгцээ шударга ёсны зарчимд харшилна. Магадлалд “Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэл болгосон “К” ХХК-ийн дүгнэлтэд халаалтын системийн ажлыг мэргэжлийн байгууллагын ажлын зураг төсөлгүй хийсэн, үүний улмаас угсралтууд буруу хийгдсэн, тоног төхөөрөмжүүдийн хүчин чадал хоорондоо уялдаагүй, зуухны насос, халаалтын тогоог зууханд тохируулж сонгоогүйн улмаас халаалтын шугам халахгүй байгаа гэсэн агуулгыг дурдсан” гээд зуухны насос, зуух зэрэг тоног төхөөрөмжийг захиалагч “М” ХХК-ийн зүгээс нийлүүлж, ажил гүйцэтгэгч “Х” ХХК угсарсан гэж дүгнэсэн. Ингэхдээ, гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 350.1.3-т заасан үүргээ биелүүлээгүй гэж мөн дүгнэсэн атлаа ажил гүйцэтгүүлэхээр захиалагчийн шилжүүлсэн материал, зааварчилгаа, хэрхэн гүйцэтгэх талаар санал болгосон аргачлал нь ажлын чанар, үр дүнд муугаар гүйцэтгэгч хариуцах ёстойг анхаараагүй. Угаас ажлыг хийсэн, угсарсан, тоног төхөөрөмжийн сонгон хэрэглэсэн үйлдлийг гүйцэтгэгч дангаараа хийсэн нь хууль буруу тайлбарлаж хэрэглэснийг харуулна. Мөн магадлалд “Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.3-т гүйцэтгэгч тал барилгын ажлын зураг төсөлд заагдсан ажлыг хийж гүйцэтгэхээр зохицуулсан боловч уг зураг төсөл байхгүй буюу “Х” ХХК хуучин байсан системийг шинэчлэх, засварлах ажлыг хийж гүйцэтгэжээ” гэсэн атлаа дээрх дүгнэлтийг дэмжих нотлох баримт хэрэгт байхгүй, бусад баримт няцааж байхад хэрхэн харьцуулан дүгнэсэн, мөн тал шаардлагын үндэслэл болгосон гэснийгээ хуулийн болон үйл баримтын үндэслэлтэй дүгнээгүй. Тодруулбал, доголдолтой ажлын үр дүн захиалагчийн үйлдлээр бий болсон эсэх, захиалагч бодит оролцоотой байсан эсэхийг дүгнээгүй байж үр дагаврыг хохирогчид хариуцуулсан. Хохирогч хохирлыг үүсгэхэд, эсхүл ихэссэнд гэм буруутай байсан, эсхүл хохирлыг бууруулах, зайлуулах арга хэмжээ авах боломжтой байхад ямар ч арга хэмжээ аваагүйг тогтоосны дараа хамтын хариуцлага хүлээлгэнэ. Гэтэл, гэрээний талуудын үйлдлийн хохирол үүсгэх, хэмжээг нэмэгдүүлэх оролцоо ямар хэмжээнд байсан, тухайн үйлдлийг хийх болсон шалтгаан, нөхцөлийг тогтоох замаар гэм буруугийн хэмжээг харьцуулж, улмаар тухайн үйлдэл ямар хохирлын аль хэсгийг бий болгосныг нотлох баримтгүйгээр дүгнэсэн. 4.1.3. Гүйцэтгэгч хөлсөө авахад ажлын үр дүн гарсан буюу захиалагч доголдолгүй үр дүн хүлээн авсан байх нь ач холбогдолтой. Иргэний хуулийн 346 дугаар зүйлд зааснаар ажлын үр дүнг хүлээлгэн өгөхөөс өмнө хөлс төлөхийг шаардах эрх үүсэхгүйн адил ажлын хөлсний хэмжээ амласан үр дүнг хэдий хэмжээнд бий болгосноос шалтгаалан буурах учиртай. Тиймээс, үр дүн доголдолтой болохыг ажлын хөлсийг бүхэлд нь нэхэмжлэх эрхгүй гэх үйл баримттай зэрэг тогтоох боломжгүй. 4.1.4. Иргэний хуулийн 350.1.7-д гүйцэтгэгч доголдлыг арилгахтай холбогдон гарах бүх зардлыг хариуцна гээд ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тэдгээрийн хөлс зэргийг нэрлэсэн байдаг. Тус заалт нь доголдолгүй ажлын үр дүн шаардах мөн хуулийн 343.1, 350.1.2-т заасан эрх, мөн 352 дугаар зүйлийн хүрээнд доголдлыг арилгахад шаардлагатай бүх зардлыг хамарна. Тиймээс гүйцэтгэгч доголдлыг илрүүлэх, шалтгааныг тогтоох эсхүл хэвийн байдалд оруулахад шаардлагатай ажил гүйцэтгэхэд шинжээч, гуравдагч этгээд ажиллуулсан бол тэдгээрийн зардлыг хариуцах үүрэгтэй. Энэ нь хохирол арилгах тухай бус Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7-д үндэслэсэн үүргийн харилцаа болохыг шүүх анхаарах ёстой. Захиалагчийн өгсөн зааварчилгаа доголдол үүсэхэд нөлөөлсөн гэж үзэх тохиолдолд зөвхөн засан сайжруулах ажлын зардлыг гэм буруутай хэмжээгээр хуваарилах ёстой. Гаргасан зардлаа нөхөн төлөхийг шаардах захиалагчийн эрх нь бодитоор шаардлагатай байсан зардал буюу дахин гүйцэтгүүлсэн ажлын гуравдагч этгээдэд төлсөн хөлсний хэмжээгээр тодорхойлно. Тухайлбал, доголдлыг илрүүлэх болон арилгахад мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ авсан бол холбогдон гарсан зардал, өмчлөгчийн хөрөнгөнд үүссэн бусад хохирлыг арилгахтай холбогдон гарсан зардлууд тооцогдоно. Тиймээс шаардах эрхийг хэрэгжүүлэхэд гүйцэтгэгч уг доголдолд гэм буруутай эсэх нь хамааралгүй, өмчид хохирол учруулахгүй байх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх нийтлэг үүргийн хүрээнд Иргэний хуулийн 206 дугаар зүйл, 186 дугаар зүйлийн 186.2 дахь хэсгээс урган гарах 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийн дагуу хохирлыг нөхөн төлөх үр дагаврыг хариуцна. 4.2. Хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй. 4.2.1.Талуудын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн боловч ажил гүйцэтгэх гэрээнд холбогдох дараах зохицуулалтуудыг оновчтой зөв хэрэглээгүй. Талууд үр дүнг тохиролцохдоо Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хязгаарлалт зөрчихгүйгээр гэрээнд тодорхой заасан. Ийнхүү тохиролцсон үр дүнг бий болгоход зайлшгүй шаардагдах бүхий л үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүргийг гүйцэтгэгч хүлээдэг. Тус үүргээс Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх боломжгүй болох нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд чөлөөлөгдөхгүй байтал шүүх тус зохицуулалтыг хэрэглээгүй, холбогдох дүгнэлт хийгээгүй. 4.2.2. Тусгай мэргэжил шаардагдах буюу тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг Иргэний хуулийн 206 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх зарчмын дагуу зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстой. Гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 350.1.3-т зааснаар ажил гүйцэтгүүлэхээр захиалагчийн шилжүүлсэн материал, зааварчилгаа, хэрхэн гүйцэтгэх талаар санал болгосон аргачлал нь ажлын чанар үр дүнд муугаар нөлөөлөхөөр байвал захиалагчид нэн даруй мэдэгдэх ёстой. Тодруулбал, гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэхэд тохирсон материал, техникийг ашиглах, захиалагчийн шилжүүлсэн материал, зааварчилгаа зөв эсэх нь эргэлзээтэй бол ажлаа эхлэхээс өмнө тохирох эсэхийг нь шалгаж, эргэлзээ төрсөн тохиолдолд мэдэгдэх үүрэгтэй. Мөн гүйцэтгэгч ажлын үр дүнтэй холбоотой нөхцөл байдлын талаар захиалагчаас илүү мэдлэг, мэдээлэлтэй байдаг нь эрх зүйн практикт тогтоогдсон үйл баримт. Магадлалд “зуухны насос хэвийн ажиллагаатай болох нь баримтаар нотлогдож байх боловч тухайн насосын хүчин чадал нь нийлүүлсэн зуухны хүчин чадалтай зохицож ажиллаж чадахгүй тохиолдолд зуухны насос хэвийн ажиллагаатай эсэх нь ач холбогдолгүй юм” гэсэн нь Иргэний хуулийн 350.1.2, 350.1.6-д заасны дагуу доголдолгүй үр дүн бий болгох гүйцэтгэгчийн үндсэн үүрэг, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинжид харшилсан дүгнэлт болсон. Гүйцэтгэгчийн захиалагчид мэдэгдэх үүрэг нь тусгай мэдлэг, мэргэжилтэй этгээдийн хувьд “ажлын үр дүнд сөргөөр нөлөөлөхийг мэдсэн байхыг шаардах” ба мэдэгдээгүйгээс учирсан хохирлыг бүрэн нөхөн төлөх үр дагавартай байна. Ийнхүү мэдэгдэх үүргээ гүйцэтгээгүй нь гүйцэтгэсэн ажил техник, материалын хувьд муу байснаас үл хамааран доголдлыг арилгах үүргийг хүлээх үндэслэл болно. Гэтэл шүүх дээрх зохицуулалтыг хэрэглээгүй, холбогдох дүгнэлт хийгээгүй. 4.2.3. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангах боломжгүй гэх дараах дүгнэлтүүд хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг хэрэглээгүй. “Цахимаас хэвлэсэн боловч үзлэг хийж бэхжүүлээгүй байх тул олох ёстой байсан ашиг, томилолтын замын зардал” гэх, “Нотлох баримтын шаардлага хангаж байх боловч юу авсан нь тодорхойгүй “bаrаа” гэх утгатай кассын QR код бүхий баримтуудаар барилгын материал авсан гэж үзэх боломжгүй” гэх, “Нотлох баримтын шаардлага хангаж байх боловч рублиэр хийсэн тооцоонуудыг холбогдох валютын ханшны мэдээлэл авагдаагүй байх тул нэхэмжлэлд дурдсан дүн нотлогдохгүй гэж үзнэ” гэх, “Нэхэмжлэгч талын өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр гарсан зардал байх тул өмгөөлөгчийн ажлын хөлсийг хариуцагчид хариуцуулах үндэслэлгүй” гэх, Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримттай бүрэн гүйцэт танилцаагүйн улмаас дутуу үнэлсэн, талуудын амаар болон бичгээр гаргасан тайлбар, бусад үйл баримттай бодитойгоор харьцуулах замаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй гэх давж заалдах гомдлын үндэслэлийг дүгнэлгүй дээрх байдлаар ерөнхий дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Иймд, дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т зааснаар магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ. ХЯНАВАЛ: 5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. 6. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний доголдол засварлахад гарсан зардал 49,911,016.15 төгрөг, олох ёстой байсан ашиг 54,026,757.75 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 3,500,000 төгрөг, нийт 107,437,773.90 төгрөг гаргуулахаар нэхэмжлэхдээ үндэслэлээ “...ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй буюу нөөцийн сав задарч, тосол асгарсан бөгөөд хариуцагч уг доголдлыг арилгах ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж байна” гэж тайлбарлах бөгөөд хариуцагч нь “...захиалагчийн шилжүүлсэн насос чанарын шаардлага хангаагүйн улмаас нөөцийн сав задарсан доголдлыг хариуцахгүй” гэж маргасан байна. 7. Анхан шатны шүүх хариуцагч “Х” ХХК-аас 18,624,600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 88,813,173 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна. 8. Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2019.04.22-ны өдөр байгуулагдсан “Зөгийн байрны дотор халаалт, цэвэр усны засварын ажил гүйцэтгэх гэрээ” болон 2019.05.27-ны өдрийн “Зөгийн балны үйлдвэрийн халаалт, цэвэр ус, бохирын угсралт засварын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр “Х” ХХК 25,609,760 төгрөгийн болон 13,016,630 төгрөгийн төсөвт өртөг бүхий зөгийн байрны халаалт, цэвэр ус, бохирын угсралт, засварын ажлыг хийж гүйцэтгэх, “М” ХХК гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. 9. Зохигч нь гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, харин гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан эсэх, улмаар уг доголдлын улмаас нэхэмжлэгч буюу захиалагч талд хохирол учирсан эсэх нь маргааны зүйл болсон байх бөгөөд хоёр шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон нь зөв юм. 10. 2019.09.22, 2019.09.23-ны өдрүүдэд талууд тус тус акт үйлдэж, захиалагч нь гэрээний зүйлийг хүлээн авсан байх ба уг актад системийн угсралтыг сайн чанартай хэмээн үнэлсэн тухай баримт хэрэгт авагдсан байна. Харин 2019.10.23-ны өдөр халаалт, цэвэр ус, бохирын системийг ажиллуулж хүлээн авсны дараа 2019.10.24-ний өдөр халаалтын системийн нөөцийн сав задарч, тосол асгарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. 11. Гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдол бий болоход зохигчдын хэн аль нь буруутай гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 11а/. Хэргийн баримтаас үзвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-т гүйцэтгэгч тал барилгын ажлын зураг төсөлд заагдсан ажлыг хийж гүйцэтгэхээр зохицуулсан боловч уг зураг төсөл байхгүй буюу “Х” ХХК хуучин байсан системийг шинэчлэх, засварлах ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч талаас шаардлагынхаа үндэслэл болгосон “К” ХХК-ийн дүгнэлтэд халаалтын системийн ажлыг мэргэжлийн байгууллагын ажлын зураг төсөлгүй хийсэн, үүний улмаас угсралтууд буруу хийгдсэн, тоног төхөөрөмжүүдийн хүчин чадал хоорондоо уялдаагүй, зуухны насос, халаалтын тогоог зууханд тохируулж сонгоогүйн улмаас халаалтын шугам халахгүй байгаа” гэсэн агуулга бүхий дүгнэлт гарсан байна. Зуухны насос, зуух зэрэг тоног төхөөрөмжийг захиалагч “М” ХХК-ийн зүгээс нийлүүлж, ажил гүйцэтгэгч “Х” ХХК угсарчээ. 11б/. “Х” ХХК бусдын зураг төслөөр, захиалагчийн хүсэлтээр түүний нийлүүлсэн тоног төхөөрөмжөөр ажлыг хийж гүйцэтгэсэн байх тул ажлын үр дүнгийн доголдолд түүнийг шууд буруутай гэж үзэх боломжгүй, харин барилга угсралтын тусгай зөвшөөрөл бүхий этгээдийн хувьд эрсдэлийг урьдчилан тооцож ажлыг гүйцэтгэхгүй байх боломжтой байтал хийж гүйцэтгэсний хувьд буруутай буюу ажил гүйцэтгэгчийг Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заасан үүргээ биелүүлээгүй гэж хоёр шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. Шүүх Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заасан “...ажил гүйцэтгүүлэхээр захиалагчийн шилжүүлсэн материал, ... нь ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр байвал” ...захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргээ хариуцагч зөрчсөн гэж дүгнэхдээ хуулийг зөв хэрэглэсэн байна. 11в/. “М” ХХК барилгын ажлын зураг төслийн дагуу ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээнд заасан байхад ажлын зураг төсөл гаргаж өгөөгүй, зураг төсөл хийлгээгүй, хоорондоо хүчин чадлын хувьд уялдаатай ажиллах боломжгүй тоног төхөөрөмжийг нийлүүлсэн нь буруутай буюу зуухны насос хэвийн ажиллагаатай боловч хүчин чадал нь нийлүүлсэн зуухны хүчин чадалтай зохицож ажиллаж чадахгүй тохиолдолд зуухны насос хэвийн ажиллагаатай эсэх нь ач холбогдолгүй. Иймээс Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт гэм хорын хэмжээг тодорхойлохдоо гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэхээр заасан тул гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой зардал, хохирлыг ажил гүйцэтгэгч “Х” ХХК-д дангаар хариуцуулах үндэслэлгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ. 12. Ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой нэхэмжлэгчийн зүгээс гарсан зарим зардал буюу шатахуун, зочид буудлын, дүгнэлт гаргуулсны төлбөр, доголдол арилгуулсны ажлын хөлс, барилгын материал, ахуйн тосол зэргийн үнэ гэж нийт 18,624,600 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулахдаа шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлсэн байна. 13. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, цахимаас хэвлэсэн баримтад үзлэг хийж бэхжүүлээгүй, “baraa” гэх утгатай кассын QR код бүхий баримтуудаар барилгын материал авсан гэж үзэхгүй, түүнчлэн нэхэмжлэгч байгууллагын санхүүгийн тамга бүхий жагсаалтыг үндэслэн 17,482,850 төгрөгийн материалыг дахин ашиглах боломжгүй болсон гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч учирсан хохирлоо баримтаар нотлоогүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. 14. Анхан шатны шүүх “..иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс авсан хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээний хөлсийг хохиролд тооцох үндэслэлгүй” гэж, “...нэхэмжлэгч талын өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр гарсан зардал байх тул өмгөөлөгчийн ажлын хөлсийг хариуцагчид хариуцуулах үндэслэлгүй” гэж давж заалдах шатны шүүх тус тус дүгнэсэн нь учир дутагдалтай хэдий ч хэрэгт авагдсан “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” болон банкны мөнгө шилжүүлсэн гүйлгээний утгаас харахад талууд энэ маргаанд хууль зүйн туслалцаа авах үйлчилгээг 3,500,000 төгрөгөөр тохирсон гэж үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т нийцэхгүй. 15. Хоёр шатны шүүх Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ болон гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирлын талаарх зохицуулалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “... хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэсэн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/01472 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1708 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 602,015.85 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ П.ЗОЛЗАЯА Б.МӨНХТУЯА Д.ЦОЛМОН
|