Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/00868

 

 

 

 

 

 

 

 

 2022          09           27                                          001/ХТ2022/00868

 

Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                         

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 143/ШШ2020/00279 дүгээр шийдвэр,   

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 203/2020МА/00030 дугаар магадлалтай                                                                                                                               

Эгийн нэхэмжлэлтэй,

Ат холбогдох

2,649,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг         

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э, хариуцагч А, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э нь хариуцагч Ат холбогдуулан 2,649,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 143/ШШ2020/00279 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Аээс 2,649,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжпэгч Эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,344 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Аээс улсын тэмдэгтийн хураамж 57,344 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эд олгож шийдвэрлэжээ.

3. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 203/2020МА/00030 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 143/ШШ2020/00279 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Аийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.22-ны өдрийн 30 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлтэй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу. Талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтаас үзэхэд тухайн харилцааг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан эрх зүйн харилцаа гэж үзэх боломжгүй юм. Учир нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт дурдсанаар үүрэг үүсээгүй, үүрэг хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэх үндсэн хоёр шинж заасан байна. Үүрэг үүсээгүй гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хариуцагчийн тайлбараас үзэхэд талуудын санал нэгдсэн нэг үйл баримт бол нэхэмжлэгчийн зүгээс компанийн нэрийг нь мэдэхгүй гэх боловч өөрийн шилжүүлсэн 2,649,600 төгрөгийг хариуцагчаар дамжуулан гүйлгээ хийлгэж ашиг олох зорилго агуулж байсан нь илэрхий. Энэ талаараа шүүх хуралдаанд хэлдэг. Уг харилцаанд нэхэмжлэгч өөрийн мөнгөн хөрөнгийг хариуцагч надад шилжүүлсэн. Шилжүүлэх зорилго нь “Атлантик глобал Ассент менежмент” ХК-тай харилцах, түүнд хөрөнгө оруулж 2,649,600 төгрөгийг урьдчилсан нөхцөлийн дагуу өсгөх зорилготой. Үүнд хариуцагч А зөвхөн гүйлгээ хийх үүрэг хүлээж байна. Энэ төрлийн гэрээ, хэлцлийг зүйлшгүй бичгээр байгуулах гэх мэт хэлбэрийн шаардлага хуульчлаагүй.  Талуудын хооронд хийгдсэн хэлцэл харилцааны онцлогоос шалтгаалан компанийн гишүүн болсон эсэхийг А хувьцаа үнэт цаасны хэлбэрээр нотлох боломж байхгүй. Хариуцагчийн данснаас 2,649,600 төгрөг “Атлантик глобал Ассент менежмент” ХК-ийн дансанд шилжсэн эсэх нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь үйл баримтыг бүрэн тодруулаагүйгээс үүдсэн алдаа юм. Аливаа мөнгөн хөрөнгө валют нь төрлийн шинжээр тодорхойлогдохын хувьд хариуцагчийн дансанд орж ирсэн 2,649,600 төгрөгийг зөвхөн тэр л дүн тоогоороо хайрцагт хадгалсан эд зүйл шиг хадгалж байгаад шилжүүлэх ёстой гэж ойлгох нь өрөөсгөл. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, иргэний хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу гэжээ.

ХЯНАВАЛ:                      

5. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.             

6. Нэхэмжлэгч Э нь хариуцагч Ат холбогдуулан 2,649,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “дээрх мөнгө миний дансанд орсон нь үнэн, гэвч би уг мөнгийг хувьдаа авч ашиглаагүй, өөрсдийнх нь хүсэлтээр FWAM компанид Э.Мягмарцэцэрэн, н.Энхтайван нарын нэр дээр хөрөнгө оруулалтыг нь бүртгэж аккаунт нээж өгсөн” гэж маргасан байна.

7. Анхан шатны шүүх хариуцагч Аээс 2,649,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Эд олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

8. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Э нь өөрийн эцгээс мэдээлэл авч, мөнгөө өсгөх зорилгоор FWAM компанид элсэн орохоор 2,649,600 төгрөгийг 2018.04.05-ны өдөр хариуцагч Аийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.   

Хариуцагч А нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн 2,649,600 төгрөгийг цааш нь компанийн санхүүгийн алба руу, Цолмон гэх хүн рүү шилжүүлсэн гэж зөрүүтэй тайлбар хэлдэг боловч түүний данснаас дээрх мөнгөн дүнгээр FWAM компанийн данс руу эсхүл өөр этгээд рүү уг мөнгө шилжсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл, тайлбараа нотолж, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасанд нийцжээ.

9. Нэхэмжлэгч нь хариуцагчийн татгалзалд дурдсанаар “...FWAM..” гэх компанид нэгдэн орж, гишүүн болоогүй буюу уг компанитай эрх зүйн харилцаанд ороогүй, зохигчийн хооронд гэрээний үүргийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шилжүүлсэн мөнгөө хариуцагчаас буцаан шаардсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.  

10. Хариуцагчийн өмгөөлөгчийн “Талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтаас үзэхэд тухайн харилцааг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан эрх зүйн харилцаа гэж үзэх боломжгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 143/ШШ2020/00279 дүгээр шийдвэр, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 203/2020МА/00030 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 57,343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Х.ЭРДЭНЭСУВД           

                                   ШҮҮГЧИД                                              Г.БАНЗРАГЧ

                                                                                                  П.ЗОЛЗАЯА

                                                                                                  Б.МӨНХТУЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН