Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2428

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол ........................ тоотод байрлах ............................ нэхэмжлэлтэй, утас:....................

Хариуцагч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, ................. хороо, ..................... байрны 203 тоотод оршин суух, ..................................

 

Зээлийн гэрээний үүрэгт зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 8,268,445 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Үндэслэлгүй илүү төлсөн 4,000,000 төгрөг, хүүнд тооцож төлсөн 700,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ......................., түүний өмгөөлөгч Ц.Нарантуяа, хариуцагч ..........................., нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ......................... нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар тайлбарлахдаа:

................... нь зээлдэгч ...................... 2017 оны 10 сарын 13-ны өдөр ЗГ/17/728-4 дугаартай зээлийн гэрээ байгуулж 4,400,000 төгрөгийг сарын 3,5%-ийн хүүтэйгээр зээлсэн болно. Одоо хүртэл зээл болон хүүгийн үлдэгдэл төлбөрийг төлөхөөс зайлсхийж байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан.

 

Зээл авсанаас хойш 2 удаа буюу 2017 оны 11 дүгээр сарын 13-18-ны өдрүүдэд нийт 840,000 төгрөгийн төлөлтийг зээлийн гэрээнд заасан хоршооны 5429252275 дугаартай Хаан банк дахь дансанд хийсэн өөр төлөлт хийгээгүй. Иймд зээлийн үндсэн төлбөр 3,744,428 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 3 770 015 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 754,002 төгрөг нийт 8,268,445 төгрөгийг төлүүлж хадгаламж зээлийн хоршоонд олгож өгнө үү.

 

.................... нь тус хоршооны даргаар 2017-2018 онуудад ажиллаж байсан Тэр үедээ өөрийн төрсөн дүү болох ........................... надаас 2017 оны 5 сарын 23-ны өдөр 20 000 000 төгрөгийг зээлж дүү ...................... өөрийн дансанд шилжүүлэн авсан болно. Энэ мөнгийг миний хувийн данс болох 5028572073 дугаартай данс руу 2018 оны 10 сарын 31-нд 5 000 000 төгрөгийг, 5134092529 дугаартай дансанд 5 000 000 төгрөгийг 2019 оны 12 сарын 11-нд тус тус шилжүүлсэн болно........................ Хадгаламж зээлийн хоршооноос авсан зээл, түүний дүү нь надаас зээлсэн 20 000 000 төгрөгийн зээл өөр өөр зээл юм. Энэ хүн мэдсээр байж яагаад хамааруулж яриад байгааг ойлгохгүй байна гэв.

.......................... даргаар ......................... хоёр хоёулаа ажиллаж байсан. Шүүх хуралд хамт ирсэн байна. Хоршооны үйл ажиллагаа эрхлэх арга барил, зээлсэн мөнгө ямар дансанд хийхийг хоёулаа мэддэг. Хариуцагч ..................... 10 гаруй жил банкинд ажилласан. Одоо банкинд удирдах албан тушаал эрхэлж байгаа. Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн гэрээний үүргийг яаж биелүүлдэг, ямар тохиолдолд зээлийн гэрээний үүрэг хаагдах ёстойг мэднэ.

......................... даргаар ....................... 2017-2018 онуудад 2 жилийн хугацаанд хийж байсан. Энэ үедээ маш олон зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэ хадгаламж зээлийн хоршооны мөнгө ....................... гэдэг хүний мөнгө биш. Хадгаламж зээлийн хоршоо нь нийслэлийн хэмжээнд баталсан хөтөлбөрийг хэрэгжүүлэгч буюу Нийслэлийн хөдөлмөр эрхлэх газраас өгсөн зээлийг дамжуулан бусдад зээлдүүлэх эрх бүхий төсөл хэрэгжүүлэгч байгууллага юм.

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь хадгаламж зээлийн хоршооноос бүх мөнгөө 100 хувь эргүүлэн нэхэмжилж шүүх шийдвэрлэсэн. Шийдвэрийн нэг хувийг хэрэгт хавсаргсан байгаа. Нийт 30 хүн 216 000 000 төгрөгийн зээл аваад алга болсон. Зээлийг .................... дарга байхдаа гаргасан бөгөөд өөрөө ч зээлээ төлөөгүй. Гэрээний үүрэг дээр зээлдэгч тал зээл төлснөө л нотлох, зээлдүүлэгч тал зээл өгсөн эсэхээ л нотлох ёстой.

Хоршооноос авсан зээлийн гэрээнд ....................... гэдэг ганц хүн гарын үсэг зурсан. ............................. гэдэг хүмүүс хамтран зээлдэгчээр гарын үсэг зураагүй.

Гэрээний хамгийн сүүлийн хуудсан дээр зөвхөн ............................ 2 дансыг бичсэн бөгөөд энэхүү хавсралт нь зээлийн гэрээний салшгүй хэсэг болно гэж заагдсан. ........................ 2 жил хоршооны даргаар ажилласан мэргэжлийн банкир хүн бөгөөд гэрээний хамгийн ард байгаа дансанд өөрийнхөө зээлийг бүрэн төлж байж сая зээлийн өр хаагдана гэдгийг сайн мэднэ.

Хэрэгт хадгаламж зээлийн хоршооны 2 жилийн аудитыг нотлох баримтаар хавсаргасан байгаа. Хоршооноос гаргасан зээлүүд дандаа хадгаламж зээлийн хоршооны дансаар орж ирээд хаагддаг гэдгийг санхүүгийн зүгээс баталгаажуулсан 2 жилийн аудит байгаа.

Хариуцагч нь .......................... гэдэг хүний хувийн данс руу өөр хүний хийсэн зээлийн төлбөрийг зээл хаагдсан гэж яриад зогсож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. ........................... зээлийн гэрээний хавсралтад дурдсан хоршооны дансанд зээл төлдөг гэдгийг сайн мэдэх ёстой.

Хариуцагч өөрийн авсан зээлээ дүү ........................... өгсөн, дүү өөрийн данснаас 5,0 сая төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар ямар ч нотлох баримт хэрэгт байхгүй.

Маргаан гараад ирэхээр 2020 оны 05 сарын 13-нд би ахаараа зээл авахуулсан нь үнэн гэж хоорондоо бичиг үйлдэж Би ........................ дансанд 5 000 000 төгрөг хийсэн гэж бичсэн байдаг. Дүүдээ зориулж аваад дүү нь төлбөрийг хийсэн бол 2017 онд хийгдэх ёстой бичиг шүү дээ.

2020 оны 05 сард хавтаст хэрэг нээгдээд нэхэмжлэлээ гардаж авсаны дараа нотлох баримтыг сүүлд хуурамч маягаар бүрдүүлсэн байна. ........................... нар бол маш сайн найзууд байсан. ....................... нь өөрийнхөө төрсөн дүү ....................... байрны урьдчилгаа хэрэгтэй байна. Чи найздаа 20 000 000 төгрөг бэлнээр зээлчих гээд байхад нь манай үйлчлүүлэгч дансаар шилжүүлсэн байдаг. Энэ нь баримтаар нотлогдож байгаа. 2019 оны 12 сарын 11-ний өдөр 5 000 000 төгрөгийн зээлийн төлбөр орж ирэхдээ ............................. хоёрын зээлийн үлдэгдэл гэж утган дээрээ бичигдсэн байна.

Гэтэл хариуцагч нь энэ зээл авсаныг мэдээгүй гэж хэлж байгаа боловч 2019 оны 12 сард нэхэмжлэгчийн хувийн дансанд төлбөр төлөхдөө .......................... хоёрын зээлийн үлдэгдэл гэж утган дээр нь бичсэн байдаг. Тайлбар мэдүүлэг нь тогтворгүй зөрүүтэй мэдүүлж байна.

Сөрөг нэхэмжлэл болон хувь хүнтэй холбоотой 20,000,000 төгрөгийн зээл нь Хоршооноос нэхэмжилж байгаа зээлийн гэрээний үүрэгтэй огт хамааралгүй бөгөөд сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд баримтаар нотлогдохгүй байна.

Иймд ......................... зээлийн үндсэн төлбөр 3,744,428 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 3,770,015 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 754,002 төгрөг, нийт 8,268,445 төгрөгийг гаргуулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч .................. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие .................... 2017 оны 10 сарын 13-ны өдөр ЗГ/17/728-4 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 4,400,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй авч өөрийн төрсөн дүү И.Отгонтөгсөд өгсөн. Зээл авсанаас хойш 840,000 төгрөгийг төлсөн бөгөөд үүнийг Ханхишиг ундрага ХЗХ нэхэмжлэлдээ дурдсан байна. Үүнээс хойш дүү И.Отгонтөгсийг зээлээ төлөхийг би шаардсан бөгөөд дүү өөрийн автомашиныг худалдаж, 2018 оны 10 сарын 31-ний өдөр 5.000,000 төгрөгийг Ханхишиг ундрага ХЗХ-ны захирал Доржпагматай ярьж тохирсны дагуу түүний Хаан банк дахь 5028572073 тоот дансанд шилжүүлсэн. Энэ үед зээлийн өр төлбөр дууссан гэж Доржпагам хэлж байсан боловч дараа нь дахин төлбөрийн үлдэгдэл байна, зээлээ төл гэж шаардсан. Үүний дагуу зээлийн тооцоо хийж, үлдэгдлийг төлөөд зээл хаалгахаар эхнэр Пагамдуламд хэлсэн бөгөөд эхнэр 2019 оны 12 сарын 11-ний өдөр өөрийн Хаан банкны данснаас 5 000 000 төгрөгийг Доржпагамын Хаан банк дахь ..................... тоот дансанд төлж гэрээний үүргийг биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвөшөөрөхгүй.

Иймд тооцоо хийгээд үзэхэд үндэслэлгүй илүү 4,000,000 төгрөг нэмж төлсөн учир сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Мөн тухайн 5,000,000 төгрөгийг төлөхийн тулд байрны засварын ажилд зарцуулахаар төлөвлөж байсан мөнгөнөөс өгч, дараа нь Улаанбаатар кредит ББСБ-с 30,000,000 төгрөг зээл авсан. Хэрэв энэхүү илүү төлсөн 4,000,0000 төгрөгт ногдох хэсэгт зээлийн хүүг тооцож үзвэл 700,000 төгрөгийг ББСБ-ийн хүүнд төлсөн байна. Иймд .....................-нд үндэслэлгүй илүү төлсөн 4,000,000 төгрөгийг, мөн 4,000,000 төгрөгийн хүүнд тооцож ББСБ-д төлсөн 700,000 төгрөг нийт 4,700,000 төгрөгийг .........................-оос гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ...................... нь хариуцагч ........................ холбогдуулан 2017 оны 10 сарын 13-ны өдрийн ЗГ/ 17/728-4 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 3,744,428 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 3,770,015 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 754,002 төгрөг, нийт 8,268,445 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч .................. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ............................ илүү төлсөн 4,000,000 төгрөг, түүний хүүнд тооцсон 700,000 төгрөг нийт 4,700,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан байна.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбаруудаас үзвэл дараах байдал тогтоогдож байна.

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ....................., хариуцагч ................. нар нь 2017 оны 10 сарын 13-нд 4 400 000 төгрөгийг сарын 3,5 %- ийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, түүний хүү төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцож талууд гарын үсэг зурж байгуулсан гэрээг үндэслэл болгосон байна. /хх-4,5/

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгч ..................... өмчлөлд 4,400,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт ирүүлсэн нотариатчаар гэрчлүүлсэн кассын зарлагын ордерын баримтаар тогтоогдож байна. /хх-6/

Талууд аль аль нь хадгаламж зээлийн хоршооны гишүүд ба Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дгаар зүйлийн 17.1-д ... хоршооны дүрэм,... журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно гэж зааснаар ...................... зээл олгож 2017 оны 10 сарын 13-нд зээлийн гэрээ байгуулсан ба тэд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Хариуцагч ................ нь 2017оны 11сарын 13-18-ны өдрүүдэд зээлийн эргэн төлөлтөөс 840,000 төгрөгийг төлсөн талаар хүлээн зөвшөөрч талууд мөн маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэж зааснаар зохигчдын хоорондох зээлийн гэрээний дагуу болсон үйл явдал тогтоогдсон гэж үзлээ. /хх 33, 34 дахь тал/,

 

Нэхэмжлэгч ..................... нь эрх зүйн байдлын хувьд нийслэлийн хэмжээнд баталсан хөтөлбөрийг хэрэгжүүлэгч буюу Нийслэлийн хөдөлмөр эрхлэх газраас өгсөн зээлийг дамжуулан бусдад зээлдүүлэх эрх бүхий төсөл хэрэгжүүлэгч байгууллага болох нь нэхэмжлэгчийн тайлбараар болон хэрэгт авагдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт хариуцагчаар дурдагдсан байна. /хх-59-64/,

Тэрээр Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мөнгөн хадгаламж , зээлийн үйл ажиллагаа эрхэлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд .................. хоршооны гүйцэтгэх захирлаар 2019 оны 09 сарын 18-нд томилогдсоныг бүртгэсэн болох нь нотариатчаар гэрчлүүлсэн гэрчилгээний хуулбаруудаар тус тус тогтоогдсон бөгөөд дээрх баримтуудыг хуулийн шаардлагад нийцсэн ач холбогдолтой хамааралтай нотлох баримт гэж үнэлэв. /хх-9,10/

 

Зохигчдын хооронд 2017 оны 10 сарын 13-ны өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба шаардах эрхтэй байна.

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Хоршооноос авсан зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөгийг миний эхнэр болон төрсөн дүү хоёр төлж барагдуулсан.

гэрч ................... ...би өөрийн 5077155530 дугаар данснаас 2019 оны 12 сарын 11-нд С.Доржпагамын хаан банкны хувийн ...................... дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн, нэхэмжлэгчийн хэлснээр Түвшинтөр, Төрөө зээлийн үлдэгдэл гэсэн агуулгатай бичсэн гэх

гэрч: И.Отгонтөгсийн ...ах ..................... 2017 онд надад 4,400,000 төгрөгийн зээл авч өгсөн. Би машинаа зараад 2018 оны 10 сарын 31-нд өөрийн 5077119239 тоот данснаас С.Доржпагамын хаан банкны .................... дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх мэдүүлгүүд нотолно гэж тайлбарлаж нотлох баримтаар гэрч нарын хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд ирүүлжээ. /хх-22,23/

Нэхэмжлэгч нь: хариуцагчийн дүү .......................... 2017 оны 05 сарын 23-нд миний хувийн 20,000,000 төгрөгийг надаас зээлсэн би өөрийн 5028572073 дугаар данснаас түүний 5602030504 дугаар дансанд шилжүүлсэн юм. Мөнгө шилжүүлсэн баримтаар нотлогдоно. /хх-32/

Эдгээр хүмүүсийн миний хувийн дансанд шилжүүлсэн 10,000,000 төгрөг нь ...................... зээлээс төлөгдсөн миний мөнгө бөгөөд тусдаа асуудал юм.

Хариуцагч ....................... хоршооноос зээлсэн 4,400,000 төгрөгтэй ямар ч хамааралгүй гэснээр талууд маргажээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 6.5-д Гэрээний талууд болон тэдгээрийн эрх залгамжлагч, шилжүүлэн авагчдын хувьд заавал биелэгдэх хуулийн хүчинтэй байна. Аль ч тал нь нөгөө талын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр гэрээний дагуу хүлээх үүргээс бусдад шилжүүлж үл болно гэж заажээ.

Хэрэв хариуцагч нь төлбөрийг өөрийн эхнэр болон төрсөн дүү нь төлж барагдуулсан гэж маргаж байгаа бол гэрээний дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Гэтэл төлбөр төлсөн гэх данс нь гэрээнд тусгагдсан гэрээний салшгүй хэсэг болох хавсралтын хэсэгт төлбөрийг бэлэн бусаар хийх Төрийн банкны .................... Хаан банкны .................. дугаар дансанд төлбөрийг төлөх ёстой.

Гэтэл С.Доржпагмын .................. тоот хувийн дансанд мөнгө шилжүүлсэн нь төлбөрийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй гэж тайлбарлан нотлох баримтаар Гэрээний хавсралт, мөнгө шилжүүлсэн баримт зэргийг ирүүлсэн байна. /хх 5-р хуудасны ар тал, 32-р тал/

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэл, түүнтэй холбоотой баримтаа өөрөө нотлох, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй биелүүлээгүй гэж үзлээ.

 

Дээрх байдлуудаас дүгнэж үзэхэд:

Хариуцагч нь ....................... 2017 оны 12 сарын 13-нд зээлийн гэрээ байгуулж 4,400,000 төгрөгийн зээл авсан ба зээлийн гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөрт нийт 655,572 төгрөг, зээлийн хүүнд 183,395 төгрөг нийт 838,967 төгрөг төлсөн болох нь хэрэгт ирүүлсэн ...................-ны зээлийн бүртгэлийн карт, хаан банкны дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байгаа ба хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үнэлэв. /хх-7,33,34/

 

Хариуцагч нь 2017 оны 11 сарын 18-ны өдрөөс хойш гэрээний үүргээ зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон баримтаар тогтоогдсон байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 04 сарын 13-нд дууссан байна.

Гэрээний 6.3-д Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, зээлдэгчийн хувьд зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, ...Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хэтэрсэн хугацааны хүү төлөхөөс чөлөөлөгдөхгүй гэж тохиролцсон байх тул гэрээний хугацаа дууссан ч гэрээний үүргийн шаардах эрхийг хязгаарлахгүй гэж үзлээ.

Иймд зээлийн үлдэгдэл үндсэн төлбөр 3,744,428 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 3,770,015 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 754,002 төгрөг нийт 8,268,445 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ........................ нь Хаан банкны 5134092529, 5028572073 дугаар хувийн данс эзэмшдэг болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт бичигдсэн зэргээр нотлогдож байна. /хх-18/

Тэрээр хариуцагчийн төрсөн дүү .................. 2017 оны 05 сарын 23-нд 20,000,000 төгрөгийг өөрийн хувийн данснаас шилжүүлсэн болох нь түүний тайлбараар болон баримтаар тогтоогдож байна. /хх-32/

................. хувийн журмаар зээлсэн 20,000,000 /хорин сая/ төгрөгийн төлбөрөөс нэхэмжлэгчийн хувийн дансанд хариуцагчийн эхнэр Н.Пагамдулам, төрсөн дүү И.Отгонтөгс нар тус тусдаа 5,000,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт ирүүлсэн бичгийн баримтууд, зохигчдын өөрсдийн тайлбар болон гэрч нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

 

3. Харин хариуцагч нь дээрх нөхцөл байдлыг ямар үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгтэй хамааруулж байгаа нь нотлогдохгүй байгаа ба тогтворгүй зөрүүтэй тайлбарлаж байгаа байдлаа баримтаар няцааж чадахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д ...өөрийн шаардлага, ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотолж чадахгүй байна гэж дүгнэлээ.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ .....................-оос авсан зээлээ өөрийн дүү И.Отгонтөгсөд өгсөн. И.Отгонтөгс, Н.Пагамдулам нарын данснаас нэхэмжлэгчийн төлөөлөгч ..................... өөрийн данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Одоо тооцоолж үзэхэд илүү төлсөн тул 4,700,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс: Хоршооноос авсан зээлийн гэрээнд .................. гарын үсэг зурсан. И.Отгонтөгс, И.Түвшинтөр гэдэг хүмүүс хамтран зээлдэгчээр гарын үсэг зураагүй. Эдгээр хүмүүс нэхэмжлэгчийн хувийн дансанд мөнгө шилжүүлсэн нь зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй юм.

Зээлийн гэрээний төгсгөл хэсэгт ...................... 2 дансыг бичсэн, ...зээлийн гэрээний салшгүй хэсэг гэж заасан байхад гэрээнд дурдсан дансанд төлбөр хийгдээгүй байна. Хоршооноос зээлсэн мөнгө гэрээнд дурдсан дансанд ордог болохыг тус хоршооны 2 жилийн аудитын дүгнэлт нотлох тул баримтаар өгсөн гэж тайлбарлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Аудит хийсэн санхүүгийн тайланг ирүүлсэн нь хэрэгт хамааралтай гэж үнэлэв. /хх-65-70/,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах гэж хэргийн оролцогчийн үүргийг тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл хэргийн оролцогчийн тайлбар нь үнэнд нийцсэн, хуулиар олгогдсон үүргээ биелүүлэх бөгөөд биелүүлээгүйн хариуцлагыг тайлбар гаргасан этгээд хүлээхээр хууль зохицуулсан байна.

 

Иймд хариуцагчийн ...Одоо тооцоолж үзэхэд илүү 4,000,000 төгрөг, хүү тооцвол 700 000 төгрөг илүү төлсөн... гэсэн сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй ба баримтаар нотлогдохгүй байна.

Хариуцагчаас нотлох баримтаар И.Отгонтөгс, Н.Пагамдулам нарын хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, Улаанбаатар Кредит банк бус санхүүгийн байгууллагатай 2019 оны 12 сарын 04-нд байгуулсан зээлийн гэрээний хуулбар, дүү И.Отгонтөгсийн мэдүүлэг гэх бичгийн баримтыг нотлох баримтаар ирүүлсэн нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадахгүй байгаа ба хэрэгт хамааралгүй ач холбогдолгүй гэж үнэлэв. /хх-21, 22, 23, 24-27/

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хуульд заасан үндэслэлээр нотлох үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч .......................... иргэн И.Отгонтөгс, Х.Пагамдулам нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй ба тэднээс С.Доржпагмын хувийн ............................ дансанд шилжүүлсэн мөнгийг зээлийн гэрээний үүрэгт тооцох үндэслэлгүй бөгөөд энэ талаар гэрээгээр тохиролцоогүй байна.

Мөн хариуцагчийн төрсөн дүү ....................., нэхэмжлэгч .................... нарын хооронд 2017 оны 05 сарын 23-нд 20 000 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт нь хэрэгт хамааралгүй бөгөөд талууд аль аль нь ........................ энэ хэрэгт гэрчээр оролцуулах хүсэлт гаргаагүй болохыг дурдав.

Дээр дурдсан үндэслэлүүдээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаарр зүйлийн 453.3-д зааснаар хариуцагч ................... 8,268,445 /найман сая хоёр зуун жаран найман мянга дөрвөн зуун дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .....................-нд олгож, ............................. 4,700,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,245 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...................... 147,245 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ....................-д олгож, хариуцагч ...................... сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ