| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 106/2017/0584/Э |
| Дугаар | 184 |
| Огноо | 2018-04-27 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 184
Б.Чи-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа, Ч.Отгонбаатар, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 201 дүгээр магадлалтай 201726020645 дугаар эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Мөнхцэцэгийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Банкны эдийн засагч, нябо мэргэжилтэй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй Б.Чи- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Чи-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Чи-т холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгон хэргийг прокурорт буцааж, Б.Чи- нь 30 хоног цагдан хоригдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ху-, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Мөнхцэцэг гаргасан эсэргүүцэлдээ “...Хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэхэд Т.Та- нь 1730-1800 цагийн хооронд амь хохирсон байх боломжтой бөгөөд энэ хугацаанд Б.Чи-ийн зоорь луу ороод улмаар уг зоорины гадна ухаангүй байдалтай олдсон байдаг. Б.Чи- нь Т.Та-ыг өөрийн зоорь руу оруулж биед нь халдсан талаар мэдүүлдэг. Иймд прокуророос Б.Чи-ийг дан ганц өөрийнх нь мэдүүлгээр бус бусад нотлох баримттай уялдуулан харьцуулсаны үндсэнд Т.Та-ын нас барсан нь Б.Чи-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж дүгнэсэн.
Гэрч Ц.Эн-, Ю.Бо-, Д.Эр-, А.А-, Э.Да-, нарын мэдүүлэг, талийгаачийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Д.Эр-, А.А-, Э.Да-, Д.Ту-, Х.За-, Н.Пү- нарын мэдүүлэг, шинжээчийн “цүлхэн хагарч газар дээрээ шууд нас барна, ямар нэг үйлдэл хийх боломжгүй” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шүүх ямар үндэслэлээр няцааж байгаагаа дурдаагүй, эдгээр нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй орхигдуулсан бөгөөд зөвхөн шүүгдэгч Б.Чи-ийн “бүдүүн гуя, шилбэ рүү өшиглөсөн гэсэн нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдохгүй байна” гэж дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн мэдүүлгийг шууд няцааж байгаа буюу үүнийг гэрч Д.Ту-гийн мэдүүлэг хангалттай баталж өгсөн. Прокуророос Б.Чи-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг яллах дүгнэлтэд дурдаж байгаа нь уг этгээд талийгаачийн биед халдсан гэдгийг харуулж байгаа бөгөөд мөн бусад гэрчийн мэдүүлгээс зөрүүтэй, худал мэдүүлэг өгч байна гэдгийг нотолж байгаа баримт гэж үзсэн бөгөөд үүнийг шүүх “яллагдагчаар өгсөн мэдүүлгийг яллах үндэслэлүүдийн нэг болгожээ, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэсэн боловч “гуя шилбэ рүү өшиглөсөн нь шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтүүдээс харахад хүн алсан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотолж байгаа гэж үзэх үндэслэлгүй” гэсэн нь шүүх өөрөө зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэг давж заалдах шатны шүүхээр хянагдаж байх хугацаанд Авилгатай тэмцэх газраас тус прокурорын газар ирүүлсэн баримттай танилцахад энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулсан мөрдөгч Батсайхан нь хэргийг шалгаж эхэлсэн цагаасаа нэг талыг барьж мөрдөн байцаалт явуулсан гэх үндэстэй байна./33 хуудас баримт хавсаргав гэж бичээд дээрээс нь дарсан/
Цагаатгах тогтоол, магадлал хэргийн бодит байдал нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон байх тул хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Цагаатгах тогтоол болон магадлал хэргийн бодит байдалд нийцээгүй. Мөн хэргийн бодит байдалд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Б.Чи- нь талийгаачийг “сармис хулгайллаа” гэж зооринд оруулан цохиж, зодсоны улмаас талийгаачийн гол судасны цүлхэн задарч нас барсан болох нь шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон. Талийгаач Б.Чи-т 2 удаа цохиулсны дараа зоориноос гарч суугаа байдалтай нас барсан баримт хэрэгт авагдсан байдаг. Шинжээч талийгаачид учирсан гэмтэл нь шууд үхэлд хүргэх гэмтэл гэж дүгнэсэн. Талийгаач зоорины үүдэнд “нүд нь нээлттэй, харсан байдалтай” сууж байсан гэх үйл баримтыг харахад ямар нэгэн байдлаар биед нь тавгүй байдал үүсээд гарч суусан нөхцөл байдал харагдаж байна. Гэрч нарын мэдүүлгээр талийгаач зодуулахаасаа өмнө нь эрүүл мэндийн хувьд хэвийн байсан гэдэг нь нотлогдож байна. Цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа хэлсэн саналдаа “Шүүх хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн. Цагаатгах тогтоол, магадлал нь хуульд нийцсэн байх хуулийн шаардлагыг хангасан. Б.Чи- нь талийгаачийг 2 удаа өшиглөсөн гэдгээ анхнаасаа тууштай мэдүүлсэн. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр талийгаачид учирсан гэмтэл Б.Чи-ийн 2 удаа өшиглөсөн үйлдлээс болж үүсэх боломжгүй гэж дүгнэгдсэн. Талийгаачийг Б.Чи- өшиглөсний дараа Ч.Лх- гэх хүн зодож байсан гэдэг. Энэ хэрэгт ганцхан Б.Чи-ийг буруутгаж байгаад гомдолтой байна. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар хэлсэн саналдаа “Талийгаачийн үхэл, Б.Чи-ийн үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй. Б.Чи- талийгаачийн гуяны зузаан хэсэгт 2 удаа өшиглөсөн гэдэг уг үйлдлээс болж талийгаач нас барах боломжгүй болох нь шинжээчийн дүгнэлт болон анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмчийн тайлбараар нотлогдож байна. Талийгаач зоориноос гарахад хувцас нь ямар нэгэн тоос шорооны ул мөргүй байсан гэдэг нь гэрч Х.За-ын мэдүүлгээр нотлогддог. Ч.Лх-гийн үйлдлээс болж талийгаач нас барсан байх бүрэн боломжтой. Гэрч Д.Ту, Х.За- нарын мэдүүлснээр Ч.Лх- талийгаачийн цээжин тус газар 2 удаа өшиглөсөн гэх үйлдэл нотлогдож байна. Талийгаачид учирсан гэмтлийн дараа хүн ямар нэгэн хөдөлгөөн хийх боломжгүй гэдэг. Гэтэл талийгаач Б.Чи-т цохиулсны дараа зоориноос гарч яваад тодорхой нэгэн үйлдэл хийсэн байдаг. Прокурорын эсэргүүцэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн гэж бичсэн байдаг ч шүүх ямар үндэслэлээр уг хуулийг зөрчсөн талаар тодорхой дурдаагүй. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос Б.Чи-ийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс-1” худалдааны захын №7 дугаарын зооринд Т.Та-ыг “сармис хулгай хийлээ” гэж зодсоноос Т.Та- нь “цээжний хэсгийн гол судасны цүлхэн хагарч үнхэлцгийн хөндийд цус хуралдсанаас зүрхний дарагдалт үүссэн” гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Чи-ийг цагаатгаж, хэргийг прокурорт буцаажээ.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тухайн хэрэгт хамаарал бүхий шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Чи-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэж болохгүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж, яллах, цагаатгах шинж байдлаар нь харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр Б.Чи- нь бусдыг алах гэмт хэрэг хангалттай нотлогдоогүй байна гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах, няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогчийн хөл, шилбэнд цохисон гэх Б.Чи-ийн үйлдэл нь шинж чанар, цохилтын чиглэлийн хувьд амь хохирогч Т.Та-ын үхлийн шалтгаан болсон цүлхэнгийн гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэх боломжгүй, түүнчлэн тухайн үйл явдлын дараа талийгаач өөр хүнд зодуулсан байж болох баримтууд хэрэгт авагдсан зэргээс дүгнэж үзэхэд Б.Чи-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэрэгт хамааралтай нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнд ашигтайгаар шийдвэрлэх зарчимд тулгуурлан анхан болон давж заалдах шатны шүүх уг үндэслэлд тулгуурлан хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 201 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Мөнхцэцэгийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН