Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2016/0999/З |
Дугаар | 362 |
Огноо | 2017-10-11 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 362
Х.Г-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Х.Г, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнай, М.Батбаяр, А.Дэлгэрсайхан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0471 дүгээр магадлалтай, Х.Г-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/82 дугаар тушаалыг хүчингүй болгож, Х.Г-ийг урьд эрхэлж байсан Геологийн албаны геохими болон лабораторийн судалгаа хариуцсан мэргэжилтэн-ий албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоож,
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Х.Г-т 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,557,021 (дөрвөн сая таван зуун далан долоо мянга хорин нэг) төгрөгийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0471 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Ашигт малтмал, Газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/82 дугаар тушаалыг хүчингүй болгон, Х.Г-ийг Ашигт малтмал, Газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтсийн Геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэний албан тушаалд эгүүлэн тогтоосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын үндэслэл хэсэгт “Хариуцагч нь нэхэмжлэгч Х.Г-ийг Геохими болон лабораторийн судалгаа хариуцсан мэргэжилтэн”-ний ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт заасныг давхар баримталсан нь буруу байна гээд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан шалгуурыг явуулсан байгаа нь “хариуцагч нь орон тоо цөөрсөн” гэх үндэслэлээр маргаан бүхий актыг гаргасан нь нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн а/01 дүгээр тушаалаар тус газрын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталснаар Ашигт малтмалын газрын Геологийн албаны бүтцэд байсан “геологийн судалгаа, дээж, лаборатори хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоо хасагдсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Х.Г-ийг ажлын байраар хангах зорилгоор түүний цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд томилох ёстой байсан боловч хэвээр хадгалах өөр ажлын байр байхгүй байсан тул өмнөх ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээс огт өөр шинээр геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа бусад албан хаагчидтай хамт сонгон шалгаруулалтад оролцсон боловч шалгараагүй болно.
Тиймээс Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн б/82 дугаар тушаалаар Х.Г-ийг чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг давхар баримталсан нь үндэслэлтэй.
Манай байгууллагаас орон тоо нь хасагдсан, чөлөөлөгдсөн бусад төрийн жинхэнэ албан хаагчдад ижил тэгш боломжоор хангаж өрсөлдүүлэх замаар тухайн ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангасан албан хаагчдыг томилж, шалгараагүй үлдсэн албан хаагч нарт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасан боломжуудаар хангаж ажилласан болох нь уг тушаал, сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдож байна.
2. Шүүхийн магадлалд “чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан үлдсэн, геологийн инженер мэргэжилтэй байх шаардлагыг хангасан төрийн албан хаагч Х.Г-ийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасан үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ хариуцагч зөрчсөн төдийгүй огт өөр чиг үүрэг бүхий Хайгуулын ажлын зардлын доод хэмжээ хариуцсан мэргэжилтэнтэй харьцуулж сонгон шалгаруулалт явуулж, түүнээс бага оноо авсан үндэслэлээр түүнийг чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зарчмуудыг зөрчсөн гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэд судлан үзэлгүйгээр шүүх дүгнэлт гаргасан гэж үзэж байна.
Э.Мөнх-Ирээдүй нь хуучин Ашигт малтмалын газрын Геологийн албаны “хайгуулын ажлын зардлын доод хэмжээ хариуцсан мэргэжилтэн“-ий албан тушаал /ажлын байр/-ын чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байсан бөгөөд тус газрын бүтэц, зохион байгуулалтыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн а/01 дүгээр тушаалаар шинэчлэн батлахад уг чиг үүрэг нь одоогийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн чиг үүрэгт хамаарах болсноос үүдэн тухайн ажлын байранд тавигдах мэргэжил, мэргэшил нь санхүү, нягтлан бодогч байхаар бүрэн өөрчлөгдсөн.
Тиймээс Э.Мөнх-Ирээдүй нь нэхэмжлэгч Х.Г-ийн адил Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан нөхцөлөөр эрхэлж байсан албан тушаалын орон тоо нь хасагдсан тул Геологийн хайгуулын хэлтэст шинээр бий болсон геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангах сонгон шалгаруулалтад эдгээр 2 албан хаагчийг өрсөлдүүлж сонгон шалгарсныг томилох шаардлага бий болсон.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын газрыг Газрын тосны газартай нэгтгэн “Ашигт малтмал, газрын тосны газар” болгон өөрчлөн байгуулсантай холбоотойгоор байгууллагын мэдэлд байсан албан тушаалын орон тоо хасагдсан, цөөрсөн албан хаагчдыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан журмын дагуу сонгон шалгаруулж албан тушаалд томилж, чөлөөлсөн гэдгийг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна.
Шүүхийн магадлалд “..Х.Г-ийг чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” төрийн албан хаагчид хуулиар олгосон баталгааг зөрчсөн гэж үзнэ” гэсэн нь хуулийн энэ заалтыг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй.
Төрийн албан тухай хуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт зааснаар ажлын байр нь цөөрсөн, хасагдсан албан хаагч нарын албан тушаалыг хэвээр хадгалах, өөр ажил албан тушаалд шилжүүлэх боломжгүй байгаа нь Ашигт малтмал, газрын тосны газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүнээс илэрхий байх бөгөөд энэ 2 заалтын дагуу ажлаас халах үндэслэлийг мөн хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3 дахь хэсэгт шууд зааж өгөөгүй тул 23 дугаар зүйлд заасан төрийн албанаас чөлөөлөх гэсэн зохицуулалттай ижил байдлаар тайлбарлагдана.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан “геохими болон лабораторийн судалгаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалын чиг үүрэг нь шинээр бий болсон Геологи, хайгуулын хэлтсийн “геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүргээс өөр болохыг анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч нарын гаргасан тайлбар болон бусад нотлох баримтыг судлан үзэхийг хүсэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/82 дугаар тушаалаар “орон тоо цөөрсөн” гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т зааснаар Х.Г-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэгийг олгохоор шийдвэрлэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12, Засгийн газрын мөн оны 8 дугаар тогтоолоор Ашигт малталын газар, Газрын тосны газрыг нэгтгэж, Ашигт малтмал, газрын тосны газар болгон өөрчилснөөр, хуучнаар Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/114 дүгээр тушаалаар тус газрын албан хаагчдыг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, шинээр өөрчлөн байгуулагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын мэдэлд шилжүүлсэн байна.
Эдгээр албан хаагчдын дотор “геохими болон лабораторийн судалгаа хариуцсан мэргэжилтэн”-ээр ажиллаж байсан нэхэмжлэгч Х.Г хамрагдсан, нэхэмжлэгч нь “...миний албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан...” гэж, харин хариуцагчийн зүгээс “...орон тоог нь хасч, чиг үүргийг шинээр бий болгосон геологи хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан, мэргэжилтний албан тушаалын ажлын байрны чиг үүрэгт нэмж өгсөн..., сонгон шалгаруулж Э.Мөнх-Ирээдүйг томилсон...” гэж маргасан байна.
Нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан “...региональ геологийн нэгжийн лаборатори, геохимийн судалгаа хариуцсан мэргэжилтнээр томилуулах” гэх нэхэмжлэлийн шаардлагаа анхан шатны шүүх хуралдаанд “цалин бууруулахгүйгээр ижил түвшний албан тушаалд томилуулах”, “...Э.Мөнх-Ирээдүйн ажиллаж байгаа албан тушаалд томилуулах ...” гэх зэргээр өөрчлөн тодруулжээ.
Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь “...Э.Мөнх-Ирээдүйг томилсон тухай тушаалтай маргахгүй, түүнийг энэ хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй, ... хуучин зардлын доод хэмжээ хариуцсан мэргэжилтний ажлын орон тоо байгаа...” гэж тайлбарласнаас үзвэл, шинээр бий болсон албан тушаалын ажлын байр болох Э.Мөнх-Ирээдүйн ажлын байранд тогтоолгон, ажилд эгүүлэн тогтоолгож, өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх талаарх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл ойлгомжгүй байна.
Шүүхүүд энэ талаар тодруулаагүйгээс гадна уг маргааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй Э.Мөнх-Ирээдүйг гуравдагч этгээдээр татан оролцуулалгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргажээ.
Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт гуравдагч этгээдээр Э.Мөнх-Ирээдүйг татан оролцуулснаар нэхэмжлэгчийн эгүүлэн тогтоолгохыг хүсч байгаа ажлын байрны тухай маргааныг нэг мөр эцэслэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр бодитойгоор биелэгдэх боломж бүрдэхийг шүүхүүд анхаараагүй байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл болох тул “...маргааны үйл баримтад хамааралтай хуулийг шүүх буруу тайлбарласан...” гэх хариуцагчийн гомдлолд дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс урьдчилан дүгнэлт хийх боломжгүй.
Шүүх хэргийн оролцогчдыг бүрэн хамруулж, тэдгээрийн тайлбарт үндэслэн хэрэгт ач холбогдол бүхий баримтуудад үнэлэлт дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0471 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ