Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2020/01936

 

 

 

 

 

 

 

 

                2020          07          28  

                                 181/ШШ2020/01936

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 10-р хороо Зүүн Наран 4-21 тоотод оршин суух  Боржигон овогт Болдын Батбаяр /РД:ЦЕ76121175/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 1-р хороо Юнескогийн гудамж Далай Тауэр 12 давхарт байрлах “Марч констракшн” ХХК /РД:6178561/-д холбогдох

        17,080,000 төгрөг  гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цэвэлмаа нар оролцов.

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Билгүүн шүүхэд болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:

Болд овогтой Батбаяр нь “Марч Констракшн” ХХК-тай 2018 оны 10 сарын 15-ны өдөр №П1-с-1/6-53 тоот “Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ’' байгуулан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Маахуур толгойд баригдаж буй “Поларис Апартмент-1” орон сууцанд 68,4 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 82.080,000.00 төгрөгөөр худалдан авах болсон. Тухайн үед орон сууцны төлбөрийг төлж барагдуулсан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-т зааснаар “Марч констракшн” ХХК нь захиалгын орон сууцыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулж захиалагч талд шилжуүлэх ёстой байсан. Гэтэл барилгын ажил удааширч гэрээнд заасан хугацаандаа ашиглалтанд орох боломжгүй болсон.           Үүний дагуу захиалагч Б.Батбаяр миний  зүгээс “Марч констракшн” ХХК-тай харилцан тохиролцож №П 1-с-1/6-53 тоот “Захиалгаар орон худалдах, худалдан авах гэрээ”-г        цуцлахаар    шийдвэрлэж талууд 2019 оны 09 сарын 24-ний өдөр гэрээ цуцалсан протоколыг үйлдсэн байдаг.

Протоколд зааснаар “'Марч Констракшн” ХХК нь захиалгаар орон сууц худалдах худалдан авах гэрээний нийт төлбөр болох 82,080,000.00 төгрөгийг гэрээ цуцалснаас хойш 60 хоногийн дотор буюу 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дотор бүрэн буцаан олгохоор тохиролцсон.

Гэвч “Марч Констракшн” ХХК нь дээрх төлбөрийг хугацаандаа буцаан төлөөгүй бөгөөд 2020 оны сарын 14-ний өдер 30,000,000  төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 03 дуаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг нийт 65,000,000 төгрөг буцаан төлсөн.

Иймд хариуцагч  “Марч констракшн” ХХК-иас 17,080,000 төгрөг гаргуулж өгнө үү энэ хугацаанд асуудлыг шийдвэрлүүлэхээр эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч хариуцагч ирээгүй тул ажиллагаа дуусгавар болсон. Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч Б.Батбаяр нь хариуцагч “Марч констракшн” ХХК-д холбогдуулан   2018 оны 10 сарын 15-ны өдрийн №П1-с-1/6-53 тоот “Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ’'-г цуцалсаны үлдэгдэл төлбөр 17,080,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч “Марч констракшн” ХХК нь 2020 оны 07 сарын 07-ний өдөр Б.Бадамхандад Иргэний хэрэг шүүхэд хянан шүийдвэрлэх тухай хуулийн 25,26 дугаар зүйлд заасан бүх эрхийг эдлүүлэхээр 2 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон.

Б.Бадамхандад шүүх нэхэмжлэлийн нэг хувийг 2020 оны 07 сарын 07-ний өдөр гардуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэйг танилцуулсан боловч бичгийн тайлбараа шүүхэд ирүүлээгүй.

 Нэхэмжлэгч Б.Батбаяр хариуцагч “Марч констракшн” ХХК-ний хооронд 2018 оны 10 сарын 15-ны өдөр №П1-с-1/6-53 тоот “Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ’'-г байгуулан, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Маахуур толгойд баригдаж буй “Поларис Апартмент-1” орон сууцанд 68,4 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 82,080,000.00 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна.

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн матералаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” мөн хуулийн 343.2-т “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.” мөн 343.3-т “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлсийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж хуульчилжээ.

            Нэхэмжлэгч Б.Батбаярын “орон сууц захиалгын төлбөрийг 100 хувь буюу 82,080,000 төгрөгийг бүрэн төлсөн боловч гэрээнд заасан хугацаандаа барилга ашиглалтанд ороогүй тул талууд тохиролцон гэрээгээ цуцалсан гэх тайлбар”-ыг үнэн зөв гэж үзэхээр байна.

 Талуудын хооронд байгуулсан 2018 оны 10 сарын 15-ны өдөр №П1-с-1/6-53 тоот “Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ’'-ний 1.3-т “худалдагч нь худалдан авагчийн сонгосон буюу гэрээний 1.2-т заасан орон сууцыг 2020 оны 01 дүгээр улиралд багтаан түүний өмчлөлд шилжүүлнэ.” гэж заасан.

 Нэхэмжлэгч Б.Батбаяр нь 2018 оны 10 сарын 15-ний өдөр  41,040,000 төгрөг, 2019 оны 04 сарын 11-ний өдөр 41,040,000 төгрөг нийт 82,080,000 төгрөг төлсөн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлэгийн баримтаар тогтоогдов.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “... талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа  тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал  гэрээнээс татгалзах эрхтэй” гэж хуульчилсан.

           Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “...хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж заасан дагуу Б.Батбаяр нь гэрээнээс татгалзсанаас үүссэн үр дагавар буюу урьдчилгаанд төлсөн төлбөрийг нэхэмжлэн шаардах эрхтэй байна.          

 “Марч констракшн” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Б.Батбаяр нь хүсэлт гаргаж, 2019 оны 09 сарын 24-ний өдөр талууд “гэрээ цуцалсан протокол” үйлдэн, талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлаж, 82,080,000 төгрөгийг энэхүү протокол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 60 хоногийн дотор буцаан олгохоор тохиролцжээ.

Хариуцагч “Марч констракшн” ХХК нь дээрхи гэрээ цуцалсан протоколын дагуу нэхэмжлэгч Б.Батбаярын ХААН банкны 5076688355 тоот дансанд 2020 оны 01 сарын 14-ний өдөр 30,000,000 төгрөг, 2020 оны 01 сарын 27-ний өдөр 25,000,000 төгрөг, 2020 оны 02 сарын 03-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөг төлсөн болох нь ХААН банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж, үгүйсгэж буй үндэслэлээ нотолж, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх зэрэг эрхтэй байх боловч энэ эрхээ хариуцагч “Марч констракшн” ХХК нь хэрэгжүүлээгүй, шүүх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болоогүйг дурдах нь зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамхандад шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн боловч хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн нь хуульд заасан шаардлага хангаагүй /эмэг эх өвчтэй гэх боловч баримтгүй/ тул нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иймд хариуцагч “Марч констракшн” ХХК-иас үлдэгдэл төлбөр 17,080,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Батбаярт олгох үндэслэлтэй гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “Марч констракшн” ХХК-аас 17,080,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Батбаярт олгосугай. 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “Марч констракшн” ХХК-иас 243,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Батбаярт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,350 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр  үлдээсүгэй. 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн  120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.    

          

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.МӨНХЗУЛ