Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
Хэргийн индекс | 181/2020/02058/и |
Дугаар | 181/ШШ2020/02308 |
Огноо | 2020-09-15 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 181/ШШ2020/02308
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Р.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: И Ө ХХК - д холбогдох,
Учирсан хохирол 16,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, нарийн бичгийн даргаар С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 оноос хойш 2 талт гэрээний дагуу И Ө ХХК-аас өөрийн хохирлыг нэхэмжилж байгаа юм. И Ө ХХК нь бүх барилга байшинг нурааж, үнэлж авчихаад одоо үгүйсгэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. 2018 оны 03 дугаар сард 3 хүн ирээд 08 дугаар сарын 01-ний өдөр гэхэд нөхөн олговрыг олгоно гээд гарын үсэг зуруулж байсан шүү дээ. Манай хотхонд нийт 85 айл байдаг. Хоёр талт гэрээг 85 айл байгуулсан. Иймээс бид гэрээнд заасан хохирлоо л шаардаж байгаа. Нөхөн олговрыг минь өгөхгүй байсан юм бол яагаад байшинг минь нураасан юм.
2016 оны 10 дугаар сараас 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 19 сарын байрны төлбөр 7,500,000 төгрөг, нураалгасан 2 гараашийн төлбөр тус бүр нь 3,500,000 төгрөг буюу 7,000,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөгийн нөхөн төлбөрийг И Ө ХХК-аас гаргуулж өгнө үү.
Бид бүгдээрээ хөрөнгөө нийлүүлж гарааш барьсан. Бид өөрсдийн зардлаа л И Ө ХХК-аас нэхэмжилж байгаа. Бид нарыг гарааш нураасан гэх баримт хэрэгт байхгүй. Бид нураагаагүй байхад нураасан гэж тайлбарлаж болохгүй шүү дээ” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хавтаст хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байна. Нийслэлийн Засаг дарга, Гэр хорооллыг хөгжүүлэх төв, И Ө ХХК газрууд нь нийлээд гэрээ байгуулсан. Гэрээний үндсэн дээр И Ө ХХК-д барилга барихаас өмнө дэд бүтцийн 3,000,000,000 төгрөгийг улсаас өгөх ёстой байсан. Манайд уг мөнгийг өгөөгүй учраас И Ө ХХК нь өөрсдийн мөнгөөрөө бүх орон сууцуудыг буулгасан. Түүнээс биш дэлгүүр, гарааш зэргийг буулгаагүй. Орон сууц буулгасны дараа суурийн ажлыг хийж эхэлсэн. Иймд гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь манайхаас мөнгө нэхэмжлэх эрхгүй.
Хавтаст хэрэгт авагдсан 3 талт гэрээний ерөнхий зүйл, гэрээнд заасан эрх үүрэг, талуудын хариуцлага, бусад гэх зүйлд нөхөн олговрыг И Ө ХХК, Нийслэлийн засаг даргын аль нь хариуцах талаар дурьдагдаагүй байна. Гэтэл нэхэмжлэгч нь манайхаас нөхөн олговор нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн 2018 он хүртэл нэхэмжилж байгаа төлбөр нь гэрээнд заасан төлбөр биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.
Мөн нэхэмжлэгч тал гараашийг 3,500,000 төгрөгөөр барьсан гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Манайх гэрээнд заасан ямар ч заалтыг зөрчөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх зохигчдоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.А нь хариуцагч И Ө ХХК-д холбогдуулан учирсан хохирол 16.500.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигчдын хооронд 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 11 тоот “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”, зохигчид болон Нийслэлийн Засаг дарга нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 11 тоот “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ”-нүүд тус тус байгуулагджээ.
Хоёр талт гэрээгээр Р.А нь Баянзүрх дүүрэг, 04 дүгээр хороо, Сансар хотхоны 9 дүгээр байр 8 тоотод байрлах 67,88 м.кв хувийн өрөө сууцыг И Ө ХХК-д шилжүүлэх, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл”-ийн хүрээнд тухайн байршилд “И Ө ” ХХК-ийн барьж ашиглалтад оруулах “Сансар хотхон”-ы 8 давхрын гурвар өрөө 67,88 м.кв талбайтай орон сууцаар солихоор тохиролцож, газар, орон сууцаа чөлөөлөх үүргийг Р.А , байр, газрыг чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийг буулгах, 67,88 м.кв орон сууцыг 2015 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, газар чөлөөлсөн өдрөөс эхлэн орон сууцыг барьж хүлээлгэн өгөх хүртэл сар бүр 500.000 төгрөг буюу жилд 6.000.000 төгрөгийг түр суурьшуулах зардалд нөхөх олговор хэлбэрээр олгох үүргийг И Ө ХХК тус тус хүлээсэн байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан тайлбартаа “...Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/424 тоот захирамж гарч гурван талт гэрээ цуцлагдсан тул 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 05 дугаар сарыг хүртэл нийт 9.500.000 төгрөг шаардаж байгаа. Хариуцагч талд 2 ширхэг, нэг бүрийн үнэ нь 3,500,00 төгрөгрөөр тооцогдох 2 ширхэг гараашийг шилжүүлэн өгсөн ба одоо гарааш нураасан тул хохирол 7,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Нийслэлийн засаг даргын зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар хуралдаанаас И Ө ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан, Бид амьдрах зардал төлөх боломжгүй, Нийслэлийн Засаг дарга үүргээ биелүүлээгүй, мөн гараашийг төлөх хууль зүйн үндэслэлгүй, ямар гарааш байсан, хэдэн төгрөгийн өртөгтэй эсэх талаар баримтгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгөөр солих буюу үл хөдлөх эд хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх агуулга бүхий гэрээ байх тул шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзлээ.
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т зааснаар арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаарх мөн хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаардаг.
Нэхэмжлэгч Р.А ийн хувьд хоёр талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгсөн, орон сууц чөлөөлсөн үндэслэлээр хариуцагч И Ө ХХК нь түүнд 6.000.000 төгрөг төлсөн байх боловч гэрээгээр тохирсон хугацаандаа орон сууцыг барьж ашиглалтад оруулаагүй, одоо энэ үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон болох нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/424 дүгээр захирамжийн хуулбараар нотлогдож байна.
Төсөл хэрэгжээгүйгээс нэхэмжлэгч нь чөлөөлсөн орон сууцаа шинэ орон сууцаар сольж авч чадаагүй тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн хариуцагчаас гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны орон сууц хөлсөлсний зардал болох хохирлоо 2 талт гэрээний 2.7-д заасан хэмжээгээр /сарын 500.000 төгрөг/ шаардах эрхтэй гэж үзлээ.
Нийслэлийн засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/424 дүгээр захирамжаар “гэрээг цуцалсан тухай” мэдэгдсэн болох нь баримтаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-т зааснаар И Ө ХХК нь ямар нэгэн үр дүн гарахгүй нь илт болсон тул Нийслэлийн засаг даргаас И Ө ХХК-д үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй гэрээг цуцалсан гэж үзэх бөгөөд Гурван талт гэрээний 6.2, 6.5-д зааснаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах эрхтэй, түүнчлэн төслийг хэрэгжүүлэх эрхийг цуцалсан тохиолдолд И Ө ХХК нь бусдын өмнө цуцлагдсан гэрээнээс үүрэг хүлээх боломжгүй болох юм.
Иймд 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт хугацааны нөхөн олговор нийт 9,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хоёр ширхэг гараашийн төлбөр 7,000,000 төгрийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр талт гэрээний 2.2.3-д “Одоо эзэмшиж байгаа 2 ширхэг тоосгоор барьсан 2 ширхэг гараашийн газрыг сансар хотхоны эдэлбэр газарт олгоно” гэж заасан ба нэхэмжлэгч нь уг төслийг цаашид үргэлжлүүлэн гүйцэтгэх хуулийн этгээдтэй уг нөхцлийг үргэлжлүүлэн гэрээ байгуулж, 2 гараашийг оролцуулан гэрээний нөхцлийг тохиролцох боломжтой тул И Ө ХХК-аас уг хохирлыг шаардах эрхгүй гэж үзэв.
Иймд хариуцагч И Ө ХХК-аас 7,000,000 төгрөг гаргуулах боломжгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасныг тус тус баримтлан И Ө ХХК-аас 9.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.А т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 166.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР