Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 637

 

Б.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Г.Ганхөлөг,

            нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 769 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ганхөлөгийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дугаартай эсэргүүцлээр Б.А-д холбогдох 1905 03835 0213 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х х овгийн Б-н А, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .... аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, ой зүйч мэргэжилтэй, .......... газар инженер ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт .................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............../;

Б.А нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 738 дугаар байрны орцонд иргэн Ц.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Ц.Э-г жирэмсэн болохыг мэдсээр байж үснээс нь зулгаах, чирэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний ард хэсэгт шарх, эрүүнд зулгаралт, зүүн өгзөг, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Тус хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх дараах нөхцөл байдлууд илэрлээ. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А-н “...Отгонбилэг, Э 2 үснээс зулгаасан, гар луу өшиглөсөн. Байрныхан бид хоёрыг салгасан. Тэгээд цагдаа дуудсан. ...”, гэрч М.А-н “...А-н гарнаас охин нь, толгойноос эхнэр нь, Э болон түүний нөхөр гар болон хөлнөөс нь татсан байдалтай байсан. ...”, гэрч Б.М-н “... А нь хэнийг ч зодоогүй, харин зодуулж байсан. ... 27 тоотын эмэгтэй гар далайсан, хоорондоо түлхэлцсэн тэр хооронд Э хог цацаж А-г үсдэж байсан, мөн 27 тоотын эгч үснээс нь зулгааж байсан. ...” гэх мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгүүд хэргийн үйл баримтаас илтэд зөрүүтэй мэдүүлж байх тул энэ зөрүүтэй байдлыг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийж шалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.А гэмт хэрэг үйлдэгдэх үед өөрт нь гэмтэл учирсан гэж шинээр рентгэн зураг гаргаж өгч байх тул дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах, шүүгдэгч гэмтэл учруулсан нөхцөл байдал бий болсон тохиолдолд хэн учруулсан болохыг шалгаж тогтоох шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасан.

Дээрх мөрдөн шалгах ажиллагаануудыг хийлгүйгээр шүүгдэгч Б.А-д холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Б.А-д холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Ганхөлөг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан үндэслэлийг дараах үндэслэлээр няцааж байна

Эсэргүүцлийн үндэслэл:

1. Шүүхээс шүүгдэгч Б.А, гэрч М.А, Б.М нараас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн мэдүүлгээс дурдаад зөвхөн дээрх хэргийн оролцогч нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлснийг хэрэг хянан шийдвэрлэхэд гол ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлээд “...дээрх оролцогч нар нь хэргийн үйл баримтаас илтэд зөрүүтэй мэдүүлсэн...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан.

Гэвч мөрдөн байцаалтын явцад гэрч М.А-с “...27 тоотын эхнэр нь А-н үснээс нь зулгаачихсан, А болохоор жирэмсэн хүүхний үснээс зулгаагаад доош нь татчихсан байсан. Би очиж боль гэж салгасан. ...”, гэрч Б.М-с “Миний харснаар 19 тоотын эгч 27 тоотын хүүхэнтэй үснээсээ зулгаалцаж байхад нь би очоод 19 тоотын эгчийн араас татаж салгах гэхэд 27 тоотоос нөхөр, охин нь бас нэг залуутай гараад ирчихсэн, 19 тоотын эгчийн 4 мөчнөөс нь зуураад чирээд байсан. Нэг мэдсэн жирэмсэн хүүхэн дунд нь орчихсон явж байсан. Жирэмсэн хүүхэн зодуулсан эсэхийг би мэдэхгүй байна, дийлэхгүй болохоор нь гэр лүүгээ орж дүүгээ дуудаад гараад ирэхэд 28 тоотын эгч гарч ирээд салгачихсан байсан. Нөгөө охин нь болон жирэмсэн хүүхний нөхөр нь 19 тоотын эгчийн 4 мөчнөөс нь зуураад байснаас цохиж зодоогүй. ...” гэж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлснээс зөрүүтэй мэдүүлсэн байдаг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед гэрчийн гаргасан мэдүүлэг нь шүүхэд гаргасан мэдүүлгээс зөрсөн тохиолдолд хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн тогтоохын тулд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны үед гэрчийн өгсөн мэдүүлгийг шүүх хуралдаанд уншин сонсгож болно. ...” гэж заасны дагуу уншиж танилцуулан, шүүхээс гэрч М.А, Б.М нараас ямар шалтгаанаар шүүх хурал дээр зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдлыг тодруулан асууж, хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийх хэлбэрээр хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэхээр байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. ...” заасан байх боловч шүүхээс хохирогч болон гэмт хэрэг үйлдэгдэх үед байсан гэрчүүдээс хэргийн үйл баримтыг мэдүүлсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт зэрэг ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр гагцхүү шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн шүүгдэгч, мөн шүүгдэгчийн хүсэлтээр хуралдаанд оролцсон гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгон хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэх заалттай нийцэхгүй байна.

2. Мөрдөн байцаалтаар шүүгдэгч Б.А-н биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шүүх эмнэлгийн шинжээч томилон өгсний дагуу үзлэг хийлгэхэд 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтээр “...хэсэг газрын үзлэгт зүүн мөрний ар дор тав нь унасан 3x0.2 см зулгаралттай. Амбулаторийн карт: баруун гарын 5 дугаар шивнүүрийн уг эмзэглэлтэй, хөдөлгөөн чөлөөтэй. Ясанд хугарал гэмтэлгүй” гэжээ. Баруун гарын сарвууны зургийг дахин уншуулсан хариуд: “Сарвууны ясанд гэмтэлгүй” гэжээ. “Б.А-н биед зүүн мөрний ард зулгаралттай гэмтэл тогтоогдсон нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй” гэж үндэслэл бүхий дүгнэлт гаргасан.

Гэвч шүүгдэгч А-с шүүх хуралдаан дээр гэмт хэрэг үйлдэгдэх үед өөрт нь гэмтэл учирсан гэж “... 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн рентген зураг”, “Амбулаториор эмчлүүлэгчийн карт” зэргийг гарган өгсөн боловч 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн эмчийн тэмдэглэлд “...баруун гарны рентген зурганд 10 дугаар хурууны шивнүүр ясанд цууралттай...” гэж тэмдэглэсэн боловч рентген зураг нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн огнооны зөрүүтэй, мөн Б.А нь иргэн Ц.О, Ц.Э нартай маргалдсан өдрөөс нэг сарын дараа эмнэлэгт үзүүлсэн байх тул дээрх ясны цууралт гэмтлийг 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр биед нь учирсан эсэх нь эргэлзээтэй, мөрдөн байцаалтаар дээрх гэмтлийг хэн, хэзээ учруулсныг тогтоох боломжгүй юм.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 769 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, гэм буруугийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд шүүгдэгч Б.А-д холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-д холбогдох хэргийг “шүүгдэгч болон гэрч М.А, Б.М нарын мэдүүлгүүд хэргийн үйл баримтаас илтэд зөрүүтэй, Б.А нь тухайн үед өөрт нь гэмтэл учирсан талаар шинээр рентген зураг гаргаж өгснийг шинжээч томилж дүгнэлт гаргуулах, хэрэв шүүгдэгчид гэмтэл учирсан бол хэн учруулсан болохыг тогтоох шаардлагатай” гэсэн үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байна.

Хэргийн материалыг судлан үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасныг мөрдөгч, прокурор хэрэгжүүлээгүй байх бөгөөд хэргийн бодит байдлыг буюу шүүхийн шийдвэр гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж, эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, хэрэг учрал болох үед хамт байсан гэрч М.А, Б.М нарын мэдүүлгүүдийн зөрүүг арилгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал”  /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.5-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэрэг нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосны эцэст хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Иймд прокурор Г.Ганхөлөгийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.