Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 01238

 

        Б.П-гийн нэхэмжлэлтэй,

      иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01006 дугаар шийдвэртэй, Б.П-гийн нэхэмжлэлтэй, Ц.Б, Б.Б нарт холбогдох

Түрээсийн төлбөр 770 000 төгрөг, ашиглалтын зардалд 714 042 төгрөг нийт 2 084 042 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.П шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б, Б.Б нар миний өмчлөлийн нийтийн байрны 213 тоот өрөөг 2016 оны 01 дүгээр сарын 10-наас эхлэн түрээслэсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд хог, халуун, хүйтэн, бохир усны 528 000 төгрөг, цахилгааны төлбөр 186 042 төгрөгийг төлөөгүй. 2016 оны 04 дүгээр сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 60 000 төгрөг, 05, 06 дугаар сарын төлбөр 300 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын үлдэгдэл 50 000 төгрөг, 2017 оны 08, 09, 10, 11 дүгээр сарын төлбөр 600 төгрөг, нийт 1 724 042 төгрөгийг төлөөгүй. Хариуцагчийн төлсөн 240 000 төгрөгөөс 60 000 төгрөгийг хариуцагч Ц.Б-ний 2016 оны 04 дүгээр сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл, 30 000 төгрөгийг хариуцагч Б.Б-ын 2017 оны 08 дугаар сарын түрээсийн төлбөр болон 150 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын төлбөрт суутган тооцсон болно. Хариуцагч Ц.Б-ний хувьд 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацааны төлбөрийг бүрэн төлөөгүй. Хавар болоход дадлагад явсан, сургууль амарсан тул зуны 3 сарын төлбөрийг төлөхгүй гэж татгалздаг, түрээслэсэн өрөөнд өөрийн хувцас, эд хэрэгсэл, тогоо, шанага, хөлдөөгч зэргийг үлдээж, түлхүүрийг аваад явсан тул эдгээр төлбөрийг төлөх ёстой.

Хариуцагч Б.Б нь Ц.Б-ний хамт 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тус өрөөнд орсон бөгөөд тэд 2017 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр төлсөн ч 05,06,07 дугаар сарын төлбөр төлөхгүй, амарсан тул түрээсийн байрыг ашиглаагүй гэж тайлбарладаг. Иймд хариуцагч Ц.Б-нээс 2016 оны 06,07,08 сарын төлбөр, хариуцагч Ц.Б, Б.Б нараас 2017 оны 06,07,08,09,10 сарын төлбөрийг тус тус нэхэмжилж байна. Бид бичгээр байгуулсан гэрээ байгуулаагүй боловч тухайн өрөөг 1 сарын 150 000 төгрөгөөр түрээслэхээр тохирч, түрээслэгч тал хог, цэвэр, бохир ус, цахилгааны төлбөрийг нэмж төлөхөөр болсон. Хариуцагч нар хэрэглээний төлбөр 714 042 төгрөг, түрээсийн төлбөр 1 370 000 төгрөгийг төлөөгүй. Иймд хариуцагч нараас нийт 2 084 042 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б, Ц.Б түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмчлөлийн нийтийн байрны 213 тоот өрөөг түрээслэж амьдарсантай маргахгүй. Ц.Б тус байранд 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сар хүртэл, Б.Б 2016 оны 08 дугаар сарын 26-наас амьдарч байгаад 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр түрээсийн байрыг хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч энэ хугацаанд бидний төлсөн төлбөрийг бэлнээр авч, энэ тухай бүртгэдэг байсан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар төлбөр авсан, өгсөн тэмдэглэл алдаатай байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Биднийг нэхэмжлэгчид төлбөрийг дансаар төлмөөр байна гэхэд надад данс байдаггүй, заримдаа өгсөн төлбөрийг бүртгэлд тусгадаггүй, мартдаг байсан. Энэ түрээслүүлсэн байр нь нийтийн зориулалттай бөгөөд дундаа 1 ариун цэврийн өрөөтэй тул цэвэр, бохир усны төлбөрийг яаж хуваарилж байгааг ойлгохгүй байна.           

Ц.Б-ний хувьд 2016 оны 01 сарын 10-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл амьдарч байгаад 06, 07, 08 сард эзгүй байсан ба улмаар 2017 оны 11 дүгээр сарын хүртэл амьдарч байгаад явсан. Харин Б.Б, Ц.Б-тэй хамт 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сар хүртэл, үүнээс хойш 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл амьдарч байгаад хүлээлгэн өгсөн. Хэдийгээр бид 2016, 2017 оны 06, 07, 08 саруудад түрээслэсэн байранд өөрийн хувцас, эд хэрэгсэл зэргийг үлдээж, түлхүүрийг авч явсан боловч биеэр байгаагүй, амралттай байсан тул энэ хугацааны төлбөрийг төлөхгүй. Нэхэмжлэлд дурдсан 2017 оны 09 дүгээр сарын төлбөрөөс 50 000 төгрөгийг төлөөгүй боловч 10 сарын төлбөрийг төлсөн байхад энэ талаар бүртгээгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг үндэслэн Ц.Б-нээс 450 000 төгрөг, хариуцагч Б.Б, Ц.Б нараас 500 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.П-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 134 042 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 235 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 27 350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Шүүх хариуцагч нараас 1 134 042 төгрөгийг гаргуулаад гомдолтой байна. Ц.Б-нээс гаргах цахилгааны төлбөрийг төлж байсан бүртгэлийн дэвтрийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж хэрэгсэхгүй болголоо. Хэрэгт авагдсан “Тогны мөнгө төлсөн тэмдэглэл”-ийг шүүхэд эх хувиар нь гаргаж өгсөн байхад нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзсэн нь ойлгомжгүй. Шүүх баримтын эх хувийг авахаас гадна бусд тог төлсөн баримтыг давхар авч нягталсан байгаа. Баримтуудыг тулгаж үзэхэд Ц.Б, Б.Б нараас авах ёстой 186 042 төгрөгийн алдагдал харагдаж байгаа. Тогны мөнгө төлсөн тэмдэглэлийн баримтаар Ц.Б нийт 4 удаа төлбөр төлж түүнийгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа. Хэрэг хэлэлцэж байхад гарын үсгийн талаар маргаагүй нь түүнийг хүлээн зөвшөөрснийг илтгэж байна. Түрээсийн төлбөрийн тооцоо хийхдээ шүүх алдаа гаргаж 2017 оны 05 дугаар сарын мөнгөнөөс 50 000 төгрөг дутуу байгааг бичиж ярьсаар байхад түүнийг шийдвэртээ бүрэн төлсөн мэтээр тусгаж 1 сарын төлбөрөөр хохироож байна. Шүүхийн шийдвэрт 2017 оны 09 дүгээр сард 50 000 төгрөг дутуу гээд байгаа нь үндэслэлгүй, харин 2017 оны 05 дугаар сарын дутуу мөнгө юм. Тэгэхээр 9 сарын төлбөрийг бүтнээр авах ёстой байхад тооцоо буруу хийж дүгнэснээс 1 сарын буюу 2017 оны 09 дүгээр сарын төлбөр 150 000 төгрөгөөр хохироож байна. Миний бие нэхэмжлэл гаргахдаа хүн тус бүрээр 150 000 төгрөг нэхэмжлээгүй байхад шүүх дүгнэхдээ нэг сарын 150 000 төгрөгөөр тооцож гаргахаар шийдвэрлэж байгаагаас үзэхэд шүүх санхүүгийн тооцоолол хийхдээ эсрэг талын ашиг сонирхлыг давуу байдлаар харж байна. Б.Б, Ц.Б нар амьдрахдаа мөн зуны саруудад аав, ээж, ах, эгч болон өөрсдөө ирж очин амьдардаг байсан ба хэрэглээний зардлууд гарч байсан болно.

Шүүх хариуцагчийг төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж дүгнэж, түрээсийн төлбөрийг гаргасан атлаа түрээслэх хугацаанд гарсан ашиглалтын зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайн хугацаанд түрээс, тогны мөнгө төлсөн тухай баримтуудад хариуцагч нар өөрсдөө бичилт хийж гарын үсэг зурсан байдаг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, түрээсийн төлбөр, ашиглалтын зардалд нийт 1 134 042 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

     Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

    Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч Ц.Б, Б.Б нарт холбогдуулан  орон сууцны хөлс, ашиглалтын зардалд нийт 2 082 042 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

      Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 12 дугаар гудамжны 309Б тоот хаягт байрлах нэхэмжлэгч Б.П-гийн өмчлөлийн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 213 тоот 1 өрөөг  хариуцагч Ц.Б 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл,  хариуцагч Ц.Б, Б.Б нар 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарыг дуустал, сарын 150 000 төгрөгөөр хөлслөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон. Талуудын хооронд  орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.  

        Орон сууц хөлслөх гэрээний дагуу сууцны зориулалттай орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх үүргээ хөлслүүлэгч биелүүлсэн тул хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй.

 Хэргийн 4,5 дахь талд авагдсан, талуудын төлбөрийн тооцооны тэмдэглэл, зохигчдын тайлбараар хариуцагч нар хэлэлцэн тохирсон хөлсийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Нэхэмжлэгч Д.П-ийн шүүхэд гаргасан хариуцагч Ц.Б, Б.Б нараас төлсөн төлбөрийг тооцож, хэн аль нь гарын үсгээ зурж баталгаажуулсан баримтаар хариуцагч Ц.Билгүүн 2016 оны 06,07,08 дугаар сарын төлбөрт нийт 450 000 төгрөг, хариуцагч Ц.Б, Б.Б нар 2017 оны 06,07,09,10 дугаар сарын төлбөрт нийт 600 000 төгрөгийг төлөөгүй нь тогтоогдож байна.

Харин хариуцагч Ц.Б 2016 оны 03 дугаар сарын төлбөрийг төлсөн /хх-4/ байна. Иймд орон сууц хөлслөх гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх тул нэхэмжлэгч Д.П нь хариуцагч Ц.Б, Б.Б нараас орон сууцны хөлсөнд нийт 1 050 000 төгрөгийг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар шаардах эрхтэй.

 Хариуцагчаас 2016, 2017 оны 06,07,08 дугаар сард зуны амралттай байсан тул төлбөрийг төлөхгүй гэх боловч уг хугацаанд өрөөний түлхүүрийг хөлслүүлэгчид өгөөгүй, эд зүйлсээ үлдээсэн тул шилжүүлж авсан эд хөрөнгөө ашиглаагүйд хөлслүүлэгчийг буруутгах үндэслэлгүй, хөлслөгч өөрийн буруугаас эд хөрөнгийг ашиглаж чадаагүй гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт зааснаар хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

         Нэхэмжлэгч нь нийтийн зориулалттай орон сууцны хэрэглээний зардал болох цахилгаан, хог, усны төлбөрийг 24 сараар нэгтгэн нэхэмжилсэн боловч тухайн он болон сар бүрийн төлбөрийн хэмжээ тодорхойгүй, ус, тогны мөнгө төлсөн гэх тэмдэглэл /хх 4-5/, хэрэглэгчийн нэгдсэн тооцоо, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, цахилгааны төлбөрийн баримтууд нь /хх 58-63/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байх тул уг баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй. Иймд энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно. 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэлийг хангасан дүнд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01006 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “302 дугаар зүйлийн 302.1” гэснийг дараа “289 дүгээр зүйлийн 289.1.2” гэж нэмж, “500” гэснийг “600 000” гэж, “1 134 042” гэснийг “1 034 042” гэж, 2 дахь заалтад “27 350” гэснийг “29 750” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 767 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.ОТГОНЦЭЦЭГ

                                        ШҮҮГЧИД                                         С.ЭНХТӨР                                  

                                                                                                               Д.БАЙГАЛМАА