Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00881

 

 

 

 2022          09           29                                          001/ХТ2022/00881

 

Л гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                        

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/02633 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1906 дугаар магадлалтай,                                                                                                                                

Л гийн нэхэмжлэлтэй

Б т холбогдох

Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг        

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Отгондорж, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхтуяа, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л  нь хариуцагч Б т холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/02633 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т тус тус зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б ээс 15,633,318 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,366,682 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Б ээс улсын тэмдэгтийн хураамжид 236,117 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 414,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1906 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/02633 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нар хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.09-ний өдрийн 1906 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн 2020.07.23-ны өдрийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Талуудын байгуулсан түрээсийн гэрээний гол нөхцөлд 3.1 гэрээний хугацаа 2020.03.01-ний өдрөөс 2021.03.01-ний хүртэл 1 жилийн хугацаагаар түрээслүүлэхээр заасан. Хариуцагч Б ийн зүгээс гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу гэрээний ерөнхий хугацаанд 2020.05.25-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар түрээсийн гэрээг бүртгүүлсэн байдаг. Анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318.3, 318.4-т тус тус зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэжээ . Гэтэл хариуцагчийн зүгээс гэрээний хугацаанд Улсын бүртгэлийн газар бүртгүүлснийг анхааралгүй хэлцлийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн зүгээс дүгнэхдээ гэрээг Иргэний хуульд зааснаар талууд гэрээг бичгээр байгуулж хүсэл зоригоо гарын үсэг зурж баталгаажуулсан тул Иргэний хуулийн 42.2-т “энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.” гэж заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ юм. Мөн Иргэний хуулийн 318.1-т “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ юм. Учир нь талууд лангуу түрээсэлсэн болон түрээсийн төлбөр төлсөн дээр маргадаггүй. Үүнээс харахад түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж харагдаж байгаа юм. Иргэний хуулийн 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан бол талууд нэг баримт бичиг үйлдэж гарын үсэг зурах буюу зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсэг зурсан захидал албан бичиг бичсэн телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцно” гэж заасан байдаг. Мөн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22.1-д “Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн эрхийг түрээслүүлэгч, түрээслэгч аль нэг талын гаргасан мэдүүлгийг үндэслэн бүртгэнэ” гэж зааснаар түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх нь 2 талд хэн алинд нь нээлттэй харагдаж байна. Ийм учраас нэгэнт түрээсийн харилцаа үүссэн байсан учир энэ эрхийнхээ дагуу түрээслүүлэгч тал улсын бүртгэлийн газар түрээсийн гэрээг бүртгүүлсэн. Дээрх байдлуудаас дүгнээд үзэхэд талуудын байгуулсан түрээсийн гэрээ нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.09-ний өдрийн 1906 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч Л  нь хариуцагч Б т холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 21,000,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “... түрээсийн гэрээг бүртгүүлэх эрх нь түрээслэгч болон түрээслүүлэгч хоёр талд аль алинд нь нээлттэй. Үүний дагуу түрээслүүлэгч нь түрээсийн гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн тул гэрээ хуулийн шаардлагыг хангасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2020.02.18-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, хариуцагч Б ээс 15,633,318 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,366,682 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “...Гэрээний оролцогчид хэн хэн нь гэрээг бүртгүүлэх үүрэгтэй боловч нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байгаагүй учир гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй байсан. Гэтэл хариуцагч буюу өмчлөгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш улсын бүртгэлд бүртгүүлсэн байгааг хуульд заасан шаардлага хангасан гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан учраас гэрээг цуцлах асуудал яригдахгүй тул талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, түрээсийн төлбөрт төлсөн 21,000,000 төгрөгийг Б ээс гаргуулж өгнө үү” гэжээ.

9. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигчийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Б  нь Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъяанжу гудамж, 37 байр, 2015 тоот, 23.15 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдааны зориулалтаар түрээслүүлэх, Л  нь уг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлж, хөлсийг төлөхөөр харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулагдсан байна.

10. Нэхэмжлэлийн үндэслэл болсон зохигчийн хооронд байгуулсан дээрх түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасантай нийцсэн байх бөгөөд ийнхүү бүртгүүлээгүй нь мөн хуулийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй, шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлыг хэрэгт авагдсан баримтад тулгуурлан дүгнэлт хийж, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг зөв гэж үзнэ.

11. Талууд түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж байх ба нэхэмжлэгч Л  нь 2020.04.16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, ийнхүү нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2020.05.25-ны өдөр хариуцагч Б  нь уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.8-т “Үл хөдлөх эд хөрөнгийг бүтнээр нь түрээсэлж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно” гэж зааснаас үзэхэд уг гэрээ нь нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах үед хүчин төгөлдөр болоогүй байсан, энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв. 

Хариуцагчийн өмгөөлөгчийн “... гэрээний хугацаанд Улсын бүртгэлийн газар түрээсийн гэрээг бүртгүүлснийг шүүх анхааралгүй хэлцлийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэнд гомдолтой байна...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхино.  

12. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны үндэслэлд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/02633 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1906 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 239,311 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.БАЯРМАА           

                                   ШҮҮГЧИД                                               Г.БАНЗРАГЧ

                                                                                                    П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН                                                                                              

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД