Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 102/2022/00116/И |
Дугаар | 001/ХТ2022/00887 |
Огноо | 2022-09-30 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2022/00887
2022 09 30 001/ХТ2022/00887
“А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/00900 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2022/01044 дүгээр магадлалтай, “А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй У , Б нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 64,756,715.64 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Пүрэвдорж, хариуцагч Б.Болор-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батгэрэл, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Мягмарсүрэн, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч “А ” ХХК нь хариуцагч У , Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 64,756,715.64 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. 2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/00900 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан хариуцагч Б , У нараас зээлийн гэрээний үүрэгт 64,756,715.64 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс буюу Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах, 34.11 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасныг баримтлан хариуцагч У ын шүүхэд гаргасан зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 551,943 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 551,943 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2022/01044 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/00900 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “452.1” гэсний ард “453 дугаар зүйлийн 453.1” гэж нэмж, “64,756,715.64” гэснийг “25,997,962” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлээс 38,758,754 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, 4 дэх заалтын “57.1” гэсний ард “60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2” гэж нэмж, “551,943” гэснийг “287,940” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.05.27-ны өдрийн 210/МА2022/01044 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т зааснаар гомдол гаргаж байна. 4.1. Давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн: Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг барьж магадлал гаргасан нь Иргэний хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, мөн илүү нарийвчлан зохицуулсан хууль болох Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан байна. Гэтэл Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан урьдагч нөхцөлийг буруу дүгнэлт өгч хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь зээлдэгчийн “...төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол...” гэсэн нөхцөл байдал тогтоогдсон тухай нотлох баримт хэрэгт байхгүй, зээлдэгч нарт банкны өрийг төлөх хангалттай хөрөнгө байгаа болно. Мөн өөр этгээдэд өртэй эсэх талаарх нотлох баримт хэрэгт хавсаргаагүй болно. 4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022.03.15-ны өдөр 00900 дугаар шийдвэрийг танилцуулан сонсгосон ба ИХШХШТХ-ийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт “Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно” гэсэн. Мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэжээ. Энэ нь 2022.03.29-ний өдөр. ИХШХШТХ-ийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна.” гэсэн нь 2022.04.12-ны өдрөөр дуусгавар болсон. Тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.” гэсэн нь 2022.04.26-ны өдрөөр гомдол гаргах хугацаа нь дуусгавар болсон. Мөн ИХШХШТХ-ийн 119 дүгээр зүйлийн 119.7-д “Энэ хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй” гэсэн байхад хариуцагч нар 2022.05.02-ны өдөр гомдол гаргасан нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад гомдол гаргасан байна. Үүнийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн боловч магадлалд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн үгийг зөрүүтэй тэмдэглэж, анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй гэж үзэж байгаа гэж тэмдэглэсэн байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцэн магадлал гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3-т заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул мөн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” хэмээн үзэж гомдол гаргаж байгааг хүлээн авч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.05.27-ны өдрийн 210/МА2022/01044 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр үлдээж өгнө үү гэжээ. ХЯНАВАЛ: 5. Нэхэмжлэгч “А ” ХХК нь хариуцагч Б , У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 64,756,715.64 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 6. Хариуцагч Б нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй буюу зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 70,000,000 төгрөг, хүүнд 23,470,799 төгрөг төлсөн, зээлийн үлдэгдэл 9,967,235.59 төгрөг гэж маргажээ. 7. Хариуцагч У нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ... хариуцагч Б 50,000,000 төгрөг төлж үндсэн зээлийн үлдэгдэл 30,000,000 төгрөг болоход “А ” ХХК нь зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж энэ талаар дахиж гэрээ байгуулах ёстой байсан, энэ талаарх гэрээний заалтаа зөрчсөн. Мөн У ынхоос бусад барьцаа хөрөнгийг чөлөөлөхдөө түүнд мэдэгдээгүй гэж маргаад, зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна. 8. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасан байна. 9. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.07.06-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2022/00817 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. 10. Хариуцагч Б , У нар нь “А ” ХХК-тай 2015.10.08-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан жилийн 35.4 хувийн хүүтэй, 29 сарын хугацаатайгаар 80,000,000 төгрөгийг зээлж авсан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд У ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах Ү-2205037312 тоот улсын бүртгэлийн дугаартай 34.11 м.кв 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар байрны урд байрлах 48 м.кв талбай бүхий газар, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Их тойруу 96/2 тоот хаягт байрлах 96 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан тухай баримтууд хэрэгт авагдсан байх тул анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлд нийцсэн байна. 11. Анхан шатны шүүх “ ... гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.1-д жилийн 35.4 хувийн хүүтэйгээр, мөн 1.11-т нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж, мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч “А ” ХХК нь хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, ...2015.10.08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018.03.08-ны өдөр дуусгавар болсон, хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөөгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдож байгаа...” тухай дүгнэн, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасныг үндэслэл бүхий гэж дүгнэлээ. 12. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Тухайлбал, тэрээр сөрөг шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний дагуу хариуцагч Б 50,000,000 төгрөг төлж үндсэн зээлийн үлдэгдэл 30,000,000 төгрөг болоход “А ” банк ХХК нь дахиж гэрээ байгуулах ёстой байсан, гэрээний заалтаа зөрчсөн, ... У ынхоос бусад барьцаа хөрөнгийг чөлөөлөхдөө өөрт нь мэдэгдээгүй” гэж тодорхойлсон байх бөгөөд зээлийн гэрээний 4.1, 4.2-т гэрээ дуусгавар болох, цуцлах үндэслэлд хариуцагчийн сөрөг шаардлагын үндэслэлүүд хамаарахгүй буюу зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцох үндэслэлгүй” гэж дүгнэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна. 13. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс маргааны үйл баримтад Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ. 14. Хэргийн баримтаас үзэхэд 2015.12.11-ний өдөр хариуцагч нь анх авсан 80,000,000 төгрөгийн үндсэн зээлээс 50,000,000 төгрөгийг төлснөөр зээлийн үлдэгдэл 29,999,999 төгрөг болсон байх бөгөөд нэхэмжлэгч нь энэ хугацаанаас зээлийн үлдсэн хэмжээнд хариуцагчийн төлөх хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон байна. 15. Зээлдэгч нь 2020.07.10-ны өдөр 6,000,000 төгрөг, 2020.08.26-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021.05.17-ны өдөр 4,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг зээлдүүлэгчид буцаан төлсөн үйл баримт тогтоогдсон байх бөгөөд давж заалдах шатны шүүх “Гэрээний хугацаа дууссан 2018.03.08-ны өдрөөс хойш төлсөн 20,000,000 төгрөгийг гүйцэтгэвэл зохих үүрэг 29,967,235.59 төгрөгөөс хасахад 9,967,236 төгрөгийн үндсэн зээл төлөгдөөгүй, ... гэрээгээр жилийн 35.4 хувийн хүүтэй, ...үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү авахаар тохиролцсон байх тул 2018.03.08-ны өдрөөс 2021.12.21-ний өдрийг хүртэлх хугацааны хүү 13,358,938 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,671,788 төгрөг, нийт 25,997,962 төгрөг төлөхөөр байна” гэж дүгнэн хариуцагч нараас 25,997,962 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хариуцагч нар нь 2017.08.31-ний өдөр 901,018.09 төгрөгийн төлөлт хийснээс хойш дахиж ямар нэгэн төлбөр хийгээгүй, улмаар 2018.03.08-ны өдөр гэрээний хугацаа дуусахад зээл, түүний хүүг буцаан төлөөгүй талаар талууд маргаагүй байх бөгөөд гэрээний хугацаанд төлөх ёстой төлбөр буюу хариуцагчийн үндсэн үүрэг биелэгдээгүй байхад 2020-2021 оны хооронд төлсөн төлбөрийг үндсэн зээлийн үлдэгдлээс шууд хасч тооцохдоо Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг буруу хэрэглэсэн гэж үзнэ. 16. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2022/01044 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/00900 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангасугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 351,744 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ Д.ЦОЛМОН Х.ЭРДЭНЭСУВД
|