Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2020/0624

 

2020 оны 09 сарын 30 өдөр Дугаар 128/ШШ2020/0624 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ХХК

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Б, Ж.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч С.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б ХХК нь 2012 онд барилгын засал, чимэглэлийн ажил гүйцэтгэж байсан учраас бараа материалыг бэлэн мөнгөөр худалдан авч байсан. Бид ТТБС ХХК-иас барилгын материал, сэлбэг хэрэгсэл худалдан авч тухайн компани нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бөөн бичиж өгнө гэдэг байсан ба сүүлд бичиж өгсөн падааныг авахдаа тухайн үед Баянзүрх дүүргийн Татварын байцаагчаар ажиллаж байсан 2 байцаагчаас нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг нөхөж бичиж болдог эсэхийг асуухад, болно гэсэн. Мөн ТТБС ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй падаан байна гэсэн учраас миний бие итгээд, уг падааныг тайландаа үнэн зөвөөр тусгасан.

Монгол Улсын Татварын албанд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн өгсөн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг миний бие өөрөөр шалгах боломжгүй болсон. Манай компани худалдан авсан барааны падааныг үнэн зөвөөр тусгасан, татвар ногдуулах орлогыг бууруулж, тооцсон зүйл байхгүй.

Гэтэл Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э, С.Б нар манай компанийн 2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, 218.181.818 төгрөгийн зөрчилд 31.789.909 төгрөгийн төлбөрийг ногдуулан төлүүлэхээр татварын улсын байцаагчийн ******* дугаар актыг 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн. Татварын улсын байцаагчийн ******* дугаар актын он, сар засвартай, мөн актын нүүр хэсэг буюу үнэт цаасанд бичигдсэн тэмдэглэх хэсэгт зөрчлийн дүнг хоёр зуун арван найман сая нэг зуун наян нэгэн мянга найман зуун арван найман төгрөгийн зөрчил илэрсэн гэсэн боловч хавсралт 02-т байгаа тогтоох хэсэгт ногдуулсан нөхөн татварын дүнг хорин нэгэн сая найман зуун арван найман мянга нэг зуун наян хоёр төгрөгийн зөрчил илэрсэн гэж бичсэн.

Энэ нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан утга агуулгын илэрхий алдаатай илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т гарын үсэг зурж баталгаажуулсан акт, дүгнэлт, бусад баримтыг бичгийг засварлах гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар утга агуулгын илэрхий алдаатай акт байсан. Илт хууль бус акт нь гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр бус байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа.

Таслал алдсан гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Татварын улсын байцаагчийн акт нь эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа акт байдаг. Эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа актын нүүрэн хэсэгт он, сар засвартай бөгөөд энэ акт хавсралтын хамт хүчинтэй байгаа. Хавсралтыг нь үзэхээр 218.181.810 төгрөг, 21.818.182.00 төгрөг нь ялгаатай ойлголт юм. Энэ акт нь 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн акт юм уу, хэдэн оны хэдэн сарын актыг зассан гэдэг нь тодорхойгүй байна. Иймд илэрхий алдаатай акт юм.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байгаа. Үндэслэл нь тухайн үнэт цаас нь дээр засвар хийж болохгүй. Яагаад гэвэл хуулиар хориотой байгаа. Зөрчлийг хүлээн зөвшөөрсөн учраас бид нарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж хэлж байгаа нь буруу. Яагаад гэвэл тухайн хүнд хариуцлага хүлээлгэх үндэслэл нь эрх зүйн акт байдаг. Эрх зүйн акт хүчинтэй байсан тохиолдолд биелүүлнэ. Эрх зүйн акт өөрөө зөрчилтэй байна. Тухайн үнэт цаас болон хавсралт хэсэг бүгд нэг үр дагавартай байгаа. Шүүгч сая асуусан бөгөөд төлбөр төлөлт хийгдсэн үү гэсэн. Төлбөр төлөлт хийгдээгүй бөгөөд төлөх боломжгүй. Яагаад гэвэл гарсан үр дагавар нь нэгдүгээрт тендерт оролцох боломжгүй болсон, хоёрдугаарт санхүүгийн хямралаас болж эхнэр нь харвасан. Хуулийн этгээдийн хувьд ямар нэгэн ажил хийх боломжгүй болсон. 2019 онд Татварын маргаан таслах зөвлөлд хандах үедээ энэ актыг засвартай байсныг мэдсэн байдаг. Тухайн үед энэ актыг зөвшөөрөөгүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч талаас энэ актыг засварласан талаар мэдэгдсэн баримт байхгүй гэв.

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Ж.Э, С.Б нар Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 7/3353 дугаар албан бичиг, тасгийн даргын 2414200965 дугаар албан томилолт, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийг үндэслэн 2100622 регистрийн дугаартай Б ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтөд хэсэгчилсэн татварын хяналт шалгалт хийх томилолт олгогдсоны дагуу ******* дугаар татварын улсын байцагчийн актыг бичсэн байна.

Татварын хяналт шалгалтаар 218,181,818.00 /Хоёр зуун арван найман сая нэг зуун наян нэгэн мянга найман зуун арван найм/ төгрөгийн зөрчил илэрсэнд 21,818,182.00 /хорин нэгэн сая найман зуун арван найман мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийн нөхөн татвар, 6,545,454.00 /зургаан сая таван зуун дөчин таван мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөгийн торгууль, 3,435,273.00 /гурван сая дөрвөн зуун гучин таван мянга хоёр зуун далан гурав/ төгрөгийн алданги нийт 31,798,909.00 /гучин нэгэн сая долоон зуун ерэн найман мянга есөн зуун есөн/ төгрөгийн төлбөр тогтоосон.

1. Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газраас 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10/5-11077 дугаар тогтоолоор ирсэн албан бичиг, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, удирдлага арга зүйн газрын 2014 оны 7/3353 тоотоор Цагдаагийн байгууллагаас 2013, 2014 онд нэмэгдсэнөртгийн

албан татварын хуурамч хий бичилттэй падаан ашиглан төлбөл зохих татвараа бууруулсан татвар төлөгчдийг шалгуулахаар ирүүлсэн жагсаалтыг хавсралтаар хүргүүлж байна. Эдгээр татвар төлөгчдийн татвар ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг хийж, материалуудын хуулбарыг манай газарт ирүүлнэ үү гэсэн албан бичгийн 3 дугаар мөрөнд ТББС-ХХК-иас 218,181,818.00 төгрөгийн бараа ажил үйлчилгээ авсан гэх Б  ХХК багтсан бөгөөд уг мэдээллийн дагуу шалгалтыг явуулсан.

2. Б ХХК нь 5432049 дүгээр регистрийн дугаартай ТББС ХХК-ийн нэрээр бичигдсэн 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 0012361458 дугаар падаанд бичигдсэн 218,181,818.00 төгрөгийн дүнгээр худалдан авалт хийснээр 2013 оны 04 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган хасалт хийж, төсөвт төлөх татварын дүнг нийт 21,818,182.00 төгрөгөөр бууруулсан нь тус компанийн татварын тайлан, худалдан авалтын падааны жагсаалт, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн дэлгэрэнгүй жагсаалт татварын албаны тооцооллын программ дахь татварын өрийн бүртгэлийн мэдээлэл зэрэг татварын албаны цахим мэдээллийн сангийн мэдээллээр нотлогдсон.

 

Тус компанийн захирал Д.Б нь 2014 онд хийгдсэн хяналт шалгалтын үед буюу 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр татварын улсын байцаагчтай хийсэн ярилцлагад дараах мэдээллийг өгсөн.Үүнд:

1. ТББС ХХК-ийн 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 0012361458 дугаар падаанд бичигдсэн 218,181,818.0 төгрөгийн худалдан авалт хийсэн талаар тодруулга өгнө үү гэсэн асуултад Би өөрөө очиж бэлэн мөнгөөр буюу 8 сая төгрөгөөр нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг авсан. Энэ хүнийг хаана ажил хийдгийг мэдэхгүй. Энэ хүний талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэж хариулсан.

2. Мөн дээрх зөрчилд хуулийн хариуцлага хүлээлгэнэ, нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбогдох анхан шатны баримтыг өгнө үү гэсэн байцаагчийн хүсэлтэд Миний буруу, хариуцлага тооцоход гомдолгүй, манай өнөөгийн санхүүгийн нөхцөл байдал сул байгаа, хүнд хууртагдан 8 сая төгрөгийн алдагдалд орсон зэрэг байдлыг харгалзан үзнэ үү, нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг цагдаагийн байгууллагад өгсөн, кассын орлого зарлагын баримт байхгүй, падааныг 8 сая төгрөгөөр авсан гэсэн хариулт өгч гарын үсгээ зурсан.

Баянгол дүүргийн прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 156 дугаар тогтоолд .....Сэжигтэн Э.Д нь бусадтай бүлэглэн Б ХХК-ийн захирал Д.Б-д ТББС ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон санхүүгийн тэмдгийг ашиглан татвар төлөхөөс зайлсхийх боломж олгож, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгт оролцсон болох нь нотлогдсон боловч Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Тус актын 2014 оны гэсэн тооны 4 тооны харагдах байдал нь засварласан ч Татварын хяналт шалгалтын программд 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэж бүртгэгдэн, татварын улсын байцагчийн шалгалтыг дууссанг шууд удирдлага буюу нэгжийн дарга хянаж баталгаажуулалт хийгдсэн байна.

Актын нүүр хэсэг буюу үнэт цаасанд бичигдсэн зөрчлийн дүн 218,181,818.00 гэж, актын үргэлжлэл хэсэг дэх зөрчлийн дүн 21,818,182.00 гэж зөрүүтэй туссан ч татвар төлөгчийн төлөх төлбөрийн дүн зөрөөгүй. Мөн ямар нэг дүн зассан өөрчилсөн зүйл байхгүй.

 

Захиргааны ерөнхий хуулийн 45.1-д Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй. гэж заасан. Тус актаар тогтоогдсон төлбөрийн дүнд тооцооны алдаа гараагүй бөгөөд уг дүнг засварлаагүй болно. Мөн хариуцагч нар тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан зөрчлийгхариуцагч нар гаргаагүй болно.

Иймд Татварын улсын байцагчийн акт ******* дугаар нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй болно гэжээ.

Хариуцагч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед буюу 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Д.Б ирж акттай танилцсан бөгөөд зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Танилцсаны дараа өөрчлөлт ороогүй гэж тайлбарлаж байна. Зөрчлийн дүн дээр таслалыг буруу тавьсан алдаа байгаа боловч нөхөн татварын тоо, хэмжээ хэвээрээ байгаа. Зөрчлийн дүн дээр оронгийн алдаа гаргасан бөгөөд төлбөл зохих дүн хэвээрээ байгаа гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварынерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т

зааснаар татварын улсын байцаагчийн хориглох зүйлд хамаарч байгаа. Актыг өөрчилж засварлана гэдэг нь энэ актыг хүчингүй болгоно гэсэн ойлголт биш. Улсын байцаагчийн акт илт хууль бус биш бөгөөд утга агуулгын илэрхий алдаа гаргаагүй. Захиргааны акт дараах тохиолдолд илт хууль бус болно.

Үүнд: Утга агуулгын илэрхий алдаатай гэдэгт бичгээр гаргасан захиргааны актыг батлан гаргасан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хамааралгүй, гүйцэтгэх үүрэг нь тодорхойгүй байхыг хэлнэ гэж заасан байдаг.

Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнчлэн адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага бусдын санаачлагаар засварлана гэдэг бол утгаар тайлбарлаж байна. Улсын байцаагч нь он, сар, таслалын алдаа гаргасан бөгөөд утга агуулгын хувьд ямар нэгэн алдаа гаргаагүй болно. Манай байцаагчийн гаргасан алдаа нь юу байсан бэ гэвэл улсын байцаагчийн актын хоёрдугаар хуудсан дээр таслалын алдаа гаргасан байгаа. Актын нүүр хэсгийн тогтоох хэсэгт торгууль, төлбөрийн алданги зэрэг нь 31.798.909.00 төгрөг гэсэн бөгөөд актын сүүлийн хэсэгт нийт төлбөл зохих дүн нь хэвээрээ байгаа. Таслалын алдаа гаргасан бөгөөд төлбөл зохих дүн дээр ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Тийм учраас илт хууль бус акт биш юм.

Нөхөн татвар, торгууль, алданги зэрэг нь нийт 31.798.909.00 төгрөг байгаа. Улсын байцаагчийн гаргасан алдаа бол 3 дугаар хавсралт хэсгийн догол хэсэг байгаа бөгөөд 21.818.182.00 төгрөгийн зөрчил илэрсэн гэж нэгийн тооны ард биш, наймын тооны ард таслал тавьж алдсан.

 

Нэхэмжлэгчид улсын байцаагчийн акт бичигдээд энэ компани өрөнд орсон асуудал биш юм. Энэ компани хууль ёсны дагуу тайлангаа гаргаж, татвараа төлж явж байсан бол ийм зүйл болохгүй байсан. Нэмэгдсэн өртгийн албан татварыг энэ компани төлөх гээд байгаа юм биш, татвар төлөгч бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулснаас энэ байгаа үнэ дээрээ нэмэгдсэн өртгийн албан татварын үнийг шингээсэн зүйл юм. 218 сая төгрөгийн зөрчил гаргасан буюу 21 сая төгрөгийг нөхөн төлөөгүйгээс болж завшсан гэдэг нь бүх нотлох баримтаар тогтоогдсон байгаа. Улсын байцаагчийн буруу байгаад байдаг, татвар төлөгчийн буруу яагаад байж болдоггүй юм вэ. Бараа бүтээгдэхүүн худалдан борлуулахдаа нөгөө талаас авсан мөнгө шүү дээ. Энэ мөнгийг та нар завшиж байна. Манайх нөгөө талаас авсан мөнгийг Татварын албанд буцаагаад төлчих гэж хэлсэн. Утга агуулгын илэрхий алдаатай гэж хэлсэн бөгөөд эцсийн дүндээ төлбөл зохих дүн

хэвээрээ байгаа. Та нар актыг гардан авахдаа засварлахыг шаардах эрх нээлттэй байсан. 31 сая төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон бөгөөд 31 сая төгрөг нь актад хэвээрээ байгаа. Та нар үүргээ биелүүлэхийг шаардаж байгаа бол эрхээ эдлэхийг шаардах эрхтэй. Энэ актыг хүчингүй болголоо гэхэд хэн хохирох вэ. Улс хохирно. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б ХХК нь тус шүүхэд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдуулан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоолгохшаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан, нэхэмжлэлийн үндэслэлээ ...Татварын улсын байцаагчийн ....актын он, сар засвартай, ...хавсралт 02-т байгаа тогтоох хэсэгт ногдуулсан нөхөн татварын дүнг 21,818,182 төгрөгийн зөрчил илэрсэн гэж бичсэн нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т гарын үсэг зурж баталгаажуулсан акт, дүгнэлт, бусад баримт бичиг, илтгэх хуудсыг засварлах, өөрчлөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. ...Татварын байцаагчийн акт нь үнэт цаас бөгөөд тухайн акт нь ...ямар нэгэн үйлдэл хийхийг үүрэг болгож байгаа тул ямар нэг утга агуулга, цэг тасал, техникийн алдаагүй байх ёстой. Иймд утга агуулгын илэрхий алдаатай илт хууль бус акт... гэж, хариуцагч нь ...актын огнооны 2014 оны ... 4-ын тооны харагдах байдал нь засварлагдсан ч Татварын хяналт шалгалтын программд 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэж бүртгэгдэн, ... шууд удирдлага буюу нэгжийн дарга хянаж, баталгаажуулалт хийгдсэн байна. Актын нүүр хэсэг буюу үнэт цаасанд бичигдсэн зөрчлийн дүн 218,181,818,00 төгрөг, актын үргэлжлэл хэсэг дэх зөрчлийн дүн 21,818,182,00 төгрөг гэж зөрүүтэй тусгасан ч татвар төлөгчийн төлөх төлбөрийн дүн зөрүүгүй. Тус актаар тогтоосон төлбөрийн дүнд тооцооны алдаа гараагүй бөгөөд уг дүнг засварлаагүй, ...утга агуулгын хувьд ямар нэг алдаа гаргаагүй. ... Иймд илт хууль бус захиргааны акт биш... гэж тодорхойлон маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э, С.Б нар нь Б ХХК-ийн 2013 оны нэмэгдсэн

өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай ******* дугаартай актаар [1] Б ХХК нь ТТБС ХХК-аас 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 12361458 тоот падааныг хуурамчаар хий бичүүлэн авч, 2013 оны 4 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусган, төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчил тогтоон, татварын хяналт шалгалтаар илэрсэн нийт 218,181,818,00 төгрөгийн зөрчилд 21,818,182,00 төгрөгийн нөхөн татвар, 6,545,454,0 төгрөгийн торгууль, 3,435,273,0 төгрөгийн алданги, нийт 31,798,909,00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б ХХК нь дээрх улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөл хянаад 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 061 дүгээр тогтоолоор[2] 21,818,182,00 төгрөгийн нөхөн татвар, 6,545,454,0 төгрөгийн торгууль, 3,435,273,0 төгрөгийн алданги, нийт 31,798,909,00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн, улмаар дээрх тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь гомдол гаргасныг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хянаад 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаар тогтоолоор[3] актаар ногдуулсан төлбөрөөс 6,545,454,00 төгрөгийн торгууль, 3,435,273,00 төгрөгийн алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан, нийт 9,980,727,00 төгрөгийн төлбөрийг чөлөөлж, нөхөн татвар 21,818,182,00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

1. Нэхэмжлэгч Б ХХК нь татварын улсын байцаагчийн актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга, агуулгын илэрхий алдаатай гэж тодорхойлон маргаж байна.

Татварын ерөнхий хуулийн (2008 оны) 29 дүгээр зүйлийн 29.1.1-д татварын улсын байцаагч ньтатвар ногдуулах, төлөх татварын нягтлан бодох бүртгэлийн тайлан, ... санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, .. зөрчлийг тогтоон акт, дүгнэлт ... үйлдэх-ээр, 30 дугаар зүйлийн 30.1.4-д ...гарын үсэг зурж баталгаажуулсан акт, дүгнэлт, бусад баримт бичгийг ... засварлах, өөрчлөхийг хориглох-оор, 34 дүгээр 34.1-д Татварын улсын байцаагч нь энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт ... бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх, тогтоох хэсгээс бүрдэнэ, 34 дүгээр зүйлийн 34.2-т Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтэд татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татвар төлөгч нар гарын үсэг зурж, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаас үзэхэд зөрчлийг тогтоосон татварын улсын байцаагчийн акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс бүрдэх бөгөөд гарын үсэг зурж баталгаажуулсан актыг засварлаж, өөрчлөхийг хориглосон байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй гэж заажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд татварын улсын байцаагчийн актын огнооны 2014 оны гэсний 4-ын тоо нь засвартай байх хэдий ч татварын хяналт шалгалтын программд актын огноог 2014.12.13 гэж бүртгэгдсэн, татварын хяналт шалгалтын тасгийн дарга Г.Энхжаргал нь 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр уг актыг хянан баталгаажуулж гарын үсэг зурсан байх тул актын огноог баталгаажсаны дараа засварласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн татварын улсын байцаагчийн актын үргэлжлэл хэсэг болох хавсралт № 02, 03-д зөрчлийн дүнг 21,818,182,00 гэж зөрүүтэй бичсэн байх боловч актын нүүр хэсэг буюу үнэт цаасанд бичигдсэн Тэмдэглэх хэсэгт зөрчлийн дүнг 218,181,818,00 төгрөг гэж, Тогтоох хэсэгт ногдуулсан нөхөн татварын дүнг 21,818,182,00 төгрөг гэж, мөн 6,545,454,0 төгрөгийн торгууль, 3,435,273,0 төгрөгийн алданги , нийт 31,798,909,0 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон, татварын хяналт шалгалтын карт[4], Татварын хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил ногдуулсан төлбөрийн тооцоонд[5] тус тус зөрчлийн дүнг 218,181,818,00 төгрөг гэж, 21,818,182,00 төгрөгийн нөхөн татвар, 6,545,454,0 төгрөгийн торгууль, 3,435,273,0 төгрөгийн алданги , нийт 31,798,909,0 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тооцсоноос үзэхэд татварын улсын байцаагчийн актаар тогтоосон татвар төлөгчийн төлөх төлбөрийн дүн /нөхөн татвар, алданги, торгууль/ зөрүүгүй байх тул энэхүү маргаан бүхий актыг илт хууль бус акт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл татварын улсын байцаагчийн актын үргэлжлэл хэсэг болох хавсралт № 02, 03-д зөрчлийн дүнг 21,818,182,00 гэж цэг таслал алдаж зөрүүтэй бичсэн нь уг маргаан бүхий актаар ногдуулсан төлбөрийн дүнд нөлөөлөөгүй, түүнчлэн актын агуулга, татвар төлөгчид ногдуулсан төлбөрийн дүнг өөрчлөөгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга, агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гэж үзэхээргүй байна.

Захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай гэдэгт актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлэх бөгөөд найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөргүй байвал тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатай гэж үзэхгүй.

 

Иймд нэхэмжлэгчийн ...Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т гарын үсэг зурж баталгаажуулсан акт, дүгнэлт, бусад баримт бичиг, илтгэх хуудсыг засварлах, өөрчлөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. ...утга агуулгын илэрхий алдаатай илт хууль бус акт ... гэсэн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

2. Нэхэмжлэгч нь ...манай компани худалдан авсан барааны падааныг үнэн зөвөөр тусгасан, татвар ногдуулах орлогыг бууруулаагүй ... гэж тайлбарлан маргаж байна.

 

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б ХХК нь ТТБС ХХК-аас 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1231458 угаар падаанаар 218,181,818,00 төгрөгийн худалдан авалт хийснээр Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн 2013 оны 4 дүгээр сарын тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган, албан татвар ногдох орлогоос хасч тооцсон болох нь тогтоогдож байхын зэрэгцээ нэхэмжлэгч Б ХХК-ийн ... барилгын материал, сэлбэг хэрэгсэл худалдан авсан ... гэх ТТБС ХХК /Э.Д / нь ... Б ХХК-ийн захирал Б-д ТТБС ХХК-ийн НӨАТ-ын падаан болон компанийн санхүүгийн тэмдгийг ашиглан 27,272,727,00 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх боломж олгож, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад тогтоогдож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгч

Б ХХК-ийг ТТБС ХХК-иас 218,181,818,00 төгрөгийн бараа, материал /барилгын материал, сэлбэг хэрэгсэл/ худалдан авч, 21,818,182,00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн гэж шүүх дүгнэх боломжгүй юм.

 

Учир нь Нягтлан бодох бүртгэлийн ( 2001 он ) хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлэх-ээр, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн (2006 он ) 4 дүгээр зүйлийн 4.1.3-т ... нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг ойлгох-оор, 14 дүгээр зүйлийн 14.3-т худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, харин бэлтгэн нийлүүлэгчийн бараа, материал худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагчийн төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебит, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан зэрэг санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ гарсан нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байна.

 

Энэхүү маргааны тохиолдолд нэхэмжлэгч Б ХХК нь ТТБС ХХК-аас бараа, материал худалдан авахдаа борлуулагчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь баримтаар нотлогдоогүй байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн (2006 он) 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцох хууль зүйн боломжгүй.

Иймд нэхэмжлэгчийн ... ТТБС ХХК-иас барилгын материал, сэлбэг худалдан авч, ... худалдан авсан барааны падааныг үнэн, зөвөөр тусгасан, татвар ногдуулах орлогыг бууруулаагүй... гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан илт хууль бус байх шинжийг агуулаагүй, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 10.3.14 дэххэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн (2008) 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын (2006 он) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 3-6 дугаар хуудсанд

[2] Хавтаст хэргийн 56-59 дүгээр хуудсанд

[3] Хавтаст хэргийн 39-42 дугаар хуудсанд

[4] Хавтаст хэргийн 51 дүгээр хуудсанд

[5] Хавтаст хэргийн 54, 84 дүгээр хуудсанд