Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 670

 

                                                     М.А-д холбогдох

                                               эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Бадрал,

шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Ц.Амар,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/212 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Ц.Амар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.А-д холбогдох эрүүгийн 2002 00079 0058 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн М-н А, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарьчин-фрезерчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, өвөг эцэг, эмэг эхийн .............................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............../;  

М.А нь 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн орчим ..... УНР улсын дугаартай, “Хонда Свич” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, гялгар уутны хамт 7.7603 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: М.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

   Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г овогт М-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.А-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар М.А-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн гялгар ууттай, уутны хамт 7.7603 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгаж, уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэн, устгасан эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргуулахаар анхан шатны шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, энэ хэрэгт М.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч М.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие нь “өвс” гэх нэршилтэй, мансууруулах бодисыг анх удаа сонирхон хэрэглэж, өөрийн сониуч зандаа хөтлөгдөн кино, дуу, клип болон хүмүүсийн ярианаас сонсож мэдсэн. Уг зүйлийг Монголд ургадаг гэхэд итгээгүй. Өөрийн сониуч зандаа хөтлөгдөн уг зүйлийг хэрэглэж үзсэндээ маш их харамсаж байна. Монгол Улсын хуульд уг ургамал хориотой зүйл байсныг би өөрөө ч мэдээгүй. Би айлын том хүүхэд бөгөөд манай бага дүү зүрх цоорхой, эмчийн хяналтад байдаг тул санхүүгийн асуудалтай. Би өвөө, эмээ дээрээ байдаг ба өндөр настай тул хоёр буурайгаа бүх зүйлээр тусалж дэмждэг. Надаас өөр туслах хүн байхгүй тул би амин чухал хэрэгтэй хүн билээ. Ээж маань 3 дүүг хараад гэртээ байдаг. Аав маань бага байхад нас барсан. Иймэрхүү ар гэр хүнд байдалд байхад буруу зүйл хийсэндээ маш ихээр гэмшиж байна. ... Би анх удаа гэмт хэрэгт холбогдсон ба ар гэрийн байдлыг харгалзан үзэж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч М.А-н өмгөөлөгч Ц.Амар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний үйлчлүүлэгч М.А-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж тус тус заасан.

            Миний үйлчлүүлэгч М.А-н тухайд:

            Өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрсөн, анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын хувьд анх удаагаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, мөн хэрэгт холбогдсон нөхцөл байдал, тухайн мансууруулах бодисыг хэрэглэсэн байдал зэргээс дүгнэхэд энэ төрлийн мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодисыг хэрэглэж байгаагүй, энэ төрлийн бодисын нөлөөнд хамааралгүй, хувийн байдлын хувьд өндөр настай эмээ, өвөөтэйгөө амьдардаг, эмээ, өвөө нар нь хүнд өвчтэй, байнгын эмчийн хяналтад, бусдын асаргаанд байдаг, эх Майжаргал нь төрсөн 4 дүүгийнх нь хамтаар амьдардаг, бага дүү нь хөгжлийн бэрхшээлтэй, зүрхний ховдол хоорондын цоорхойтой тул эх нь асран хамгаалдаг.

  Мөн М.А нь одоо 22 настай ба анх 7 настайгаас биеийн эрүүл мэндийн байдал нь муудаж эхэлсэн бөгөөд өвчний онош нь “судасны хана дагасан васкулит” гэж тогтоогдсон. Уг өвчин хүндэрч үе мөч, бөөрөндөө нөлөөлсөн ба тус өвчний улмаас байнгын эмчийн хяналтад, эмийн хэрэглээтэй, хоолны дэглэмтэй, бөөрний эмчийн хяналтад байдаг.

  Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, миний үйлчлүүлэгч М.А-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... М.А-н үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг бөгөөд прокуророос М.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал болон үйлдсэн хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хамгийн бага хэмжээгээр буюу 1 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэл бүхий болсон тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.                                                 

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

   Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

М.А нь 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн орчим ..... УНР улсын дугаартай, “Хонда Свич” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, гялгар уутны хамт 7.7603 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гэрч М.М-н “... машиндаа сууж байгаад найз А нь машиныхаа тамхины үнс хийдэг саван дотроос бондгор, гялгар ууттай өвс гаргаж ирээд “би энэ өвсийг зун далд хийсэн байсан, одоо хоёулаа сорох уу” гээд хоёр ширхэг тамхи гаргаж ирээд доторх тамхийг асгаж байгаад өвсөө хийгээд татсан. ...” /хх 31-32/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн “УХ98091032 М.А 2020.01.15” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг...” гэсэн 635 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 34-35/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн ... цаасан уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг...” гэсэн 718 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 38-39/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “... тус машинаас гадна талд 10 метрийн зайд 360 градусаар хэрэгт ач холбогдолтой зүйл илрүүлэхээр самналт хийхэд тус машины урд талын зорчигчийн суудлын гадна талд 1 метрийн зайд гялгар ууттай, 4х8 см хэмжээтэй ногоон өнгийн өвс байсныг криминалистикийн шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ...” гэсэн тэмдэглэл /хх 6/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-9/, эд мөрийн баримт хүлээлцсэн тэмдэглэл /хх 16/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч М.А-г хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

   Шүүгдэгч М.А-н ......... УНР улсын дугаартай, “Хонда Свич” загварын тээврийн хэрэгсэлдээ 7.7603 грамм жинтэй, өвс гэх нэршилтэй мансууруулах төрлийн бодис авч явсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийг хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Ц.Амар нараас “... шүүгдэгчийн хувийн байдал болон ар гэрийн хүнд нөхцөл байдлыг харгалзан, түүнд хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлууд тус тус гаргасныг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ, нөлөөлөл бүхий бодис юм.

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгайлан хуульчилжээ.

Хэдийгээр, шүүгдэгч М.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл буюу “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх ...,”, 7.1 дүгээр зүйл буюу “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” хуулийн зохицуулалтууд нь шүүх заавал хэрэглэхээр үүрэг болгосон заалт биш юм.

 Иймд шүүгдэгч М.А-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Ц.Амар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.