Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 479

 

 

 

 

 

 

   2020            4             16                                        2020/ДШМ/479

 

 

Б.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

 

прокурор С.Эрдэнэбаяр,

хохирогч Б.Мөнгөншүүдэр, Ц.Цэрэнсоном, Я.Долгормаа,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Эын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1905034971112 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бад овгийн Б.Э, 1993 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, урлаг судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сум, 5 дугаар баг, Шунхлай гуа, 9 дүгээр гудамжны 03 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 23 дугаар хороо, 8 дугаар гудамжны 436 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЙС93042308/;

 

Б.Э нь: 1. 2018 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гар утас худалдааны төв”-д лангуу түрээслэгч иргэн Б.Алтантуяад “гар утсыг бусдад зараад өгье” гэж 1 ширхэг Эл жи /1LG x cam/, 1 ширхэг Эл Жи /LG-G-5/, 1 ширхэг Самсунг эс-5 дуос /Samsung s-5 duоs/ загварын гар утсууд, бэлэн 100.000 төгрөгийг, мөн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “гар утсыг бусдад зараад өгье, тэтгэврийн зээл буухаар өгье, бэлэн мөнгө зээлчих” гэж 2 ширхэг Самсунг Эс-8 /Samsung s-8/, 2 ширхэг Самсунг Эс-7 /Samsung s-7/, загварын гар утаснууд, бэлэн 300.000 төгрөгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан тус тус залилан авч 2.160.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2019 оны 8 дугаар сарын 10-ны үеэр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гар утас худалдааны төв”-д лангуу түрээслэгч иргэн Д.Долгормаад “гар утсыг бусдад зараад өгье” гэж 1 ширхэг Самсунг Эс-8 /Samsung s-8/, 1 ширхэг Самсунг Эс-7 / Samsung s-7/, 1 ширхэг Самсунг А-6 / Samsung a-6/ гар утаснуудыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилан авч 980.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гар утас худалдааны төв” дотор иргэн Б.Баярбаатарт “гар утаснуудыг чинь худалдаж өгнө” гэж Ноте-8 загварын гар утас 1 ширхэг, Самсунг Эс-8 плас загварын гар утас 1 ширхгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилан авч 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гар утас худалдааны төв” дотор иргэн Ц.Цэрэнсономт “гар утаснуудыг чинь худалдаж өгнө” гэж Самсунг Эс 8 Плас, Самсунг Эс-8 загварын 2 ширхэг гар утсыг, 2019 оны 7 дугаар сараас 8 дугаар сарын 05-ны өдрийн хооронд “тэтгэврийн зээл хаагаад буцаагаад өгнө” гэж 1.850.000 төгрөгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилан авч, нийт 2.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “гар утас худалдааны төв” дотор иргэн М.Бямбасүрэнд “гар утсыг худалдаж өгнө” гэж Ай Фоне 7 загварын 1 ширхэг гар утсыг хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилан авч 528.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

6. 2019 оны 7 дугаар сараас 8 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Гар утас худалдааны төв”-д иргэн Б.Мөнгөншүүдэрийн лангуун дээр худалдагчаар ажиллаж байхдаа өөрийн итгэмжпэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс 25 ширхэг гар утсыг завшиж 8.940.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд  шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бад овогт Б.Эыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 9 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 сар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Эт оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эаас нийт 15.748.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Мөнгөншүүдэрт 6.160.000 төгрөг, хохирогч Ц.Цэрэнсономд 1.850.000 төгрөг, хохирогч Б.Алтантуяад 1.000.000 төгрөг, хохирогч М.Бямбасүрэнд 398.000 төгрөг, хохирогч Я.Долгормаад 580.000 төгрөг, хохирогч Б.Баярбаатарт 1.220.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Түмэндэлгэрт 3.850.000 төгрөг, А.Нургулд 690.000 төгрөг тус тус олгож, шүүгдэгч Б.Эт шүүгчийн захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бямбасүрэн овогтой Эрдэнэбаяр би 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих /нээлттэй/ ялаар шийтгэгдсэн бөгөөд 163 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах нь:

Б.Э би өөрийн ажлын хариуцлага алдаж хохирогчийг хохироосондоо маш их харамсаж байна. Б.Э би ам бүл 3, өндөр настай аав болон 70 гарсан эмээгийн хамт өрх толгойлон амьдардаг. Миний бие “Алтан Тулгат Соёмбо” ХХК-д 2017 оноос эхлэн 2019 оны 8 дугаар сар хүртэл ажиллаж байгаад хэрэгт холбогдон ажлаасаа гарсан. Тухайн үед би гар утас борлуулалтын ажил хийдэг байсан. Б.Э би хохирогч Мөнгөншүүдэртэй 2018 оны 1 дүгээр сараас танилцаж найз нөхөд гэж явж байгаад надад хамтран ажиллах саналыг тавьсан. Улмаар би хамтран ажиллах саналыг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч Мөнгөншүүдэрийн лангуун дээр зогсож гар утсыг нь борлуулж өгдөг байсан. Тухайн үед ажиллаж байхдаа би  лангууны орлогыг цаг тухайд нь өдөр бүр өгч байсан. Мөн лангуун дээр хяналтын камер байрладаг. Мөнгөншүүдэр бид 2 дотно найзууд бөгөөд жаргал зовлонгоо хуваалцдаг найзууд учраас Мөнгөншүүдэрийн ажлыг шударгаар хийдэг. Тухайн үед надад мөнгөний хувийн асуудал байсан учраас яах ч аргагүй том алдаа гаргасан. Алдаа гаргасандаа харамсаж, бодоогүй шаналаагүй өдөр надад байхгүй. Гэхдээ тухайн үед би орлогоо дутаахгүй гэсэндээ хамт ажилладаг байсан хохирогч гэх хүмүүсээс мөнгө зээлж ямар ч байсан орлогоо бүрэн шилжүүлдэг байсан. Гэтэл Мөнгөншүүдэр нь намайг хөдөө аав, эмээ дээрээ очоод ирэх хооронд цагдаад өгч гомдол гаргаж өгсөн. Үүнээс болж ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна.

Б.Э би санаатайгаар Мөнгөншүүдэрийг залилаагүй. Гэтэл намайг залилан мэхэлсэн гэж илт буруутгаж, оргон зайлах гэж байсан гэсэнд гомдолтой байна. Түүгээр ч барахгүй анх гомдол гаргасны дараа дахин гомдол гаргаж хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн. Үүнээс болж миний эрх зүйн байдал маш ихээр дордож байгаад гомдолтой байна. Мөрдөн байцаах шатанд удаа дараа өөрийн бичиж тэмдэглээд авсан зүйлээ хүлээн зөвшөөрч байна. Харин нэмж нэхэмжилсэн утаснуудыг би мэдэхгүй гэж хэлсэн боловч байцаагч чи одоо ийм алдаа гаргасан юм чинь тэр хүн чамаас нэхэхээс яадаг юм гэж надад тулгасан. Б.Э би хэрэг үүссэнээс эхлээд шүүхийн шат хүртэл маш их сэтгэл зүйн дарамттай байсан. Найз залууд маань хүртэл янз бүрийн хэл ам хийж ярьсаар гэр бүлийг маань салгасан. Тухайн үед найз залуу маань зээл авч хохирлыг барагдуулах зээлийн материалаа бүрдүүлсэн байтал бид 2-ын дунд худал үнэн юм ярьж зээлийг болиулсан. Үүнээс болж би хохирлыг төлж чадаагүй. Хохирогч гэх Долгормаа нь алхам тутамд минь миний хохирлыг төлөх боломжийг үгүй хийж, өс хонзонгийн сэдлээр надад хандаж фэйсбүүк  чатаар болон мессежээр доромжилж дарамталж бичдэг байсан. Энэ хугацаанд тогтвортой ажилд орж чадахгүй байнга ажлаа сольсон. Хохирлоо төлөхийн тулд их орд гэх газар худалдагчаар ажиллаж байх хугацаанд хүртэл “би чиний ажиллаж байгаа газрыг мэдэж байгаа” гэж сүрдүүлж чат бичсэн. Үүнээс айдас түгшүүрт автан ажил хийх боломжгүй болсон. Үүнээс болж би хохирол төлбөрийг төлж чадаагүй минь үнэн. Шүүх хуралд орохын өмнө хохирогч Мөнгөншүүдэртэй тохиролцож хохирлоо төлөхөө илэрхийлж байсан. Тухайн үед 6 сарын хугацаа өгөөч, би энэ хугацаанд бүх хохирлыг төлж барагдуулъя гэж ярилцсан. Хохирогч Мөнгөншүүдэр нь хамаагүй ээ, чи яг төлөх боломжтой гэвэл тохиролцож болно гэж ярилцаж байсан. Иймээс эрхэм шүүх бүрэлдэхүүн та бүхэн миний хувийн байдал, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Мөн хохирлын тооцоо бодитой бус гарсан, уг нэмэлт хохирлыг дахин шалгаж хохирлыг бодитой гаргуулмаар байна. Би анхан шатны шүүх хуралд төлбөрийн боломжгүй учраас өмгөөлөгчгүй оролцож эрх зүйн байдал минь дордсон. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол төлбөрийн тухайд, шүүгдэгчийн ар гэрийнхэн нотариатаар орж хохирол төлбөрөөс төлж барагдуулсан. Тухайлбал, 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр шүүгдэгч Б.Эын эмээ Дашцэрмаа гэх хүн Ц.Цэрэнсономд 1.800.000 төгрөг төлөх ёстойгоос 500.000 төгрөгийг бэлнээр, Б.Мөнгөншүүдэрт 6.160.000 төгрөгөөс 1.400.000 төгрөг, Я.Долгормаад 580.000 төгрөг төлөхөөс 280.000 төгрөг, М.Бямбасүрэнд 380.000 төгрөг төлөхөөс 150.000 төгрөг, Б.Баярбаатарт 1.220.000 төгрөг төлөхөөс 250.000 төгрөгийг тус тус төлж, иргэний үнэмлэхээ нотариатаар батлуулж, хүлээлгэн өгсөн, авсан гээд гарын үсгээ зурсан байдаг. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Шүүгдэгчийн эмээ Дашцэрмаа тэтгэвэр авдаг, эцэг Бямбасүрэн нь хөдөө орон нутагт ажилладаг тул үлдсэн хохирол төлбөрийг энэ оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сар бүр тодорхой хэмжээгээр мөнгө төлж, 2 жилийн хугацаанд төлж барагдуулах тухай аман хэлцэл хийж, харилцан тохиролцсон. Иймд хохирлыг зайлшгүй төлж барагдуулахаар байгаа юм. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын хувьд, яллах дүгнэлтэд шүүгдэгчийг 25 ширхэг гар утсыг авсан гэж дүгнэсэн боловч шүүгдэгч “17 ширхэг гар утас авсан” гэж ярьдаг. Эд зүйлийн үнэлгээгээр 17 ширхэг гар утас байсан боловч мөнгөн дүн нь нийт 15.748.000 төгрөг болсон байдаг. Үүнд, хохирогч Б.Мөнгөншүүдэрийн гар утасны асуудал нэмэгдэж яригддаг. Хохирогч Б.Мөнгөншүүдэрт нийт 8.940.000 төгрөгийн хохирол учирснаас 5 ширхэг гар утсыг 200.000 төгрөгийн хамт хүлээлгэж өгсөн. Үлдэгдэл 6.160.000 төгрөгийн хохиролтой. Иймд хохирогч Б.Мөнгөншүүдэрийн 17 ширхэг гар утасны үнэлгээгээр хохирлыг тооцуулах хүсэлтэй байна. Өмгөөлөгчийн хувьд, хэргийн зүйлчлэл дээр маргах зүйлгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хорихоос өөр төрлийн ял шийтгэлийг сонгож, тус тусад нь торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Б.Мөнгөншүүдэр “...тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй. ...” гэв.

 

Хохирогч Ц.Цэрэнсоном “...тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй. ...” гэв.

 

Хохирогч Я.Долгормаа “...тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй. ...” гэв.

 

Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь хохирогч Б.Мөнгөншүүдэрийн гар утсыг 17 ширхэг байсан гэж маргадаг. Гэвч яллах дүгнэлтэд 25 ширхэг гар утасны хохирол учруулсан гэж бичигдсэн. Хохирогч Б.Мөнгөншүүдэрт 5 ширхэг гар утсыг, 200.000 төгрөгийн хамт хүлээлгэн өгснөөр нийт 8.240.000 төгрөгийн хохирол төлөгдөхөөс 6.160.000 төгрөгийн хохирол үлдсэн гэж дүгнэсэн. Энэхүү гар утасны үнэлгээ нь 1 дүгээр хавтаст хэргийн 126-128 дахь талд авагдсан. Хохирогч Б.Мөнгөншүүдэр тайлбартаа “Б.Э надаас 17 биш 25 ширхэг гар утас авсан” гэдэг. Энэ талаар хохирогчийн өөрийн үйлдсэн гар бүртгэл хэрэгт авагдсан. Ямар маркийн, хэдэн ширхэг гар утсыг хүлээлгэн өгч, авсан талаар хохирогчийн гар бүртгэлтэй тулгаж үзэхэд нийт 25 ширхэг гар утас болох нь тогтоогдсон. Үүний дагуу шүүх 6.160.000 төгрөгийн хохирол төлөх ёстой гэж дүгнэсэн байдаг. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.Э нь 1. 2018 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гар утас худалдааны төв”-д лангуу түрээслэгч иргэн Б.Алтантуяад “гар утсыг бусдад зараад өгье” гэж 1 ширхэг Эл жи /1LG x cam/, 1 ширхэг Эл Жи /LG-G-5/, 1 ширхэг Самсунг эс-5 дуос /Samsung s-5 duоs/ загварын гар утсууд, бэлэн 100.000 төгрөгийг, мөн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “гар утсыг бусдад зараад өгье, тэтгэврийн зээл буухаар өгье, бэлэн мөнгө зээлчих” гэж 2 ширхэг Самсунг Эс-8 /Samsung s-8/, 2 ширхэг Самсунг Эс-7 /Samsung s-7/, загварын гар утаснууд, бэлэн 300.000 төгрөгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан тус тус залилан авч 2.160.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2019 оны 8 дугаар сарын 10-ны үеэр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гар утас худалдааны төв”-д лангуу түрээслэгч иргэн Д.Долгормаад “гар утсыг бусдад зараад өгье” гэж 1 ширхэг Самсунг Эс-8 /Samsung s-8/, 1 ширхэг Самсунг Эс-7 / Samsung s-7/, 1 ширхэг Самсунг А-6 / Samsung a-6/ гар утаснуудыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилан авч 980.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гар утас худалдааны төв” дотор иргэн Б.Баярбаатарт “гар утаснуудыг чинь худалдаж өгнө” гэж Ноте-8 загварын гар утас 1 ширхэг, Самсунг Эс-8 плас загварын гар утас 1 ширхгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилан авч 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гар утас худалдааны төв” дотор иргэн Ц.Цэрэнсономт “гар утаснуудыг чинь худалдаж өгнө” гэж Самсунг Эс 8 Плас, Самсунг Эс-8 загварын 2 ширхэг гар утсыг, 2019 оны 7 дугаар сараас 8 дугаар сарын 05-ны өдрийн хооронд “тэтгэврийн зээл хаагаад буцаагаад өгнө” гэж 1.850.000 төгрөгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилан авч, нийт 2.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “гар утас худалдааны төв” дотор иргэн М.Бямбасүрэнд “гар утсыг худалдаж өгнө” гэж Ай Фоне 7 загварын 1 ширхэг гар утсыг хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилан авч 528.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

6. 2019 оны 7 дугаар сараас 8 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Гар утас худалдааны төв”-д иргэн Б.Мөнгөншүүдэрийн лангуун дээр худалдагчаар ажиллаж байхдаа өөрийн итгэмжпэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс 25 ширхэг гар утсыг завшиж 8.940.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:  

 

хохирогч Б.Алтантуяагийн: “...Б.Э нь утаснуудыг чинь зараад өгье гэж хэлээд 2018 оны 11 дүгээр сард LG x cam загварын 170.000 төгрөгийн үнэтэй шинэ утас, LG x cam загварын гар утсыг 250.000 төгрөг, Samsung S-5 duos загварын 200.000 төгрөгийн үнэтэй гар утас зэргийг бэлэн 100.000 төгрөгийн хамт авсан. Үүний дараа 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Эрдэнэбаяр надаас “500.000 төгрөг байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “яах гэж байгаа юм бэ, өмнөх мөнгө төгрөгөө өгөөч” гэхэд “би эмээгийнхээ тэтгэврийн зээлийг дараад дахиж зээл аваад таны мөнгийг өгье” гэсэн юм. Тэгэхээр нь би итгээд өөрийн мөнгөө авахын тулд Эрдэнэбаярт ...300.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Samsung S-8 загварын гар утас 2 ширхэгийг өгсөн. Тус бүрийн үнэ нь 450.000 төгрөгийн үнэтэй Samsung S-7 загварын гар утас 2 ширхэгийг өгсөн. Тус бүрийн үнэ 200.000 төгрөгөөр бодож надаас авсан. Би Эрдэнэбаяраас гар утас болон бэлэн мөнгө огт аваагүй. ...” /1хх 10-14/,

 

хохирогч Я.Долгормаагийн: “...2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн үед санагдаж байна. Эрдэнэбаяр нь манай лангуун дээр гар утас байхгүй байна. Самсунг галакси эс-7 эджи /250.000/ төгрөг, галакси эс-8 /350.000 төгрөг/ зэрэг 2 гар утсыг миний таньдаг хүн маань авъя гээд байна. Манай лангуун дээр энэ хоёр гар утас дуусчихсан байна гэхээр нь мөнгийг нь хэзээ өгөх талаар асуухад хүн нь орж ирж үзээд авахаар болвол шууд мөнгийг өгөөд авах болно гэж хэлсэн. Тэгэхээр нь Эрдэнэбаярт гар утсыг зүгээр ямар нэгэн баримт үйлдэлгүй өгчихсөн юм. Манай төв дотор ийм байдлаар нэг нэгийнхээ гар утсыг зараад өгье гээд авдаг тохиолдол байдаг. Ингээд утсаа зарсан юм уу, мөнгөө авъя гэхэд гар утсыг зарчихсан. Пос машинд карт уншуулсан байгаа, мөнгөө аваад өгье гэж хэлсэн. ...2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ...намайг хөдөө явахад гар утас өгч явуулаад заруулах уу гэхээр нь гар утас өгөхгүй гэхэд би Самсунг Галакси 2018 оны А6 загварын гар утсыг 400.000 төгрөгөөр зараад өгье гээд аваад явсан. ...Самсунг А6 маркийн гар утсыг буцаан авсан. ...” /1хх 18-23/,

 

хохирогч Ц.Цэрэнсономын: “...2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 100.000 төгрөг, мөн оны 7 дугаар сарын 19-ний өдөр 250.000 төгрөг, 8 дугаар сарын 05-нд 1.500.000 төгрөгийг эмээгийнхээ тэтгэврийн зээлийг хаагаад дахиад зээл авах гэж байгаа юм, тэгэхээрээ мөнгийг тань өгнө гэж хэлээд авсан боловч одоо хүртэл өгөөгүй. Надаас мөнгө зээлэхдээ дандаа 5926119758 гэх Энхчимэг гэх хүний данс руу шилжүүлдэг байсан. Энхчимэг гэх хүн төрсөн дүү нь байсан. Мөн 7 дугаар сарын дундуур санагдаж байна, Samsung S-8 гар утас 400.000 төгрөгийн үнэтэй, Samsung s-8 plus 480.000 төгрөгийн үнэтэй гар утаснуудыг таньдаг хүндээ зараад өгье гээд авсан. Тэгээд би гар утасныхаа мөнгийг нэхэхэд пос машинд картаар уншуулсан байгаа, дараа нь мөнгийг өгье гэсэн боловч Өргөө кино театрын баруун талд байх Аривжих ломбарданд тавьсан байсан. Надад мөнгөн хохирол учирсан тул цагдаагийн байгууллагад хандсан. ...” /1хх 213-214/,

 

хохирогч М.Бямбасүрэнгийн: “...2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр ажил дээрээ байж байхад хажуу талын лангуу болох 23 дугаар лангууны Ээгий гэх эмэгтэй манай лангуун дээр хүрч ирээд айфоне 7 загварын гар утас байгаа юу гэж асуухаар нь шинэ алтлаг өнгийн гар утсыг авч өгсөн. Тэгтэл Ээгий гар утсыг чинь зараад өгье орой надаас хүн ирж авна, мөнгийг нь тэр доор нь өгнө гэж хэлсэн боловч орой нь гар утсыг чинь зарсан, карт уншуулсан, маргааш мөнгийг нь өгье гэж хэлээд ажлаа хаагаад явсан. Маргааш Ээгийгээс гар утасны мөнгөө нэхэхэд мөнгө орж ирээгүй байна гэж хэлээд маргааш болсон, дахиад мөнгө асуухад мөнгө орж ирээгүй гэж хэлсэн. Үүнээс 130,000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл мөнгийг өгөөгүй. ...” /1хх 241-242/,

 

хохирогч Б.Баярбаатарын: “...Манай гэр бүл болох эхнэр Болорцэцэг бид хоёр хувиараа гар утасны лангуу ажиллуулж, би хажууд нь гар утас засварладаг юм. Эрдэнэбаяр гэх эмэгтэй манай гар утас худалдааны төвд хүн болгоны лангуунууд дээр худалдагчаар ажилладаг эмэгтэй байсан. ...2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Эрдэнэбаяр гэх эмэгтэй эхнэр Болорцэцэг бид хоёроос Самсунг Нөт-8, Самсунг Эс-8 плас маркийн гар утаснуудыг хүнд зарж өгөөд мөнгийг нь аваад ирье гэж хэлээд аваад явсан. Самсунг Нөт 8 гар утсыг 680.000 төгрөгөөр, Самсунг эс-8 плас гар утсыг 550.000 төгрөгөөр зарж өгнө гэж авсан. Тэрнээс хойш мөнгийг нь өгөхгүй алга болсон. Утасныхаа мөнгийг нэхэх гээд 89144100 гэсэн дугаар луу залгахад утсаа авахгүй алга болсон юм. Нэг ч удаа уулзаагүй. ...” /2хх 21-22/,

 

хохирогч Б.Мөнгөншүүдэрийн: “...Би маргааш өглөө нь гар утаснуудаа тоолоод хүлээгээд автал 16 ширхэг гар утас байхгүй, Эрдэнэбаяр аваад явсан байсан. Араас нь Эрдэнэбаярын 89144100 гэсэн дугаар луу залгаад зарим утас дутуу байна шүү дээ гэхэд Эрдэнэбаярын найз нь авсан, утаснуудаа дэвтэр дээр бичээд үлдээсэн, зарвал мөнгийг нь шилжүүлээд зарагдахгүй бол буцаагаад аваад ирнэ гэсэн. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 17- ны өдөр яваад 18-ны орой ирнэ гэж хэлээд 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ажилдаа очно гэж хэлээд явсан боловч одоог хүртэл ирээгүй, утсаар ярихад хөдөө байна, бороо ороод очиж чадахгүй байна, аль эсвэл одоо гарлаа гээд ахаараа яриулж арга саам хийсэн. Тэрнээс хойш Энхчимэгтэй уулзаж чадаагүй. ...Б.Э нь Аривжих ломбарданд тавьсан утаснаас аваад одоо бодит хохирол 6.450.000 төгрөгийн хохиролтой байгаа юм. ...” /1хх 78-81, 125-126/,

 

иргэний нэхэмжлэгч Б.Түмэндэлгэрийн: “...Манай ломбарданд Эрдэнэбаяр гэх эмэгтэй 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр орж ирээд 1.200.000 төгрөгөнд Ай Фон 7 маркийн гар утас 2 ширхэг, Самсунг эс-8 плас маркийн гар утас 2 ширхэгийг үнэлүүлж, 7 хоногийн барьцаанд тавиад мөнгийг нь авч гарсан. Манай ломбарданд тавихдаа тэр эмэгтэй манай лангуунд урдаас бараа ирж байгаа, барааны мөнгө дутаад мөнгөө гүйцээж өгөх гэж байгаа юм гэж хэлээд мөнгөө бэлнээр нь аваад гарсан. Дараа нь 2019 оны 7 дугаар сарын 18-нд дахиж орж ирээд Самсунг эс-8 маркийн гар утас 2 ширхэг, Самсунг эс-8 плас 1 ширхэг, Ай Фоне гар утас 1 ширхэг, нийт 4 утсыг 1.500.000 төгрөгөнд үнэлүүлж тавьсан. Бас л барааны мөнгө дутчихлаа гэж бэлнээр авч, 14 хоногийн хугацаатай тавиад гарсан юм. 2019 оны 7 дугаар сарын 3-нд тавьсан гар утаснуудынхаа мөнгийг увуулж цувуулж 1.000.000 төгрөг хасаж, 3 утас болох Ай Фоне-7 хоёр ширхэг, Самсунг эс-8 плас нэг ширхэгийг буцааж авсан. Тэрнээс хойш 2019 оны 8 дугаар сарын 7-нд дахин орж ирээд Самсунг А6, А-50, Нөүт-8, Жи-3 маркийн гар утаснуудыг 1.100.000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Барьцаанд тавихдаа тэр эмэгтэй би хүнээс мөнгө зээлээр авсан, тэр мөнгө нэхэгдээд байна гэж хэлж мөнгө бэлнээр авч гарсан, өмнөх утаснууддаа сунгалт хийгээгүй гарч явсан. Тэгээд дахиад 2019 оны 8 дугаар сарын 16-нд Самсунг эс-7 хоёр ширхэг, Самсунг эс-8 хоёр ширхэг утаснуудыг 700.000 төгрөгөнд барьцаалж мөнгөө бэлнээр нь авч гарч явсан. Тэгээд дахиад маргааш нь буюу 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Самсунг А6, Хуй Вэй Хоннер маркийн гар утас 2 ширхэгийг 350.000 төгрөгөнд барьцаанд тавиад мөнгөө бэлнээр аваад гарч явсан. Тэр эмэгтэй зээлийн хүү нэхэгдээд байна гэж хэлж байсан. Одоогоор Эрдэнэбаяр гэх эмэгтэй 16 ширхэг нэр төрөл янз бүрийн гар утас 3.850.000 төгрөгийн барьцаанд тавьсан байгаа. Манай байгууллагад учруулсан 3.850.000 төгрөгийг Эрдэнэбаяр гэх эмэгтэйгээс нэхэмжилж байна. ...” /1хх 85-86/,

 

иргэний нэхэмжлэгч А.Нургулын: “...Би өөрийн найз Мөнгөншүүдэрт 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн үед СамсунгА-9 загварын 2019 онд үйлдвэрлэгдсэн, Самсунг Нөт-8 маркын гар утаснуудыг зараад өгөөч гэж өгсөн. Мөнгөншүүдэр утсыг минь Өргөө кино театрын урд байрлах гар утас худалдааны төвд байрлах лангуун дээрээ худалдагч Эрдэнэбаярт хүлээлгэж өгсөн юм байна лээ. Тэгсэн чинь Эрдэнэбаяр миний гар утсыг яасан нь мэдэгдэхгүй алга болсон. ...” /2хх 145-146/,

 

гэрч Д.Тамжидын: “...Би Эрдэнэбаяр гэх эмэгтэйг Ээгий гэж нэрээр нь мэддэг байсан. 2017 онд манай гар утас худалдааны төвийн 1 дүгээр лангуун дээр сууж байхдаа Болорцэцэгийн утаснаас нэг утас дутаасан гэж сонсож байсан. Тэгээд 23 дугаар лангуун дээр худалдагчаар сууж байхдаа Мөнгөншүүдэрийн эзэмшлийн, мөн Алтантуяагийн 2 гар утас, 4 дүгээр лангууны Цэрэнсоном эгчээс бэлэн мөнгө, 2 гар утас авсан. Эдгээр утсыг Ээгий /Эрдэнэбаяр/ нь хөдөө ургийн баярт аваачиж зарна гэж авч яваад тэр чигээрээ алга болсон. Тэрнээс хойш Ээгий нь ирэхгүй алга болсон. Сүүлд нь сонсож байхад Эрдэнэбаяр /Ээгий/ зарна гэж хэлж авсан гар утсаа ломбарданд тавьсан байсан. ...” 1хх 95/,

 

гэрч Ц.Ганболдын: “...Би 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр эхнэр Бямбасүрэнгийн хамт гар утас худалдааны төвийн лангуун дээрээ байж байхад Ээгий /Эрдэнэбаяр/ гэх эмэгтэй хүрч ирээд манай эхнэртэй уулзаад Ай Фон-7 байна уу гэж асууж, зараад өгье гэж хэлээд нэг Ай Фон-7 маркийн гар утас аваад явсан. Тэр оройдоо гар утсыг нь зараад мөнгийг нь өгнө гэж байсан. Би тэгээд тоогоогүй байж байгаад 3 хоногийн дараа асуухад эхнэр 130.000 төгрөг өгсөн, үлдсэн мөнгийг нь орой өгнө, карт уншуулсан байгаа гэж хэлсэн. ...” /1хх 246-247/,

 

гэрч Э.Болортуяагийн: “...Эхэндээ мэдээгүй, сүүлд нь Шүүдэрийн ярианаас 14 ширхэг гар утсыг нь аваад хөдөө явчихсан. Утас нь холбогдохгүй байгаа талаар олж мэдсэн. ...” /1хх 87-88/,

 

гэрч П.Мөнх-Учралын: “...2019 оны 7 дугаар сараас 23 дугаар лангуу буюу Шүүдэрцэцэгийн лангуунд худалдагчаар ажиллаж байсан. Тэгээд Эрдэнэбаяр нэг өдөр гэнэт ажилдаа ирэхээ больсон. Тэгээд Мөнгөншүүдэр гар утсаа тоолж үзэхэд олон гар утас дутаасан байсан. Мөн зарим өөр лангууны хүнээс гар утсыг чинь зараад өгье гэж аваад ломбарданд тавьсан байсан. ...” /1хх 96/,

 

гэрч М.Алтанцэцэгийн: “...Би Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гар утас худалдааны төвд хувиараа гар утас худалдан борлуулдаг юм. Би Мөнгөншүүдэрийн лангуу буюу Эрдэнэбаярын хажууд 24 тоот лангуун дээр гар утас борлуулдаг юм. 2019 оны 01 дүгээр сараас Мөнгөншүүдэр нь Эрдэнэбаяр гэх хүнийг лангуун дээрээ худалдагчаар авсан. Намайг харж байхад бол Эрдэнэбаяр бол гар утас зараад байдаг байсан. Мөн гар утас 2-3 ширхэгээр нь авч гараад зар тавьсан байсан юм, ашгүй хүн авчихлаа гэж хэлээд орж ирдэг байсан. Гар утас зарсан мөнгөө Мөнгөншүүдэрт дансаар нь хийчихлээ гэж хэлээд лангуун дээрээ ирдэг байсан. Бүр нэг удаа их олон гар утас торонд хийгээд боосон, ургийн баярт явж зарна гэж хэлээд аваад явж байсан. Дараа нь Мөнгөншүүдэр бууж ирээд Эрдэнэбаярыг асуухаар нь утас аваад гараад явсан гэсэн чинь би яв гэж хэлээгүй гэж байсан. ...” /2хх 131/,

 

шүүгдэгч Б.Эын яллагдагчаар өгсөн: “...Би Б.Алтантуяа болон Я.Долгормаа нарыг 2017 оноос хойш таньж мэднээ. Бид нар Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гар утас худалдааны төвийн лангуун дээр сууж байгаад танилцаж байсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын дундаас эхлэн Б.Мөнгөншүүдэрийн лангуун дээр сууж байсан. Энэ лангуун дээр сууж байхдаа Б.Алтантуяа болон Я.Долгормаа нараас гар утсыг нь зарж борлуулж өгнө гэж хэлээд гар утас авсан. Мөн Б.Алтантуяагаас өөрийн дансаар 400.000 төгрөгийг авч байсан. Гар утасны тухайд гэвэл Б.Алтантуяагаас LG X cam загварын гар утас, LG G5 гар утас, Самсунг эс-5 загварын гар утас, Самсунг эс-8 загварын 2 ширхэг гар утас, Самсунг эс-7 загварын 2 ширхэг гар утас зэргийг борлуулж өгнө гэж хэлээд авч байсан. Дээрх гар утаснуудын төлбөр мөнгийг буцаан өгсөн зүйл байхгүй. ...хүнээс өдрийн хүүтэй мөнгө зээлээр аваад бцаагаад төлж чадахгүйд хүрээд Б.Мөнгөншүүдэрийн лангуунаас утас аваад ломбарданд тавиад мөнгийг нь хэрэглэсэн. Мөн гар утас худалдааны төв дотор ажилладаг хүмүүсээс гар утас зараад өгье гэж хэлээд утсыг аваад Аривжих ломбарданд тавиад зээлсэн хүндээ мөнгийг өгсөн. Нэгээс аваад нөгөөд өгсөөр байгаад ийм байдалд хүрсэн. ...” /1хх 55-56, 2хх 115-117/,

 

эд зүйлийн үнэлгээ /1хх 38-39, 42-43, 126-127, 221-222, 2хх 2-3, 28-29/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх 104-107/, гар утас таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1хх 108-114, 116- 119, 2хх 94/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 115, 120-121, 123, 2хх 52/, хохирогч Б.Мөнгөншүүдэрийн гар утасны тооцооны дэвтэр /1хх 134-144/, хохирлын тооцоо /2хх 48-50/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан”, “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эын “гар утсыг чинь зараад өгье, тэтгэврийн зээл хаагаад буцаагаад өгнө гэх зэргээр хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан”  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн “хохирогч Б.Мөнгөншүүдэрийн лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа 8.940.000 төгрөгийн эд хөрөнгө завшсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Эрдэнбаяр нь “хохирогч Б.Мөнгөншүүдэрээс 25 ширхэг утас аваагүй, хохирлын тооцоо зөрүүтэй, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сар хорих ялаар тус тус шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна гэж үзэв.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 сар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Эрдэнбаяр нь мөрдөн шалгах шатанд: “...2018 оны 12 дугаар сард Мөнгөншүүдэрийн №23 тоот лангуун дээр ажиллаж байхдаа хүнээс хүүтэй мөнгө зээлээд буцааж төлж чадахгүйд хүрээд Мөнгөншүүдэрийн лангуунаас утас аваад ломбарданд тавьж мөнгийг нь хэрэглэсэн. Утсыг аваад Арвижих ломбарданд тавиад мөнгийг зээлсэн хүндээ өгсөн. Нэгээс аваад нөгөөд өгсөөр байгаад ийм байдалд хүрсэн...” /2хх 117, 162/, хохирогч Б.Мөнгөншүүдэр нь “...нийт 27 утас буюу 10.850.000 төгрөгийн хохирол учруулсан ба үүнээс Арвижих ломбард тавьсан утаснаас буцаан аваад одоо бодит хохирол 6.450.000 төгрөгийн хохиролтой. ...” /2хх 126/ гэх мэдүүлгүүд, хохирогч Б.Мөнгөншүүдэрийн гар утасны тооцооны дэвтэр /1хх 134-144/, таван ширхэг утас буцаан авсан тэмдэглэл /1хх-110/ зэргээр шүүгдэгчийн үйлдэл нотлогддог бөгөөд хохирол төлбөрийг буруу тооцсон гэж үзэх үндэслэлгүй.

 

Иймд шүүгдэгч Б.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Эын  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

                       

                        ШҮҮГЧ                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ