Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 509

 

 

 

 

 

 

   2020            4            23                                         2020/ДШМ/509  

 

 

Б.Чид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор М.Сүхчулуун,

шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Б.Баднайсүрэн, М.Алтанцэцэг,  

нар нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 140  дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Чийн өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн  гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Чид холбогдох эрүүгийн 1808014920502 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

 Бууч овогт БЧ, 1968 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 2019 оны 8 дугаар сараас эхлэн МУИС-д хамгаалагчаар ажиллаж байгаа гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2 дугаар гудамжны 248 тоотод оршин суух суух бүртгэлтэй, /РД: ГГ68041211/,

 

Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 36 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,  

 Б.Ч нь 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 1-122 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Ундарга” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж, биет 176.000 төгрөг, 2 ширхэг ургамлын тос зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 183.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Чийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бууч овогт БЧийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Чийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чид оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 125 (нэг зуун хорин тав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Чийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ц.Ундрахад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мөрдөн шалгах туршилт явуулсан ажиллагааг бэхжүүлсэн дүрс бичлэг бүхий хоёр ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Чид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

              

            Шүүгдэгч Б.Чийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нотлох баримтыг хууль ёсны дагуу үнэлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасны дагуу гэрчийн мэдүүлэг авахад эхнэр нь “тухайн хулгай гарсан шөнө нөхөр маань гэртээ байсан” гэж мэдүүлдэг. Үүнийг мөн үнэлээгүй. Хавтас хэрэгт 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 656 тоот шүүгчийн захирамж байдаг. Энэ шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан. Тухайн үед өмгөөлөгч миний бие оролцсон. Хэргийг буцаахдаа хэд хэдэн үндэслэлээр буцаасан. Энэ үндэслэлд “1Б гэх хурууны хээний эзэн холбогдогчийг тогтоох шаардлагатай” гэсэн байсан. Учир нь, Монгол улсын иргэн болгон иргэний үнэмлэх авахдаа хурууны хээгээ өгдөг учраас тогтоох боломжтой гэсэн. Гэтэл уг шүүгчийн захирамжийг биелүүлээгүй буюу шүүгчийн захирамжийн дагуу ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй. Ажиллагаа хийгдээгүй үндэслэл нь “Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний бүртгэлийн газрын гарын дардастай харьцуулах боломжгүй” гэсэн. Хэрвээ үүнийг харьцуулсан бол 1Б гэх хурууны эзэн холбогдогч нь хэн болох нь тогтоогдох боломжтой. Мөн мөрдөн шалгах ажиллагааны туршилт хийж тэмдэглэл үйлдэхэд өмгөөлөгч миний бие оролцсон. Тухайн үед мөрдөгч Б.Чийг салхивчаар орохыг шаардсан. Уг салхивч нь бариул байхгүй байсан. Өмгөөлөгч миний зүгээс “танай цонхийг хөшсөн гэсэн үүнд хөшсөн гэх ямар ч баримт байхгүй байна. Танай цонх бариул ч байхгүй юм байна. Яаж энэ хүн орсон байх вэ” гэхэд хариулаагүй. Мөн хяналтын камерын бичлэгийг тухайн өдрөө нотлох баримт болгож аваагүй мөртлөө маргааш нь 1 цагт камерын бичлэгийг авах гэтэл “камерын бичлэг унтарсан байсан тул авч чадаагүй” гэж хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгасан байсан. Яагаад тухайн үед нь аваагүй байж, маргааш нь унтарсны дараа камерын бичлэг байхгүй болсон талаар тэмдэглэл үйлдээд байгаа юм бэ. Мөн Б.Чид “та буруугүй байсан ч гэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд ялаа багасгуул” гэхэд “би гэмт хэрэг үйлдээгүй байж гэмт хэрэг үйлдсэн гэж хэлэх шаардлага байхгүй” гэж байсан. Мөн Б.Ч энэ ТҮЦ-нд бараа зөөж оруулж өгч байсан. Бараа зөөж оруулах үед энэ хүний гарын хээ үлдэнэ шүү дээ. 1Б гэх хурууны хээний эзэн холбогдогчийг олж тухайн хүн хэргээ хүлээвэл Б.Ч гэмт хэрэг үйлдээгүй болох нь нотлох ёстой. Мөн хэргийн газрын үзлэг хийхэд гутлын мөр олдсон. Тэр мөрийг шинжлэхдээ Б.Чийг нэг өдөр дуудаад өмсөж байсан гутлыг нь тайлж аваад хойшлуулшгүй ажиллагаагаар хүчинтэйд тооцчихсон. Тэр мөрийг шинжлэн судлахад “шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй байна” гэх дүгнэлт хийсэн байсан. Б.Чийн өмссөн байсан гутлыг, хэргийн газраас олдсон хээтэй тэнцүүлээд үзэхэд л болох байсан асуудал дээр өмсөж байсан гутлыг нь хүчээр тайлж авч ажиллагаа хийсэн. Хэрэв Б.Ч нь урьд нь уг ТҮЦ-нд ороогүй байж байгаад хурууны хээ нь олдсон бол гэмт хэрэг гэж үзнэ. Хохирогч “манай нөхөр хөл муутай юмаа зөөж чадахгүй байсан болохоор Б.Чоор зөөлгөж оруулж байсан” гэж мэдүүлсэн. Ийм асуудлыг хохирогч өөрөө мэдүүлээд байхад Б.Чийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд яллаад байгаа нь үндэслэлгүй байна. Хавтас хэрэгт авагдсан ганцхан хурууны хээгээр хүнийг яллах ёсгүй. Бусад нотлох баримт буюу гэрчийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны туршилт хийсэн тэмдэглэл зэргээр гэм буруутай болох нь тогтоогдохгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны туршилт хийхэд туршилтад оролцсон хүн нь Б.Чоос өндөр байсан. Б.Ч дотогш нэвтэрч чадахгүй байсан. Учир нь, цонх нь нэлээдгүй өндөр. Орлоо гэхэд яг тэгж хөлөөрөө буух боломжгүй. Хэрэв Б.Ч орсон бол яаж толгойгоороо орчихоод хөлийн мөр гараад байгаа юм бэ. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.  

 

Шүүгдэгч Б.Чийн өмгөөлөгч М.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нотлох баримтыг хууль ёсны дагуу үнэлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасны дагуу гэрчийн мэдүүлэг авахад эхнэр нь “тухайн хулгай гарсан шөнө нөхөр маань гэртээ байсан” гэж мэдүүлдэг. Үүнийг мөн үнэлээгүй. Хавтас хэрэгт 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 656 тоот шүүгчийн захирамж байдаг. Энэ шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан. Тухайн үед өмгөөлөгч миний бие оролцсон. Хэргийг буцаахдаа хэд хэдэн үндэслэлээр буцаасан. Энэ үндэслэлд “1Б гэх хурууны хээний эзэн холбогдогчийг тогтоох шаардлагатай” гэсэн байсан. Учир нь, Монгол улсын иргэн болгон иргэний үнэмлэх авахдаа хурууны хээгээ өгдөг учраас тогтоох боломжтой гэсэн. Гэтэл уг шүүгчийн захирамжийг биелүүлээгүй буюу шүүгчийн захирамжийн дагуу ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй. Ажиллагаа хийгдээгүй үндэслэл нь “Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний бүртгэлийн газрын гарын дардастай харьцуулах боломжгүй” гэсэн. Хэрвээ үүнийг харьцуулсан бол 1Б гэх хурууны эзэн холбогдогч нь хэн болох нь тогтоогдох боломжтой. Мөн мөрдөн шалгах ажиллагааны туршилт хийж тэмдэглэл үйлдэхэд өмгөөлөгч миний бие оролцсон. Тухайн үед мөрдөгч Б.Чийг салхивчаар орохыг шаардсан. Уг салхивч нь бариул байхгүй байсан. Өмгөөлөгч миний зүгээс “танай цонхийг хөшсөн гэсэн үүнд хөшсөн гэх ямар ч баримт байхгүй байна. Танай цонх бариул ч байхгүй юм байна. Яаж энэ хүн орсон байх вэ” гэхэд хариулаагүй. Мөн хяналтын камерын бичлэгийг тухайн өдрөө нотлох баримт болгож аваагүй мөртлөө маргааш нь 1 цагт камерын бичлэгийг авах гэтэл “камерын бичлэг унтарсан байсан тул авч чадаагүй” гэж хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгасан байсан. Яагаад тухайн үед нь аваагүй байж, маргааш нь унтарсны дараа камерын бичлэг байхгүй болсон талаар тэмдэглэл үйлдээд байгаа юм бэ. Мөн Б.Чид “та буруугүй байсан ч гэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд ялаа багасгуул” гэхэд “би гэмт хэрэг үйлдээгүй байж гэмт хэрэг үйлдсэн гэж хэлэх шаардлага байхгүй” гэж байсан. Мөн Б.Ч энэ ТҮЦ-нд бараа зөөж оруулж өгч байсан. Бараа зөөж оруулах үед энэ хүний гарын хээ үлдэнэ шүү дээ. 1Б гэх хурууны хээний эзэн холбогдогчийг олж тухайн хүн хэргээ хүлээвэл Б.Ч гэмт хэрэг үйлдээгүй болох нь нотлох ёстой. Мөн хэргийн газрын үзлэг хийхэд гутлын мөр олдсон. Тэр мөрийг шинжлэхдээ Б.Чийг нэг өдөр дуудаад өмсөж байсан гутлыг нь тайлж аваад хойшлуулшгүй ажиллагаагаар хүчинтэйд тооцчихсон. Тэр мөрийг шинжлэн судлахад “шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй байна” гэх дүгнэлт хийсэн байсан. Б.Чийн өмссөн байсан гутлыг, хэргийн газраас олдсон хээтэй тэнцүүлээд үзэхэд л болох байсан асуудал дээр өмсөж байсан гутлыг нь хүчээр тайлж авч ажиллагаа хийсэн. Хэрэв Б.Ч нь урьд нь уг ТҮЦ-нд ороогүй байж байгаад хурууны хээ нь олдсон бол гэмт хэрэг гэж үзнэ. Хохирогч “манай нөхөр хөл муутай юмаа зөөж чадахгүй байсан болохоор Б.Чоор зөөлгөж оруулж байсан” гэж мэдүүлсэн. Ийм асуудлыг хохирогч өөрөө мэдүүлээд байхад Б.Чийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд яллаад байгаа нь үндэслэлгүй байна. Хавтас хэрэгт авагдсан ганцхан хурууны хээгээр хүнийг яллах ёсгүй. Бусад нотлох баримт буюу гэрчийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны туршилт хийсэн тэмдэглэл зэргээр гэм буруутай болох нь тогтоогдохгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны туршилт хийхэд туршилтад оролцсон хүн нь Б.Чоос өндөр байсан. Б.Ч дотогш нэвтэрч чадахгүй байсан. Учир нь, цонх нь нэлээдгүй өндөр. Орлоо гэхэд яг тэгж хөлөөрөө буух боломжгүй. Хэрэв Б.Ч орсон бол яаж толгойгоороо орчихоод хөлийн мөр гараад байгаа юм бэ. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

 Шүүгдэгч Б.Ч нь  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би уг хэргийг хийгээгүй бөгөөд маш их гомдолтой байна. Хохирогчийн нөхөр Төмөрөө намайг гуйж 2-3 удаа барааг нь зөөж өгч байсан. Дан ганц хохирогчийн мэдүүлгээр намайг хилсдүүлж байгаа учраас миний бие эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд маш их хохирч байна. Иймд эрхэм шүүгч нар хэргийг үнэн зөвөөр шүүж, намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.    

 

Прокурор М.Сүхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэгдүгээрт, “...цонхны гадаргуй дээрээс 4 ширхэг хурууны хээ олдсон. Илэрсэн хурууны хээг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хадгалагдаж байгаа гар хурууны хээтэй тулгаж үзэхэд 1 хурууны хээний эзэн холбогдогч тогтоогдоогүй. Анхан шатны шүүх урьд нь хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахдаа “дээрх тогтоогдоогүй хурууны хээг Улсын бүртгэлийн ерөнхий газрын санд хадгалагдаж байгаа Монгол улсын иргэдийн гар хурууны хээний нэгдсэн санд хүргүүлж эзэн холбогдогчийг нь тогтоох арга хэмжээ ав” гэж буцаасан. Дээрх заалтын дагуу Улсын бүтгэлийн ерөнхий газартай холбогдож удаа дараа хүсэлт тавьж нийт иргэдийн гар хурууны хээтэй тулгалт хийлгэсэн. Тэндээс мөн хурууны хээний эзэн холбогдогч тогтоогдоогүй. Бүртгэлийн байгууллагаас энэ талаар албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст тулгалт хийсэн үр дүнгийн талаар мэдээлэл өгч, албан бичгийг хэрэгт хавсаргасан. Хоёрдугаарт: Шүүгдэгч Б.Ч нь хохирогчийн гэрт урьд нь бараа материал оруулж өгсөн гэдгээ хэлдэг. Гэхдээ цонхны рамд гар хүрээгүй, цаад талын өрөө рүү ороогүй гэж өөрөө мэдүүлсэн. Мөн хохирогч “Б.Ч нь ууттай цемент манай гэрт зөөж авч ирж өгч байсан. Гэхдээ арын өрөө рүү орж байгаагүй” гэж мэдүүлсэн. Уг хурууны хээнүүд бараа материал дээрээс гарч ирсэн зүйл байхгүй. Цонхны рам дээрээс л илэрсэн. Мөн хэргийн газарт туршилт хийхдээ шүүгдэгчтэй биеийн харьцааны хувьд оролцоо хөндлөнгийн этгээдийг сонгож хулгайн гэмт хэрэг гарсан гэх объект дээр туршилт хийсэн. Тухайн хүн халдлага болсон гэх вакуум цонхоор саадгүй нэвтэрч байсан. Шүүгдэгчийн хувьд оролдлого хийсэн боловч “орж чадахгүй юм байна” гээд татгалзсан. Гэхдээ тухайн цонхны салхивчний хэмжээ, газраас цонх хүртэлх хэмжээ зэргийг авсан. Туршилтын үр дүн болон хэмжээснээс харахад тухайн цонхоор хүн орохын аргагүй бол байгаагүй. Тухайн үед шүүгдэгчийг хүчээр оруулах боломжгүй байсан. Гэхдээ хүн орж болох боломжтой цонх гэдгийг тогтоосон. Мөн камерын бичлэг гэх зүйл анхнаасаа хэрэгт байгаагүй. Хэрэгт анхнаас нь ажиллагаа хийсэн мөрдөгч нар камерын бичлэгийг хурааж аваагүй. Тэгэхээр уг камерын бичлэг дээр яг юу байсныг мэдэхгүй байна. Шүүгдэгч Б.Ч үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй гэж байна. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан болохын өмнө шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч бичгээр хүсэлт гаргаад өгчихсөн байсан. Энэ хүсэлтийн талаар лавлаж асуухад “тухайн үед өмгөөлөгч миний толгойг эргүүлж, эрх зүйн мэдлэггүй байдлыг минь далимдуулж бичүүлсэн” гэж тайлбарладаг. Тэгээд “энэ таны гараар бичсэн бичиг мөн үү” гэж асуухад “мөн” гэж хүлээн зөвшөөрдөг. Мөн гутлын мөр шинжилгээнд тэнцэх үгүйг бид мэдэхгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн буюу шинжилгээ хийх эрх бүхий байгууллага тухай гутлыг хүлээн авч шинжилгээ хийгээд шинжилгээний дээж дээр шинжилгээ хийх боломжгүй байна гэж дүгнэлт гаргасан байсан. Өмгөөлөгчийн зүгээс гутлын мөрийг нийлүүлж байгаад ч хамаагүй тогтоох боломжтой байсан гэж яриад байх шиг байна. Гэтэл шинжилгээ хийх эрх бүхий байгууллага нь энэ гутлын мөрөн дээр шинжилгээ хийх боломжгүй байна гэж дүгнэлт гаргасан. Хэрэв үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байвал шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргах эрхтэй. Шүүгдэгч Б.Чийн хурууны хээ хэргийн газар дээрээс олдсон. Шүүгдэгч өөрийнх нь хурууны хээ энд байх ёсгүй гэж тайлбарладаг. Одоо ч тэгж тайлбарлаж байгаа байх. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, түүний хувийн байдал, гэм бурууд нь тохирсон байх тул хэвээр үлдээх саналтай. ...” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:  

Б.Ч нь 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 1-122 тоотод үйл ажиллагаа явуудлаг “Ундарга” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж, бэлнээр 176.000 төгрөг, 2 ширхэг ургамлын тос зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 183.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ц.Ундрахын: “...2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 09 цагийн үед дэлгүүрээ дөнгөж онгойлгоод эхний үйлчлүүлэгчдээ мөнгөний хариулт өгөх гээд хойд талын өрөөнд нуучихсан байсан орлогын мөнгөө авах гэтэл алга болчихсон байсан. Манай дэлгүүрээс орлогын мөнгө болох 126.000 төгрөг, мөн түлээ нүүрс зарсан 50.000 төгрөг, нийтдээ 176.000 төгрөг байсан. Дэлгүүрийн лангуунаас ургамлын тос 2 ширхэг нийтдээ 7.000 төгрөг алдагдсан. ...” гэх /1хх 26-27/,

“...Б.Ч манай хүнсний дэлгүүрийн арын өрөөнд ерөөсөө орж байгаагүй, манай дэлгүүрийн арын өрөөний вакум цонхны дотор талд гар хүрэх ямар ч боломжгүй, Б.Чийн гарын алганы мөр манай дэлгүүрийн арын өрөений хулгай орсон цонхны дотор талын хүрээнээс илэрсэн гэсэн тэгэхээр Ч манай дэлгүүрт нууцаар орж хулгай хийсэн гэж бодож байна. ...” гэх /1хх 237-238/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэээлэнгийн 3789 дугаартай “...Шинжилгээнд №1 дугаарын 2 ширхэг, №2 дугаарын 1 ширхэг, №3 дугаарын 1 ширхэг гарын мөр БЧийн гарын хээний дардас Чийн зүүн гарын алганы дардас 27055-СХД дугаарын “1” дэх мөртэй тохирч байна... гэсэн дүгнэлт /1хх 61/,

 

Яллагдагч Б.Чоос Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бичгээр гаргасан хүсэлт, /1хх 133/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл: “...2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр, Б.Чийн биеийн 3 хэмжээс болох цээж бэлхүүс, суудал /өгзөгний тойрог/ -ыг даавуун метр ашиглан хэмжихэд цээжний тойрог 103 см, бэлхүүсний тойрог 102 см, суудлын тойрог 104 см байв. түүний биеийн хүндийн жинг Баянхошуу нэгдсэн эмнэлгийн зориулалтын жин хэмжээр болон метрээр хэмжиж үзэхэд 80 кг жинтэй, 177 см өндөртэй. ...” гэх /2хх 52/, мөрдөн шалгах туршилт хийсэн тухай тэмдэглэл: “...Уг дэлгүүрийн халдлага болсон гэх цонх нь зүүн тийш харсан, хойд талын өндөр нь 107 сантиметр, өргөн нь 117 сантиметр хэмжээтэй вакум цонх байна. вакум салхивчны өндөр нь 44 сантиметр, урт нь 39 сантиметр хэмжээтэй байлаа. Дээрх вакум цонхны дээд хэсгээс доошоо газар хүртэл 2 метр 6 сантиметр, цонхны доод тавцангаас доошоо газар хүртэл 96 сантиметр байв. Туршилтанд оролцогч С.Чинбатыг халдлага болсон цонхоор дотогш оруулах, гаргах, үеийг дүрс бичлэг хийж бэхжүүлэн ажиллагааг хийхэд С.Чинбат нь цонхны салхивчны доод хөндлөн хүрээнээс зүүн гараараа барьж, баруун гараараа хойд босоо хүрээг гадна талаас нь дарж баруун хөлөө салхивчаар гадагшаа түрүүлж гарган зүүн гараараа цонхны дотор талын босоо хүрээн дээр гарын алгаараа дарж биеийг бүхэлд нь гаргаж, хоёр гараараа салхивчны дотор хөндлөн дээд доод хүрээнээс барьж, мөн босоо хүрээний дотор хэсгээс барьж гарч ирж байх бөгөөд уг салхивчаар 177 сантиметр өндөр нуруутай, 95 кг жинтэй, 44 настай, С.Чинбат нь чөлөөтэй ороод гарч ирсэн. Салхивчны гадна болон дотор талын цонхны хүрээ, шилэн дээр аль аль хэсэгт хүний гарын мөр үлдэх боломжтой байв. Чинбат халдлага болсон гэх цонхоор орж гарах хугацаа нь 1 минут 6 секунд болж байв ... гэж /1хх 228-229/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 236/,

 

гэрч Ж.Мягмаржав: “...1, 2 гэж дугаарласан 2 ширхэг нарын мөрийг хулгай орсон гэх цонхны хойд талын босоо хүрээний түгжээ төмөрний орчмоос бэхжүүлэн авсан. Хэргийн газрын үзлэгийн 11 дэх гэрэл зураг дээрх гутлын мөр нь шороон мөрний хээ, хэлбэр, загвар хэмжээг тодорхойлох боломжгүй. ...” гэх /1хх 240-241/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 796 дугаартай “...1.Гарын мөр нь цонхны шилний гадна, дотор үүссэн болох, тухайн орчны цаг агаарын нөхцөл байдал, орчны тоосжилт, өөр бусад нөлөөллөөс /арчиж цэвэрлэх гэх мэт/ шалтгаалж харилцан адилгүй хугацаанд хадгалагдах боломжтой. 2.Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг гарын мөр гарын хээний нэгдсэн санд 2018-7055-СХД дугаараар бүртгэгдсэн байна. Уг гарын мөрүүдээс “1а” гэж дугаарласан гарын мөр гарын хээний нэгдсэн санд М1Ч000210003996 дугаараар бүртгэгдсэн БЧийн зүүн гарын алганы дардастай, “2,3” дугаартай 2 ширхэг гарын мөр М1М0000СХД05890 дугаараар бүртгэгдсэн хохирогч гэх Цэрэнсодномын Ундрахын зүүн гарын эрхий дунд хуруутай тохирч, тохирсон хэргийн санд тус тус хадгалагдсан байна. 3.Урьд тохироогүй “16” дугаартай 1 ширхэг гарын мөр шинжилгээнд ирүүлсэн БЧ, Цэрэнсодномыг Ундрах нарын гарын дардас, гарын хэний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардсууд, эзэн холбогдогч тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохироогүй. 4.Шинжилгээнд ирүүлсэн БЧ, Цэрэнсодномын Ундрах нарын гарын дардсууд гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардсууд, эзэнгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй ...” 1хх 247-248/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2310 дугаартай “...Адилтгалын шинжилгээнд тэнцэж буй “1а” гэж дугаарласан  гарын мөр санд MN000210003696 дугаартай БЧийн нэрээр 1 удаа бүртгэгдсэн хүний зүүн гарын алгаар үүсгэгдэнэ. ...” /1хх 50-51/ гэх дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 52-58/ /, /1хх 231, 234-235/  зэрэг баримтуудаар нотлогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж хэргийн үйл баримтыг тогтоосон буюу шүүгдэгч Б.Ч нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Чийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Чийн өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн “...цонхонд гарсан нэг  гарын хээний эзэн холбогдогчийг олж тогтоогоогүй, Б.Чийн гэм буруу бүрэн нотлогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2310 дугаартай “...Адилтгалын шинжилгээнд тэнцэж буй “1а” гэж дугаарласан  гарын мөр санд MN000210003696 дугаартай БЧийн нэрээр 1 удаа бүртгэгдсэн хүний зүүн гарын алгаар үүсгэгдэнэ. ...” /1хх 50-51/, гэсэн дүгнэлт хохирогч Ц.Ундрахын “...Б.Ч манай хүнсний дэлгүүрийн арын өрөөнд ерөөсөө орж байгаагүй, манай дэлгүүрийн арын өрөөний вакум цонхны дотор талд гар хүрэх ямар ч боломжгүй, Б.Чийн гарын алганы мөр манай дэлгүүрийн арын өрөөний хулгай орсон цонхны дотор талын хүрээнээс илэрсэн . ...” /1хх 237-238/ гэсэн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Б.Ч нь хэрэг гарсан дэлгүүрийн арын өрөөнд орж байгаагүй бөгөөд гэмт хэрэг гарсан газар, ялангуяа гэмт хэрэг үйлдэхдээ нэвтрэн орж гарсан цонхноос илэрсэн шүүгдэгчийн гарын мөр нь тухайн гэмт хэргийг нотлох шууд баримт мөн болно.

 

            Давж заалдах шатны шүүх өмнө уг хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн уг цонхоор багтах боломжгүй, хэргийг өөр хүн хийсэн байхад буруу шийдвэрлэж байна гэсэн санал хүсэлтийг харгалзан хэргийн газар туршилт хийлгэх, цонхын тавцанд илэрсэн гарын мөрийг дахин шалгуулахаар хэргийг прокурорт буцаасан болно.

 

            Гэвч шинжээчийн дүгнэлтээр Б.Чийн гарын мөр хэрэг гарсан дэлгүүрийн цонхын дотор талд үлдсэн, уг хэргийг өөр хүн үйлдсэн байж болох нотлох баримтгүй, хэргийн газар хийсэн туршилтаар Б.Чтой өндөр адил, жин илүүтэй туршилтын хүнийг олж цонхоор оруулахад 1 минут 6 секунтын дотор тус цонхоор орж, гарч байгааг нотолсон  тэмдэглэл, камерын бичлэг зэргээр шүүгдэгчийн уг гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, үйл баримт тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Чид анхан шатны шүүхээс 2 жил хорих ял оногдуулсан нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцсэн гэж үзнэ.

 

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Чийн өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                       ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ

                       ШҮҮГЧ                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ