Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/01002

 

Ч.Т-ын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/02447 дугаар шийдвэртэй,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2010 дугаар магадлалтай,

Ч.Т-ын нэхэмжлэлтэй,

“Ж Э м т” ХХКхолбогдох

Үйлдвэрлэлийн осолд өртсөн болохыг тогтоолгох, нөхөн төлбөрт 9,000,000 төгрөг гаргуулах, 2018.05.06-ны өдрөөс 2021.02.28-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд олох байсан орлого 10,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргилын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уугансайхан, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч “Ж Э м т” ХХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн осолд өртсөн болохыг тогтоолгох, нөхөн төлбөрт 9,000,000 төгрөг гаргуулах, 2018.05.06-ны өдрөөс 2021.02.28-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд олох байсан орлого 10,080,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/02447 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “Ж Э м т” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ч.Т-ын “нэхэмжлэгч Ч.Т-ыг хариуцагч “Ж Э м т” ХХК-д ажиллаж байхдаа  үйлдвэрлэлийн осолд өртсөн болохыг тогтоолгох, 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 9,000,000 төгрөг гаргуулах, 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд олох байсан орлого болох 10,080,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 405,380 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2010 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/02447 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нэхэмжлэгч Ч.Т нь “Ж Э м т” ХХК-д дадлагажигч ажилтнаар ажиллаж байхдаа 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мориноос унаж, үйлдвэрлэлийн осолд өртсөнийг тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар хариуцагч “Ж Э м т” ХХК-аас 3,780,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас “15,300,000” төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “405,380” гэснийг “329,950” төгрөг гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.23-ны өдрийн 2010 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч Ч.Т нь “Ж Э м т” ХХК-аас 2018 оны 02 сард зарласан ажлын зарын дагуу компани дээр ирж, ажил олгогчтой уулзсан боловч тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй үндэслэлээр түүнийг ажилд аваагүй. Гэтэл 2018.04.17-ны өдрөөс мөн сарын 21-ний хооронд Ч.Т нь компанийн захирал цахим хаягт “...хөтөч, орчуулагчийн ажилд суралцах, дадлагажих хүсэлтэй байна...” гэх утга бүхий зурвас илгээснээс гадна түүнтэй хэд хэдэн удаа утсаар холбогдож энэ тухайгаа давхар илэрхийлсэн байдаг. Ч.Т-ын дээрх хүсэлтийн дагуу захирал О.Ж  нь түүнтэй өөрийн компанийн байранд уулзахад тэрээр “...хөтөч, орчуулагчийн ажилд суралцах, дадлагажих хүсэлтэй...”-гээ дахин илэрхийлсний дагуу 2018 оны 5 дугаар сард БНСУ-аас ирэх жуулчидтай “Тэрэлж байгалийн цогцолбор газар”-т болох морин аялалд компанийн хөтөч орчуулагчийг дагалдан цалин хөлс авахгүйгээр, дадлагажих маягаар оролцохыг зөвшөөрсөн байдаг. Ингээд Ч.Т 2018.05.06-ны өдөр морин аялалд дагалдан явах үед бие нь муудан татаж унахдаа тухайн унаж явсан морины хондлой руу гулгаж унасан байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт “...дадлагажигч хэнтэй ч байсан хөдөлмөрийн гэрээг байгуулах нь ажил олгогчийн үүрэг юм” гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд томьёолсон “ажил олгогч” болон “ажилтан” гэх ойлголттой нийцэхгүй. Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолд “21.1-д заасан нөхцөлийн аль нэгийн талаар ажил олгогч болон ажилтан амаар тохиролцон ажил үүрэг гүйцэтгэж байсныг хамааруулахгүй”, ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд тэдний хоорондох маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэх” тухай заасан. Энэ нь ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч өөрийн өмнөөс ажил үйлчилгээ гүйцэтгүүлсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулиар тухайн ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн харилцааг зохицуулах тухай асуудлыг тодорхойлсон. Манай тохиолдолд Ч.Т-ыг өөрийн өмнөөс ажил үйлчилгээ гүйцэтгэхийг үүрэг болгоогүй, компанийн үндсэн бүрэлдэхүүн аяллын багт байсан болохыг нотолсон баримтыг хавтаст хэрэгт өгсөн. Нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй байсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Зүй нь Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч нь гагцхүү ажилтантай л хөдөлмөрийн гэрээг байгуулж, гэрээний гол нөхцөлийг тодруулбал, цалин хөлс, ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг зэргийг харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурж байж сая тэдний хооронд хөдөлмөрийн харилцаа үүсэхээр хуульчилжээ. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл болохын хувьд талуудын хүсэл зоригийн нэгдэл дээр харилцан эрх, үүрэг бүхий үүргийн харилцаа үүсэх ёстой.

4.2. Магадлалд “... ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн ...” гэж дурдсан нь Ч.Т нь тухайн морин аялалд дадлагажих зорилгоор оролцож байсныг хөтөч, орчуулагч, тайлбарлагчийн үүргийг гүйцэтгэж байсан гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь тухайн  морин аялалд “Ж Э м т” ХХК-ийн хөтөч, орчуулагч, тайлбарлагч нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж явсан болох нь харагддаг. Хариуцагчийн зүгээс түүний өөртөө мэдлэг хуримтлуулах, туршлага авах хүсэлтийг нь хүндэтгэн үзэж нэг удаагийн аяллын хөтөлбөрт хамрагдах боломжийг гаргасан болохоос ашиг олох үйл ажиллагаандаа оролцуулж өөрийн үндсэн үүргийг гүйцэтгэсэн харилцаа үүсгээгүй гэдгийг хэрэгт цугласан гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн манайд хандсан хүсэлтүүдээр тогтоогдсон.

4.3. Магадлалд “...ажилтан хөдөлмөрийн талбай дээр ажил олгогчийн үзүүлдэг үйлчилгээ болох морин аяллын үеэр ажил олгогчийн хяналт дор мориноос унаж гэмтэл авсан байгаа нь үйлдвэрлэлийн осолд хамаарна...” гэж дурдсан нь “Үйлдвэрийн осол”-ыг тодорхойлсон хуулийн агуулгатай нийцэхгүй байна. Тодруулбал Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон ... өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ.” гэж хуульчилжээ. Дээрх  үйл баримтаас харахад нэг талаас Ч.Т-ыг компанийн ажилтан гэж үзэхгүй, нөгөө талаас түүнийг хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байсан гэж үзэхгүй юм. Магадлалд “... хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нэг удаагийн нөхөн төлбөрт 3,780,000 төгрөг олгох нь зүйтэй” гэжээ. Дээрх байдлаар дүгнэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэргийг шийдсэн болохыг харуулж байна. Тухайлбал анхнаасаа хөдөлмөрлөх эрхтэй холбоотой харилцаа үүсээгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн  97.1.1-д заасан нөхцөлийг хэрэглэх үндэслэл үүсээгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч Ч.Т-аас хариуцагч “Ж Э м т” ХХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн осолд өртсөн болохыг тогтоолгох, нөхөн төлбөрт 9,000,000 төгрөг гаргуулах, 2018.05.06-ны өдрөөс 2021.02.28-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд олох байсан орлого 10,080,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь үйлдвэрлэлийн осолд өртсөнийг тогтоож, хариуцагчаас 3,780,000 төгрөг гаргуулж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн.

7. Нэхэмжлэгчээс “...Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ж Э м т” ХХК-д хөтөч, орчуулагчаар ажиллахаар 2018 оны 2 дугаар сард анкет бөглөж, ярилцлага өгсөн... 2018.05.04-ний өдөр жуулчид ирэх болсон тул тухайн өдөр ирээрэй гэж захирал О.Ж хэлсэн. Улмаар 2018.05.04-ний шөнө БНСУ-ын 6 иргэн ирэх талаар мэдэгдэж, би компанийн ахлах хөтөч А.Д, жолооч Б.Д нарын хамт онгоцны буудлаас жуулчдыг хүлээн авч аяллын хөтөлбөрт заасны дагуу 2018.05.05-ны өдөр Тэрэлж байгалийн цогцолбор газарт очсон... 2018.05.06-ны өдөр зохион байгуулсан морин аяллын үеэр би мориноос унаж хүндээр бэртэхэд ажил олгогчийн зүгээс холбогдох анхны тусламж үзүүлсэн. Тухайн үед миний бие ухаангүй байсан бөгөөд Налайх дүүргийн эмнэлэгт ухаан орсон. Үүний дараа бие сайжрахгүй үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай болсон тул ГССҮТөв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2018.05.21-ний өдрөөс Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт “гэмтлийн гаралтай тархины няцралт, түүнээс үүдэлтэй зулай хэсэгт тархины эдийн харвалт, биеийн зүүн хэсгийн саажилт” гэсэн оноштой хэвтэн эмчлүүлсэн... Миний бие 2018.05.06-ны өдрөөс хойш 2021.02.28-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдаж, ажил хийх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Нэхэмжлэгч тус компаниас 2018 оны 2 дугаар сард гаргасан зарын дагуу ирж уулзсан боловч компанийн зүгээс ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй үндэслэлээр ажилд аваагүй. Улмаар нэхэмжлэгч нь 2018.04.17-ны өдрөөс 2018.04.21-ний хооронд захирал О.Ж-ны цахим хаягны чатаар холбогдон хөтөч, орчуулагчийн ажилд суралцах, дадлагажих хүсэлтэй байгаа утга бүхий зурвасыг илгээж, хэд хэдэн удаа захирлын гар утас руу холбогдсон. Нэхэмжлэгчийн удаа дараагийн хүсэлтийн дагуу нэг удаагийн хотод ойрхон аялалд цалин урамшуулал олгохгүйгээр дадлагажих боломжоор хангаж туслалцаа үзүүлэхээр болж 2018 оны 5 дугаар сард БНСУ-аас ирсэн жуулчдыг хүлээн авч Тэрэлж байгалийн цогцолбор газарт морин аялалд хамруулах хөтөлбөрт багтаан явуулсан ба 2018.05.06-ны өдөр морин аялалд дагалдан явахдаа бие нь муудан татаж унахдаа унаж явсан морины ар луу зөөлөн гулгаж унасан, ... хамт явсан хөтөч, орчуулагч, жолооч нар яаралтай анхан шатны тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэсэн. Мөн Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын эмнэлэгт хүргэж өгч, эмчилгээний бүх зардлыг төлсөн. Манай компани нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ороогүй зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлтээр нэг удаагийн аяллын хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдаж дадлага туршлага олоход нь туслалцаа үзүүлсэн, хөдөлмөрийн гэрээг амаар болон бичгээр байгуулаагүй, цалин хөлс, албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны тодорхойлолт зэргийг тохироогүй, иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

 8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “...нэхэмжлэгч нь хэлмэрч хөтчийн ажилд суралцах, сургалтын газруудаар явж  үзэх буюу өөрийн мэдлэг чадвараа дээшлүүлэх, дадлагажих зорилго агуулсан байх бөгөөд хариуцагчтай хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байх тул “Ж Э м т” ХХК-д ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртсөн болохыг тогтоох үндэслэлгүй, иймд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй, мөн 1 сарын цалин хөлсийг 1,000,000 төгрөгөөр тооцсон нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд заасан үйл баримтыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, нөгөөтээгүүр хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүн “ахуйн осол” гэж тогтоосон байхад уг актыг үндэслэн “үйлдвэрлэлийн осол”-д орсон гэж үзэж, олох байсан орлогыг тодорхойлох үндэслэлгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

9. Учир нь, давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажилтны буруугаас болоогүй, ажилтан хөдөлмөрийн талбар дээр ажил олгогчийн үзүүлдэг үйлчилгээ болох морин аяллын үеэр ажил олгогчийн мориноос унаж гэмтэл авсан байх тул үйлдвэрлэлийн осолд хамаарна. Хариуцагч Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 1.6, 1.7-д заасан үүргээ хэрэгжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, иймд уг дүрмийн 7.2-т зааснаар нэхэмжлэгч үйлдвэрлэлийн осолд өртсөн болохыг тогтоолгохоор шүүхэд хандсаныг буруутгахгүй, мөн хариуцагч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй, уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 3.1.11, 3.1.12-т заасан иргэнийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчинд хүргэж болзошгүй ажлын байрны нөхцөлийг хэрхэн хамгаалсан, үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах зориулалт бүхий хувцас, гутал, малгай, бээлий зэрэг ажилтныг хамгаалах хэрэгслийг олгосон гэх баримтгүй байна. Иймд нэхэмжлэгч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасны дагуу хариуцагчид холбогдуулан үйлдвэрлэлийн ослоос учирсан үр дагаврыг арилгахыг шаардах эрхтэй.

10. Нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан нь тогтоогдсон, энэ тохиолдолд ажил олгогч буюу хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй. Гэвч нэхэмжлэгчийн цалин хөлсний хэмжээ тодорхойгүй гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нэг удаагийн нөхөн төлбөрт 3,780,000 төгрөг олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болжээ.

11. Иймд, “... талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь компанийн ажилтан биш тул “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн ... өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ” гэсэн хуулийн үндэслэлд хамаарахгүй, давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

12. Харин давж заалдах шатны шүүх магадлалын Тогтоох хэсэгтээ хэрэглэвэл зохих хуулийг бүрэн хэрэглээгүй байх тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2010 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Нэхэмжлэгч...” гэсний өмнө “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасныг баримтлан ...” гэж нэмж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 75,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                 ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                     Д.ЦОЛМОН

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД