Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2020/02266

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г -д холбогдох,   

 

15,603,295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Хариуцагч нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “Alphard” маркийн автомашин худалдан авах зорилгоор нэхэмжлэгчээс 12,000,000 төгрөг зээлсэн. Үүний 7,500,000 төгрөгийг нэхэмжлэгч өөрийн данснаас Д.Ган-Эрдэнийн Хаан банкны 5023159048 тоот данс руу “зээл” гэсэн утгатайгаар шилжүүлсэн бөгөөд 4,500,000 төгрөгтэй тэнцэх буюу тухайн өдрийн ханш 1 ам.доллар 2,671.79 төгрөг байхад 1,685 ам.долларыг бэлнээр мөн зээлүүлсэн.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасныг үндэслэн энэхүү шаардлагыг гаргаж байна.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс хойш удаа дараа хариуцагчаас мөнгөө шаардсан ч хариу өгөхгүй, фэйсбүүкээр блоклож, утсаа авахгүй болсон. Итгэмжлэгдсэн төлөөлөгч би 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Д.Гтэй уулзуулахад ирж уулзахдаа “уг мөнгийг авсан нь үнэн, гэхдээ надад бэлэглэчхээд яагаад одоо нэхээд байгаа юм, би өмгөөлөгчтэй уулзаж байж хариу өгнө” гэж хэлээд түүнээс хойш утсаа авахгүй зугтсаар байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Г.А нь 2019 оны 7 дугаар сард Д.Гтэй танилцаж, дотно харилцаатай болсон ба Д.Г хэлэхдээ “эхнэр нь байнга шөнө оройн цагаар шоуддаг, өөр хүмүүстэй явалддаг би эхнэрээсээ салж байгаа” гэж ярьсан бөгөөд оройн цагаар Б.А рүү залгаж ярихдаа “эхнэрийгээ гадуур шоудахаар явчихлаа” гэж ярьдаг байсан. Ингэж анхнаасаа эхнэрээсээ ер нь салчихсан байгаа гэж ярьдаг байсан төдийгүй Б.Атэй “сууна, амьдарна” гэж хэлэхээр нь тухайн үедээ итгэсэн.

Үүний дараа 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б.А “Iphone pro max” загварын rap утас худалдан авч Д.Гд бэлэглэсэн. Гар утасны төлбөрт худалдагч Ж.Галдан гэж хүний Хаан банкны 5032655579 тоот данс руу 1,345 ам.долларыг шилжүүлсэн. Тухайн өдрийн ам.долларын ханш 2,679.03 төгрөг байсан буюу 3,603,295 төгрөг болсон.

Хуучин утсаа доторх мэдээллүүдийг нь устгаад Б.Ат өгсөн. Нэхэмжлэгч утсыг аваад цоожийг дарахад санамсаргүй зурвасын хэсэг нь дарагдтал олон зурвас байсан ба үүн дотор 4 эмэгтэйтэй давхар хувийн харилцаатай байсныг олж мэдсэн бөгөөд эхнэртэйгээ маш бүдүүлэг үг хэллэгээр доромжилж бичиж байсан, гар хүрч байсан зэргийг нь олж мэдсэн. Мөн өмнө нь “Д.Г эхнэрээсээ салж байсан бөгөөд эхнэр нь оюутан охин байхдаа Д.Ган-Эрдэнийн хүүхдийг төрүүлж, хаягдаж, хүүхдээ асрахын зэрэгцээ хичээлдээ явж, оюутны 70,000 төгрөгөөрөө Д.Гд хувцас худалдаж авч аваачиж өгөөд Д.Ган-Эрдэнийг дулаан явна гэхээр сэтгэл нь сайхан байсан гэж” эхнэрийнх нь бичсэн зурвасыг уншаад Д.Ган-Эрдэнийн үнэн төрхийг олж мэдэж түүнээс хойш бүх холбоогоо таслахаар шийдсэн.

Д.Г нь нэхэмжлэгчийн итгэлийг алдаж, хуурч, мэхэлж гомдоосон тул 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Д.Гд бэлэглэсэн rap утасны үнэ 1,345 ам.доллар буюу 3,603,295 төгрөгийг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар буцаан шаардаж байна.

Иймд бэлэглэлийг хүчингүй болгож, Д.Гэс 3,603,295 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч бичгээр хариу тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Д.Гд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг, бэлэглэлийг хүчингүй болгож, бэлэглэлийн зүйлийн үнэд 3,603,295 төгрөг буюу бүгд 15,603,295 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

 

Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагч Д.Гд 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулж, шүүх хуралдаан 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр болох талаар 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хуралд ирээгүй байна.

 Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгч, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч нэхэмжлэлд тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ гэж үзсэн болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

 

1.Нэхэмжлэгч Г.А нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч Д.Ган-Эрдэнийн Хаан банк дахь 5023159048 дугаарын данс руу 7,500,000 төгрөгийг “зээл” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Харин Д.Гд мөн өдөр 4,500,000 төгрөгтэй тэнцэх 1,685 ам.долларыг бэлнээр шилжүүлэн өгсөн гэх Г.Аийн нэхэмжлэлийн үндэслэл баримтаар нотлогдсонгүй.

 

Иймд шүүх Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасанд тус тус үндэслэн зохигчдын хооронд мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан 7,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч 7,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд талууд гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй тул уг зээлийг буцаан шаардсан нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч шүүхэд гаргаснаас хойш 1 сарын дотор хариуцагч буцаан төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

Гэтэл Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д заасан хугацаанд зээлийг буцаан төлөх үүргээ хариуцагч Д.Г биелүүлээгүй тул нэхэмжлэгч Г.А 7,500,000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч Д.Гэс 7,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ат олгож, зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэгчийн шаардлагаас 4,500,000 төгрөгт холбогдох хэсгийг нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

 

2.Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1,345 ам.доллар буюу 3,603,295 төгрөгийн үнэ бүхий гар утсыг худалдан авч, хариуцагчид бэлэглэсэн гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Г.Аийн Хаан банк дахь 5925258681 тоот ам.долларын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1,345 ам.доллар 5032655579 тоот данс руу “утас” гэсэн гүйлгээний утгаар шилжсэн үйл баримт тогтоогдож байх боловч тогтоогдож байгаа энэ үйл баримтаар нэхэмжлэгчийг уг мөнгөөр гар утас худалдан авсан, худалдан авсан гар утсыг хариуцагчид бэлэглэсэн гэж үзэхэд дэндүү эргэлзээтэй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэлийг нотлогдоогүй гэж үзэх үндэслэлтэй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбар, нотлох баримтыг гаргаагүй нь нэхэмжлэлийг үгүйсгэж, маргаагүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд энэ тохиолдол нь баримтаар нотлогдож буй нэхэмжлэлийн шаардлагад хамаарахаас биш нотлогдоогүй шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл болохгүй юм.

 

Иймд шүүх дээрх үндэслэлээр баримтаар нотлогдож буй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас 7,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Д.Гэс 7,500,000 төгрөгийг гаргуулж Г.Ат олгож, Г.Аийн нэхэмжлэлийн энэ шаардлагаас үлдэх 8,103,295 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 235,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 134,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй, хэрэв шийдвэрийг эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА