Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/00954

 

 

 

 

 

 

 

 

 2022          10           20                                          001/ХТ2022/00954

 

“... ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                   

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01742 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1880 дугаар магадлалтай,                                                                                                                                   

“... ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“... ” ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг          

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “... ” ХХК нь хариуцагч “... ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01742 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “... ” ХХК-иас 15,500,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “... ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,450 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч “... ” ХХК-иас 235,450 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “... ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1880 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01742 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. “... ” ХХК нь “... ” ХХК-аас нийт 24,500,000 төгрөгийн үнэ бүхий нийтийн хоолны зориулалттай 8 нэр төрлийн тоног төхөөрөмжийг худалдан авч, төлбөрийн 9,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 15,500,000 төгрөгт буйдан нийлүүлэхээр тохиролцсон юм. Бид 9,000,000 төгрөгийг хугацаандаа төлж, харин 15,500,000 төгрөгт ногдох бүтээгдэхүүнийг “... ” ХХК-д нийлүүлсэн болно. Гэтэл тус компаниас бидний нийлүүлсэн бүтээгдэхүүнд гомдол гаргаж, мөнгөө бүтэн авна гэж маргасан болно. Үүнийг бид аль болох эвийн журмаар шийдвэрлэхийг хүсч хүсэлтээ тавьсан болно. Гэтэл шүүхэд биднийг огт бүтээгдэхүүн нийлүүлээгүй мэт, үүргээ биелүүлээгүй мэтээр нэхэмжлэл, тайлбараа гаргасан байсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд миний бие шүүх хурлаас 5 минут хоцорсон бөгөөд хэдийгээр хоцорсон ч гэсэн шүүх хуралдаанд ирсэн болно. Хэрэв би шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр огт ирээгүй бол миний эзгүйд хуралдахад гомдолгүй. Гэтэл шүүх хуралдааныг намайг хаалганы гадна байлгаж байгаад хянан хэлэлцсэнд гомдолтой байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.29-ний өдрийн 181/ШШ2020/01742 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.04-ний өдрийн 1880 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч “... ” ХХК нь хариуцагч “... ” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 15,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

6. Анхан шатны хариуцагч “... ” ХХК-иас 15,500,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “... ” ХХК-д олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхижээ. 

7. 2018.06.15-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч “... ” ХХК нь нийт 8 нэр төрлийн, 24,500,000 төгрөгийн үнэ бүхий үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хариуцагч “... ” ХХК-д худалдах, хариуцагч нь тоног төхөөрөмжийн үнэ 9,000,000 төгрөгийг бэлнээр төлөх, 15,500,000 төгрөгт 8 төрлийн буйдан хийж өгөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид 9,000,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

9. Хариуцагч “... ” ХХК нь нэхэмжлэгчид буйдан хийж өгөх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбар болон гэрч О.Гэрэлт-Одын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээний үлдэгдэл 15,500,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэн, хариуцагч “... ” ХХК-аас 15,500,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “... ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

10. Давж заалдах шатны шүүх “... хариуцагч “... ” ХХК нь нэхэмжлэгчид буйдан хийж өгсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, ...анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2020.01.31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, 2020.03.25-ны өдөр хариуцагчийн төлөөлөгчид эрх, үүргийг тайлбарлан, нэхэмжлэлийн хувийг гардуулсан, ...шүүх хуралдааны товыг мэдэгдэж, хэргийг 2020.06.29-ний өдөр шийдвэрлэсэн, ... хугацаанд хариуцагчийн төлөөлөгчид хэргийн материалыг танилцуулан, түүний өмгөөлүүлэх эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж зэргээр тогтоогдсон байх тул мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн байх тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...шүүх хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш бус байдлаар оролцуулсан, нэхэмжлэгчид буйдан хийж өгсөн боловч хүлээн аваагүй, ... хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хангахгүй.

11. Анхан болон давж заалдах шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01742 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1880 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 235,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАНЗРАГЧ        

                                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Н.БАЯРМАА

                                                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Д.ЦОЛМОН