Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/01004

 

“Ч х а” ХХК-ийн нэхэмжлэлтэй

         иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02721 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2054 дүгээр  магадлалтай,

“Ч х а” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“А”  ХХК холбогдох

“А”  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Шинэбаатарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ч х а” ХХК нь хариуцагч “А”  ХХК-д холбогдуулан “А”  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020.01.10-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02721 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д тус тус заасныг баримтлан “А”  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот хурлын тогтоолыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2054 дүгээр  магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02721 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Шинэбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Шүүхийн шийдвэр болон магадлалд “Б.Н-д хувьцаа эзэмшигчдийн хурлын тов мэдэгдээгүй” талаар дурдсан. Гэтэл хэргийн материалд хариуцагч “А”  ХХК-ийн 51 хувийг эзэмшигч “Х т” ХХК нь хувьцаа эзэмшигчийн хурлыг хуралдуулах тухай албан хүсэлтийг 2019 оны 10 сар, 2019.12.27-ны өдрүүдэд тус тус хүргүүлсэн ч нэхэмжлэгч талаас Компанийн тухай хуульд заасныг зөрчиж уг хүсэлтэд хариу ирүүлээгүй, энэ талаар шийдвэр гаргаагүй, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.7-д тус тус зааснаар “Хэн тун” ХХК-д хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг бие даан гаргах эрхтэй болох талаар шүүхээс дүгнээгүй, үнэлээгүй бөгөөд үйл баримт тодорхой бус гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлтэй.

4.2. Магадлалын Хянавал хэсэгт “нэхэмжлэгч “Ч х а” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Н болон хариуцагч “А”  ХХК-ийн гүйцэтгэх удирдлага асан Б.Н гэж” 2 өөр хүн мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй, зүй нь нэг хүн юм. Ямар байгууллагын зүгээс хувьцаа эзэмшигчдийн хурлын талаар мэдсэн нь биш, харин хурал товлосон, эсхүл товлохыг шаардсан талаар тухайн үедээ мэдсэн нь хэрэгт ач холбогдолтой. Энэ талаар “Ч х а” ХХК-аас “Х т” ХХК-д ирүүлсэн 2020.01.09-ний өдрийн 06/20 тоот хариу нотлох баримтаар авагдсан байхад шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, дүгнээгүй.

4.3. Мөн магадлалын Хянавал хэсэгт “хариуцагчийн зүгээс шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж өгөөгүй нь уг хүсэлтийг хангахгүй орхих үндэслэл болсон” мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан  хүсэлтийг амаар эсхүл бичгээр гаргах хэлбэрийн шаардлага тавигдаагүй байхад шүүхээс уг хүсэлтийг хангахгүй орхисон нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, гэрч асуулгах тухай хүсэлтээсээ нэхэмжлэгч татгалзсан гэх үндэслэлээр хариуцагчийн гэрч асуулгах хүсэлтийг хангахгүй орхисон нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үйл баримтыг нотлуулах боломжоор хангаагүй, нэхэмжлэгч талд давуу эрх олгосноор зохигчийн эрх тэгш байдал алдагдаж,  хэргийг хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн нь тодорхой харагдана. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч “Ч х а” ХХК-аас хариуцагч “А”  ХХК-д холбогдуулан “А”  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020.01.10-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Шинэбаатар шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч, нэхэмжлэгч “Ч х а” ХХК-ийн төлөөлөгч Б.Н нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг, мөн хариуцагч “А”  ХХК-ийн төлөөлөгч Ли Ганг нэхэмжлэгчийн хүсэлтийг дэмжиж байгаа тайлбараа шүүхэд ирүүлжээ.

8. Хүсэлтэд “…хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулахаар хандсан нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч тал бүрэн татгалзаж байна.” гэжээ.

9. Нэхэмжлэгч “Ч х а” ХХК-ийн төлөөлөгч Б.Н-гийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлт нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

10.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заажээ.

11. Иймд шүүх бүрэлдэхүүн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02721 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2054 дүгээр  магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч “А”  ХХК-д холбогдох “А”  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Ч х а” ХХК (төлөөлөгч Б.Н) татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                

 

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                               ШҮҮГЧИД                                               Г.БАНЗРАГЧ

                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                      Д.ЦОЛМОН

                                                              Х.ЭРДЭНЭСУВД