Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2020/02439

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: У У Х Ү Я -ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Г Р  ХХК -д  холбогдох

 

Геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж 584,785,038 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Санчигдорж, Т.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У У Х Ү Я ашигт малтмалын газар нь 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Г Р  ХХК-тай Геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, Баянхонгор аймгийн Жинст, Баацагаан, Баян-Овоо, Өлзийт сумдын нутагт орших Жинстийн 3610,11 кв.км талбайд 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг нийт 634,785,038 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон.

Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт гэрээний нийт дүн 634,785,038 төгрөг байна. Үүнээс төвлөрсөн төсвөөс 2012 онд 93,249,591 төгрөг, 2013 онд 342,714,082 төгрөг, 2014 онд 187,205,365 төгрөг, 2015 онд 11,616,000 төгрөг гэж заасны дагуу яам төсвөөс 584,785,038.00 төгрөгийг гаргуулж, Г Р  ХХК-ийн данс руу шилжүүлсэн.

Гэвч Г Р  ХХК-ийн зүгээс гэрээт ажил болох Жинстийн 3610,11 кв.км талбайд 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг одоог хүртэл гүйцэтгээгүй, ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгөөгүй.

У У Х Ү Я ны 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 06/638 тоот албан бичгээр Г Р  ХХК-ийн захирал Т.Халиунд ажил гүйцэтгэх нэмэлт хугацааг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоож, ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн хүлээлгэн өгөхийг шаардсан боловч хариуцагчийн зүгээс ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, гэрээний ноцтой зөрчил гаргасан.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Г Р  ХХК-тай байгуулсан, геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 584,785,038.00 төгрөгийг буцаан шаардаж байна.

Иймд Г Р  ХХК-аас 584,785,038 төгрөгийг гаргуулж, Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яаманд олгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Уул уурхайн яамны нэхэмжлэлээр тус компанийг хариуцагчаар шүүхэд дуудсан талаарх бичгийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн байна.

Бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь нэгэнт хийгдсэн ажлын дагуу гүйцэтгэлээр санхүүжилт хийгдэж байсан. Иймэс шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд холбогдох нотлох баримтыг гаргаж өгнө” гэжээ.

 

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У У Х Ү Я  нь хариуцагч Г С ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 584,785,038 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

 Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Г Р  ХХК нарын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх” гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Баянхонгор аймгийн Жинст, Баацагаан, Баян-Овоо, Өлзийт сумын нутаг дэвсгэрт орших Жинстийн 3610,11 кв.км талбайд 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг гүйцэтгэх, хариуцагч нь 634,785,038 төгрөгийн санхүүжилтийг олгохоор тохиролцож гэрээ байгуулжээ.

 

Дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хамаарч байх бөгөөд дээрх гэрээний төлбөрт нийт 584,785,038 төгрөг төлсөн болох нь баримтаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Хариуцагч нь анх гэрээний дагуу ажлыг гүйцэтгэж, гүйцэтгэлээр санхүүжилтийг олгож байсан ба уг геологийн судалгааны тайлангаа эрдэс баялгийн зөвлөлөөр баталгаажуулаагүй, ажлын үр дүнг захиалагч талд хүлээлгэн өгөөгүй” гэж, хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “ажлыг хийж гүйцэтгэсэн” гэж тус тус тайлбарласан.

 

Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2017 оны 03 дугаар сарны 22-ны өдрийн 06/638 дугаартай албан бичгээр “Жинст-50 төслийн үр дүнгийн тайланг 2017 оны 05 дугаар сарын 15-ны дотор Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн холбогдох байгууллагад хүлээлгэн өгөх, тогтоосон хугацаанд төслийн үр дүнгийн тайланг хэлэлцүүлээгүй тохиолдолд зөвлөх үйлчилгээний гэрээг цуцалж, төсөлд зарцуулсан 584,785,038 төгрөгийг нэхэмжлэх болохыг мэдэгдэж байна” гэж дурьдаж, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гардуулан өгсөн байна.

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 899 тоот шүүхийн шийдвэрээр хариуцагч Г Р  ХХК-ийн хаягийг олж тогтоосон байна.

 

Талуудын хооронд гэрээний хугацааг У У Х Ү Я –ны 2017 оны 03 дугаар сарны 22-ны өдрийн 06/638 дугаартай албан бичигт дурьдсанаар 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан гэж үзэх тул уг өдрөөс хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолсон болно.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь ажлыг гүйцэтгэсэн, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх хугацаанд нотлох баримт гаргаж өгнө гэж тайлбарласан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлыг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6-д зааснаар ажлыг хугацаанд нь гүйцэтгэх, ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэв.

 

Иймд хариуцагч Г Р  ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 584,785,038 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  У У Х Ү Я анд олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Г Р  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярмаа нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 08 цаг 30 минутанд зарлагдсан шүүх хуралдааны товтой 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр биечлэн танилцаж, гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Г Р  ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 584,785,038 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  У У Х Ү Я анд олгосугай.

 

2. Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Г Р  ХХК-аас 3,081,875 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР