Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 919

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                              

Нэхэмжпэгч:  овогт Ц.И ийн нэхэмжлэлтэй,                                                                                           Хариуцагч: Төрийн банк ХХК-ийн Баянхонгор аймаг дахь салбарт холбогдох            Хадгаламжийн хүүгийн зөрүү 2.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.                                                                                                                                     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.И , хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Ганхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Номингоо нар оролцов.                                                                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:          

Нэхэмжлэгч Ц.И  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:                              

Миний бие 1964 онд төрсөн 56 настай. Ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10-р багийн Шинэ төгөл-131-т амьдардаг. 33 жил төрийн албанд ажилласан энэ хугацаанд ямар нэг хууль зөрчсөн зүйл гаргаж ял шийтгэл хүлээж байгаагүй.Төрийн захиргааны тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медиаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан. Одоо Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байна. Би 2018 оны 05-р сарын 23-ны өдөр Төрийн банкны Баянхонгор аймаг дахь салбарт хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулсан юм. Жилийн дараа 2019 оны 05 сарын 23-ны өдрийн өглөө ажилдаа гарахын өмнө эхнэр Д.Энхсайхан хугацаатай хадгаламжийн чинь хугацаа өнөөдрөөр дуусаж байгаа юм байна мөнгө авах хэрэггүй чи очоод нэг жилээр сунгуулчих гэсэн. Ингээд би үдээс хойш Төрийн банк дээр очоод теллерт нь “миний хадгаламжийг нэг жилээр сунгаад өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан “сунгачихлаа” гээд миний дэвтрийг буцааж өгсөн.   Гэтэл 2020 онд дахин сунгуулаад хүү бодуултал бүтэн жилийн турш хугацаагүй хадгаламжийн хүү бодож хүүгийн зөрүү 2,0 сая төгрөгөөр хохироожээ.                 

2018 оны 5-р сарын 23-ны өдрийн дугаар 232100645361 гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т гэрээний хугацаа дуусахад талуудын аль нэг нь гэрээ цуцлах хүсэлтээ гаргаагүй бол уг гэрээг энэхүү гэрээний 2.12-т заасан удаагаар цаашид үргэлжлүүлэн сунгана..гэж заасан гэтэл миний бие өөрийн биеэр очоод энэ хадгаламжийн хугацааг нэг жилээр сунгаад өгөөч ээ гэж хүсэлт тавиад байхад сунгаж өгсөнгүй.

Мөн гэрээний дөрөв дүгээр зүйлийн / банкны эрх.үүрэг/ 4.2-т өөрийн буруутай үйлдлийн улмаас данс эзэмшигчдэд учруулсан хохирлыг нотлогдсон хэмжээгээр хариуцан нөхөн төлнө гэж заасны дагуу хугацаатай хадгаламжийн хүүний зөрүү болох 2,0 сая төгрөгийг Төрийн банкны Баянхонгор дахь салбараас гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү...гэжээ.                                                                                                            Нэхэмжлэгч Ц.И  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:                                Миний бие нь Төрийн банк ХХК-ийн Баянхонгор тооцооны төвд 2018 оны 05 сарын 23-ны өдөр 5.000.000 сая төгрөгийг 1 жилийн хугацаагаар хугацаатай хадгаламж нээлгэн хадгалуулсан. Ингээд 2019 оны 05 сарын 23-ны өдөр хүртэл буюу 1 жилийн хугацаанд орлого нэмж хийсээр мөн өдрөө Төрийн банкны теллерт хандан хугацаатай хадгаламжийн хугацааг 1 жилээр сунгуулах хүсэлт гаргасан.         Би хугацаатай хадгаламжийн хугацааг сунгачихлаа гэж бодсон. Дараа нь 2020 оны 05 сарын 23-ны өдөр хугацаатай хадгаламжаа дахин 1 жилээр сунгуулан хүүг нь бодуулахад миний 2019 оны 05 сарын 23-ны өдрийн гэрээний сунгалтыг хийгээгүй, хугацаагүй хадгаламжийн хүүгээр хүүг бодсон байсан. Ингээд би уг асуудлыг мэдээд Төрийн банкны нягтлан бодогч дээр орж хүүгийн зөрүүг бодуулахад 2.000.000 төгрөгийн зөрүү байсан. 2020 оны 05 сарын байдлаар миний хугацаатай хадгаламжинд 35.503.887 төгрөг байгаа юм.                                                    Би дээрх хугацаанд 25.500.000 төгрөгийн орлого нэмж, хүүгийн орлого бас орсон  байсан юм. Энэ хугацаанд би хадгаламжаасаа огт мөнгө аваагүй, ингэсэн атлаа хадгаламжийн хугацаагаа хугацаагүй болгох ямар ч шаардлага байхгүй.          Миний мөнгийг Төрийн банк энэ хугацаанд ашиглаж, ашиг олж л байсан байх.       Иймд хадгаламжийн хүү 2.000.000 төгрөг гаргуулж өгнө үү.                   Хариуцагч тал хүүний зөрүү 2 сая төгрөг болж байгааг тухайн байгууллагын нягтлан бодогч өөрөө бодсон, хариуцагчийн төлөөлөгч энэ дүн дээр маргахгүй байгаа тул мэргэжлийн шинжээч томилуулах шаардлагагүй..гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Ганхүү шүүхэд гаргасан тайлбартаа:                 Төрийн банкны Баянхонгор салбарын харилцагч Ц.И  нь 2018 оны 05 сарын 23-ны өдөр Төрийн банкны Баянхонгор салбарт өөрийн биеэр ирж 370 хоногийн хугацаатай малчны хадгаламжийн данс нээлгэсэн. Гэрээнд заасан нөхцөлийн дагуу 2019 оны 05 сарын 28-ны өдөр тус хадгаламжийн хугацаа дууссан бөгөөд авто сунгалт хийх заалт байхгүй. Мөн харилцагч гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2019 оны 05 сарын 28-ны өдөр өөрийн биеэр ирж бичгээр хүсэлт гаргаагүй тул сунгагдаагүй болно. Харилцагч Ц.И  нь Төрийн банкинд 2019 оны 05 сарын 23-ны өдөр ирж хадгаламжийн хугацаа сунгалт болон хадгаламжийн хүүний зөрүүтэй холбоотой өргөдөл гаргасан. Тус өргөдлийг үндэслэн шалгаж үзэхэд 1. Банкинд бичгээр гаргасан хүсэлт байхгүй. 2. Банкны программд гүйлгээ хийгдсэн нотлох баримт буюу гарын үсэг зурсан баримт байхгүй. 3. Банк, харилцагч 2 талын гэрээ байгуулсан зүйл байхгүй. 4. Банк гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2019 оны 05 сарын 23-ны өдөр урьдчилж хугацаа сунгах боломж байхгүй юм.         Мөн Төрийн банкны Баянхонгор салбарын зүгээс Төв Төрийн банкны Дотоод хяналт шалгалтын газраар программын түвшинд 2019 оны 05 сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 сарын 31-ний хооронд санхүү бус гүйлгээг шалгуулсан бөгөөд 2019 оны 05 сарын 23-ны өдрийн 16 цаг 17 минутанд Баянхонгор салбарын 6155 дугаартай теллер Л.Буянхишиг нь дансны дэвтэр хэвлэх, мэдээлэл авах үйлчилгээ хийсэн хандалт байна. Гүйлгээний ажилтны зүгээс тус хадгаламжийн дансны үлдэгдэл лавлах, хадгаламжийн хугацаа сунгах, хандалт хийгээгүй болох нь программын түвшинд болон бусад холбогдох баримтуудыг шалгаж үзэхэд нотлогдож байгаа болно..гэжээ.                                                                                                                     Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Ганхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:                                                                                                                                                 Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа. Эвлэрэх боломжгүй. Ц.И  нь 2018 оны 05 сарын 23-ны өдөр манай банкинд малчны 1 жилийн хугацаатай хадгаламж нээлгэсэн байдаг юм. Ингээд 2020 оны 05 сард харилцагч Ц.И  нь хугацаатай хадгаламжийн хүү дутуу бодсон үндэслэлээр гомдол гаргасныг хянахад тэрээр хадгаламжийн хугацаа сунгах хүсэлт гараагүй, теллерээс программд хугацаа сунгах хандалт хийгээгүй байсан. Манай байгууллага Төрийн банкны дээд шатандаа хүртэл хандсан боловч дээрх 2 сая төгрөгийг нөхөн гаргуулах боломжгүй байгаа юм.                                                                                                                                                 Харилцагч нь 2018 оны 05 сарын 23-ны өдрөөс 2019 оны 05 сарын 23-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаанд хадгаламжийн дансандаа орлого нэмж байсан.                    Манай байгууллагын нягтлан бодогчоос мөн хугацааны орлогонд ногдох хугацаатай хадгаламжийн хүүг, хугацаагүй хадгаламжийн хүүтэй харьцуулан хүүний зөрүүг 2.000.000 төгрөг гэж тогтоосон бол энэ мөнгөн дүн дээр маргах юм алга, шинжээч томилуулах шаардлага байхгүй..гэв.                                                                      Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэл, тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.И  нь Төрийн банк ХХК-ийн Баянхонгор аймаг дахь салбарт холбогдуулан хадгаламжийн хүүгийн зөрүү 2.000.000 төгрөг гаргуулахыг хүсэн шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.                                  Нэхэмжлэгч  Ц.И  нь 2018 оны 05 сарын 23-ны өдөр Төрийн банк ХХК-ийн Баянхонгор салбартай 232100645361 дугаартай хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулан 5.000.000 сая төгрөгийг жилийн 13.60 хувийн хүүтэй байгуулж хугацааны дундуур 2019 оны 05 сарын 23-ны өдөр хүртэл 25.000.000 төгрөг, 2020 оны 05 сарын 21-ний өдөр хүртэл 500000 төгрөгийг тус тус нэмж хадгалуулсан байна.                                                                                                                      Улмаар хадгаламжийн 2019 оны 05 сарын 23-ны өдрөөс 2020 оны 05 сарын 23-ны өдөр хүртэл 1 жилийн хугацааг хариуцагч байгууллагаас сунгахдаа хугацаатай хадгаламжийн гэрээгээр бус хугацаагүй хадгаламжийн гэрээгээр сунгаж, хүүг хугацаагүй хадгаламжийн гэрээний хүүгээр бууруулан тооцож, хадгаламжийн хүүний зөрүү 2.000.000 төгрөгөөр хохироосон гэж нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бол хариуцагч байгууллага нь “Харилцагч Ц.И  нь 2019 оны 05 сарын 23-ны өдөр тус банкинд хандахдаа “Дансны дэвтэр хэвлэх, мэдээлэл авах” үйлчилгээ авсан, хугацаатай хадгаламжийн хугацаа сунгах хүсэлт бичгээр гаргаж, гэрээ хийгээгүй” тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэж татгалзлалаа тайлбарлажээ.                                                                                                               Үйл баримтаар зохигчид Иргэний хуулийн 454 дүгээр зүйлд заасан мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулсан, гэрээгээр хариуцагч Төрийн банк ХХК нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээсэн байх тул нэхэмжлэгч нь уг зүйл, хэсэгт зааснаар мөнгөн хадгаламжийг хүүгийн хамт хадгалуулагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.                                                                                                                                                       Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдын шүүх хурал дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.                                                                                                         Нэхэмжлэгч Ц.И  нь 2018 оны 05 сарын 23-ны өдөр Төрийн банк ХХК-ийн Баянхонгор салбартай 232100645361 дугаартай хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулан 5.000.000 сая төгрөгийг жилийн 13.60 хувийн хүүтэй 1 жилийн хугацаанд байгуулж хугацааны дундуур 2019 оны 05 сарын 23-ны өдөр хүртэл 25.000.000 төгрөг, 2020 оны 05 сарын 21-ний өдөр хүртэл 500000 төгрөгийг тус тус нэмж хадгалуулсан болох нь 232100645361 дугаартай Ц.И ийн Төрийн банкин дахь харилцах дансны мэдээлэл, 02018240 дугаартай Төрийн банкны хадгаламжийн дэвтэр, 2018 оны 05 сарын 23-ны өдрийн хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ зэргээр тогтоогдсон байна.                                                                                   Улмаар 2018 оны 05 сарын 23-ны өдрөөс 2019 оны 05 сарын 23-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаанд Төрийн банк ХХК нь Ц.И ийн хугацаатай хадгаламжийн хүүнд 2823432 төгрөгийг олгож, 2019 оны 05 сарын 28-ны өдөр хугацаа дуусаж бүтээгдэхүүнийг солисон болох нь 232100645361 дугаартай дансны мэдээллээр нотлогджээ.                                                                                                   Түүнчлэн Төрийн банк ХХК нь Ц.И ийн хадгаламжийн хүүнд 2019 оны 05 сарын 23-ны өдрөөс 2020 оны 05 сарын 21-ний өдөр хүртэл 2119825 төгрөгийн хүү олгосон байна.                                                                                                                                   Мөн шүүх хуралдаанд оролцсон хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа “Нэхэмжлэгчийн хүүний зөрүү гэх 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүн дээр маргах зүйл байхгүй” гэснийг дурдах нь зүйтэй байна.          Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй бөгөөд 2018-2019 оны 1 жилийн хугацаатай хадгаламжийн гэрээний хүүнд хариуцагч тал 2823432 төгрөг төлж байсан, үүнд 2018 оны 05 сарын 23-наас 2018 оны 10 сарын 12-ны өдөр хүртэл 5 сая төгрөгөнд, 2018 оны 12 сарын 19-ний өдрөөс хойш 30 сая төгрөгөнд тус тус хүү бодсон бол 2019-2020 оны бүтэн жилийн хадгаламжийн хүүний төлбөрт 2119825 төгрөг төлсөн байдлаас дүгнэвэл хариуцагч тал нь нэхэмжлэгч талын тухайн жилийн хадгаламжийн хүүг 2.000.000 төгрөгөөр бууруулан тооцсон гэх үндэслэл тогтоогдож байна.                                                                         Хариуцагч талаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь 2019 оны 05 сарын 23-ны өдөр хугацаатай хадгаламжийн хугацааг сунгах хүсэлтээ бичгээр ирүүлээгүй, гэрээ байгуулаагүй тул хугацаатай хадгаламжийн гэрээний хугацааг мөн удаагаар сунгасан гэж үзэхгүй хэмээн татгалзлалаа тайлбарлаж байгаа боловч энэ байдал нь 2018 оны 05 сарын 23-ны өдрийн 232100645361 дугаар гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.3-д заасан “Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол банк уг хугацаа дууссаны дараа хадгалуулагчийн анхны шаардлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх бөгөөд гэрээнд заасан хугацаа дууссан боловч хадгалуулагч мөнгөө буцаан авах шаардлага тавиагүй бол уг гэрээг цаашид тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно”..455.4-д Тодорхой хугацаагаар байгуулсан гэрээг банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас нь өмнө цуцлах эрхгүй..гэсэн гэрээний болон хуулийн зүйл заалтуудаар тус тус няцаагдаж байна.                                                                                                 Иймд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Төрийн банк ХХК-ийн Баянхонгор салбараас хугацаатай хадгаламжийн хүү 2.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.И өд олгож шийдвэрлэлээ.                                                                                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно.     Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө....гэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 46950 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төрийн банк ХХК-ийн Баянхонгор салбараас 46950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.И өд олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:  

1. Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасныг баримтлан Төрийн банк ХХК-ийн Баянхонгор салбараас хугацаатай хадгаламжийн хүү 2.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.И өд олгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.И ийн нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төрийн банк ХХК-ийн Баянхонгор салбараас улсын тэмдэгтийн хураамж 46950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.И өд олгосугай.                                                                                                   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.                                                                               

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.