Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2017/0569

 

2017 оны 07 сарын 20 өдөр Дугаар 128/ШШ2017/0569 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: С.У*******

Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ...Г******* аймаг дахь Политехник коллежийн захирлын 2016 онд төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг 59.8 оноо буюу F дүгнэсэн үнэлгээг буруу болохыг тогтоож, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн С.У*******ыг ажлаас чөлөөлөх тухай Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажиллаж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу тооцон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.У*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.О******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.У******* шүүхэд гаргасан нэхэмжлэл буюу 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С.У******* миний бие Г******* аймгийн Политехникийн коллежийн захирлаар ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 03-нд ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Энэ тушаалыг 2017 оны 01 дүгээр сарын 07 буюу хагас сайн өдөр мэдсэн. Энэ тушаалыг мэдэхэд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга ажлын хэсэгтэйгээ ирж ажлаа хүлээлгэж өг гэсэн шаардлагыг тавьсан. Тухайн үед би тушаалыг хүлээж авлаа, үнэлгээг хүлээж авахгүй, цааш нь явна гэдгээ хэлсэн байдаг. 59,8 буюу үнэлгээг надад урд нь мэдэгдсэн. Мэдэгдэхдээ тушаал гардаг өдөр буюу 01 дүгээр сарын 03-ны өдөр и-мэйл хаягаар ирүүлсэн. Түүн дээрээ 17:30 минутаас өмнө хариу ирүүлнэ үү гэсэн байсан. Тухайн үед цаг байхгүй байсан учраас и-мэйлээ явуулсан. Тухайн үед 16:16 минутад явуулсан. Энэ нотлох баримт хэргийн материалд хавсрагдсан. Би энэ тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэхээр үндсэн хоёр шалтгаан байна.

Нэгдүгээрт үр дүнгийн гэрээг 59.8 буюу F үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би анх үр дүнгийн гэрээг байгуулахдаа үр дүнгийн гэрээгээ 100 хувь сайн биелүүлнэ гэж өөртөө зорилго тавьж, үүнийхээ төлөө өдөр шөнөгүй маш их хичээж ажилласан. Жишээ нь зарим нэг ажлаас нь дурдвал, улсын аварга шалгаруулах тэмцээнийг манай сургууль анх удаа зохион байгуулж байсан. Тухайн үед хөдөлмөрийн сайд өөрөө очиж үзээд маш сайн зохион байгуулалтай сайн боллоо гэж байсан. Энэ арга хэмжээнд 700 гаруй хүмүүс оролцсон арга хэмжээ болсон. Мөн 2016-2017 оны хичээлийн жилд нийт Политехникийн коллежийн элсэлт харьцангуй муу байсан. Тэгэхэд манай сургууль 420 оюутан авахаас 401 оюутан буюу 97 хувийн элсэлт авч чадсан. Төсөв санхүү улс орон даяар хүнд байхад манай сургууль ганцаараа ямар нэг өр авлага байхгүйн дээр 48 сая төгрөгийн хэмнэлт хийж чадсан, санхүүгийн жилийг өнгөрөөж чадсан. Мөн гадаад харилцааны чиглэлээр манай сургуулийн 40 гаруй багш ажилчид мэргэжил дээшлүүлэх болон туршлага солилцох аялалд хамрагдсан. Монголд анх удаа цахим коллеж бий болгосон, ийм цахим коллеж бий болсноор олон ажил хийгдсэн. Үүний нэг нь анх удаа онлайн сургалтыг явуулснаараа давуу тал болсон. Энэ талаараа яаманд мэдэгдэхэд нээх чухалчлаагүй байсан. Тухайн үед би намайг халах гэж байгаа учраас ойшоохгүй байна гэдгийг мэдсэн боловч уг ажлыг дуусгасан.

Хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Намайг халахдаа 2012 оны 131 дүгээр тогтоолоор батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг үндэслэж халсан. Энэ заалтыг үндэслэж халахдаа надад хийсэн ажлаа тайлагнах боломж олгоогүй, илтгэх хуудас дээр надаар гарын үсэг зуруулаагүй, процессыг надад тайлбарлаагүй, миний оролцоог хангаагүй. Иймээс энэ асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Нэхэмжлэлээ бичгээр гаргасан байгаа гэв.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Н******* 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай үйлчлүүлэгч 2016 онд Хөдөлмөрийн сайдаар н.Баярсайхан байхад Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү гэрээг үнэлсэн үнэлгээний үйл ажиллагааг хууль бус гэж үзэж байгаа. Энэ гэрээний хувьд бүтэн жилийн хугацаанд байгуулаад тухайн гэрээнд заасан хугацаагаар үнэлдэг. Ингэж үнэлэхдээ тухайн гэрээнд заасан биелэлтээр үнэлдэг. Ингэж үнэлэхдээ Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 131 дүгээр тогтоолоор батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг баримталж энэ тушаалыг гаргасан. Ингэж гаргахдаа 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт буюу F үнэлчихсэн тохиолдолд төрийн албанаас халах буюу сахилгын шийтгэл ногдуулах гэсэн хэсэг дэх заалтыг үндэслэж ажлаас халсан. Нэгэнт энэ журмаа үндэслэж байгаа бол бусад заалтуудаа бас хэрэглэх ёстой. Энэ журмын 6 дугаар зүйлийн 6.7 заасан талууд гарын үсэг зурж тамга тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болох ёстой. Хавтаст хэрэгт байгаа илтгэх хуудаст Хөдөлмөрийн сайд Н.Н******* гэсэн гарын үсэг байгаа. Энэ дээр С.У*******ын гарын үсэг, Политехникийн коллежийн тэмдэг дарагдаагүй. Иймээс уг илтгэх хуудас хүчин төгөлдөр болоогүй.

Энэ журмын 6 дугаар зүйлийн 6.5-д заасан ажиллагааг огт хийхгүй байгаа. Төсвийн шууд захирагч төсвийн ерөнхийлөн захирагчтай өгсөн үүрэг даалгаврын талаар санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзэн гэж заасан. Энэ тохиолдолд үнэлгээтэй холбоотой мэдээлэл С.У*******т хүргүүлсэн буцаад 17:30 минутад хариу ирүүл гэсэн буцаад 17.30 минутын дотор хариу өгсөн. Үүнтэй холбоотой мэдээлэл хэрэгт авагдсан байна. Өөрөөр хэлбэл тухайн үнэлгээ 59.8 буюу 0,2 оноо дутуу байгаа. Гэхдээ бусад аймгуудын Политехникийн коллежуудад өгсөн үнэлгээтэй харьцуулж үзэх юм бол энэ үнэлгээнд яагаад ч сэтгэл ханамжтай байх боломжгүй. Энэ нөхцөлөөр хариу тайлбараа ирүүлэхэд уг журмын 6.5-т заасан заалтыг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл үнэлж дүгнэх ажиллагааг зохион байгуулахдаа журмын 6.2-т заасан мэдээлэлд үндэслэх ёстой. 6.2-т Гэрээний биелэлтийг дүгнэж баталгаажуулах талаар байгаа. Гэрээний биелэлтийг дүгнэхдээ төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагчтай ярилцлага хийх буюу 6.1-д заасан ажиллагааг хийнэ. Өөрөөр хэлбэл хурлын тэмдэглэл дээр ажлын хэсэг ажиллаж гэрээний үнэлгээ өгнө. Үнэлэхдээ Политехникийн коллежуудын захирлууд буюу гэрээний эсрэг талын субъект байхгүй байсан. Ярилцлага хийнэ гэдэг тухайн үнэлгээтэй холбоотой ажилтай холбоотой юмыг асууж тодруулах ач холбогдолтой. Энэ тайлбарыг хийх зорилгоор энэ журмаар ярилцлага хийнэ гэж зааж өгсөн гэтэл энэ ярилцлага хийнэ гэсэн боломжийг хангаагүй. Ажлын хэсгийн тушаал байгаа. Ирүүлсэн үр дүнгийн биелэлт дээр нь үндэслээд хурал нь хийгдээд, хуралд оролцсон иргэд 5-6 хүн гарын үсэг зурсан байсан. Журмын 6.2-т төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг үнэлэхдээ дор дурдсан мэдээллийг үндэслэн гэж байгаа. Юу үндэслэсэн гэхээр гэрээний биелэлт буюу тайлан л байгаа. Юу байх ёстой юм гэхээр Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйл буюу 51 дүгээр зүйлд заасны дагуу ирүүлсэн тухайн төсвийн байгууллагын Санхүүгийн мэдээ тайлан байх ёстой. Ийм мэдээ тайланд дүгнэлт хийсэн талаар тухайн хурлын тэмдэглэл байхгүй. Хавтаст хэрэгт ирүүлээгүй. Гэрээний биелэлтийн талаар тухайн төсвийн шууд захирагчийн хагас бүтэн жилээр ирүүлсэн тайлан биелүүлсэн явц, үр дүнг дүгнэхэд шаардлагатай бусад мэдээлэл, баримт бичиг байхгүй. Тэр гэрээний биелэлтээс өөр юу байгаа нь мэдэгдэхгүй. Гэрээний биелэлтийн явцад хийсэн болон хяналт шинжилгээний явцад хийсэн үр дүн болон үнэлгээний талаарх мэдээлэл. Энэ үнэлгээний талаарх мэдээлэл гэнэт гараад л тэр нь тэр өдрөө бараг шийдвэр нь гарсан. Шийдвэр нь танилцуулагдсан эсэх нь мэдэгдэхгүй тушаал нь гарсан. Бараг 07 дугаар сарын 03-нд гэрээний нэг талд цахим хаягаар өгөөд гаргачихсан. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу төсвийн үр дүнг сайжруулах хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагчид өгсөн үйлийн биелэлт гэж байгаа. Бусад холбогдох мэдээлэл гэсэн журмын 6.2-т заасан 1-6 хүртэл дараалал бүхий материалыг үндэслэж энэ үнэлгээг гаргах байсан. Гэтэл явуулсан тайланг үндэслээд тэр тайлантай холбоотой ямар ч тайлбар хийх боломжгүй тушаалыг нь гаргачихсан. Энэ тайлбар хийх боломж нь журмын 6.5-аар зохицуулагдаж байгаа. Энэ дээр дүгнээд албажуулж Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Н.Н******* гарын үсэг зурж тамга дарсан. Ингэснээр хүчин төгөлдөр болох боломж бүрдээгүй. Өөрөөр хэлбэл гэрээний нөгөө тал гарын үсэг зурж тамга дарснаар хүчин төгөлдөр болох ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн буюу төсвийн шууд захирагчийн эрхийг хангахгүйгээр хийсэн үйл ажиллагааг хууль бус гэж үзэж байна. Эрхээ хамгаалах боломжоор хангана гэдэг нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрхээс гадна тухайн байгууллагын үйл ажиллагааны үзүүлэлт байдаг. Иймээс энэ эрхийг хамгаалахаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл 58.9 үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Цаана нь тухайн хамт олны хөдөлмөр зүтгэлийг үгүйсгэж байгаа. Нэгэнт хууль бус үйл ажиллагаанд үндэслэж гаргасан Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын тушаал хууль бус. Энэ тушаал үндэслэлийн хувьд ч, шаардлагын хувьд ч хууль бус юм. Энэ тушаал нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, тушаалын үндэслэх хэсэгт Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.2 Төрийн албаны зөвлөлийн 131 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 7.1 дэх заалтыг тус тус үндэслэж тушаах нь гэсэн байна.

Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг тус тус баримтлан их хэмжээний арга хэмжээг хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж өгөх хэрэгтэй. Энд ямар хууль орж байгаа вэ гэхээр Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль гэсэн 3 нь хууль орж ирж байгаа. Энэ гурван хуулийн холбогдох заалтыг хэрэглэгдэх ёстой.

Төрийн албаны тухай хууль хэрэглэгдэх эсэхийг хянах ёстой. Төрийн албаны тухай хуульд төрийн бүх албан хаагч хамаатай голчлон төрийн жинхэнэ албан хаагч хамаардаг. Эндээс үйлчилгээний албан хаагчтай холбоотой зохих заалтыг үндэслэх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн ажлаас халахтай холбоотой заалт хэрэглэгдэх ёстой.Ингэж хэрэглэгдэхдээ Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Төрийн үйлчилгээний албан хаагчтай холбоотой хэсэг байж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5, 131 дүгээр зүйлийн 131.4.3 гэсэн заалтууд биелэгдэх ёстой. 40 дүгээр зүйлийн 40.1.2 Ур чадварын хувьд тэнцэхгүй байх нь тогтоогдож байвал энэ заалт хэрэглэгдэх ёстой. Хэрэв энэ заалт хэрэглэгдэх бол 40 дүгээр зүйлийн 40.5 давхар хэрэглэгдэнэ. 40 дүгээр зүйлийн 40.5-д хэрэв энэ заалтаар хүнийг халах гэж байгаа бол 30 хоногийн өмнө мэдэгдэнэ гэж байгаа. Энэ ажиллагаа хийгдээгүй. Энэ бол захиргааны акт нэгдүгээр үнэлгээ өгөх үйл ажиллагаа, хоёрдугаарт тус тушаал гарсан 2017 оны 01 сарын 03-ны өдрийн Захиргааны акт гарсан. Энэ акт өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасан шаардлагыг хангах ёстой. Энэ шаардлагыг хангахын тулд захиргааны акт гарахын өмнөх үйл ажиллагаа хийгдэх ёстой. Энэ хоёр шийдвэр хоёулаа энэ ажиллагаа хийгдээгүй. Үйл ажиллагаа буюу илтгэх хуудас гаргах ажиллагаа ч бас хийгдээгүй. Энэ нь шийдвэр гарах үндэслэл үүсээгүй ингэж гарсан болохоор энэ шийдвэр хууль бус шүүхээс үүнийг хүчин төгөлдөр бусад тооцох ёстой. Тиймээс Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын тушаал нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. С.Ууганбаатрыг ажилгүй байсан цалин хөлсийг эргүүлэн олгож ажиллаж байсан албан тушаалд нь эргүүлэн томилуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, үүнтэй холбоотой эрхийг хангаж өгнө үү гэв.

3.Хариуцагч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р******* 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эхний шаардлага нь үр дүнгийн гэрээний үнэлгээг дүгнэсэн үйл ажиллагааг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаа энэ нь захиргааны акт биш тиймээс 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Энэ тушаалын хууль зүйн үндэслэл нь 59.8 F үнэлгээ буюу хангалтгүй үнэлгээ авсан гэдэг утгаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Үүнийг нэхэмжлэгч өөрөө болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч хангалттай ойлгож байна. Өөрөөр хэлбэл тухайн актын чиглэсэн этгээдийг хууль зүйн ямар үндэслэлээр халчихсан нь хангалттай тодорхой ойлгомжтой байна.

Хууль хэрэглээний хувьд хэрэглэх ёсгүй хууль хэрэглэж байна гээд байгаа. Захиргааны хэм хэмжээ тогтоосон заалтыг үндэслэх ёсгүй, хуулийг үндэслэх ёстой гэж хэлж байх шиг байна. Хууль гэж яг юуг ойлгож байгаа юм бэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн тайлбар дээр байна. Хууль гэдэг ойлголтын цаана зөвхөн улсын их хурлаас баталсан хуулийг ойлгохгүй. Үүний дагуу Улсын их хурал болон бусад эрх зүйн хэм хэмжээний актыг хэрэглэж байна гэсэн тайлбар байгаа. Өөрөөр хэлбэл журмын 7.2 дахь заалт хуульд үндэслэсэн. Төрийн албаны зөвлөлөөс гаргасан захиргааны хэм хэмжээний шийдвэр байдаг.

Төсвийн ерөнхийлөн захирагч нь Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд, сайдаас гэрээг үнэлээд тамга тэмдгээ дараад баталгаажсан байгаа. Энэ хүнд төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, албажуулах эрх хэмжээ нь байдаг. Энэ эрх хэмжээнийхэн дагуу хийгдсэн ажиллагаа. Ярилцлага хийгээгүй байна бусад 6.5-д заасан үйл ажиллагаа хийгээгүй байна гэдэг тайлбар үндэслэлгүй, үр дүнгийн гэрээг үнэлэхдээ ийм ийм ажиллагааг хийнэ гэдгийг ажлын хэсэг гаргаад холбогдох оноонуудыг тавьж сайдад танилцуулсан. Үүнийг нь сайд зөвшөөрөөд үнэлсэн. Энэ дээр төсвийн зардал бусад санхүүгийн тайлан гэх мэтийг үндэслээгүй гэдэг тайлбар үндэслэлгүй. Нөгөө талаас нэхэмжлэгч үр дүнгийн гэрээний тайлангаа төсвийн ерөнхийлөн захирагчид нотлох баримтын хамт тайлбараа ирүүлдэг үүрэгтэй. Төсвийн ерөнхийлөн захирагч ирээгүй тайлбар дээр үнэлгээ хийх боломжгүй. Энэ талаас нь бас шүүхээс харгалзана үзнэ үү. Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг хэлж байна. Энэ заалтууд бол хамааралгүй зүйл байдаг. Журмын 7.2-т заасан үндэслэлээр албан бичгийг чөлөөлсөн байгаа. Эцэст нь хэлэхэд нэхэмжлэлийн эхний шаардлага захиргааны акт биш учраас үүн дээр би тайлбар хэлээгүй, хэрэгсэхгүй болгоно гэдэгт итгэлтэй байна. Дээрээс нь өмнөх шүүхийн практикууд байгаад байна. Энэ дээр үнэлгээ өгөх процессыг захиргааны акт биш гэж үзсэн дээд шатны шүүхийн шийдвэрүүд байдаг. Үүнийг бас харгалзан үзнэ үү. Нэгэнт тушаал нь хууль зүйн үндэслэлтэй. Тиймээс нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.У******* нэхэмжлэлийн шаардлагаа Г******* аймаг дахь Политехникийн коллежийн захирлын 2016 онд төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг 59.8 оноо буюу F дүгнэсэн үнэлгээг буруу болохыг тогтоож, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн С.У*******ыг ажлаас чөлөөлөх тухай Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажиллаж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу тооцон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах гэж тодорхойлжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Г******* аймаг дахь Политехникийн коллежийн захирал С.У*******ыг төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан 2016 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж, F үнэлгээ авсан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч, ... Сайдын 2017 оны Б/07 дугаар тушаал Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ын 6.1, 6.7 дахь заалтуудыг зөрчсөн, Төсвийн ерөнхийлөн захирагчтэй байгуулсан Үр дүнгийн гэрээг-г үнэлсэн үнэлгээ нь үндэслэлгүй... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Нэхэмжлэгч С. У******* нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна: ... 16.4.18-д төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн. гэж зааснаар төсвийн шууд захирагч болохын хувьдмөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар төсвийн ерөнхийлөн захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг байна.

Төсвийн ерөнхийлөгч захирагч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Н******* Г******* аймаг дахь Политехникийн коллежийн захирлын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж F буюу хангалтгүй үнэлгээ өгсөн нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ. гэж заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч, төсвийн ерөнхийлөн захирагч нь 2016 оны оны төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээний илтгэх хуудас-нд дотоод аудитын өгсөн үнэлгээнээс багаар үнэлсэн гэх боловч гэрээг үнэлэх эрх нь дээр дурдсан хуулийн заалтын дагуу төсвийн ерөнхийлөгч захирагчид байна.

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно., 35 дугаар зүйлийн 35.1.5-д төрийн байгууллагын ажлын албаны төрийн жинхэнэ албан хаагчийн удирдлагатай холбогдсон үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, төрийн байгууллагын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох болон төрийн үйлчилээний чанар, хүртээмжид нийгмийн аудит хийх арга зүйг нэвтрүүлэх талаар зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх замаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх болон төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангах; гэж заасан эрхийнхээ дагуу Төрийн албаны зөвлөл 2012 оны 134 дүгээр тогтоолоор Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ыг /цаашид журам гэх/ баталжээ.

Хариуцагч цахим шуудангаар Төрийн албанаас халах шийдвэр гаргах болсон тухай мэдэгдсэнийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.5-д заасан сонсох ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. гэж заасныг зөрчин шууд захирагч болох нэхэмжлэгч С.У*******аас үнэлгээнд хариу тайлбар өгөх бодит хугацаа олголгүй цахим шуудан илгээсэн өдрөө 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б/07 тушаал гаргаж ажлаас чөлөөлжээ.

Мөн гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийх үүргээ хэрэгжүүлээгүй, үр дүнгийн гэрээ үнэлсэн үнэлгээтэйгээ нэхэмжлэгчийг бүрэн танилцуулж санал нийлээгүй асуудлаар тайлбар гаргах боломжоор хангаагүй нь журмын 6.1, 6.5-д заасныг тус тус зөрчсөн байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/07дугаар тушаалдаа журмын 7.1-д заасны дагуу үр дүнгийн гэрээний F үнэлгээг үндэслэсэн бөгөөд үр дүнгийн гэрээг үнэлсэн Илтгэх хуудас-нд төсвийн шууд захирагч, Политехникийн коллежийн захирал С.У******* гарын үсэг зураагүй тул дээрх үнэлгээ нь журмын 6.7-д Гэрээний биелэлтийг дүгнэх Илтгэх хуудас-нд талууд тус тусын гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин болно. гэж заасны дагуу хүчин төгөлдөр болоогүй байна.

Зүй нь хариуцагч журмын 6.5-д заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн үнэлгээтэй төсвийн шууд захирагч санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг бичгээр гаргаж, талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзэх учиртай бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч үнэлгээг өөрчлөөгүй тохиолдолд Илтгэх хуудас-нд тайлбарыг хавсаргаснаар гэрээг дүгнэсэнд тооцох байжээ.

Төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлсөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалд Засгийн газрын гишүүний хэрэгжүүлэх бүрэн эрхийн заалт болох Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 4, мөн зүйлийн 2 дахь хэсэг үндэслэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчимд тус тус нийцээгүй байна.

Аливаа төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөхдөө ажлаас чөлөөлөх үндэслэл болсон Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Төсвийн тухай хууль болон төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан бусад хуулийн зүйл, заалтыг үндэслэх учиртай бөгөөд ямар зүйл заалтын дагуу ажлаас чөлөөлж байгаа нь тодорхой байх нь хууль дээдлэх, хуульд үндэслэх зарчмуудад нийцнэ.

Иймд хүчин төгөлдөр бус үнэлгээг үндэслэсэн болон хуульд үндэслээгүй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.У*******ыг урьд эрхэлж байсан Г******* аймаг дахь Политехникийн коллежийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 7дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны цалин 4.370.738 (дөрвөн сая гурван зуун далан мянга долоон зуун гучин найман) төгрөгөөс ажилгүйдлийн тэтгэмжид олгосон 1.218.320 /нэг сая хоёр зуун арван найман мянга гурван зуун хорин/ төгрөгийг хасаж гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу тооцон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгах зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 19 дүгээр зүйлийн 19.3, 35 дугаар зүйлийн 35.1.5Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.У*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Г******* аймаг дахь Политехникийн коллежийн захирлын 2016 онд төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг 59.8 оноо буюу F дүгнэсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.У*******ыг урьд эрхэлж байсан Г******* аймаг дахь Политехникийн коллежийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.У*******ын ажилгүй байсан хугацааны цалин 4.370.738 /дөрвөн сая гурван зуун далан мянга долоон зуун гучин найман/ төгрөгөөс ажилгүйдлийн тэтгэмжид авсан 1.218.320 /нэг сая хоёр зуун арван найман мянга гурван зуун хорин/ төгрөгийг хасаж, нийт 3.152.418 /гурван сая нэг зуун тавин хоёр мянга дөрвөн зуун арван найман/ төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу тооцон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.У*******т олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ