| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 182/2018/00038/И |
| Дугаар | 1047 |
| Огноо | 2018-05-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 1047
| 2018 оны 02 сарын 23 өдөр | Дугаар 210/МА2018/00534 |
О.Нгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00482 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч О.Нгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “ЖТ” ХХК-д холбогдох
Гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 57 005 040 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б
Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч О.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын аманд амины сууц бариулахаар “ЖТ” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 1.5-д зааснаар гүйцэтгэгч “ЖТ” ХХК нь 4 сарын хугацаанд буюу 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд барилгыг барьж ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн. Гэтэл дээрх хугацаанд барилгыг барьж дуусгаагүй тул захиалагчаас нэмэлт хугацаа тогтоож, 2 жилийн хугацаанд барилгыг барьж дуусган ашиглалтад оруулахыг удаа дараа шаардсан. Хариуцагчийн хүсэлтээр 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дахин 08/2016 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж 2016 оны 8 дугаар сарын 01-ний дотор ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон.
О.Нгийн хувьд хариуцагч талд 2014 онд гэрээ байгуулснаас хойш нийт 50 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 21 484 000 төгрөгийг барилга дуусч түлхүүр хүлээлгэн өгөхөд төлөхөөр болсон. Гэвч “ЖТ” ХХК нь дахин гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, өнөөдрийг хүртэл амины сууцыг барьж ашиглалтад оруулаагүй учир гэрээнээс татгалзаж байна.
Иймд хариуцагч “ЖТ” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт төлсөн 50 000 000 төгрөг, гэрээний 3.12-т заасны дагуу алдангид 7 005 040 төгрөг, нийт 57 005 040 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “ЖТ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани 2014 оны 5 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын аманд Нийслэлийн захирагчийн албаны ажилчдын 60 айлын амины сууцнаас 22 айлын амины сууцыг барихаар болж газар шорооны ажил болон бэлтгэл ажлаа 2014 оны 7 дугаар сараас эхэлж, 22 айлын амины орон сууцны газар шорооны ажил, суурь цутгах, зам талбай, бохир цэврийн хоолой татах зэрэг туслах ажлыг 2015 оны хавар бүрэн дуусгаж эхний ээлжийн гэрээ хийсэн айлуудын сууцуудыг барих ажилдаа орсон. О.Нгийн орон сууцны хувьд анхны гэрээнд заагдсан хэмжээ өөрчлөгдсөн учраас суурь нь өөрчлөгдөж дахин шинээр цутгах шаардлагатай болж 2015 оны зун байшингийн суурийг томсгон цутгаж, карказны зургийг өөрчлөн захиалах ажил хийгдэж, намар 10 дугаар сард карказ босгосон.
О.Н нь 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулан урьдчилгаа 20 000 000 төгрөг өгсөн боловч дараагийн 40 хувийн санхүүжилтийг өгөөгүй учир бид мөнгөө өгсөн айлын барилгыг барьсан. О.Н нь төлбөрөө хугацаанд нь өгөлгүй хугацаа алдсан тул 2016 оны 5 дугаар сард гэрээг дахин шинээр байгуулж 30 000 000 төгрөгийг 2 хувааж төлсөн. Гэвч санхүүжилт дутуу шалтгаанаар бидний ажилд хүндрэл гарсан.
2017 оны хавар О.Нгийн эхнэртэй уулзахад тэрээр үлдэгдэл 21 484 000 төгрөгийг өгөх боломжгүй гээд биднийг өөрсдийн хөрөнгөөр гүйцээн баривал худалдан борлуулна гэх саналыг гаргасан учраас тохиролцож чадаагүй. Үүнээс хойш дахин уулзалдаагүй бөгөөд бидэнд санхүүгийн хүндрэл гарч, хотхоны ажил хүлээгдсэн. Бид олгогдсон санхүүжилтийг эргэн төлөх санхүүгийн боломжгүй, урьдчилгаа мөнгийг материал болон ажлын хөлсөнд бүрэн зарцуулсан. Гэвч ажил дуусахад 21 484 000 төгрөгөө өгнө гэх баталгаагүй байсан. Манай компани нь О.Нгийн орон сууцны барилгыг үргэлжлүүлэн хийхэд бэлэн болсон, материалын нөөц ч байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “ЖТ” ХХК-иас 55 080 ,000 төгрөг гаргуулж О.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 925 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас 433 350 төгрөг гаргуулан О.Нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Хариуцагч “ЖТ” ХХК-ийн захирал Л.Батбаатар, өмгөөлөгч Ш.Ганбат нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.
Шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч “ЖТ” ХХК амины орон сууны барилгыг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч тэр үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч 2017 оны хавар гэрээг цуцлах тухай гүйцэтгэгчид мэдэгдсэн, талууд энэ талаар тохиролцоонд хүрч чадаагүй тайлбараар талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлагдсан гэж дүгнэсэн. Гэтэл 2017 оны хавар талууд ажил гүйцэтгэх гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах саналыг гаргаагүй харин захиалагч О.Нгийн эхнэр гэрээний үлдэгдэл төлбөр 21 484 000 төгрөгийг өгөх боломжгүй, танай компани барилгыг өөрийн хөрөнгөөр гүйцээн барьж өгөөч бид баригдсаны дараа худалдан борлуулж үлдэгдэл төлбөрийг төлж дуусгая гэж гэрээг цааш үргэлжлүүлэх, барилгыг барьж дуусгах, ажлын санхүүжилтийг шийдвэрлэх, барилгын ажил дууссаны дараа захиалагч нар уг амины орон сууцыг худалдан борлуулж үлдэгдэл төлбөрийг хийх талаар яригдсан. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж буй тал нөгөө талдаа мэдэгдэх ёстой бөгөөд мэдэгдэхэд хуулиар хэлбэрийн шаардлага тавиагүй боловч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дахь хэсэгт гэрээнээс татгалзах санал гаргаагүй тал гэрээнээс татгалзах саналыг бодитоор хүлээн авч гэрээнээс татгалзах хугацааг тогтоох талаар хуульчилсан байтал шүүх үүнийг анхаарч үзэлгүй, гэрээнээс татгалзах саналыг мэдэгдсэн, нөгөө тал гэрээнээс татгалзах саналыг хүлээж авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Н гэрээнээс татгалзсанаас үүссэн үр дагавар буюу урьдчилгаанд төлсөн 50 000 000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэсэн. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээ нь барилгын ажил гүйцэтгэх гэрээ бөгөөд гүйцэтгэгч “ЖТ” ХХК нь захиалагч О.Нгийн урьдчилгаанд өгсөн 50 000 000 төгрөгийг амины орон сууцны барилгын ажилд болон цахилгаан дэд бүтэц, зам талбайн ажилд бүрэн зарцуулсан, уг хийгдсэн ажлыг аваад явах боломжгүй, амины орон сууц барьж буй газар нь гүйцэтгэгчийн газар биш Нийслэлийн захирагчийн ажлын албанаас ажилчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор ажилчиддаа олгосон газар учир гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаах боломжгүй. Иймд хариуцагч нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шинжээч томилж, барилгын ажил хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгаа болон уг ажлыг хийж хийж гүйцэтгэхэд хэдэн төгрөгийн зардал гарсан талаар дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хүлээж аваагүй.
Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.12-т зааснаар үнийн дүнгээс алданги тооцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232.6 дэх хэсэгт заасан шаардах үндэслэлтэй гэж дүгнэн гэрээний хугацаа дууссанаас хойш 508 хоногийн алдангид 5 080 000 төгрөгийг тооцсон нь үндэслэлгүй. Учир нь шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт "нэхэмжлэгч 2017 оны хавар гэрээг цуцлах тухай гүйцэтгэгчид мэдэгдсэн, талууд энэ талаар тохиролцоонд хүрч чадаагүй гэсэн тайлбараар талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй байна" гэж гэрээг 2017 оны хавар цуцлагдсан гэж үзсэн атлаа цуцлагдсан гэрээний дагуу 508 хоногийн алданги тооцсон нь эргэлзээтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож анхан дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч “ЖТ” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 57 005 040 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Талуудын 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч “ЖТ” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын ам хаягт баригдах 86.2 м.кв талбай бүхий амины сууц, 21.7 м.кв талбай бүхий гараашийг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр барьж хүлээлгэж өгөх, захиалагч О.Н нь 1 м.кв-ыг нь 610 000 төгрөгөөр тооцож нийт 63 432 000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ. Зохигчид 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр уг гэрээний нөхцөл буюу амины сууцны талбайн хэмжээ, ажлын гүйцэтгэл хүлээлгэн өгөх хугацааг өөрчлөн дахин гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-5-9 дэх тал/
Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрт 50 000 000 төгрөг төлсөн, гүйцэтгэгч “ЖТ” ХХК нь барилгын суурийг цутгаж, карказ босгосон үйл баримтад маргаангүй, харин гэрээнээс татгалзах үндэслэлийн талаар маргаж, хариуцагч тал шинжээч томилж, барилгын ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээг тогтоолгохыг хүсчээ.
Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг “хариуцагчийн нотлох баримт гаргах үүрэгтэй нь хамааралтай” гэсэн агуулгаар хангахгүй орхиж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. /хх-47, 51-52 дахь тал/ Учир нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт гэрээнээс татгалзаж болохгүй нөхцлийг зохицуулсан бөгөөд талууд гэрээнээс татгалзах үндэслэлийн талаар маргаж байгаа тохиолдолд дээрх барилгын ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээг тогтоох нь гэрээнээс татгалзах эрх үүссэн эсэхэд дүгнэлт хийхэд ач холбогдолтой байна.
Түүнчлэн маргаан бүхий амины орон сууцыг барьж буй газар нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн эсэх талаар зохигчид маргаж байх тул анхан шатны шүүх энэ талаарх үйл баримтыг тодруулах шаардлагатай байжээ.
Дээрх зөрчлийн улмаас давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00482 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 433 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Ч.ЦЭНД