| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 106/2020/0322/Э |
| Дугаар | 641 |
| Огноо | 2020-05-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 641
2020 5 19 2020/ДШМ/641
Д.Бөд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ганхөлөг,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч И.Хонгор,
хохирогч Л.Батжаргалын өмгөөлөгч О.Одхүү,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 809 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч И.Хонгорын гаргасан давж заалдах гомдлоор Д.Бөд холбогдох эрүүгийн 2005007510302 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Вангийхан овгийн Д.Б, 1969 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, онгоцны инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 12 дугаар байрны 77 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 41-1 тоотод түр оршин суудаг, /РД:ЧЗ69022616/;
Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 15А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ‘Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа энэ хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална” гэж, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлнэ” гэж тус тус заасан. Хэргийн 22 дахь талд “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоол авагдсан ба тогтоолд 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7 хороо, Буман Жаалууд цэцэрлэгт Л.Батжаргал зодуулсан тул түүний биед гэмтэл учирсан эсэх, учирсан бол ямар хүчин зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох, гэмтлийн ямар зэрэгт хамаарах, уг гэмтэл учирсан цаг хугацааг тогтоох, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг тогтоолгохоор зааж, Л.Батжаргалыг тогтоолын хамт шинжээчид хүргүүлсэн байна. Дээрх тогтоолын дагуу шинжээч эмч 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2558 тоот дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д “шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахад шаардлагатай нэмэлт материал гаргаж ирүүлэхийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс хүсэх эрхтэй”, 14 дүгээр зүйлийн 14.1.2-д “шинжээч нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах үүрэгтэй”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “шинжээчийн дүгнэлтэд шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр тусгана” гэснийг, мөн “Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журам”-ын 4.1 -д “Шинжээч нь ...хэргийн материалд тулгуурлан шүүх эмнэлгийн бүх төрлийн шинжилгээ хийж, шаардагдах хялбар сорилуудыг тавина” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Тодруулбал, шинжээч эмч 2558 дугаар дүгнэлт /24 тал/ гаргахдаа шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, хэргийн материалд авагдаагүй “...2020 оны 1 дүгээр сарын 24-ний Гавал ясны 2 байрлал, цээжний хэнхэрцгийн эгц байрлалын рентген зураг...” гэх нотлох баримтад тулгуурлан дүгнэлтээ гаргасан байх ба тогтоолд дурдсан “...гэмтэл учирсан цаг хугацааг тогтоох, ...хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох...” зэрэг асуултанд бүрэн гүйцэд хариулт өгөөгүй, дүгнэлтийн үндэслэлээ асуулт тус бүрээр тусгаагүй байна.
Шинжээч эмч нь мөрдөгчийн тогтоолд заасан, ирүүлснээс өөр нотлох баримт шинжилгээ хийхэд шаардлагатай гэж үзвэл Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д заасны дагуу нэмэлт материал ирүүлэхийг эрх бүхий этгээдээс хүсч гаргуулан авах эрхтэй болохоос өөрийн санаачлагаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх эрхгүй этгээд болно. Иймд хэргийн 24 талд авагдсан шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримт гэж үзэх боломжгүй юм.
Нөгөөтэйгүүр дээр дурдсан “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоол, 2558 дугаартай “Шинжээчийн дүгнэлт”-д зааснаар хохирогч Л.Батжаргалын биед учирсан “...зүүн хөмсөгт шарх, шанаа цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл...” нь 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн үйлдлээс үүссэн гэж үзэхээр байна. Гэтэл прокурор “..Яллагдагч Д.Б нь 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эвт дөрөв буман жаалууд” цэцэрлэгийн харуулын байранд иргэн Л.Батжаргалтай “ажлын байран дээр архи уусан” шалтгаанаар маргалдаж улмаар иргэн Л.Батжаргалын нүүр, цээж рүү цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, шанаа, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-ыг яллах дүгнэлтэд тусгана гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчим алдагдсан байна. Учир нь үнэн зөв мэдүүлэг гаргах үүрэг бүхий хохирогч цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл болон гэрч, хохирогчоор удаа дараа тогтвортой өгсөн /хх 2-9/ мэдүүлэгтээ “...Би 2020 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр гэмтэл согог үндэсний төвд очиж үзүүлэхэд миний хавирга хугарсан байна гэж эмч нь хэлсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлэх үедээ Гэмтлийн эмнэлгийн зураг Сиди болон эмчийн бичиг зэргийг авч очсон. ...Б нь намайг ажилд орсон цагаас хойш 3 дахь удаагаа зодож байна. Хамгийн эхэнд 2019 оны зун миний хөл рүү нэг удаа өшиглөж байсан. Дараа нь 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр намайг боож газарт унагааж байгаад дээрээс олон удаа цохиж зодсон. Дараа нь 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр намайг ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гээд толгой руу нэг удаа цохисон. Намайг гурав дахь удаа зодож байгаа учир би цагдаагийн байгууллагад өргөдөл өгнө гэж бодоод өргөдөл гаргаж байна. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, миний хавирга хугарсан талаар дүгнэлтэд тусгаагүй учир дахин шинжээч томилуулах хүсэлтэй байна...” гэж,
Гэрч Ц.Түмэнсайхан “...Б гэх хүн нөхрийг 2020 оны 2 дугаар сарын 4-ний орой гурав дахь удаагаа зодож гэмтэл учруулсан. ...Ажил дээрээ байх үед нь нэг өшиглөж байсан. Тэрийг нь бид нээх тоогоогүй. ...1 дүгээр сарын 24-ний өдөр манай нөхөр Батжаргал гэртээ Бөд зодуулсан гэж нүүр царай нь хөхөрсөн хөмсөг нь задарсан гэртээ ирсэн. Тэр үед гэмтлийн эмнэлэгт үзүүлж зураг авахуулсан. ...Дахиж зодохгүй гэж Б хэлж байсан хэрнээ 2 сарын 04-ний өдөр дахин зодох үед нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм...” /хх16-17/ гэж,
Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...Би Л.Батжаргалыг өмнө 2020 оны 1 дүгээр сард мөн ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж хоёр удаа цохиж байсан...” гэж тус тус мэдүүлсэн байх ба үүнийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Хэргийн үйл баримтаар тогтоогдсон дээрх нөхцөл байдлыг мөрдөгч, прокурор олсон, үгүйсгэсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгчийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний үйлдэлд холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т “...Гэмт хэрэг гарсан байдал /хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, мөн зүйлийн 1,4-т Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтооно” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзнэ. Мөн хэргийн 84-85 талд хохирогч Л .Батжаргал 2020 оны 1 дүгээр сарын 24, мөн оны 2 дугаар сарын 5-ны өдрүүдэд Гэмтэл Согог Үндэсний Төвд үзүүлсэн талаар баримт авагдсан байна. Иймд тус төвөөс хохирогчийн биед үзлэг, эмчилгээ, оношлогоо хийлгэсэн талаарх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлсний эцэст гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн зөв тогтоох нь хэргийн үйл баримт, хохирогч, шүүгдэгч нарын эрх ашигт нийцэх төдийгүй мөн прокурорын яллах дүгнэлт хуульд заасан шаардлагын дагуу үйлдэгдэхэд чухал ач холбогдолтой. Дээрх нөхцөл байдлууд нь хэргийг прокурорт буцаах буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, 1.3 дахь хэсэгт заасан “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлд тус тус хамаарах бөгөөд үүнийг шүүхийн шатанд зөвтгөх, засах боломжгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр хохирогч Л.Батжаргалын өмгөөлөгч О.Одхүүгийн “...нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч И.Хонгор давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Л.Батжаргал нь 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр цагдаагийн байгууллагад хандан өргөдөл гаргасан байдаг. Хохирогч Л.Батжаргал нь 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр би өөрийн ажлын байр буюу Баянгол дүүргийн 9-р хороо, Эвт дөрөв Буман жаалууд цэцэрлэгийн байранд байж байх үед манай захирлын дүү Д.Б харуулан байранд ирээд .... намайг зодох үедээ миний хоолойг боож байгаад миний хацар хөмсөг хэсэгт гараараа цохисон. ...” гэж мэдүүлсэн,
Гэрч Г.Батдоржийн “...2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Д.Б бид хоёр 0.33 литрийн 1 шил архи уугаад орой 18-19 цагийн үед тамхи татах гээд гадагшаа гарсан. Гадаа гараад ирэхэд Бийн байрны жижүүр ах манаачийн путик дотор ганцаараа ухаангүй согтуу байсан. Тэгээд тэр нөхрийг юу хийж байгаа юм эндээс яв гээд явуулаад байж байхад манаач Л.Батжаргал гаднаас согтуу орж ирсэн. Б тэр хүнд та олон машин тэрэг хариуцаж байж ажлын байранд согтуу байж болохгүй гэж хэлж байсан. Д.Б тэр хүнийг 1-2 удаа цохиод хөөсөн... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд мөн шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хор уршгаа арилгасан байдлыг харгалзаж шийдвэрлэх бүрэн боломжтой байна.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 809 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Бийн хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
хохирогч Л.Батжаргалын өмгөөлөгч О.Одхүү тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхтэй тул уг эрхийнхээ хүрээнд гомдол гаргасан гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “хэргийн холбогдогчийн өмгөөлөгч” гэж байна. Гэтэл хуульд хэргийн холбогдогчийн өмгөөлөгч гэсэн зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед хууль, нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлүүлэхээр ярьсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийн хавирга хугарсан талаар баримт хэрэгт байхгүй гэж байгаа боловч хавтас хэргийн 85 дахь талд “7, 8 дугаар хавирга хугарсан” гэж ром тоогоор бичсэн баримт авагдсан байдаг. Шүүгдэгч нь хохирогчийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр, мөн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр гээд 3 удаа зодсон гэх асуудал байдаг. Хохирогчийн хавирга хугарсан, хөмсөг задарсан зэрэг гэмтлүүд нь 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр зодсон, унагаасан, дэвссэнээс болж үүссэн гэмтлүүд байдаг. Үүнийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн хуульд зааснаар үнэн зөв тогтоох, 3 удаагийн зодсон үйлдлийн улмаас хохирогчид ямар гэмтэл учирсан болохыг тогтоох шаардлагатай. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлын талаар тусгасан. Хохирогчид учирсан эдгээр гэмтлээс шүүх тухайн гэмт хэргийг үйлдсэн объектив, субъектив талыг тогтоож шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Б шүүх хуралдаанд: Хэлэх тайлбаргүй гэв.
Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна. Учир нь, хохирогч 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа “2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр бусдад зодуулсан” гэдэг. Үүний дагуу гэмт хэргийн шинжтэй гомдлыг хаана үйлдэгдсэнийг тодруулахаар дүгнэлт хийлгүүлэхээр шинжээч томилсон. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгах хугацаанд гэрч Батжаргалаас мэдүүлэг авахад “2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр бусдад зодуулсан. 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр миний хавиргыг хугалж гэмтээсэн. Дээрх хөнгөн гэмтлийг 2 дугаар сарын 4-ний өдөр учруулсан” гэж мэдүүлдэг. мөн энэ талаар хохирогчийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр уг гэмтлийг авсан мэт ярьж байна. Түүнчлэн прокурорын зүгээс хохирогчоос “шүүх эмнэлгийн дүгнэлтэд таныг хавирга хугаралгүй талаар дүгнэлт хийсэн байна. Хавирганы рентген зураг үзүүлсэн гэх баримт тань байна уу” гэхэд “би гэрээсээ олохгүй байна” гэж хариулсан. Өмгөөлөгчтэй ирэхдээ Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн гэх ром тоотой баримтыг гаргаж өгсөн. Үүнийгээ хавирга хугарсан гэж ярьдаг. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд Д.Бөд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.
Прокуророос Д.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2558 дугаартай “...Л.Батжаргалын биед зүүн хөмсөгт шарх, шанаа, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...”/хх 24-25/ гэсэн дүгнэлт байх бөгөөд тус дүгнэлтийн үндэслэл болсон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн /хх 23/ эмчийн дүгнэлтэнд хавирганы хугарал, гэмтлийн талаар тусгагдаагүй байна.
Харин хавтаст хэргийн 84,85 дугаар хуудсанд хохирогч Л.Батжаргалын Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт үзүүлсэн гэх хоёр баримт нь гадаад хэлээр бичигдсэн байх бөгөөд уг баримтаар хохирогч өөрийн биеийн 7, 8 дугаар хавирга хугарсан гэж үзэж байгаа тул шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлтээ мөрдөн байцаалтын шатанд удаа дараа илэрхийлж байжээ.
Хэрэгт эргэлзээ бүхий баримт байсаар байхад үүнийг шалгаагүй, хохирогч Л.Батжаргалын хүсэлтийг хангалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дугаар заалтад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-ыг тусгана гэж хуульчилжээ.
Харин прокурорын яллах дүгнэлтэнд “Д.Б нь 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эвт дөрөв буман жаалууд” цэцэрлэгийн харуулын байранд иргэн Л.Батжаргалтай “ажлын байран дээр архи уусан” шалтгаанаар маргалдаж улмаар иргэн Л.Батжаргалын нүүр, цээж рүү цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, шанаа, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж бичигджээ.
Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2558 дугаартай дүгнэлтэд 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Л.Батжаргал нь бусдад зодуулсан талаар дүгнэж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоожээ.
Хэрэв прокурор яллах дүгнэлтэндээ 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хохирогч Л.Батжаргал бусдад зодуулсан гэж үзэж байгаа бол тухайн өдөр хохирогчид ямар гэмтэл учирсан нь тодорхойгүй байна. Энэ талаар прокуророос дүгнэлт хийх шаардлагатай бөгөөд гэмт хэрэг хэзээ, хаана гарсан үйлдэл тус бүрээр ялгаж хууль зүйн дүгнэлт хийвэл зохино.
Шүүх, прокурорын яллах дүгнэлтийг үндэслэн Д.Бөд холбогдох хэргийн үйл баримтыг тогтоон хууль зүйн дүгнэлт хийж хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч И.Хонгорын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 809 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч И.Хонгорын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ