Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2015/0044/З |
Дугаар | 128/ШШ2017/0557 |
Огноо | 2017-07-18 |
Маргааны төрөл | Газар, Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2017/0557
2017 оны 07 сарын 18 өдөр Дугаар 128/ШШ2017/0557 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Д
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: У.Ж, Л.М
Нэхэмжлэлийн шаардлага: ...Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот захирамжийн У.Жд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар захирамжийн Л.Мт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Г.Д 1995 онд Улаанбаатар хотод суурьшиж ирсэн. Энэ хугацаанд С дүүргийн 00 дугаар хороо, Х 0-00 тоотод гэр бүлийн хамтаар амьдарч ирсэн. Ингэж амьдарч байх хугацаандаа газар эзэмших хүсэлтээ удаа дараа төрийн байгууллагад хандаж байсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй юм. Г.Дын хашаатай залгаа Хилийн цэргийн 0000 дүгээр ангийн Соёлын төвийн манаачийн ажлыг давхар эрхэлдэг байсан. Төрийн өмчийн хорооноос ******* тоот тогтоолоор Хилийн цэргийн 0000 дүгээр ангийн үндсэн өмчид бүртгэлтэй байсан 324000 м.кв талбайтай газрын 226 м.кв газрыг дуудлага худалдаагаар оруулж 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* тоот шийдвэрээр өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн. Шүүхэд бичгээр тайлбараа өгсөн байгаа. Төрийн өмчийн хороо, Засгийн газрын тогтоолоор 356 м.кв Соёлын төвийн газрыг дуудлага худалдаагаар оруулах эрхийг Төрийн өмчийн хороонд олгосон байдаг. Гэтэл Төрийн өмчийн хорооноос 756 м.кв эдэлбэр газрын хамт Л.Мт шилжүүлсэн байдаг. Засгийн газрын тогтоол нь төрийн тусгай хамгаалалттай газрыг дуудлага худалдаагаар оруулах, бусдад шилжүүлэх эрх нь Засгийн газрын эрх хэмжээний асуудал. Энэ эрх хэмжээнд Соёлын төвийн газрын 356 м.кв газрыг дуудлага худалдаагаар оруулах эрхийг Төрийн өмчийн хороонд олгосон. Гэтэл Төрийн өмчийн хорооноос 356 м.кв газар түүний эдэлбэр газар болох 756 м.кв газрын хамт Л.Мт шилжүүлэх тогтоол гарсан байна. Өөрөөр хэлбэл хууль ёсоор төрийн өмчид байсан газрыг бусдад шилжүүлэв гэдэг байдлаар шийдвэр гаргасан нь хууль бус байна. Гэтэл Нийслэлийн зүгээс тухайн газрыг шалгаагүй. Тухайн газар Г.Д 1995 оноос ирж ажиллаж, амьдарч байсан. Эзэмшиж байсан газраа эзэмшихээр зохих шатны байгууллагад хандахад ...төрийн тусгай хамгаалалтын газарт хамаарч байгаа ...бид шийдвэрлэхгүй гэж хэлж нэхэмжлэгчийн газар эзэмших хууль ёсны эрх ашгийг хөндсөн байдаг. Нийслэлийн зүгээс тухайн газрыг газар зохион байгуулагч нар газар дээр нь очиж шалгах ёстой байсан. Энэ чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр Л.Мт газар эзэмшүүлэх эрх олгосон нь хууль бус байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Төрийн өмчийн хороо газрыг хувьчиллаа гэж тайлбарлаж байна. Төрийн өмчийн хороо барилгаа өөрийн эрх мэдлийн хүрээнд Засгийн газрын тогтоолыг үндэслэж хувьчилсан. Төрийн өмчийн хорооны албан бичиг дээр барилгыг нөөцөнд хадгалагдаж байсан талаар дурдсан байдаг. Төрийн өмчийг хувьчлах асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар, газар эзэмших эрхийг Газрын тухай хуулиар тус тус зохицуулна. Үүний дагуу объектыг дагуулж газар эзэмшиж ашиглах, тухайн газрын орц гарцын байдлаас хамаарч газар түүнээс салмагц зориулалтын дагуу ашиглаж болохгүй орон сууц, барилга объектыг дагаж газар олгох нь зүйн хэрэг. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга 2007 онд газар эзэмших эрхийг иргэн Л.Мт анх баталгаажуулж өгсөн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д хууль ёсны дагуу амьдарч байсан гэж тайлбарлаж байна. Газрыг зөвхөн эрхийн гэрчилгээний дагуу эзэмшинэ. Тэгж эзэмшээгүй бол эзэмшихийг хориглоно гэж байгаа. Гэтэл иргэн Г.Дын хувьд хууль ёсоор оршин сууж байгаа гэсэн бичиг баримт байхгүй, хууль ёсны дагуу оршин суугаагүй. Яагаад гэвэл Засгийн газрын эрх мэдлийн хүрээнд тусгай хамгаалалтын газар нутаг байсан. 2007 онд Засгийн газар тогтоол гаргаж тусгай хамгаалалттай газар нутгаас салгасан. Гэтэл Газрын алба манай асуудлыг шийдээгүй гэж ярьж байна. Анх 2012 онд нэхэмжлэгч С дүүргийн газрын албанд хандсан албан бичиг хэрэгт хавсрагдсан байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч 2007 оноос хойш хувьчлал явагдаж байхад маргаагүй мөртлөө 2012 онд газар эзэмших эрх шилжсэн байхад мэдсэн хэрнэ маргасан мөн газар эзэмших хүсэлт өгсөн байдаг. Тэгэхээр нэгэнт хүний эзэмшилд очсон газрыг бусдад эзэмшүүлэх асуудал үүсэх боломжгүй.
Мөн газар зохион байгуулагч нар миний хүсэлтийг биелүүлэлгүй, хээрийн судалгаа хийсэнгүй гэж байна. Хээрийн судалгаа хийх ажлыг хуулиар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох журамд нарийн зохицуулсан байдаг. Энэ журам нь 2008 оны 04 дүгээр сард батлагдаж гарсан байдаг учраас 2007 онд буцаж үйлчлэх үндэслэл байхгүй. Иргэн Г.Д нэхэмжлэл гаргахаас өмнө Нийслэлийн газрын албанд очиж уулзахад газар зохион байгуулагч энэ газрыг боломжит хэмжээгээр эзэмшүүлэх арга хэмжээ авъя гэсэн боловч зөвшөөрөөгүй асуудал байдаг.
Мөн шинжээчийн дүгнэлт дээр тодорхой дурдсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хувьчилж авсан объектоо Төрийн өмчийн хорооны өгсөн гар схем зургийн дагуу хийгээгүй, түүнээс өөр байдлаар хийсэн гэж маргадаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтийн хоёрдох асуулт дээр Л.М, А.Ж нарын эзэмшиж байгаа газар нь анх дуудлага худалдаанд орсон Соёлын төвийн барилгын эдэлбэр газрын талбай тохирч байгаа талаар дүгнэсэн байдаг. Одоо нэхэмжлэгчийн маргаж байгаа газраас өөр тийшээ сунгасан нь нэхэмжлэгчийн оршин сууж байсан газрыг давхцуулж эзэмшүүлсэн гэх асуудал болохгүй юм. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлал дээр иргэн Г.Д хууль ёсоор оршин суугаагүй, харин 1997 оноос эрхэлж байгаа ажил, албан үүргийн дагуу тухайн газар дээр амьдарч байгаа гэдгийг тодорхой дурдсан байдаг нь энэ газар дээр ямар нөхцөлөөр оршин сууж байсныг тодорхойлж байна. Тэгэхээр нэхэмжлэгч тухайн газар дээр Засгийн газрын тогтоол гарч тусгай хамгаалалтын газар нутгаас гарахтай зэрэгцэж хүсэлт гаргасан зүйл байхгүй. Ажил албан үүргийн дагуу түр оршин сууж байсан газраа миний газар гэж бусдын газар эзэмших эрхэнд саад хийж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гурав. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...У.Ж 2007 оны 06 дугаар сард Л.Мтай хамтарч Төрийн өмчийн хорооноос зарлагдсан дуудлага худалдаанд оролцож Хилийн 0000 дүгээр ангийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байсан 824 м.кв талбайтай 756 м.кв эдэлбэр газартай Соёлын төвийн газрыг худалдаж авсан байдаг. Худалдах худалдан авах ажиллагаа дууссаны дараа 2007 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Төрийн өмчийн хорооноос ******* тоот тогтоол гаргаж өмчлөх эрхэд шилжүүлсэн болохыг тогтоож өгсөн. Дуудлага худалдааны объект болсон барилга, газар зэрэг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгохыг Төрийн өмчийн удирдлага, хөгжлийн газарт даалгасан байдаг. Энэ тогтоолын дагуу С дүүргийн 00 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байсан Хилийн 0000 дүгээр ангийн Соёлын төвийн барилга болон эдэлбэр газар зэрэгт Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн газрын алба зэрэг байгууллагуудын бүртгэлд шилжиж дээрх байгууллагуудаас хаяг байршлын бүртгэл, дугаар олгогдсон. Л.Мт Нийслэлийн Засаг дарга 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ******* тоот шийдвэрийг үндэслэж Нийслэлийн өмчийн харилцааны газар буюу Нийслэлийн газрын албанаас 756 м.кв газрыг эзэмшүүлэхээр ******* дугаартай эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Төрийн өмчийн хорооноос Л.Мт 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдөр С дүүргийн 00 дугаар хороонд байрлах 324 м.кв талбай бүхий 756 м.кв эдэлбэр газартай Соёлын төвийн газрын өмчлөгч болохыг баталсан 470 дугаартай гэрчилгээ тус тус олгогдож Л.М болон У.Ж нарын өмчлөх эрх баталгаажсан.
Үүнээс хойш У.Ж 2011 онд Л.Мтай ярилцаж тохиролцож 2007 онд дуудлага худалдаагаар хамтран худалдан авсан газар, үл хөдлөх эд хөрөнгүүдийг тэнцүү хувааж авах болсон. У.Ж уг барилга болон газрын урд хэсгийг хуучин Нийслэлийн Өмчийн харилцаа иргэдийн төлөвлөгөө, улсын бүртгэлийн газарт хандаж хуулийн дагуу асуудлаа шийдвэрлүүлсэн. Улсын бүртгэлийн газраас 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр У.Жы нэр дээр С дүүргийн 00 дугаар хороо Нгийн 00/000 Бны гудамж 00/0 дүгээр барилгын урд хэсэг агуулахын зориулалттай 162 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоосон ******* дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг Улсын бүртгэлийн газраас олгосон. Мөн У.Жы нэр дээр Нийслэлийн газрын албанаас 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдөр С дүүргийн 00 дугаар хороонд орших нийт 444 м.кв газрын эзэмшигч болохыг тогтоосон ******* дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг Улсын бүртгэлийн газраас олгож У.Жы дангаар өмчлөх эрхийн болон газар эзэмших эрхийг баталгаажуулсан.
Гэтэл У.Жы эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээр 2007 оноос хойш гэр бүлийн хамт амьдарч байсан Г.Д гэх хүн өнөөдрийг хүртэл газраа чөлөөлж өгөхгүй хууль ёсны эзэмшигч А.Ж, Л.М нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаан хугацаагаар зөрчсөөр ирсэн. А.Жы зүгээс иргэн Г.Дд газар чөлөөлж өгөх талаар удаа дараа хууль ёсны шаардлага тавьсан боловч хүлээн зөвшөөрөхгүй байсан тул зохих байгууллагад хандаж хуулийн дагуу шийдвэрлүүлж өгөхийг хүссэн. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар дээд шатны Засаг дарга буюу төрийн захиргааны байгууллагаас гаргаж байгаа тушаал шийдвэрийг доод шатны Засаг дарга, төрийн захиргааны байгууллага өөрчилж хүчингүй болгох хууль зүйн зохицуулалт байхгүй. Энэ утгаараа У.Ж, Л.М нарын өмчлөл эзэмшлийн бүртгэж, хаяг байршлын дугаар олгосон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын бүртгэл, газрыг бүртгэж гэрчилгээ олгосон Нийслэлийн Өмчийн харилцааны газрын бүртгэл дугаарт ямар нэгэн байдлаар зөрүүтэй, маргаантай асуудал үүсэх боломжгүй байгаа. Энэ байдлаа С дүүргийн 00 дугаар хорооны Засаг дарга болон тус дүүргийн Газрын албанаас хэргийн оролцогч талуудад тухай бүрт нь мэдэгдэж байсан. Мөн С дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал тус дүүргийн 00 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурлаас Х ******* гэх хаягийг өгсөн талаар ямар нэгэн захирамж, шийдвэр гарсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч Х ******* тоот хаяг дээр явж байгаа. Энэ хаягаар мөн маргаан үүсгэдэг. Ямар учраас нэг хаяг байршил дээр 2 өөр нэршилтэй хаяг гарч ирсэн байдаг. Х ******* тоот хаяг өгсөн талаар С дүүргийн Иргэдийн Нийтийн хуралтай холбоотой ямар нэгэн тушаал шийдвэр байдаггүй. Харин 2008 оны УИХ сонгуулийн ажлын хүрээнд хаяг бүртгэлгүй иргэдийг сонгуульд хамруулахын тулд Иргэдийн хуралд Нийслэлээс үүрэг өгч түр хаягжуулах ажиллагаа явагдсан нь иргэний хэргийн материалд авагдсан байгаа. Энэ Нийслэлийн Иргэдийн хурлын захирамж үүнийг биелүүлж байгаа С дүүргийн Иргэдийн хурлын захирамжууд дээр сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой түр хаяг олгосон. Энэ хаягаар олгогдсон иргэд дээрх хаягаар ямар нэгэн газар эзэмших хүсэлт гаргах эрх үүсэхгүй. Энэ хаягаар ямар нэгэн газартай холбоотой маргаан бүхий асуудалд хүсэлт гаргах боломжгүй гэдгийг захирамжид дурдаж өгсөн байдаг. Энэ байдлаараа нэхэмжлэгчийн хэлж байгаа хаягийн зөрүүтэй байдал гэдэг нь үгүйсгэгддэг юм.
Анх газрыг өмчлөх эрх яаж үүссэн нь нотлох баримтаар нотлогддог мөн хариуцагчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байгаа учраас гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот захирамжийн У.Жд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар захирамжийн Л.Мт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.
Төрийн өмчийн хорооны 2007 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар тогтоолоор Хилийн цэргийн 0000 дүгээр ангийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байсан 324 м.кв талбай, 756 м.кв эдэлбэр газартай Соёлын төвийн барилгыг нийтийн дуудлага худалдаанд оролцогч Л.М худалдан авч 8.000.000 төгрөгийг бүрэн барагдуулснаар өмчлөх эрхийг түүнд шилжүүлэн олгохоор, мөн тогтоолоор Соёлын төвийн сахиулаар ажиллаж байсан одоогийн нэхэмжлэгч Б.Дд хувьчлалын орлогоос 1.321.000 төгрөг олгохоор тус тус шийдвэрлэжээ.
Төрийн өмчийн хорооны 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн эрх шилжсэн тухай албан бичиг, иргэн Л.Мын хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2007 оны ******* дугаар захирамжаар Л.Мт аж ахуйн зориулалтаар 756 м.кв газрыг эзэмшүүлсэн. Л.М нь эзэмшил газрынхаа 444 м.кв газрыг У.Жд шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлт гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр захирамжаар У.Жд 444 м.кв, Л.Мт 312 м.кв газрыг тус тус эзэмшүүлсэн байна.
Б.Дын тухайд цэргийн 0000 дүгээр ангийн Соёлын төвийн сахиулын ажлыг хийдэг байсан талаараа талууд маргадаггүй. 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөр огноолсон нэгж талбарын ******* тоот 756 м.кв талбай бүхий Л.Мын эзэмшиж буй газрын кадастрын зураг, нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актаас үзэхэд одоогийн нэхэмжлэгчийн эзэмшихийг хүссэн газрын зарим хэсэг гуравдагч этгээдийн эзэмшил газартай давхцалтай, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас томилогдсон шинжээчийн дүгнэлтээр ч нэхэмжлэгч Б.Дын эзэмшил гэх 317 м.кв газар нь Төрийн өмчийн хорооны 2007 оны дуудлага худалдаагаар худалдсан Соёлын төвийн барилгын эдэлбэр газартай буюу анх гуравдагч этгээд Л.Мын, дараа нь гуравдагч этгээд У.Жд шилжүүлэн эзэмшүүлсэн газартай тус тус давхцалтай, харин давхцлын хэмжээ 180.2-182 м.кв болох нь тус газраас ирүүлсэн газрын байршлын кадастрын зургийн давхцлаар тогтоогджээ.
Хэдийгээр нэхэмжлэгч Б.Дын тухайд одоогийн байгаа байршилд 1997 оноос хойш амьдарч байгаа үйл баримттай гуравдагч этгээд нар маргадаггүй, мөн тэрбээр өөрийн амьдарч буй хэсэг газрыг эзэмших хүсэлтийг холбогдох байгууллагад гаргасан, түүнчлэн хорооны Засаг даргаас С дүүргийн 00 дугаар хороо, Х 0-00 тоот гэсэн хаяг олгогдсон ч эдгээр нь гуравдагч этгээд нарт нэгэнт үүссэн газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар захирамжаар дээр дурдсан дуудлага худалдааны ялагч болсон Л.Мт 756 м.кв газрыг эзэмшүүлж, мөн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр захирамжаар уг газрын 444 м.кв-ыг У.Жд шилжүүлэн эзэмшүүлсэн байх тул эдгээр захирамжийг хууль бус гэж үзэх боломжгүй. Дээрх байдлаас нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгчийн Соёлын төвийн барилгын сахиулаар уг газарт олон жилийн турш амьдарч байсан бодит байдал нь түүнд тухайн газрыг эзэмших хууль ёсны ашиг сонирхол үүссэн гэж үзэх боломжгүй байна. Мөн дуудлага худалдааны орлогоос Б.Дд зохих хэсгийг олгохоор шийдвэрлэжээ.
Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар, 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр захирамжууд нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчөөгүй байна. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байна.
Нэхэмжлэгч маргаж буй 1995 оноос амьдарч байгаа газрыг эзэмших хүсэлтээ удаа дараа гаргаж байсан боловч захиргааны байгууллага шийдвэрлээгүй гэж тайлбарлаж байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох С дүүргийн Газрын албанаас Б.Дд хаягласан 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 450 дугаар албан бичигт ...уг газар нь 0000 дүгээр цэргийн ангийн эзэмшилд байсан Батлан хамгаалах яамны тусгай хэрэгцээний газар юм ... гэснээс, мөн дүүргийн газрын албаны газар зохион байгуулагч Ш.Мгийн 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 78 дугаар мэдэгдэл, С дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 600 дугаар албан бичиг зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Б.Д нь 2007 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар тогтоолоор Хилийн цэргийн 0000 дүгээр ангийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байсан 324 м.кв талбай, 756 м.кв эдэлбэр газартай Соёлын төвийн барилгыг нийтийн дуудлага худалдаанд оролцогч Л.М худалдан авсаны дараа хүсэлт гаргаж байсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот захирамжийн У.Жд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* дгаар захирамжийн Л.Мт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагатай нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх сэргэж, биелэгдэх шинж чанартай байх ёстой бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот захирамжийн иргэн У.Жд холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* тоот захирамжийн иргэн Л.Мт холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч Б.Дын эрх хэрхэн сэргэгдэх нь тодорхойгүй байна. Учир нь маргаан бүхий газрыг эзэмших эрхийг захиргааны байгууллагаас нэхэмжлэгч Б.Дд олгоогүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан ...Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот захирамжийн У.Жд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* дгаар захирамжийн Л.Мт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн Б.Дын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ц.ОДМАА