Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 642

 

 

 

 

 

 

    2020          5             19                                       2020/ДШМ/642 

 

 

Э.Мд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Б.Ганзориг,

шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 455 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2006007370271 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Жонгоор овгийн Э.М, 1989 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн “Эрдэнэбулган” суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрмийн хайгуулын туслах мэргэжилтэй, “Элгэн” ХХК-д өрмийн туслах ажилтай, ам бүл 4, аав, 2 дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, Цогт-Уул 30 дугаар гудамжны 1 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 64-5 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: АЯ89111874/;

 

Шүүгдэгч Э.М нь 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 5-889 тоотод иргэн Б.Нямсүрэнгийн байнга амьдрах орон байранд буюу монгол гэрийн хаалганы түлхүүрийг авч, хууль бусаар, нууцаар нэвтэрч, 42 инчийн “BSB” брендын зурагтыг авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Мг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Э.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэрч Нэргүйбаяртай 2 жилийн өмнө Архангай аймагт танилцаад одоог хүртэл бид 2 эхнэр, нөхрийн харьцаатай болж хамтран амьдарсаар ирсэн.  Би Өмнөговь аймагт өрмийн компанид ажилладаг. Ээлжийн ажилтай учир хотод ирэхэд хааяа хохирогч Нямсүрэнгийн хашаанд байдаг Норовдоо эгчийнд ирэн очин байдаг байсан. Ингэж байх хугацаанд Норовдоо эгч, Баяраа ах хоёр Нямсүрэн, Янжинлхам хоёрын гэрийг нь галлаад өгчих, нохойны хоолыг нь гэрээс нь аваад өгчих гэх мэтээр гэрт нь орж түлхүүрээр нь зөндөө хаалгыг нь онгойлгон  орж гэрийг нь халааж юмыг нь хийж тусалдаг байсан. Гэтэл урд өмнө намайг огт гэрт нь орж байгаагүй мэтээр танихгүй юм шиг мэдүүлгээ өгсөнд маш их гайхаж байна. Би сард 1.800.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг байсан ба миний хамтран амьдрагч гэрч Нэргүйбаяр 12 сард надаас 1.000.000 төгрөгийг дүү Янжинлхамд хэрэг болоод байна зээлээч гэхээр нь өгсөн. Мөнгө хэрэг болоод нэхэхэд Нэргүйбаяр мөнгө байхгүй гээд өгөхгүй байсан юм. Тэгэхээр би дүүгийнхээ телевизорыг нь авч архины хар гайгаар ломбардад тавьсандаа маш их харамсаж гэмшиж өөрийн гэм буруугаа ухамсарлан ойлгож байна. Гэхдээ нөхцөл байдлыг үнэн бодитой шалгаагүй. Миний эрх зүйн байдлыг дордуулж “нэвтэрсэн” гэж хүндрүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

            Шүүгдэгч Э.Мгийн өмгөөлөгч Ж.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн нөхцөл байдал харагддаг. Хохирогчийн “манай гэрээс зурагт авсан байна” гэх мэдүүлгийг үндэслэж буруутгасан болохоос үүний цаана ямар шалтгаан нөхцөл байсныг шалгаж тогтоогоогүй. Харин гэрч Нэргүйбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад “гэрч Нэргүйбаяр, М нар хамтын амьдралтай байсан учир хадам ээж Норовдоогийн биеийн байдал тааруу байсан тул тэднийд очиж байдаг байсан. Э.М нь Өмнөговь аймагт өрмийн компанид ажилладаг байсан. Тухайн үед ажлаасаа ирчихсэн байх үед нь “нохой хооллоод өгөөч, гэрийг нь галлаад өгөөч” гэдэг байсан. Хохирогч Б.Нямсүрэнгийн гэрийн түлхүүр Норовдоо эгчийнх нь гал тогооны тавиур дээр байдаг байсан гэх энэхүү нөхцөл байдлыг үнэн зөв тогтоож шалгаагүй. Өмгөөлөгчийн зүгээс шүүх “нэвтэрч үйлдсэн” гэж зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн тайлбарт нэвтэрч үйлдсэн гэдгийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх түлхэж эвдэх, цуургыг сугалах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно гэж заасан. Гэтэл миний үйлчлүүлэгч тухай үед хохирогчийн гэрт ямар нэг нэвтэрч үйлдсэн гэх уг гэмт хэргийн объектив талын шинжийн үйлдэл гаргалгүйгээр эд хөрөнгийг авсан. Тухайн үед хохирогчийн эхнэр гэрч Нэргүйбаяраар дамжуулан Э.Мгаас 1 сарын цалинг нь зээлж авсан байсан. Мөнгөө нэхэхэд одоохондоо боломжгүй байна” гэх үл ойлголцол, маргааны шинжтэй нөхцөл байдал үүссэн. Үүнээс улбаалж хохирогчийн зурагтыг авч гараад ломбардад тавьсан байдаг. Уг үйлдэлдээ шүүгдэгч нь гэмшиж байгаагаа илэрхийлдэг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлж зүйлчилсэн зүйлчлэлийг өөрчилж мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж шийдвэрлэж өгнө үү. Түүнчлэн, шүүгдэгчийн  эцэг нь хорт хавдрын шинжтэй өвчин илэрч биеийн байдал нь муу Архангай аймагт амьдарч байгаа байдлыг харгалзан үзнэ үү. ...” гэв.

 

            Прокурор Б.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөгч нь энэ хэрэгт хамааралтай нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан. Мөн хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Э.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Хэдийгээр хохирогчийн гэрт орж тусалдаг гэж байгаа боловч зөвшөөрөл авахгүйгээр түлхүүрийг нь авч нэвтэрч байгаа үйлдэл нь хууль бус юм. Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд шунахайн сэдэлтээр эд зүйлийг авч ломбардад тавьж, захиран зарцуулсан байдаг тул гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримталж ял оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

            Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.М нь 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 5-889 тоотод иргэн Б.Нямсүрэнгийн байнга амьдрах орон байранд буюу монгол гэрийн хаалганы түлхүүрийг авч, хууль бусаар, нууцаар нэвтэрч, 42 инчийн “BSB” брендын зурагтыг авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Нямсүрэнгийн “...Тухайн өдөр эхнэр бид хоёр 11 цаг 20 минутын үед гэрээ цоожлоод ажилдаа явсан. Гэтэл 13 цаг болж байхад хадам ээж залгаад “танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Гэртээ иртэл манай цоожинд түлхүүр тааруулж орж, 42 инчийн “BSB” зурагтыг хулгайлсан байсан. Миний бодлоор хадам ээжийнд эхнэр бид хоёр түлхүүрээ хааяа үлдээдэг. Тэр үед эхнэрийн ээжийнд түлхүүрээ үлдээсэн. М ээжийнд ирсэн байхдаа манай гэрийн түлхүүрийг аваад гэрт орж зурагт хулгайлсан байсан.  Зурагтаа 2018 онд 649.900 төгрөгөөр худалдан авч байсан. ...” /хх 12/,

 

Гэрч  Б.Янжинлхамын “...2020 оны 1 дүгээр сарын 23 өдөр өглөө 10 цагийн үед би нөхөр, хүүхдийн хамт гарсан. Тэр үед манай аавын гэрт дүү нар үлдсэн. Тэр үед миний төрсөн дүү Тэмүүлэн үлдсэн бөгөөд намайг хичээл дээрээ байхад  залгаад “эгчээ хаалга чинь онгорхой, зурагт чинь  байхгүй байна, хулгайч орсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд  гэртээ иртэл манай 42 инчийн зурагт алдагдсан байсан. ...”/хх 16-18/,

 

Гэрч Б.Нэргүйбаярын “...Саяхан манай ээж нас барсан учир би тэр өдөр эгч Норовдоогийн хамт явж ном уншуулсан. Тэгээд өдөр 13:30 минутын үед буцаад иртэл хүргэн ах Нямсүрэнгийнд хулгай орсон байсан. Түлхүүр тааруулж орсон ба манай хамтран амьдрагч Э.М гэх залууг сэжиглэж байсан. Манай ээжийн бие муудаж нас барснаас хойш Э.М надтай хамт Норовдоо эгчийн гэрт байсан. ...” /хх 19/,  “Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 28-29/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Мг орон байранд буюу монгол гэрийн хаалганы түүлхүүрийг авч, хууль бусаар нууцаар нэвтэрч, 42 инчийн зурагтыг хулгайлсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Э.М “...нөхцөл байдлыг үнэн бодитой шалгалгүй миний эрх зүйн байдлыг дордуулж “нэвтэрсэн” гэж хүндрүүлж шийдвэрлэсэн гомдолтой байгаа тул зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

           

            Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэж, хохирлыг хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлнэ зүйлчилнэ гэж заасан.

 

Үүнээс үзэхэд, шүүгдэгч Э.М нь хохирогч Б.Нямсүрэнгийн байнга амьдрах орон байр буюу монгол гэрийн хаалганы түлхүүрийг айлын гэрт байхад  авч, хохирогчийн зөвшөөрөлгүйгээр хаалгыг онгойлгон бусдын гэрт хууль бусаар, нууцаар нэвтэрч, 42 инчийн “BSB” брендын зурагтыг авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул “хүн амьдрах орон байранд нэвтэрч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

 

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр барагдсан байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан  хуульд заасан ялын хамгийн доод хэмжээнээс доогуур буюу 1 жилийн  хорих оногдуулсан, үүнээс өөрөөр ял шийтгэлийг хөнгөрүүлэх хуулийн заалт байхгүй байна.

 

Иймээс  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж “ял шийтгэл хөнгөрүүллэх” талаар гаргасан шүүгдэгч Э.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 455 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ