Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/01031

 

 

 

 

 

 

 

 2022          11           03                                          001/ХТ2022/01031

 

... гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                          

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00706 дугаар шийдвэр,

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2020/00066 дугаар магадлалтай                                                                                                                                   

... гийн нэхэмжлэлтэй

Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох

500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг       

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ...  нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00706 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 15,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... д олгож шийдвэрлэжээ.

3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2020/00066 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00706 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүхийн 00066 дугаар магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, мөн хуулийн 172.2.2 дахь хэсэгт заасан “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байх тул хариуцагч миний бие хяналтын журмаар гомдол гаргаж байна. Баян-Өлгий аймгийн анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч ...  нь өөрийн буруутай үйлдлээс болж өөр байгууллагын дансанд шилжүүлэх ёстой байсан 500,000 төгрөгөө тус сургуулийн дансанд андуурч хийсэн ба тухайн үед энэ талаар сургуулийн захиргаанд мэдэгдэж, буруу шилжүүлсэн мөнгөө буцаан шаардаж ирээгүй. Хоёр жил өнгөрсний дараа буюу 2020 оны 02 дугаар сард сургуулийн захиргаанд хандаж энэ байдлын талаар гомдол гаргасан. Тус сургууль нь төрийн байгууллага бөгөөд тухайн жилд батлагдаж ирсэн төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “төсвийн жилийн” тухай тусгаж өгсөн бөгөөд уг зүйлийн 7.1-д “Төсвийн жил нь тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно” гэж заасан. 2018 онд нэхэмжлэгч ...  өөрийн буруу шилжүүлсэн мөнгөө сургуулиас нэхэмжилж ирээгүй, тухайн оны төсвийн жил дууссан. Мөн төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д: Энэ хуулийн 43 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн төсөв зарцуулах эрх нь дуусгавар болох бөгөөд төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ” гэж заасан бөгөөд сургуулийн 2018 оны төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн үед манай сургуулийн харьяалагдах яам өөртөө татан төвлөрүүлсэн. ... гийн нэхэмжилж байгаа мөнгө нь уг татан төвлөрүүлсэн төсвийн дотор хамт татагдсан. Сургуулийн дансанд үлдээгүй. Сургууль ямар нэгэн байдлаар ашиглаагүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалын Үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч ...  болон хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжпийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй байхад хариуцагч үндэслэлтэй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 заалтад нийцсэн байна” гэж дүгнэжээ. Гэвч хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөнийг нэхэмжлэгч тал нотлох баримтаар нотолж чадаагүй, энэ талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй, хавтаст хэрэгт сургууль нэхэмжлэгчийн 500,000 төгрөгийг гарган авч дур мэдэн зарцуулсан талаарх нэг ч нотлох баримт байхгүй, Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нарийвчилсан зохицуулалтыг хоёр шатны шүүх анхаарч үзээгүй, төрийн сан дахь дансанд орж ирсэн мөнгийг жилийн эцсээр харьяалагдах яам татан авсан асуудалд дүн шинжилгээ хийгээгүй байж хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.18-ны өдрийн 130/ШШ/2020/00706 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.21-ний өдрийн 212/МА2020/00066 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч ...  нь хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

6. Анхан шатны шүүх хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... д олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.

7. Нэхэмжлэгч “... малжуулах төсөл хөтөлбөрт хамрагдаж зээл авч байсан ба 2018.07.02-ны өдөр эргэн төлөлт болох 500,000 төгрөгийг төрийн сангийн 100020037009 тоот дансанд тушаасан боловч тухайн данс нь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн данс байсан тул уг мөнгийг буцаан шаардаж байна” гэж, “... ... гийн андуурч хийсэн мөнгө нь тус сургуулийн төрийн сан дахь дансанд орсон ба сургууль ямар нэгэн байдлаар ашиглаагүй, тухайн дансанд жилийн эцэс хүртэл байсан бөгөөд жилийн эцсээр манай сургуулийн харьяалах яам төрийн сангийн холбогдох данснаас сургуулийн үлдэгдэл төсвийг татахад уг мөнгө татагдсан. Сургууль нь батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэсэн тайлбарыг хариуцагч гаргасан байна.

8. Хэргийн баримтаас үзэхэд ...  нь ХААН банкны 2018.07.02-ны өдрийн мөнгөн шилжүүлгээр Төрийн сан дахь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 100020037009 тоот дансанд 500,000 төгрөгийг данс андуурч шилжүүлсэн, мөнгө хариуцагч байгууллагын 100020037009 тоот дансанд орсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.

9. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж, мөн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зохицуулсан.

10. Нэхэмжлэгч ...  болон хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хороонд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар ямар нэгэн үүрэг үүсээгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Үүрэг үүсээгүй тул нэхэмжлэгч нь шилжүүлсэн хөрөнгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

11. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул “...хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00706 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2020/00066 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                        

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА                                   

                                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

                                                                                                    Д.ЦОЛМОН

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД