Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 627

 

 

 

 

 

 

2020              5              19                                          2020/ДШМ/627

 

 

Б.О-, Т.Т-, Ч.Х- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гантулгабат,

шүүгдэгч Т.Т-,

шүүгдэгч Т.Т-, Ч.Х- нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

хохирогч Н.Ганзориг, түүний өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЗ/1345 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Гантулгабатын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 36 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.О-, Т.Т-, Ч.Х- нарт холбогдох эрүүгийн 1906040062011 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шилдээд овгийн Х-, 19... оны 7 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .............. хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ..................../;

2. Боржигон овгийн Т.Т, 19...... оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........ настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..........хамт ...............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......................./;

3. Монгол овгийн Б.О, 19...... оны 6 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, ............ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .................... группд худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл ........ хамт Чингэлтэй дүүргийн .............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн ................тоотод түр оршин суух, /РД: ......................./;

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 10А дугаартай шийтгэх тогтоолоор 4 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж шийдвэрлэсэн;

Ч.Х-, Б.О-, Т.Т- нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “Автомаркет МГЛӨ” хувьцаат компаниас 66-04 УНЯ улсын дугаартай “Тоёота кровн мажеста” маркийн автомашиныг 52.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 10.400.000 төгрөг бэлнээр өгч, үлдэгдэл мөнгийг төлөхдөө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кредит прогресс” банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавиулан, уг зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байхдаа хуурамч бичиг баримт бүрдүүлэн Автотээврийн үндэсний төвөөс Б.О-ын нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Кредит прогресс” банк бус санхүүгийн байгууллагад 41.600.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр “Автомаркет МГЛӨ” хувьцаат компаниас 49-37 УБК улсын дугаартай “Тоёота Виллпаяр” маркийн автомашиныг 42.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 9.600.000 төгрөг бэлнээр өгч, үлдэгдэл мөнгийг төлөхдөө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кредит прогресс” банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавиулан, уг зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байхдаа хуурамч бичиг баримт бүрдүүлэн Автотээврийн үндэсний төвөөс Б.О-ын нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулахыг завдаж “Кредит прогресс” банк бус санхүүгийн байгууллагад 32.400.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн тээврийн товчооны орчим “Кредит прогресс” банк бус санхүүгийн байгууллагад 41.600.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байсан 66-04 УНЯ улсын дугаартай “Тоёота кровн мажеста” маркийн тээврийн хэрэгслийн зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байхдаа хуурамч бичиг баримт бүрдүүлэн Автотээврийн үндэсний төвөөс Б.О-ын нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулан Б.О-ын өмчлөлийнх гэж итгүүлэн залилж, иргэн Н.Ганзоригт 30.000.000 төгрөгөөр зарж, улмаар бусдад нийт 104.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.О-, Т.Т-, Ч.Х- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг шалгаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл ... өмгөөлөгчид хэргийн материал танилцахыг мэдэгдэнэ”, 2 дахь хэсэгт “мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа ... тэдний өмгөөлөгчид хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэжээ. Гэтэл хуульд заасан дээрх ажиллагааг хийлгүй хэргийг шүүхэд ирүүлснээс шүүхийн шатанд хэргийг прокурорт буцаах тухай саналыг шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргах үндэс болж байгаагаас гадна тэдний мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт гаргах эрхийг зөрчжээ. Иймд хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв” гэжээ.  

Прокурор Ц.Гантулгабат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан хуулийн зохицуулалтыг авч үзвэл, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх үед хэрэглэх ёстой хуулийн заалт болох нь тодорхой, ойлгомжтой байтал яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамж гарсны дараа товлогдсон шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаас дээрх хуулийн зүйл, хэсгийг дахин баримталж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Монгол улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна.” гэжээ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хурлаар хэргийг хянан хэлэлцээд шүүхээс гаргах шийдвэр нь зөвхөн шийтгэх эсхүл цагаатгах хэлбэртэй байх ёстойг хоёрдмол утгагүй, бүрэн тодорхой хуульчилсан байхад анхан шатны шүүхээс хэрэглэх ёсгүй хуулийн зүйл, заалт хэрэглэж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Шүүх ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн “хууль ёсны байх” үндсэн зарчмыг зөрчсөн зөрчил гэж үзнэ. Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт нотлох баримттай холбогдох асуудлыг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг шалгаагүй байна.” гэсэн ганцхан өгүүлбэрээр тодорхойлжээ. Гэтэл шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлбарлахад боломжгүйд хүргэж буй ямар ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд дутуу шалгасан гэж дүгнэж буй нь туйлын ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэх үндэслэлтэй юм. Мөн шүүгчийн захирамжид “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...өмгөөлөгчид хэргийн материал танилцахыг мэдэгдэнэ”, 2 дахь хэсэгт “...өмгөөлөгчид хавтас хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж тус тус заасан ажиллагааг хийлгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн нь гомдол, хүсэлт гаргах эрхийг зөрчсөн” гэжээ.

Хавтас хэргийн материалтай танилцсан тэмдэглэлээс үзвэл яллагдагч нарт хавтас хэргийн материал танилцуулсан ба яллагдагч нар өмгөөлөгч ирэх боломжгүй байгаа талаар дурьдаж, өөрсдөө хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурсан байдаг. Мөн өмгөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хэргийн материалтай танилцах эрхтэй, нөгөөтэйгүүр шүүх хуралдааны явцад өмгөөлөгч нарын зүгээс хэргийн материалтай танилцаагүй гэх асуудлаар гомдол, хүсэлт огт гаргаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдах учир тэдгээрийн хүсэлт, гомдол гаргах эрхийг зөрчсөн гэж дүгнэн, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Н.Ганзоригийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанаар гэм буруугийн асуудал хэлэлцэгдсэн. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлтийг гаргасан. Анхан шатны шүүх хүлээж авалгүй, гэм буруугийн хурлыг үргэлжлүүлсэн. Хэргийг буцаахдаа өмгөөлөгч нараас гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийг хангахгүйгээр орхисон атлаа хэн нэгэн бие дааж гаргаагүй хүсэлтийг шийдвэрлэсэн байдаг. Энэ нь үндэслэлгүй. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Н.Ганзориг тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбаргүй.” гэв.

Шүүгдэгч Т.Т-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зөрчил гарсан нь үнэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол хэсэг бол мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа хавтас хэргийг оролцогч нарт танилцуулаад мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гомдлоо гаргах эрхтэй. Гэтэл уг эрх зөрчигдсөн. Хэргийг прокурорт шилжүүлсэн талаар мөрдөгчөөс сонссон. Яагаад хэргийн материалтай танилцахгүй байгаа юм бэ гэж бидэнд хэлээгүй. Хэрэг хэзээ прокурорт шилжсэн болохыг мэдэхгүй. Гэнэт л шүүхээс шүүх хурал зарлагдсан гэж мэдэгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтыг шинжлэн судалдаггүй учраас шүүх гэм буруугийн хурлаар нотлох баримтыг шинжлэн судлаад та нарын гаргасан асуудлыг шийдвэрлэе гэсэн. Урьдчилсан хэлэлцүүлэг дээр нотлох баримт шинжлэн судлах боломжгүй учраас гэм буруугийн хурал руу шилжүүлж байгаад нотлох баримт дээр тулгуурлаж шүүх дүгнэлтээ гаргасан. Үүнтэй холбоотой өмнөх захирамжийн биелэлт нь хангагдаагүй болох нь тогтоогдсон. Тухайлбал, банк бус санхүүгийн байгууллагаас гарсан мөнгөн дүнгээр хохирлын хэмжээг тооцож байгаа бол илүү төлсөн мөнгийг хохирогчид шилжүүлж өгөх юм уу, эсхүл холбогдогч нарт буцааж олгох талаар нэг ч ажиллагаа хийгээгүй. Бидний гомдол гаргасан үндэслэл энэ юм. Гэмт хэрэг нэрийн дор шүүгдэгч нарын шударгаар төлсөн, эсхүл хохирогчид очих ёстой төлбөрийг нуун өнгөрөх юм уу, үйлдсэн гэмт хэргээр нь далимдуулаад Банк бус санхүүгийн байгууллага үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөл байдлыг хангах ёсгүй гэж бид мэтгэлцэж байсан. Иймд анхан шатны шүүхийн захирамж үндэслэлтэй гарсан. Прокурорын эсэргүүцэл дээр бичигдээд байгаа шиг зүйл болоогүй. ...” гэв.

Шүүгдэгч Т.Т- тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбаргүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Б.О-, Т.Т-, Ч.Х- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг шалгаагүй байна. Мөн өмгөөлөгчид хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэснийг зөрчсөнөөс тэдний мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт гаргах эрхийг зөрчжээ” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, шүүгчийн захирамж гарган хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. 

Уг шүүгчийн захирамжийг “хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх”-ээр бичсэн прокурор Ц.Гантулгабатын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаартай эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Учир нь, шүүгдэгч Б.О-, Т.Т-, Ч.Х- нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудын талаар шалгах ажиллагааг бүрэн хийсэн байна.

Түүнчлэн 1 дүгээр хавтаст хэргийн 10-14 дүгээр талд авагдсан хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлүүдээр яллагдагч Б.О-, Т.Т-, Ч.Х-, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Батмягмар, Н.Ганзориг нарт хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр тус тус танилцуулсан болох нь тогтоогдож байна.

Үүнээс хойш хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр прокуророос шүүхэд шилжүүлэх хүртэл хугацаанд оролцогчид танилцах боломж нээлттэй байснаас гадна шүүхийн шатанд ч танилцаж, шүүхийн хэлэлцүүлэгт аливаа санал хүсэлт, гомдол гаргах эрх нээлттэй байжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2019/ШЗ/3485 дугаартай шүүгчийн захирамжаар “тухайн хэрэгт шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл зэрэг нь нэг өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дүгнэлтийг үл зөвшөөрөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхийг ноцтой зөрчсөн байна” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан ба өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн “өмнөх шүүгчийн захирамжийн заалт биелэгдээгүй” гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, энэ шүүгчийн захирамжийн дагуу шинжээчийн дүгнэлтийг оролцогч нарт танилцуулах зэргээр зохих ажиллагаа хийж гүйцэтгэсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Батмягмарын хүсэлтийн дагуу дахин шинжээч томилж, Дамно ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн БЗ1-20-039, БЗ1-20-040 дугаартай дүгнэлтүүдийг гаргуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хохирол, төлбөрийг тодорхой болгох зэрэг ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Б.О-, Т.Т-, Ч.Х- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЗ/1345 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.О-, Т.Т-, Ч.Х- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.  

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.О-т авсан цагдан хорих, шүүгдэгч Т.Т-, Ч.Х- нарт авсан хязгаарлалт тогтоох тус тус таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                   Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                                       Б.ЗОРИГ