Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагарын Байгалмаа |
Хэргийн индекс | 182/2018/02636/И |
Дугаар | 182/ШШ2020/02042 |
Огноо | 2020-09-16 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан /захиргааны албан хаагч/, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 182/ШШ2020/02042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НЗДБУБХЗ-д холбогдох,
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/159, Б/160 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16 040 160 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр шимтгэл төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Амгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хонгорзул, гуравдагч этгээд Ж.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Амгалангаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 21 жил боловсролын салбарт ажиллаж байна. 2015 онд 125 дугаар сургуулийн захирлаар томилогдож, 2017 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн бөгөөд энэхүү захирамжийг хууль бус гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, 3 шатны шүүхээс намайг ажилд минь эгүүлэн тогтоох шийдвэр гарч, 2018 оны 08 дугаар сарын 22-нд намайг эгүүлэн ажилд минь томилсон боловч 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дахин ажлаас минь чөлөөлсөн. Хэвийн ажил хөдөлмөрөө эрхэлж байсан миний хөдөлмөрлөх эрхийг удаа дараа зөрчиж байгаад нь гомдолтой байна.
Нийслэлийн Засаг даргын Б/159 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар Багануур дүүрэгт ашиглалтад орох 320 хүүхдийн суудалтай сургуулийг 125 дугаар сургуультай нэгтгэн ерөнхий боловсролын “Оюуны эрин цогцолбор сургууль” байгуулсан гэж Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15., Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.1., 42 дугаар зүйлийн 42.1.-д заасныг үндэслэл болгосон. Үүнийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2.-т “ажилтан нас барсан” бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгохоор зохицуулжээ. Гэтэл миний бие өнөөдөр амьд сэрүүн байгаа тул энэ заалт надад хамаарахгүй. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15.-д Нийслэлийн Засаг дарга нь аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх бүрэн эрхтэй байхаар зохицуулжээ. Хэдийгээр уг заалт нь Нийслэлийн засаг даргад эрх олгосон зохицуулалт боловч хуулийн гол үзэл санаа бол “уг ажлын байранд сонгон шалгаруулалт явагдах, улмаар түүний үр дүнг үндэслэн тухайн сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх эрх олгосон заалт юм. Миний бие тус албан тушаалд 2014 онд зарласан удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж томилогдсон бөгөөд надтай байгуулсан үр дүнгийн гэрээг холбогдох байгууллага, албан тушаалтнаас дүгнэсэн зүйл байхгүй. Иймд уг заалтыг чөлөөлөх үндэслэл болгосон нь нийцэхгүй байна. Нөгөө талаар 2 сургуулийг нэгтгэснээр уг албан тушаалд сонгон шалгаруулалт зарлагдаж, түүний үр дүн гарсан тохиолдолд хэрэгжих боломжтой заалт юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж заасан. Миний бие дээрх үндэслэлүүдийн алинд нь хамаарч ажлаас чөлөөлөгдсөн нь тодорхойгүй байна. Хуулийн дээрх заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.1.1-д “Орон тоог цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно, 15.1.2-т “Орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно гэсэн. Мөн надад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байтал огт мэдэгдээгүй. Гэнэт ирээд л ажил хүлээлцсэн. Бодит байдлаар 2 өөр сургуулийг нэгтгээгүй. Өөрөөр хэлбэл тус дүүрэгт 320 хүүхдийн шинэ хичээлийн шинэ байр барьж ашиглалтанд оруулж, манай 125 дугаар сургуулийн байр болгон 125 дугаар сургуулийн нэрийг нь “Оюуны эрин цогцолбор сургууль” болгон үйл ажиллагаа явуулж байгаа. Миний ажиллаж байсан 125 дугаар сургууль татан буугдаагүй, захирлын орон тоо хасагдаагүй, ажилтны тоо цөөрөөгүй бөгөөд ажлаас чөлөөлөх тухай захирамжид ийнхүү дээрх агуулга тус бүрийн алийг нь үндэслэл болгосныг огт дурдаагүй. Миний ажиллаж байсан 125 дугаар сургуулийн үйл ажиллагааны чиглэл огт өөрчлөгдөөгүй, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа, сургалтын тусгай зөвшөөрөл мөн адил байгаа бөгөөд Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сургуулийн барилгыг сургуулийн хичээлийн 2 дугаар байр болгож, нэрийг нь өөрчилсөн. Сургалтын үйл ажиллагаа явуулсан үндсэн чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй. Хуулийн этгээдийн оноосон нэрийг өөрчилснөөс болж ажилтанг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1., Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т ямар тохиолдолд нэгтгэсэн гэж ойлгох вэ гэж тодорхой заасан. 2 тусдаа хуулийн этгээд хоёулангийнх нь үйл ажиллагаа дуусгавар болгож, улсын бүртгэлээс хасаж, шинээр хуулийн этгээд байгуулагдахыг нэгдэх гэж үздэг. Гэтэл 125 дугаар сургуулийн оноосон нэрээс бусад бүх хувийн хэрэг, гэрчилгээний дугаар, регистрийн дугаар зэрэг бүх зүйл нь хэвээрээ байгаа. 125 дугаар сургууль татан буугдсан процесс ажиллагаа болоогүй, хуулийн этгээд татан буугдаагүй гэдэг нь харагдаж байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 23 дугаар зүйлийн 23.1.-д хуулийн этгээд татан буугдсан талаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ гэж заасан, мөн хуулийн 23.4.-т хуулийн этгээдийг татан буугдсан цагаас хойш тухайн хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулахгүй гэж заасан. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болдог. Иймд Багануур дүүргийн 125 дугаар сургуулийг татан буугдсан талаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй, харин мэдээлэлд нь оноосон нэр өөрчилсөн тухай мэдээлэл бүртгэгдсэн байна. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Б/160 тоот захирамжаар Ж.Бат-Эрдэнийг “Оюуны эрин цогцолбор сургууль”-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь хууль эрх зүйн үндэслэлгүй.
“Оюуны эрин цогцолбор сургууль”-ийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ 2018 оны 10 дугаар сарын 05-нд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бүртгэгдэж гарсан бөгөөд энэ нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10., 5 дугаар зүйлийн 5.1., 5.2., Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-т заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. 125 дугаар сургуулийг улсын бүртгэлээс хассан нь тогтоогдохгүй байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.2.-т хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө иргэний эрх зүйн харилцаанд оролцохыг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл, “Оюуны эрин цогцолбор сургууль”-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарахаас өмнө иргэний эрх зүйн чадвар үүсээгүй байхад хууль бус захирамж гаргаж, нэхэмжлэгч Б.Амгалангийн эрхийг зөрчсөн байна. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.14.-т заасныг зөрчиж, сонгон шалгаруулалтад ороогүй хүнийг томилсон. Иймд би нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нэмэгдүүлэн, 125 дугаар сургуулийн нэр Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургууль болсон учир тус сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсч байна. Мөн ажилгүй байсан хугацааны цалинд Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээ”-г 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн тул энэ сүлжээгээр захирлын ажил нь ТҮБД-5 зэрэглэлийн 4 дүгээр шатлал болох 868 980 төгрөгийн цалин болж нэмэгдсэнийг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 20-ноос 2020 оны 09 дүгээр сарын 01-нийг хүртэл хугацаанд олгогдох ёстой 18 181 160 төгрөгөөс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 тоот Оюуны эрэн цогцолбор сургуулийн захирлын тушаалаар 2 141 000 төгрөгийн тэтгэмж олгосон байгааг хасаж суутган 16 040 160 төгрөгийг гаргуулахаар, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/159, Б/160 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичиж баталгаажуулж өгөх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Олон жилийн хугацаанд миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Багануур дүүрэгт 320 хүүхдийн суудалтай сургуулийг тус дүүргийн ерөнхий боловсролын 125 дугаар сургуультай нэгтгэн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургуулийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Цогцолбор сургууль болгон өөрчлөн байгуулах тухай” А/703 дугаар захирамжаар байгуулсан. Ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургуулийг байгуулсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2.-т зааснаар ажил олгогчийн санаачлагаар тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасныг үндэслэн ерөнхий боловсролын 125 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Амгаланг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/159 тоот захирамжаар ажлаас нь чөлөөлсөн. Түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1.-т зааснаар 3 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2.-т заасан үндэслэл барьсан нь техникийн алдаа, өөрөөр хэлбэл 38.1.2.-ыг баримтлах байсан. Нийслэлийн засаг даргын Тамгын газраас Багануур дүүргийн 125 дугаар сургуулийг татан буулгаж, Оюуны эрин цогцолбор сургууль болгож өөрчилсөн нь энгийн хэв шинжтэй байсан сургуулийг цогцолбор сургууль болгож өөрчилсөн. Энэ бол Боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1., 12.2.-т заасныг үндэслэл болгож, Нийслэлийн Засаг дарга А/703 тоот захирамжаар Багануур дүүрэгт шинээр ашиглалтад орох 320 хүүхдийн суудалтай сургуулийг 125 дугаар сургуультай нийлүүлэн өөрчилж, Оюуны эрин цогцолбор сургууль болгосон. Ийм захирамж гарсантай холбогдуулж нэхэмжлэгч Б.Амгаланг ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2.-т заасны дагуу ажлаас чөлөөлж, ажилгүйдлийн тэтгэмж олгосон. Үүний дараа 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/160 дугаар захирамжаар Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын сул орон тоон дээр зохих журмын дагуу нөхөн гүйцэтгэх хугацаанд Ж.Бат-Эрдэнийг сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилсон нь хууль зөрчөөгүй болно. Мөн сүүлд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Б/160 тоот захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Б.Амгалан нь Нийслэийн Засаг даргын А/703 тоот захирамжид гомдол гаргаагүй байж, шүүх хуралдаан дээр уг захирамжтай маргаад байна. А/703 тоот захирамжид гомдол гаргах хуулийн хугацаа ч дууссан. Тухайн үед уг захирамжтай маргаагүй, маргах эрх нь нэхэмжлэгчид байсан. Ер нь А/703 тоот захирамжийг гаргахдаа Бага дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.-т заасныг үндэслэж сургуулийг нэгтгэн зохион байгуулж, цогцолбор сургууль байгуулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд гуравдагч этгээд Ж.Бат-Эрдэнээс гаргасан тайлбартаа:
Миний бие хариуцагчийн гаргасан тайлбарыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Багануур дүүргийн 125 дугаар сургуулийг өргөтгөж “Оюуны эрин цогцолбор сургууль” болгож, шинээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон. Иймд уг байгууллагыг шинээр байгуулагдсан гэж үзэж байна. Учир нь орон тоо бүтэц өөрчлөгдөж, нэмэгдсэн учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Амгалан нь хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/159 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 16 040 160 төгрөг гаргуулж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/159 тоот захирамжийг хүчингүй болгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэж баталгаажуулахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан, Ж.Бат-Эрдэнийг Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тухай Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/160 тоот захирамжийг хүчингүй болгуулах гэсэн шаардлагыг нэмж өөрчилжээ.
Дээрх нэхэмжлэлийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас үл зөвшөөрч, Бага дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1., 12.2.-т заасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргаас 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр А/703 тоот захирамжаар Багануур дүүрэгт шинээр ашиглалтанд орох 320 хүүхдийн суудалтай сургуулийг 125 дугаар сургуультай нэгтгэн Оюуны эрин цогцолбор сургуулийг байгуулж, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож захирлын сул орон тоог зохих журын дагуу нөхөх хүртэл Ж.Бат-Эрдэнийг сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, Б/160 тоот захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийг Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын ажлаас халаагүй, 125 дугаар сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Амгалан нь 2015 оноос Нийслэлийн Багануур дүүргийн ерөнхий боловсролын 125 дугаар дунд сургуулийн захирлаар томилогдож, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1503/СЗ002 тоот “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан ажиллаж байгаад 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Б/123 дугаар захирамжаар уг албан тушаалаас чөлөөлөгдсөн байх бөгөөд дээрх шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 02202 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан Багануур дүүргийн ерөнхий боловсролын 125 дугаар дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 235 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 701 дугаартай тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Ажил олгогч Нийсэлийн Засаг даргаас шүүхийн шийдвэрийг биелүүлэн Б.Амгаланг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/141 дугаартай тушаалаар Багануур дүүргийн 125 дугаар дунд сургуулийн захирлаар томилсон бөгөөд үүнээс хойш 1 сарын дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Б/159 дугаартай захирамжаар дээрх ажлаас нь чөлөөлжээ.
Нийслэлийн Засаг даргын нэхэмжлэгч Б.Амгаланг ажлаас чөлөөлсөн Б/159 тоот захирамжинд Багануур дүүрэгт шинээр ашиглалтанд орох 320 хүүхдийн суудалтай сургуулийг тус дүүргийн ерөнхий боловсролын 125 дугаар сургуультай нэгтгэн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургууль байгуулсан гэж үзэн, Хөдөлмөрийн тухай хууулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 37 дугаар зүйлийн 37.1.2., 42 дугаар зүйлийн 42.1.-д заасныг үндэслэсэн байна.
Хэрэгт Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/703 дугаар захирамж авагдсан бөгөөд уг захирамжаар Багануур дүүрэгт шинээр ашиглалтанд орох 320 хүүхдийн суудалтай сургуулийг тус дүүргийн ерөнхий боловсролын 125 дугаар сургуультай нэгтгэн Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургууль байгуулж, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн, уг захирамжийн хүчин төгөлдөр байдлын талаар нэхэмжлэгч маргаагүй, захирамжтай холбоотой гомдол гаргаагүй гэж тайлбарласан.
Дээрхээс үзэхэд Багануур дүүргийн ерөнхий боловсролын 125 дугаар сургуулийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/703 дугаар захирамжаар Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургууль болгон өөрчилсний дараа 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/141 дугаартай захирамжаар Б.Амгаланг Багануур дүүргийн 125 дугаар дунд сургуулийн захирлаар томилсон байна.
Хэрэгт авагдсан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 11/6072 тоот албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр олгогдсон 000063104 тоот Багануур дүүргийн ерөнхий боловсролын 125 дугаар дунд сургуулийн “Улсын бүртгэлийн гэрчилгээ” болон 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дахин олгогдсон 000159245 тоот Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургуулийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-нд сургуулийн регистрийн дугаарыг 4553616 гэж адил бүртгэсэн, “Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын 130904017 тоот хуудас”-т 2013 оны 09 дүгээр сарын 04-ний байдлаар хуулийн этгээдийн нэрийг “Багануур дүүргийн ерөнхий боловсролын 125 дугаар сургууль” гэж, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хуулийн этгээдийн нэрийг “Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургууль” гэж өөрчлөн бүртгэжээ. Мөн Багануур дүүргийн ерөнхий боловсролын 125 дугаар сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн, Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 157 тоот албан бичигт “...албан ёсны нэршил өөрчлөгдөж байгаа тул улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр олгож өгнө үү” гэж бичигдсэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны “Оноосон нэр өөрчилсөн мэдээлэлд: хуулийн этгээдийн одоогийн нэр гэсэн хэсэгт “Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургууль” гэж бүртгэгдсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.”, 40.1.1. “аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн...”, 40.5.-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1., 40.1.2.-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх...” гэж тус тус заажээ.
Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.-д зааснаар хуулийн этгээдийн хөрөнгийг өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллага, түүнчлэн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэрээр хуульд заасан журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болох бөгөөд 31.2.-т “Хоёр буюу хэд, хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг хариуцлагыг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нийлүүлэх гэнэ” гэж, 31.3.-т “Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нэгтгэх гэнэ” гэж тус тус заасны дагуу Багануур дүүргийн ерөнхий боловсролын 125 дугаар сургуулийг өөр сургууль буюу хуулийн этгээдтэй нэгтгэх, нийлүүлэх хэлбэрээр өөрчлөн байгуулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/703 дугаар захирамж хүчин төгөлдөр байгаа хэдий ч хэдэн сурагчтай, хэдэн багш, ажилчидтай ямар сургуулийг Багануур дүүргийн ерөнхий боловсролын 125 дугаар сургуультай нэгтгэсэн болох нь тодорхойгүй байна.
Тодруулбал, хэрэгт авагдсан дээрх баримтуудаар Багануур дүүрэгт шинээр баригдсан 320 хүүхдийн суудалтай, сургалтын зориулалттай барилгыг барьж ашиглалтанд оруулан, түүнд ерөнхий боловсролын 125 дугаар сургуулийн сургалтын үйл ажиллагааг явуулан, тус сургуулийн нэрийг “Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургууль” гэж өөрчилсөн үйл баримт тогтоогдсон.
Бага дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-т “Ерөнхий боловсролын сургууль нь боловсролын стандартаар тогтоогдсон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага мөн.” гэж, 12.2.-т “Эзэмшүүлэх боловсролын түвшинг харгалзан ерөнхий боловсролын сургуулийг бага, дунд, ахлах гэж ангилна. Бага, дунд, ахлах сургууль нь цогцолбор хэлбэрээр хоршин ажиллаж болно”, 12.3-т “Ерөнхий боловсролын сургууль нь ердийн, төрөлжсөн, гүнзгийрүүлсэн, тусгай, олон улсын хөтөлбөрийн сургалттай гэсэн хэв шинжтэй байна.” гэж тус тус заасан байна.
Багануур дүүргийн ерөнхий боловсролын 125 дугаар дунд сургуулийн 000063104 тоот “Улсын бүртгэлийн гэрчилгээ”, 0002500 тоот Нийслэлийн ерөнхий боловсролын 125 дугаар сургуулийн “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн гэрчилгээ, Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургуулийн 000159245 тоот “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ”, Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургуулийн 0003251 тоот “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн гэрчилгээ, түүний хавсралтаар тухайн сургуулийн үндсэн үйл ажиллагааг ерөнхий боловсролын дунд сургуулийн үйл ажиллагаа гэж тодорхойлсноос үзэхэд 125 дугаар дунд сургууль нь Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургууль болж өөрчлөгдсөнөөр үндсэн үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөөгүй буюу ердийн хэв шинжтэй, бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага хэвээр байна. Түүнчлэн ерөнхий боловсролын 125 дугаар сургуулийн үйл ажиллагааг Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-д заасан үндэслэлүүдээр татан буулгаж үйл ажиллагааг нь зогсоосон, 32.2., 32.3.-т заасан ажиллагааг явуулсан гэх баримтууд хэрэгт авагдаагүй бөгөөд тус сургуулийн ажилтнуудын тоог цөөрүүлсэн, захирлын орон тоог хассан талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан үндэслэлүүдийг тодорхойлох нотлох баримтгүй байна.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч Б.Амгаланд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх шаардлагыг хангаагүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд ажил олгогчийн, Б.Амгаланг ажлаас нь чөлөөлсөн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/159 тоот захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.5.-д заасныг зөрчсөн, түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэхээр байх тул оноосон нэр нь Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургууль гэж өөрчлөгдсөн Багануур дүүргийн ерөнхий боловсролын 125 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Амгалан нь урьд эрхэлж байсан ажилдаа буюу Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгохоор шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Б.Амгалан нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх 16 сар 25 хоногийн цалинд 12 018 4238 төгрөг, Нийслэлийн боловсролын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/15 тоот тушаалыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 6 сар 17 хоногийн цалинд 6 162 722 төгрөг, бүгд 18 181 160 төгрөг тооцогдсоноос тэтгэмжид олгогдсон 2 141 000 төгрөгийг хасаж, 16 040 160 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт нэхэмжилсэн боловч шүүхээс Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургуулийн санхүүгийн тэмдэг бүхий цалингийн тодорхойлолт, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/141 дугаартай захирамж болон нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу сарын дундаж цалин хөлсийг 713 968 төгрөгөөр тооцон тодорхойлж, ажилгүй байсан 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажлын 490 хоногийн цалинтай тэнцэх олговорт 16 271 829 төгрөг олгохоос Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 тоот тушаалаар тэтгэмжид олгогдсон 2 141 000 төгрөгийг хасаж, 14 130 829 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Уг олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцож, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасантай нийцнэ.
Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15.-д “Аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох...“ гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/160 тоот захирамжаар Ж.Бат-Эрдэнийг Багануур дүүргийн Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, 29.3.-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно.” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/160 тоот захирамжийг өөрчлөх буюу хүчингүй болгох бүрэн эрхтэй тул уг захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах боломжгүйн дээр нэхэмжлэгч Б.Амгалан нь дурдсан захирамжийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан хугацааны дотор гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т “Ажилтан ажлаас буруу халсан...гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана“ гэсэн байх ба нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/159 дугаар захирамжид 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Б.Амгалан нь түүнийг ажлаас чөлөөлсөн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/159 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар шаардсан боловч энэ шаардлага нь нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох шаардлагын үндэслэл байх тул уг захирамжийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, нэхэмжлэгч Б.Амгаланг Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 14 130 829 төгрөгийг хариуцагчаар төлүүлэн, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/159, Б/160 тоот захирамжуудыг хүчингүй болгуулах, 1 909 331 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 228 604 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-гг Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт нийт 14 130 829 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/159, Б/160 тоот захирамжуудыг хүчингүй болгуулах, 1 909 331 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Б.А-ийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 228 604 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА