Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 628

 

 

 

 

 

 

    2020           5              19                                         2020/ДШМ/628

 

 

Г.А-од холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнгөнсүх,

өсвөр насны шүүгдэгч Г.А-, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Мягмаржав,

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 2020/ШЦТ/311 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Мөнхбатын бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Г.А-од холбогдох эрүүгийн 1905048570038 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хонгор овгийн Г.А-, 20...... оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ….............. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ерөнхий боловсролын .................. ангид сурдаг, ам бүл ..............хамт...................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .................../;

Г.А- нь 2019 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар давхарт хорооны нутаг дэвсгэрт байрлах П.Н.Шастины нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн 5 давхарт байрлах хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн эмч нарын өрөөнд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч М.А-гийн эзэмшлийн цүнх, даралтын аппарат, утасны чихэвч, ном, иргэний үнэмлэх, банкны карт, шигтгээтэй мөнгөн бөгж, монетан бугуйвч, плаш диск, картны сав, чагнуур, уруулын будаг, утасны цэнэглэгч, бэлэн 80.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 823.100 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 13 дугаар дунд сургуулийн 104 тоот ангид нэвтэрч, С.Н- “НР” брэндийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 872.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Өсвөр насны шүүгдэгч Г.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Г.А-ыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.А-од 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.6 дугаар зүйл, 8.6 дугаар зүйлд тус тус зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хойшлуулсан хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.А-ыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгахыг түүний хууль ёсны төлөөлөгч Д.Мягмаржавт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.А-ын үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгаж, өсвөр насны шүүгдэгч Г.А- шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд болон түүний хууль ёсны төлөөлөгчид мэдэгдэж, Г.А- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Н-, М.А- нар гомдолгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.А-ын хууль ёсны төлөөлөгч Д.Мягмаржаваас 100.000 төгрөг гаргуулан хохирогч М.А-д олгуулж, өсвөр насны шүүгдэгч Г.А-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Н.Мөнхбат бичсэн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан шаардлагад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “шүүгдэгч Г.А-од 1 жил хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.6 дугаар зүйл, 8.6 дугаар зүйлд тус тус зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулж” гэж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх шаардлагад нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээс гадна уг зүйлийн яг аль хэсгийг баримталж шийдвэрлэсэн болох нь ойлгомжгүй ерөнхий байдлаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамласан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар “хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж заасан байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийг нь “хөнгөн” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд дээрх зүйлийг хэрэглэх ёстой атал анхан шатны шүүх “хүнд” гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрэглэсэн нь Эрүүгийн хуулий буруу хэрэглэсэн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

            Өсвөр насны шүүгдэгч Г.А- тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбаргүй.” гэв.

            Өсвөр насны шүүгдэгч Г.А-ын хууль ёсны төлөөлөгч Д.Мягмаржав тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбаргүй.” гэв.

            Өсвөр насны шүүгдэгч Г.А-ын өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.6 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн нь техникийн шинжтэй алдаа байна. Иймд хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлэхгүйгээр дээрх заалтуудыг өөрчилж буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж гэж өөрчлөлт оруулах бүрэн боломжтой. ...” гэв.

            Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан шаардлагад нийцэхгүй байна гэж бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.А-од холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Өсвөр насны шүүгдэгч Г.А- нь 2019 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, П.Н.Шастины нэрэмжит Улсын 3 дугаар төв эмнэлгийн 5 дугаар давхарт байрлах Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн эмч нарын өрөөнд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч М.А-гийн эзэмшлийн цүнх, даралтын аппарат, утасны чихэвч, ном, иргэний үнэмлэх, банкны карт, шигтгээтэй мөнгөн бөгж, монетан бугуйвч, плаш диск, картны сав, чагнуур, уруулын будаг, утасны цэнэглэгч, бэлэн 80.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 823.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэмт хэрэг, зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 54/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 99-100/,

хохирогч М.А-гийн “... би цүнхээ 5 давхарын платуудаар хайгаад олдохгүй болохоор нь камер шүүсэн чинь миний цүнхээ тавьсан буюу резидент эмч нарын өрөөнөөс 14-18 нас орчим, шар үстэй, өндөр туранхай залуу цүнх аваад гарч байгаа бичлэг байсан. ...” /хх 62/,

өсвөр насны шүүгдэгч Г.А-ын яллагдагчаар өгсөн “... хоол боловсруулах эрхтэний тасгийн сувилагч нарын өрөөний хаалга онгорхой байсан. ...сандалны дор хар хөх өнгийн цүнх унасан байхаар нь аваад буцаад гарч цахилгаан шатны хажууд ирэхэд цахилгаан шат 4 давхарт явж байсан. ...би эмнэлгээс гараад Саппорогийн автобусны буудал руу алхаад буудал дээр очиж цүнхээ онгойлгож үзэхэд дотор нь эмчийн чагнуур, даралтын аппарат, ном, дэвтэр, эрээн өнгийн цамц байсан. Урд талын халаасны цахилгааныг нээхэд дотор нь иргэний үнэмлэх, уруулын будаг, уутан дотор хийсэн монетан гинж, эмэгтэй хүний будагтай сав зэрэг байсан. Би тэр дундаас монетан гинжийг авч гартаа зүүгээд цүнхээ аваад Тахилт 3 дугаар эмнэлгийн автобусанд суугаад Хархорин дээр буусан. ...гүүрэн гарцан дээрээс нэг ах бууж ирээд “ахын дүү наад гинж чинь 1 грамм нь 60.000 төгрөг болно. Би чамаас 120.000 төгрөгөөр худалдаж авна” гэж хэлсэн. ...120.0000 төгрөг бэлнээр нь өгөхөд би гинжээ өгөөд хорооллын нөгөө хонодог пс тоглоомын газраа ирж тоглож хоносон. ...би цуг буудал дээр буусан Отгонбаяр гэх найздаа цүнхийг нь өгч явуулсан. ...” /хх 72/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн БГ2-20-269 дугаартай хохирогч М.А-гийн хулгайд алдагдсан гэх эд зүйлсийг нийт 743.100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх 78-79/ зэргээр,

мөн 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Ерөнхий боловсролын 13 дугаар дунд сургуулийн 104 тоот ангид нэвтэрч, хохирогч С.Н- “НР” брэндийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 872.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Н- “...би гарахдаа өөрийн зөөврийн компьютерыг багшийн ширээн дээр цэнэглэгчийн хамт нөүтбүүкний цүнхэндээ хийгээд ангийн хаалгаа хаагаад хуралдаа орсон. 2 цагийн дараа хурал дуусаад ангидаа орж иртэл ангийн хаалга онгорхой, ширээн дээр байсан миний цүнхтэй нөүтбүүк байхгүй байхаар нь мэдээлэл зүйн багш нарын өрөөнөөс орж камер шүүтэл нэг эрэгтэй, шар үстэй хүн манай ангиас миний цүнхтэй нөүтбүүкийг аваад явж байгаа бичлэлгийг үзээд цагдаад хандсан. ...” /хх 14/,

өсвөр насны шүүгдэгч Г.А-ын яллагдагчаар өгсөн “... онгорхой хаалгаар шагайж харахад хүн байхгүй байсан. Ширээн дээр хар өнгийн цэнхэр зурагтай цүнх байсан. Цүнхийг очоод шууд аваад үүрээд буцаад хурдан сургуулиас гараад шууд “Өргөө” кино театрын баруун талд байх пс тоглоомын газар руу орсон. Тэгээд цүнхээ үзэхэд нөүтбүүк цэнэглэгчтэй байсан. ... пс тоглоомын газар байсан зүс таних ахаасаа “та надад энэ нөүтбүүкийг ломбарданд тавиад өгөөч” гэж гуйсан. Нөгөө ах тэгэхэд “чи надад хэдэн төгрөг өгөх юм” гэхээр нь би “50.000 өгнө” гэж хэлсэн. ...тэр ах надад 50.000 төгрөгийг нь авна, чи 100.000 төгрөгийг нь ав гэж хэлээд бичиг баримтаараа уг ломбарданд нөүтбүүкийг тавьсан. ...би мөнгөөрөө пс тоглоомын газар очиж тоглоод маргааш нь Отгонбаярын хамт тоглоод, идэж уугаад дуусгасан. ...” /хх 47/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн БГ2-19-1155 дугаартай хохирогч С.Н- “НР” брэндийн зөөврийн компьютерийг 850.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх 16-17/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн БГ2-20-216 дугаартай С.Н- “HP” брэндийн зөөврийн компьютерийн цүнхийг 22.400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх 85/,

“Би Эс Би Ди” ломбарданд хохирогч С.Н- “HP” брэндийн зөөврийн компьютерийг 150.000 төгрөгөөр барьцаанд тавьсан барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх 27/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 35-39/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн өсвөр насны шүүгдэгч Г.А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Өсвөр насны шүүгдэгч Г.А-ын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үргэлжилсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Прокурор Н.Мөнхбатаас “шүүгдэгч Г.А-од 1 жил хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.6 дугаар зүйл, 8.6 дугаар зүйлд тус тус зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулж” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийг нь “хөнгөн” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хэрэглэх ёстой атал “хүнд” гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул өөрчлөлт оруулах”-аар эсэргүүцэл бичжээ.

Прокурорын эсэргүүцлийн дагуу хэргийг хянахад эсэргүүцэлд заасан үндэслэлүүд нь хууль зүйн үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.

Тодруулбал, анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгчид 1 жил хорих ял оногдуулж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.6, 8.6 дугаар зүйлд тус тус зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд хууль хэрэглээний хувьд алдаатай дүгнэлт болжээ.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”, 7.6 дугаар зүйл нь “Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах”, 8.6 дугаар зүйл нь “Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” тухай зохицуулалт байхад эдгээрийг нэг дор өсвөр насны шүүгдэгч Г.А-од хэрэглэсэн нь ойлгомжгүй байгаа юм.

Зүй нь, өсвөр насны шүүгдэгч Г.А-од Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсгээр ял оногдуулж, дараа нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, хуульд заасан үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох замаар шийдвэрлэх нь өсвөр насны шүүгдэгчийн нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзан нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад ач холбогдолтой гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэснийг баримтлан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулаад дараагаар нь тохирох үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байжээ.

Мөн түүнчлэн анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Г.А-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүнд гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, ... хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэснийг журамласан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн ба харин эсэргүүцлийн “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгөх”-өөр бичсэн хэсгийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, ял шийтгэлийг хүндрүүлэх эрх хуулиар олгогдоогүйгээс гадна өсвөр насны шүүгдэгч Г.А-ын хувьд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч, хохирлын дийлэнх хувийг төлсөн, цаашид нөхөн төлөхөө илэрхийлж байгаа хувийн байдлыг нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, тохирох үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурьдсан өөрчлөлтийг оруулан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/311 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.А-од 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.6 дугаар зүйл, 8.6 дугаар зүйлд тус тус зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь зааснаар хойшлуулсан хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.А-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.А-од хянан хүмүүжүүлэх хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй” гэсэн заалт нэмж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ