Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
Хэргийн индекс | 183/2019/03628/И |
Дугаар | 183/ШШ2020/02088 |
Огноо | 2020-08-03 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2020/02088
2020 08 03 183/ШШ2020/02088
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ............... байранд байрлах, ЖДҮХС /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул .............. тоот хаягт байрлах, Н ХХК /РД:000000/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ................. тоот хаягт оршин суух, Б овогт Б.С /0000000000/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,577,518,976 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ЖДҮХС нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Н ХХК-ийн захирал Б.С нь ЖДҮХСгаас 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2014/20 тоот зээлийн гэрээ байгуулан 1,500,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3.3 хувийн хүүтэй “Хими цэвэрлэгээ байгуулах” төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд:
1. Б овогтой Б овогтой Сын Ү-0000000000 Хан-Уул дүүргийн ................ тоот 181.15 м.кв 4 өрөө орон сууц
2. Б овогтой Б овогтой Сын Ү-0000000000 Хан-Уул дүүргийн ............... тоот 15 м.кв авто зогсоолыг тус тус барьцаалуулан зээл авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 10,849,316 төгрөгийг төлж барагдуулсан болно. Хариуцагчийн хаяг тодорхойгүй байсан учир Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/02675 дугаартай захирамжийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж хаягийг тогтоосон нь Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 25э2-3/7702 тоот албан бичгээр ирсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 1789 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд ЖДҮХС зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
1. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээлийн төлбөрт 1,000,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 88,957,177 төгрөг, зээлийн алданги 488,906,799 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 1,577,518,976 төгрөг гаргуулах
2. Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох Б.Сын Ү-000000000 Хан-Уул дүүргийн .............. тоот 181.85 м.кв 4 өрөө орон сууц болон Ү-0000000 Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ............. тоот 15 м.кв авто зогсоолыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна.
Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, алдангийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл зээлийн гэрээ буюу хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагч нараас нэмж нэхэмжилнэ” гэжээ.
Нэхэмжлэгч ЖДҮХСгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Зээлдэгч Н ХХК-ийн захирал Б.С нь ЖДҮХСгаас 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2014/20 тоот зээлийн гэрээ байгуулан 1,000,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3.3 хувийн хүүтэй “Хими цэвэрлэгээ байгуулах” төслийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 10,849,316 төгрөгийг төлж барагдуулсан болно. Одоо энэ компани Э.М гэх хүнд шилжсэн ба Б.Сыг барьцаа хөрөнгийн эзэн гэдэг утгаар нь хамтран хариуцагчаар татсан. Н ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээлийн төлбөрт 1,000,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 88,957,177 төгрөг, зээлийн алданги 488,906,799 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 1,577,518,976 төгрөг гаргуулах, хэрвээ шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох Б.Сын Ү-0000000000 Хан-Уул дүүргийн ..................... тоот 181.15 м.кв 4 өрөө орон сууц болон Ү-0000000000 Хан-Уул дүүргийн .................... тоот 15 м.кв авто зогсоолыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна. Санхүүжилт хүрээгүй учраас 1 500 000 000 төгрөгийг бус 1 000 000 000 төгрөг олгосон ба алдангийг багасгах боломжгүй” гэв.
Хариуцагч Н ХХК-ийн төлөөлөгч Э.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ХХААХҮЯны ЖДҮХСгаас 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Н ХХК-ийн захирал Б.С нь ХХААХҮЯны ЖДҮХСтай 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2014/20 тоот зээлийн гэрээ байгуулан 1,000,000,000 төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан. Тус компани нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 10,849,316 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн бөгөөд зээл авах үед АНУ-ын долларын ханш огцом өссөний улмаас Иргэний хуулийн хэмжээний бодит алдагдал хүлээсэн. Ийнхүү эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж зээлийн хүү болон үндсэн зээлийг түр хугацаанд эргэн төлөх боломжгүй болсон тул үндсэн зээл болон хүүгээ олохын тулд өөр өөр бизнест удаа дараа хөрөнгө оруулалт хийж мөн ашиггүй ажилласан. Харин 2019 оны сүүлээр хөрөнгө оруулагч олж бизнесээ цаашид үргэлжлүүлэх боломжтой болоод одоогийн байдлаар хайгуулын ажлаа эхлүүлэх гээд бэлтгэл ажилдаа ороод байна. Эдийн засгийн энэхүү хүндрэл нь зөвхөн манай байгууллагын хувьд үүссэн нөхцөл байдал биш бөгөөд нийт Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн хувьд тулгамдаж буй асуудал юм. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстойгоо тун сайн ухамсарлаж өөрсдийн зүгээс авч болох бүхий л арга хэмжээг авч байнга хөдөө орон нутагт ажиллаж байсан бөгөөд үүсээд байгаа нөхцөл байдлыг тухайн үед нь холбогдох албан тушаалтанд мэдэгдсээр ирсэн. Манай компанид үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж зээл болон хүүгээ барагдуулах боломжоор хангаж гэрээний хугацааг 2020 оны 3 улирлыг дуустал сунгаж өгөхийг хичээнгүйлэн хүсэхийн зэрэгцээ нэхэмжилж буй алданги болох 488,906,799 төгрөгийг яаж тооцож гаргасан нь ойлгомжгүй мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
Хариуцагч Н ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Б.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Үндсэн мөнгө 1 000 000 000 төгрөг, хүү гэх 88,957,177 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангийн хэмжээ хэт их байх тул манай компанийн хувьд төлөх боломжгүй байна. Анх зээлийг авна гээд 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтэнд таарсан төсөл бичээд ажлаа төлөвлөчихсөн байсан чинь 1 тэрбумыг л олгосон. Төслийг судлах үед буюу 2014 оны 2 сарын орчим долларын ханш 1300-тай байж байгаад яг зээл олгосноос хойш огцом өсөөд 1800 болсон санагдаж байна, ингээд хими цэвэрлэгээний тоног төхөөрөмжөө гаднаас татах гэж алдагдалд орж байсан. Б.Саас уг хуулийн этгээдийг шилжүүлж авсан, гэхдээ энэ хүнд уг нэхэмжлэл хамаагүй байх гэж бодож байна. Харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад татгалзах зүйлгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
ЖДҮХС нь Н ХХК, Б.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 577 518 976 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараахь хууль зүйн үндэслэлээр зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “ЖДҮХС” нь хариуцагч “Н” ХХК, иргэн Б.С нарт холбогдуулан 2014-10-29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 1 577 518 976 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч ЖДҮХСгийн захиралаар Б.Батцэцэгийг 2019-02-18-ны өдрөөс томилсон байх бөгөөд /хх-6/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн байгууллагыг бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-02-19-ны өдрийн 1/302 дугаар итгэмжлэлээр А.Хыг хоёр жилийн хугацаатай /хх-55/,
хариуцагч Нью клийн сити ХХК нь нэг гишүүнтэй байх бөгөөд Э.Мг захиралаар томилсон бүртгэл 2019-03-27-ний өдөр хийгдсэн /хх-59/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагч Б.Сыг төлөөлөн оролцох эрхийг 2020-07-08-ний өдрийн итгэмжлэлээр нэг жилийн хугацаатай /хх-81/ тус тус олгосон байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад талуудын хооронд 2014-10-29-ний өдөр 2014/20 тоот зээлийн гэрээ /хх-8-13/ байгуулагдаж, зээлдэгч нь 1 000.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3,3 хувийн хүүтэй, үндсэн зээлийн төлбөрөөс 12 сараар чөлөөгдсөн байх бөгөөд хамтран хариуцагч Б.Сын өмчлөлийн Ү-0000000000 Хан-Уул дүүргийн ............... тоот 181.15 м.кв 4 өрөө орон сууц болон Ү-0000000000 Хан-Уул дүүргийн ........................................................................................... тоот 15 м.кв авто зогсоол зэргийг барьцаалан нэмэлт барьцааны гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан байна /хх-18-19/.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний зүйл болох 1.000.000.000 төгрөгийг зээлэгчдид шилжүүлсэн, зээлдэгч уг мөнгийг хүлээн авсан үйл баримтын талаар болон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн талаар талууд маргаагүй болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Н ХХК нь зээлийн эргэн төлөлтөд 2019-11-20-ны өдрийн байдлаар хүүнд 10,849,316 төгрөгийг төлсөн, зээлийн төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэг зөрчсөн буюу зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, 1789 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүргээ зөрчсөн ба зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 сарын 29-ний өдөр дуусгавар болсон тул нийт төлбөрт 1 577 518 976 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шаардлага гаргасныг хариуцагч Н ХХК, иргэн Б.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М нь үндсэн зээл 1 000 000 000 төгрөг, хүү 88 597 177 төгрөгийг төлөх нь үнэн, харин алдангийн хэмжээ хэт их тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх ба үндэслэлээ алдангийн хэмжээ хэт их байх тул манай компанийн хувьд төлөх боломжгүй байна гэж тайлбарласан.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6.1-д зааснаар ЖДҮХС нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих зориулалтаар хөнгөлөлттэй зээл олгох эрхтэй байх тул Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд биш боловч Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д зааснаар нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэжээ.
Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж,
мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасан “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Улмаар зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 сарын 29-ний өдөр дуусгавар болсон байх ба хавтаст хэргийн 20-21 дүгээр талд авагдсан зээл, зээлийн хүү, алдангийн тооцоолол нь бодитой байх ба хариуцагч тал алдангиас бусад үүргийг болон үлдэгдлийг хүлээн зөвшөөрдөг байна. Иймд үндсэн зээлийн төлбөр 1 000 000 000 төгрөг, хүү 88 597 177 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. Харин алданги 488 906 799 төгрөгийг шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэх хуулийн заалтыг үндэслэн тал хувиар бууруулан тогтоов. Учир нь “Анх зээлийг авна гээд 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтэнд таарсан төсөл бичээд ажлаа төлөвлөчихсөн байсан чинь 1 тэрбумыг л олгосон. Төслийг судлах үед буюу 2014 оны 2 сарын орчим долларын ханш 1300-тай байж байгаад яг зээл олгосноос хойш огцом өсөөд 1800 болсон санагдаж байна, ингээд хими цэвэрлэгээний тоног төхөөрөмжөө гаднаас татах гэж алдагдалд орж байсан” гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг судлавал нийтэд илэрхий үйл баримт болох монгол банкны албан ёсны mongolbank.mn гэх цахим хаяганд 2014 оны 02 сард нэг ам доллар 1723 төгрөгтэй, 2014 оны 12 сард 1888 төгрөгтэй тэнцэж байх ба 1 ам доллараас 165 төгрөгийн зөрүү үүссэн нөхцөл тогтоогдож байна. Түүнчлэн дэлхий нийтээр болон Монгол улсын хэмжээнд COVID-19 цар тахал нүүрлэж байгаатай холбоотойгоор иргэдийн эдийн засгийн чадвар чадамж муудсан байгааг харгалзан үзэж алдангийг бууруулж, 244 453 399 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.
Мөн зээлийн гэрээний үүрэг 1 000 000 0000 төгрөгийн үүргийн шаардлагыг хангуулахаар Б.Сын өмчлөлийн Ү-0000000000 Хан-Уул дүүргийн .................. тоот 181.15 м.кв 4 өрөө орон сууц болон Ү-0000000000 Хан-Уул дүүргийн ................ тоот 15 м.кв авто зогсоол зэрэг эд хөрөнгө зэргийг барьцаалсан байх бөгөөд дээрх 2015-01-06-ны өдрийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн, мөн хуулийн 156 дугаар зүйлд заасан барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцэж байх тул барьцааны зүйл болох хариуцагч Б.Сын өмчлөлийн Ү-0000000000 Хан-Уул дүүргийн .............. тоот 181.85 м.кв 4 өрөө орон сууц болон Ү-0000000000 Хан-Уул дүүргийн .................. тоот 15 м.кв авто зогсоол зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгч байгууллага нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагад ногдох хураамж болох
6 823 277 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК /РД:000000/-иас зээлийн гэрээний үүрэгт 1 333 065 576 /нэг тэрбум гурван зуун гучин гурван сая жаран таван мянга таван зуун далан зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЖДҮХС /РД:0000000/-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл
Б.Сын өмчлөлийн Ү-0000000000 Хан-Уул дүүргийн ............... тоот 181.85 м.кв 4 өрөө орон сууц болон Ү-0000000000 Хан-Уул дүүргийн ...................... тоот 15 м.кв авто зогсоол зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч ЖДҮХС нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 6 823 277 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ