Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/01034

 

Ж.С-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 138/ШШ2020/00883 дугаар шийдвэртэй,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 201/МА2020/29 дүгээр  магадлалтай,

Ж.С-гийн нэхэмжлэлтэй,  

“А ч”  ХК-д холбогдох

“А т а”  ХХК-ийн аудиторуудад 2018, 2019 оны санхүү, үйл ажиллагааны тайлан, холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгөхийг даалгах, аудитын компанийн үйл ажиллагааг зогсоосноос учирсан хохиролд 4,179,378 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох, В.Давааням нарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч “А ч”  ХК-д холбогдуулан “А т а”  ХХК-ийн аудиторуудад 2018, 2019 оны санхүү, үйл ажиллагааны тайлан, холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгөхийг даалгах, Аудитын компанийн үйл ажиллагааг зогсоосноос учирсан хохиролд 4,179,378 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 138/ШШ2020/00883 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “А ч”  ХК-аас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 4,179,378 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.С-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаярын нэхэмжлэлийн шаардлагын “А т а”  ХХК-ийн аудиторуудад 2018, 2019 оны санхүү, үйл ажиллагааны тайлан, холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгөхийг тус компанид даалгах тухай хэсгээс татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,020 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А ч” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 81,820 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.С-д олгож шийдвэрлэжээ.

3. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 201/МА2020/29 дүгээр  магадлалаар Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 138/ШШ2020/00883 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “А ч”  ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гангамөрөнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “А ч”  ХК-ийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох, В.Давааням нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэргийн бодит байдалд буруу дүгнэлт хийсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “… Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.7, “А ч”  ХК-ийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Ээлжит бус шалгалтыг төлөөлөн удирдах зөвлөл, түүний аудитын хороо, эсхүл энгийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигчийн шаардсанаар хэдийд ч хийж болно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ж.С нь тус компанийн 18 хувийн хувьцаа эзэмшигч байх үедээ дээрх эрхийнхээ хүрээнд “А ч”  ХК-ийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд аудитын шалгалтыг хийлгэхээр аудитын байгууллагатай гэрээ байгуулан, гэрээнд заасан үүргийнхээ дагуу компанийн санхүүгийн баримт бичгийг тус компаниас шаардсан нь Компанийн тухай хуулийн дээрх заалт болон компанийн дүрэмд заасныг тус тус зөрчөөгүй байна …” гэж,

Магадлалын Хянавал хэсэгт “… “А ч”  ХК нь компанийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.8-д “Энгийн хувьцааны 10 хувиас дээш хувьцаа эзэмшигч нь компанийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийлгэх, ... эрхтэй” гэж тодорхой заасан байна. Нөгөө талаар Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.7 дахь зохицуулалт нь тухайн компанийн гүйцэтгэх удирдлагын эсрэг хувьцаа эзэмшигчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зориулалттай заалт учраас нэхэмжлэгч Ж.С-гийн аудитын байгууллагатай гэрээ байгуулсан үйлдлийг хязгаарлах, хориглох, хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм. Тийм учраас хариуцагч “А ч”  ХК-ийг холбогдох тайлан, санхүүгийн баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй үйлдлийг хууль бус гэж үзэж, нэхэмжлэгч Ж.С-д 4,179,378 төгрөгийн гэм хорын хохирол учирсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна …” гэж тус тус дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

4.2. Ж.С нь Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.7-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ “А ч”  ХК-д бус тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлд хандах ёстой байсан. Гэвч тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлд хандаагүй. Аудитын шалгалт хийлгэх зорилготой бол нэхэмжлэгч өөрийн биеэр ирэх ёстой байсан. Гэтэл “А ч”  ХК-ийн хувьцаа эзэмшигч биш Д.Г гэх этгээд аудитын компанийг дагуулж ирээд “санхүүгийн бүх бичиг баримтаа гаргаж өг” хэмээн загнаж, дарамталсан тул санхүүгийн бичиг баримтыг гаргаж өгөөгүй, өгөх үүрэг байгаагүй тул “А т а”  ХХК-д төлсөн гэх 4,179,378 төгрөгийг хариуцан төлөх үүрэггүй.

4.3.  Тухайн үед Д.Г нь 10-аас дээш хувийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлнэ гэж хэлээгүй, “эрүүгийн хэрэгт шалгагдаж буй асуудлаар мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолын дагуу “А т а”  ХХК ажлаа хийхээр ирлээ, баримт бичгүүдээ гаргаж өг” гэсэн шаардлага тавьсан. Тус тогтоолыг компанийн удирдлагуудад танилцуулаагүй, тогтоолыг эс зөвшөөрч Дорнод аймгийн Прокурорын газарт гомдол гаргахад хүчингүй болгож шийдвэрлэсэн тул манай компани “А т а”  ХХК-д санхүүгийн баримт бичиг гаргаж өгөх үүрэггүй болсон юм. Энэ үйл баримтад анхан болон давж заалдах шатны шүүхүүд Ж.С-г Компанийн тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлж байна гэж буруу дүгнэсэн юм. Иймд, шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

6. Нэхэмжлэгч Ж.С-гаас хариуцагч “А ч”  ХК-д холбогдуулан “А т а”  ХХК-ийн аудиторуудад 2018, 2019 оны санхүү, үйл ажиллагааны тайлан, холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгөхийг даалгах, аудитын компанийн үйл ажиллагааг зогсоосноос учирсан хохиролд 4,179,378 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хохирол гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж, даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

7. Нэхэмжлэгчээс “... Хариуцагч компанийн 10-аас дээш хувийн хувьцаа эзэмшигч Ж.С нь Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.7-д зааснаар ээлжит бус аудитын шалгалтыг явуулахаар “А т а”  ХХК-тай 2020.04.24-ний өдөр гэрээ байгуулсан. Гэтэл компанийн удирдлагууд мөн зүйлийн 94.10-т заасан үүргээ биелүүлээгүй, холбогдох санхүүгийн баримтуудыг өгөөгүйгээс аудит хийх боломжгүй болж аудиторуудыг 2020.04.30-ны өдөр буцаасан. Аудиторуудад нийт 10,000,000 төгрөг төлснөөс цалинд 2,454,543 төгрөг, шатахууны зардалд 338,800 төгрөг, зочид буудлын зардалд 640,000 төгрөг, хоолны зардалд 746,035 төгрөг буюу нийт 4,179,378 төгрөгийг суутгаж, үлдэгдэл 5,820,622 төгрөгийг буцааж шилжүүлсэн тул суутгасан төлбөрийг Ж.С-д учирсан хохирол гэж үзэж гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Компанийн тухай хуульд зааснаар эрх бүхий этгээдийн саналыг үндэслэн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр аудит хийлгэхээр заасан. Гэтэл шууд мөрдөгчийн тогтоолтой дайрч орж ирж заавал баримтыг авч явна гэсэн тул компанийн удирдлага хүлээн зөвшөөрөөгүй. “А ч”  ХК-ийн зүгээс тус мөрдөгчийн тогтоолд гомдол гаргасны дагуу уг тогтоолыг прокуророос  хүчингүй болгосон. Иймд гэм буруугүй гэдэг нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан үндэслэл байхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хохирол гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “... Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.7, “А ч”  ХК-ийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Ээлжит бус шалгалтыг төлөөлөн удирдах зөвлөл, түүний аудитын хороо, эсхүл энгийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигчийн шаардсанаар хэдийд ч хийж болно” гэж тус тус заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч нь “А ч”  ХК-ийн 18 хувийн хувьцаа эзэмшигч байх үедээ компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд аудитын шалгалтыг хийлгэхээр аудитын байгууллагатай гэрээ байгуулсан байна. Гэвч хариуцагч “А ч”  ХК нь Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.10, Компанийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.14-т заасан аудиторын шаардлагаар компанийн санхүү эдийн засгийн үйл ажиллагааны талаарх баримт бичгийг танилцуулах үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэгчийн аудитын байгууллагатай байгуулсан гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болж аудиторын үйл ажиллагаа зогссон, улмаар аудитын байгууллага нэхэмжлэгчийн төлсөн ажлын хөлсний урьдчилгаанаас 4,179,378 төгрөгийг суутган авснаар нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан байх тул хариуцагч төлөх үүрэгтэй ...” гэж дүгнэхдээ Компанийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг хэргийн үйл баримтад буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

9. Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлд компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд тавих аудиторын хяналтыг нарийвчлан зохицуулсан ба уг зүйлийн 94.5-д зааснаар компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хийх аудитын байгууллагын шалгалт нь ээлжит ба ээлжит бус байх бөгөөд мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.7-ийн дагуу ээлжит бус шалгалтыг төлөөлөн удирдах зөвлөл, түүний аудитын хороо, эсхүл энгийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигчийн шаардсанаар хэдийд ч хийж болно. Аудитын байгууллагын ээлжит шалгалтын хөлсийг компани, харин ээлжит бус шалгалтын хөлсийг түүнийг захиалж, гэрээ байгуулсан хувьцаа эзэмшигч хариуцан төлнө (Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.8).

10. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагч компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигчийн хувиар ээлжит бус аудитын шалгалтыг хийлгүүлэхээр аудитын байгууллагыг сонгон, гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрийг төлсөн, гэвч компанийн эрх бүхий албан тушаалтан аудиторын шаардлагаар санхүүгийн бичиг баримтыг танилцуулах үүргээ биелүүлээгүйгээс аудиторын үйл ажиллагаа зогсож, тус байгууллага нэхэмжлэгчийн шилжүүлсэн урьдчилгаа төлбөрөөс гарсан зардлаа суутган авснаар нэхэмжлэгчид хохирол учирсан, иймд хариуцагчаас Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.11-д заасны дагуу өөрт учирсан хохирлоо шаарджээ.

11. Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.7-д “Ээлжит бус шалгалтыг төлөөлөн удирдах зөвлөл, түүний аудитын хороо, эсхүл энгийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигчийн шаардсанаар хэдийд ч хийж болно” гэснийг “ээлжит бус шалгалтыг компанийн удирдлага болох төлөөлөн удирдах зөвлөл, түүний дэргэдэх аудитын хороо нь өөрийн санаачилгаар хэдийд ч хийж болно, харин энгийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигчийн хувьд ээлжит бус шалгалт хийхийг эрх бүхий этгээдээс эхэлж шаардсаны үндсэн дээр хийнэ” гэсэн агуулгыг илэрхийлж байна. Учир нь үг зүйн тайлбараар авч үзвэл, тухайн зохицуулалтын “эсхүл” гэсэн холбоосын арын өгүүлбэр дэх “шаардсанаар” гэсэн тусгай нөхцөл нь зөвхөн хувьцаа эзэмшигчид хамааралтай байна. Логик тайлбараар авч үзсэн ч компанийн удирдлага (төлөөлөн удирдах зөвлөл, түүний дэргэдэх хороо) нь өөрөө өөрөөсөө шаардах боломжгүй юм.  Гэтэл уг маргааны хувьд нэхэмжлэгч нь Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.7-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ ээлжит бус аудитын шалгалт хийхийг компаниас буюу түүний удирдлагаас (төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагаас) шаардсан эсэх, хэрхэн шаардсан нь тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

12. Өөрөөр хэлбэл, компанийн хувьцаа эзэмшигч нь ээлжит бус санхүүгийн шалгалт хийхийг эхэлж компанийн удирдлагаас шаардах буюу энэхүү шаардах эрхээ хэрэгжүүлж байгаагаа мэдэгдэх, ингэснээр компани уг шаардлагын дагуу Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т заасны дагуу томилогдсон аудитын байгууллагаар шалгалт хийлгүүлэх, эсхүл компани хуульд заасан шаардлагыг зөвшөөрөөгүй юм уу хувьцаа эзэмшигч тухайн байгууллагаар хийлгүүлэх шаардлагагүй гэж үзсэн бол өөрөө аудитын байгууллагыг захиалж, гэрээ байгуулах боломжтой. Энэ тохиолдолд хувьцаа эзэмшигчийн зүгээс гэрээний дагуу ажиллах эрх бүхий этгээдийг компанийн удирдлагад албан ёсоор танилцуулсны үндсэн дээр компанийн удирдлага тухайн аудиторт холбогдох баримт бичгийг гаргаж өгөх үүрэг хүлээх нь дээрх хуулийн агуулга, зорилго болон бизнесийн наад захын хэм хэмжээнд нийцэх юм. Ийнхүү хувьцаа эзэмшигчээс зохих журмын дагуу шаардах эрхээ хэрэгжүүлсэн байхад харин компанийн эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол гэм буруугийн асуудал яригдах учиртай.   

13. Гэтэл хариуцагчаас “нэхэмжлэгч нь хувьцаа эзэмшигчийн хувиар биш харин мөрдөгчийн тогтоолыг үзүүлэн компанийн баримт бичгийг авч явна гэж шаардсан тул хүлээн зөвшөөрөөгүй, уг тогтоол хууль бус байсан тул прокурорт хандан хүчингүй болгуулсан” гэсэн тайлбар өгч, уг татгалзлаа нотлох зорилгоор 2020.04.22-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолыг баримтаар өгсөн ба тус тогтоолд “... “А ч”  ХК-ийн гүйцэтгэх захирал .... –д холбогдох хэрэгт санхүүгийн шинжилгээг санхүүгийн байгууллагаас гадуур хийлгэх шаардлагатай байх тул... “А т а”  ХХК-д даалгасугай ...” гэсэн. Харин нэхэмжлэгч нь тухайн мөрдөгчийн тогтоолоор томилогдсон аудитын байгууллагатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь, мөн цаг хугацааны хувьд уг тогтоол гарснаас хойш 6 хоногийн дараа буюу 2020.04.28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, уг үйл баримттай холбоотой Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 9/1802 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг хэрэгт авагдсан (хавтаст хэргийн 132 дахь талд) зэргээс үзвэл нэхэмжлэгчийн “...Мөрдөгчийн тогтоол энэ хэрэгт огт хамааралгүй, би хувьцаа эзэмшигчийн хувиараа гэрээ байгуулж, шаардлага тавьсан...” гэсэн тайлбар эргэлзээтэй. Хоёр шатны шүүхийн “мөрдөгчийн тогтоол нь нэхэмжлэгчийн аудитын компанитай байгуулсан гэрээ болон уг иргэний хэрэгт ямар хамааралтай болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт үндэслэл муутай болжээ. Энэ бүхнээс дүгнэвэл, нэхэмжлэгч нь Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.7-д заасан эрхийнхээ дагуу шаардлага гаргасан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдохгүй байна.

14. Ийнхүү нэхэмжлэгч нь хуульд заасан эрхээ зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй тул хариуцагчийг хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэм буруутай гэж буруутгах боломжгүй буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл бүрдээгүй гэж үзнэ.

15. Иймээс “... Нэхэмжлэгч нь хуульд заасан журмын дагуу эрхээ хэрэгжүүлээгүй, хууль бус шаардлага тавьсан тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү... ” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

16. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 138/ШШ2020/00883 дугаар шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 201/МА2020/29 дүгээр  магадлалыг тус тус хүчингүй болгож, Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан “А ч”  ХК-д холбогдох “А т а”  ХХК-ийн аудиторуудад 2018, 2019 оны санхүү, үйл ажиллагааны тайлан, холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгөхийг даалгах, аудитын компанийн үйл ажиллагааг зогсоосноос учирсан хохиролд 4,179,378 төгрөгийг гаргуулах тухай  нэхэмжлэгч Ж.С-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 81,820 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

           

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЦОЛМОН

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                         ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД