Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2016/0804/з |
Дугаар | 221/МА2016/0734 |
Огноо | 2016-11-23 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2016/0734
“**************” ХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Д.Ганболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтанбадралт, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Санчигдорж, Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 825 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “**************” ХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 825 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлийн 521.2.3, 55 дугаар зүйлийн 55.3, 55.3.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “**************” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дүгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгүүдийн “**************” ХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн давж заалдах гомдолдоо: “Захиалагч байгууллага болох Уул уурхайн яамнаас "1:50000-ны машстабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил" 10 төсөл, "Монгол орны К хавтгайн хэмжээнд хийгдсэн улсын геологийн 1:200000-ны машстабын иж бүрдэл зургуудыг нэгтгэх ажил"-ын төсөл, "Агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны ажил"-ын төсөл хэрэгжүүлэх зөвлөхийг сонгон шалгаруулах тендер зарлан зохион байгуулсан байдаг. Уг тендерт оролцсон Теосан" ХХК, "Геологийн судалгааны төв" ТӨҮГ, Теомин" ХХК, "Найманбат" ХХК, "Гео-Эрин" ХХК, "Жинст-Уул" ХХК, "Литолог" ХХК-аас 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хуулийн 55.1 дэх хэсэгт заалтын дагуу гомдол гаргасныг Сангийн яамны зүгээс 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 5/4565 тоот гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түр түдгэлзүүлсэн тухай албан бичгээр Уул уурхайн яаманд холбогдох баримт бичиг, материалыг ирүүлэхийг шаардсан байдаг. Маргаан бүхий акт болох 2016.07.22-ны өдрийн 5/4708 тоот албан бичиг захиалагч байгууллагад хүргүүлснээс хойш дээрх тендерт шалгаруулалтад шалгарсан оролцогч нартай гэрээ байгуулсан тухай Сангийн яаманд мэдэгдсэн байдгийг шүүх харгалзаж үзээгүй байдаг. Улмаар тендерийн баримт бичиг, материалыг ирүүлээгүйгээс үүсэх үр дагавар нь Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлж ажиллах нөхцөл бололцоо үүсэхгүй байгааг анхан шатны шүүх харгалзан үзээгүйд гомдолтой байна. Учир нь дээрх баримт бичиг, материалд тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг Сангийн яам шууд утгаараа ямар этгээд болохыг мэдэх боломжгүй байсан. Дээрх тендер шалгаруулалтын баримт бичиг, материал ирүүлээгүй нь хууль зөрчсөн байж болзошгүй, эргэлзээтэй байдал үүсгэж байна.
Анхан шатны шүүхээс Сангийн яамыг хууль зөрчсөн, буруутай мэт шийдвэрлэсэн нь хэт нэг талын ашиг сонирхлыг баримталсан гэж үзэж байна. Захиалагч байгууллага тендерийн баримт бичиг, материалыг ирүүлээгүй буруутай үйлдэл нь өнөөгийн нөхцөл байдлыг бий болгосон, үнэлгээний хорооны үйл ажиллагаа илтэд хариуцлагагүй буруутай үйлдэл, эс үйлдэхүйг Сангийн яам хариуцах үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргаж байна.
Иймд захиалагч байгууллага болон үнэлгээний хорооны бүрэлдэхүүн тэдгээрийн үйл ажиллагаа, тендер шалгаруулалтын үнэлгээ, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, дээрх тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцсэн эсэхийг тогтоолгож Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 825 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.
Шүүх “Сангийн яамны 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дүгээр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгүүдийн “**************” ХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамд холбогдох, нэхэмжлэгч “**************” ХК-ийн нэхэмжлэлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлийн 521.2.3, 55 дугаар зүйлийн 55.3, 55.3.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зарлагдсан 2016 онд шинээр хэрэгжүүлэх геологи хайгуул, судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах “1:150000-ны масштабтай геологи зураглал, ерөнхий эрлийн ажлын 10 төсөл, Монгол орны “К” хатгайн хэмжээнд хийгдсэн улсын геологийн 1:200000-ны масштабтай иж бүрдэл зургуудыг нэгтгэх ажлын 1 төсөл, агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны ажлын 1 төсөл, “УУЯ-2016/2” хэрэгжүүлэх зөвлөхийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн шалгаруулалтын багц-2, багц-6-д “хамгийн сайн” үнэлэгдсэн “**************” ХК зөвлөхөөр шалгарсны дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3/1248, 3/1252 дугаар албан бичгээр гэрээ байгуулахыг мэдэгджээ.
Улмаар Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж зааснаар захиалагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ”-ний 2016-2/2, 2016-2/6 дугаар гэрээг “**************” ХК-тай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээ болон хариуцагч, нэхэмжлэгч нарын тайлбараар нотлогдож байна.
Гэтэл “тендерт оролцсон аж ахуйн нэгжээс 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гомдол ирүүлсэн” гэх үндэслэлээр Сангийн яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх заалтыг үндэслэн “гүйцэтгэгчийг сонгох үйл ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж, гомдлыг хянан үзэхэд шаардлагатай материалыг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дотор ирүүлэх” тухай 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5/4665 дугаар албан бичгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн бөгөөд уг албан бичиг нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 12 минутад захиалагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргэгдэн ирсэн болох нь хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бичгийн хэргийн бүртгэлээр тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл, захиалагч болон “*******н*******” ХК-ийн хооронд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ”-ний 2016-2/2, 2016-2/6 дугаар гэрээг байгуулснаас хойш дээрх албан бичиг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргэгдэн иржээ.
Гэтэл “...өнөөдрийг хүртэл холбогдох баримт, материалыг тус яаманд ирүүлээгүй байх бөгөөд хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу тухайн гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон тул хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу тухайн тендерийг бүхэлд нь хүчингүй болгож байна. Иймд дээрх тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин зохион байгуулах нь зүйтэй” гэх үндэслэлээр Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дүгээр албан бичгүүдээр, мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тендерийг бүхэлд нь хүчингүй болгож, гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй гэсэн, иймд захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан 2016-2/2, 2016-2/6 дугаар гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд тендер бүхэлдээ хүчингүй болсон” гэх үндэслэлээр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгээр сонгон шалгаруулалт болон гэрээг хүчингүй болгож байгаа нь нэхэмжлэгч “**************” ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана”, 55.3.1-д “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх”, 55.3.2-д “тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах”, 55.3.3-д “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” гэж заажээ.
Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох журмыг захиалагч зөрчсөн эсэхийг Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга шалгаж тогтоогоогүй атлаа 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дүгээр албан бичгүүдээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зарлагдсан “2016 онд шинээр хэрэгжүүлэх геологи хайгуул, судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерийг бүхэлд нь хүчингүй болгож байгаа нь хууль бус юм.
Тиймээс хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “захиалагч байгууллага тендерийн баримт бичиг, материалыг ирүүлээгүй буруутай үйлдэл нь өнөөгийн нөхцөл байдлыг бий болгосон...” гэж үзсэн тайлбар, давж заалдах гомдол нь үндэслэлгүй юм.
Иймд “**************” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь үндэслэлтэй байх тул анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 825 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР