Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 119/2016/0025/з |
Дугаар | 302 |
Огноо | 2017-09-20 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 302
Д.Д нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа, нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Д.Цог-Очир, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, нэхэмжлэгч Б.Г-ийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунгэрэл нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2017/0358 дугаар магадлалтай, Д.Д нарын нэр бүхий 29 иргэний нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Д.Д болон нэхэмжлэгч Б.Г-ийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр: 1. Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3, 113.5, 114 дүгээр зүйлийн 114.1, 163 дугаар зүйлийн 163.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Д нарын 28 иргэний “Орхон аймгийн Сонгуулийн хорооноос сонгуулийн товыг дахин зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулахгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэр болон түүнд өөрчлөлт оруулсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2016/0436 дугаартай магадлалд заасан Орхон аймгийн орон нутгийн сонгуулийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 19, 20, 21, 22 дугаар тойргуудад Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг дахин товлон зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулахыг Орхон аймгийн Сонгуулийн хороонд тус тус даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2. Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.1, 113.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Б-ийн нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2017/0358 дугаар магадлалаар: 1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.6-д заасныг баримтлан Д.Д нарын нэр бүхий 29 иргэний нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдох “Орхон аймгийн Сонгуулийн хорооноос сонгуулийн товыг дахин зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулахгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгох, Орхон аймгийн орон нутгийн сонгуулийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 19, 20, 21, 22 дугаар тойргуудад Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг дахин явуулахыг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын шүүхэд нэхэмжлэл гаргахдаа болон давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Д.Д, Р.Р, Ж.Г нарын нэр бүхий 29 иргэний нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдох “Орхон аймгийн Сонгуулийн хорооноос сонгуулийн товыг зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, дахин сонгууль явуулахгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоох, шүүхийн шийдвэрт заасан хэмжээгээр холбогдох хууль тогтоомжид заасан хэмжээгээр Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгууль зарлаж, дахин сонгууль зохион байгуулж явуулахыг Орхон аймгийн сонгуулийн хороонд даалгах”-ыг тус тус хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 10 дугаар шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2017/0358 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1 дэх хэсэгт шүүхээс урьд нь шийдэгдсэн бүртгэлтэй холбоотой хэргийг хавтаст хэрэгт нотлох баримтаар авч үнэлэлт өгсөн. Энэ нь шүүх нэгэнт урьд хэлэлцсэн хэргийн талаар үнэлэлт өгч байгаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэн зүйл заалтыг зөрчсөн.
2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дахь хэсэгт “орхон аймгийн сонгууль 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болсон энэ нь нийтэд илэрхий байсан” гэж дурджээ. Нэхэмжлэгч нарын зүгээс Орхон аймгийн орон нутгийн сонгууль 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болсон эсэхтэй маргаагүй. Харин хууль ёсны дагуу бүртгэх нь зүйтэй гэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу бүртгүүж сонгуульд оролцох эрхээ хэрэгжүүлж чадаагүй эрх ашиг нь зөрчигдсөн этгээдүүд шүүхийн шийдвэрт заасан хэмжээгээр л дахин сонгууль явуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Шүүхийн шийдвэрийй үндэслэх хэсгийн 3 дах хэсэгт “Орхон аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09 тоот тогтоол, түүнийг үндэслэн тус аймгийн иргэдийн хурлын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 01 тоот тогтоол хүчинтэй байх бөгөөд энэ тогтоолуудад гомдол гаргаагүй байна” гэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1-ын 1 дэх хэсэгт “энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заажээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь дээрх 2 тогтоолыг хүчингүй болгох талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Харин Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2016/0436 дугаар магадлалд заасан хэмжээгээр дахин сонгууль зарлаж өгөхийг аймгийн сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.
4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дэх хэсэгт “хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир гомдол гаргах эрхгүй” гэжээ. Өмнөх буюу бүртгэлтэй холбоотой Улсын Дээд шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 145 дугаар шийдврийг биелүүлэх зорилгоор нэхэмжлэл гаргасан байхад Орхон аймгийн Сонгуулийн хорооний 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09 тоот тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 01 тоот тогтоолтой холбогдуулан хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж шүүх үзэж дүгнэж байгааг буруушааж байна.
5. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3, 113.5, 114 дүгээр зүйлийн 114.1, 163 дугаар зүйлийн 163.1.1 гэсэн заалтыг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн.
6. Магадлалд “...нэхэмжлэгч нар 2016 оны 08 дугаар сарын 22-ноос хойш 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан...” гэж хянасан байдаг. Гэтэл хэрэг дээрээ нэхэмжлэгч нар Сонгуулийн ерөнхий хороо болон Орхон аймгийн Сонгуулийн хороонд “хууль бус сонгууль боллоо, дахин сонгууль явуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг олон удаа тавьж байсан. Энэ бүх хүсэлтийн хариуд: Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс “аймгийн сонгуулийн хороо наад асуудлыг чинь өөрсдөө шийднэ” гэх, аймгийн сонгуулийн хороо нь болохоор “Сонгуулийн ерөнхий хорооноос арга зүйн зөвлөмж авахгүй бол болохгүй” гэх зэргээр бие биерүүгээ бичиг цаас дамжуулсаар 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүрсэн бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Сонгуулийн ерөнхий хорооноос “энэ асуудал нь аймгийн сонгуулийн хорооны эрх хэмжээний асуудал” /хх 81 дэх тал/ гэсэн хариу ирсэн бөгөөд аймгийн сонгуулийн хороо нэр дэвшигч нарыг бүртгэж, дахин сонгууль явуулахгүй байсан учир шүүхэд хандсан. Хавтаст хэрэгт байгаа нэхэмжлэгч нарын өгч байсан олон хүсэлт гомдлыг давж заалдах шатны шүүх хянаж үзэлгүй ганц гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа явдал нь өөрөө Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчмыг зөрчиж байна гэж нэхэмжлэгч нар үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” мөн хуулийн 106 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ... дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн хоёр заалтыг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагад байхгүй зүйлийг шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгож дур мэдэн шийдвэрлсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан гэж үзэж байгаа тул Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2017/0358 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Г-ийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж, дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.
Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолын “Орхон аймгийн Ардчилсан намын нэр дэвшигчдийг 6 дугаар хавсралтаар баталсугай” гэсэн хэсэг болон 6 дугаар хавсралтыг хүчингүй болгож, Орхон аймгийн Ардчилсан намаас 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэр дэвшүүлсэн 33 нэр дэвшигчийг бүртгэхийг сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 97 дугаар шүүгчийн захирамжаар Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн.
Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-т “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна”, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байна” гэж тус тус тодорхой заасан.
Шинэ, хуучин хуулиудад захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан байтал аймгийн Сонгуулийн хороо биелэлтийг нь түдгэлзүүлсэн захиргааны актыг үндэслэн сонгуулийг зохион байгуулдаг.
Сонгуулийн санал авах өдрөөс өмнө анхан шатны шүүх хуралдаан болж, шүүхийн шийдвэр гарсан тул нэхэмжлэгч нар дахин сонгууль зохион байгуулахтай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх боломжгүй байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, сонгуульд өрсөлдөх гэж л шүүхэд хандсан бөгөөд тэднийг нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгасан шүүхийн шийдвэр, магадлал нь Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2-т заасан “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь маргаан хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон хэмжээгээр аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болно” гэсэн хэсэгт хамаарна.
Сонгуулийн тухай хуулийн 162, 163 дугаар зүйлүүдэд сонгуулийг хүчингүйд тооцох дахин сонгууль явуулах тохиолдол, нөхцлүүдийг тодорхойлсон байх бөгөөд 162 дугаар зүйлийн 162.2-т “... сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болно” гэж хуульд шууд заажээ. Эрх бүхий байгууллага, шүүхээс ийнхүү Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөнийг нэгэнт л тогтоосон бол сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болохоор хуульчилсан 162 дугаар зүйлийн 162.2 дахь хэсэг нь тус хуулийн дахин сонгууль явуулах харилцааг зохицуулсан 163 дугаар зүйлийн 163.1.1, 163.2 болон 163.3 дахь хэсгүүдийг баримтлан дахин сонгууль явуулах үндэслэл болно.
Дээрх тохиолдолд аймгийн Сонгуулийн хороо дахин сонгууль явуулах шийдвэрийг гаргаж, сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй байсан.
Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэгч нараас сонгуулийн хороонд дахин сонгууль явуулахаар 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гаргасан өргөдөлд тодорхой хариу өгөх ёстой байсан өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь үндэслэлгүй.
Учир нь:
1. Нэхэмжлэгч нар нь “Орхон аймгийн сонгуулийн хорооноос сонгуулийн товьг зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, дахин сонгууль явуулахгүй байгаа эс үйлдэхүй” илт хууль бус болохыг тогтоох, шүүхийн шийдвэрт заасан хэмжээгээр холбогдох хууль тогтоомжид заасан хэмжээгээр Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгууль зарлаж, дахин сонгууль зохион байгуулж явуулахыг Орхон аймгийн сонгуулийн хороонд даалгах” буюу хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа хууль бус, эс үйлдэхүйтэй нь холбогдуулж нэхэмжлэлээ гаргасан болохоос Сонгуулийн хорооноос бичгийн хэлбэрээр гаргасан захиргааны акттай холбогдууулж, эсхүл тус байгууллагад дахин сонгууль явуулахаар гаргаж байсан хүсэлттэйгээ холбогдуулж шүүхэд хандаагүй болох нь нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой харагдана.
2. Нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасан шүүхийн шийдвэр, магадлалд нэр дэвшигчээр бүртгэсэн байх сүүлийн өдөр, хугацааг заагаагүй, хугацаа заах ч боломжгүй.
Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хууль (162.2 дахь хэсэг)-д заасан үндэслэлээр сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болсон нөхцөлд тухайн Сонгуулийн хороо дахин сонгууль явуулах бүрэн эрхийнхээ хүрээнд нэр дэвшигчээр бүртгэх, цаашлаад сонгууль явуулах шийдвэрийг Сонгуулийн тухай хуульд заасан ерөнхий журмын дагуу зохион байгуулж явуулна гэж тус хуулийн 163.2-т заасан. Иймд шүүх Сонгуулийн хорооны бичмэл захиргааны акт гаргасан цаг хугацаа болон нэхэмжлэгч нараас тус газарт хандаж өргөдөл, хүсэлт гаргаж байсан үйл баримтуудад үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж дүгнэлт хийснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
Нэр дэвшигчээр бүртгэх хугацааг шүүхийн шийдвэрт заагаагүй тул дээр дурдсан үндэслэлүүдээр хөөн хэпэлцэх хугацаа тоолж эхлэх цаг хугацааг Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдриин 145 дугаар захирамжийг Орхон аймгийн шүүхээс аймгийн Сонгуулийн хороонд хэзээ хүргүүлсэн, дахин сонгууль явуулах цаг, хугацааг холбогдох хууль тогтоомжоор хуульчилсан байдал зэрэг нөхцөл байдлуудыг судлан үзэж шиидвэрлэх байсан гэж үзэж байна.
Иймд хэргийг хянан үзэж, Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж Орхон аймгийн Сонгуулийн хорооноос сонгуулийн товыг дахин зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулахгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоох, шүүхийн шийдвэрт заасан хэмжээгээр холбогдох хууль тогтоомжид заасан хэмжээгээр Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгууль зарлаж, дахин сонгууль зохион байгуулж явуулахыг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2017/0358 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих Сонгуулийн тухай хуулийн 162, 163 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг хэрэглээгүй, мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.3, 113.5, 113.6 дахь заалтуудыг маргааны үйл баримтуудад холбогдуулан буруу тайлбарлан хэрэглэжээ.
Иргэн Б.Г, Д.Д нарын нэр бүхий 19 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргалын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдох, “Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 04 тоот тогтоолын “Орхон аймгийн Ардчилсан намын нэр дэвшигчдийг 6 дугаар хавсралтаар баталсугай” гэсэн хэсэг болон 6-р хавсралтыг бүхэлд нь хүчингүй болгох, Орхон аймгийн Ардчилсан намын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэр дэвшүүлсэн 33 нэр дэвшигчийг бүртгэж өгөхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн шаардлагатай захиргааны хэргийг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай шийдвэрээр “…нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж” шийдвэрлэсэн, хариуцагч Орхон аймгийн Сонгуулийн хорооны болон гуравдагч этгээдүүд, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2016/0436 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “...нэхэмжлэгч Д.Б, Д.Г нар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тэдний нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай" гэсэн заалт нэмж, мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын "...33 нэр дэвшигчийг бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгасугай" гэснийг "...29 нэр дэвшигчийг бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгасугай" гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүхийн уг магадлалд хариуцагч Орхон аймгийн Сонгуулийн хороо хяналтын журмаар гомдол гаргаагүй, харин гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг хяналтын журмаар гомдол гаргасан боловч хяналтын шатны шүүх хуралдаан зарлагдахаас өмнө “...хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзах тухай хүсэлт”-ийг бичгээр гаргаж, шүүхэд ирүүлснээр Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 145 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5-д заасныг удирдлага болгон, “...хяналтын журмаар гомдол гаргаагүйд тооцож”, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг буцаан олгожээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын шатны шүүх хуралдаан дээр “... анхнаасаа уг 29 нэр дэвшигчийг бүртгэхийг Сонгуулийн хороонд даалгасан нь үндэслэлгүй байсан” гэх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т “шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох”-оор, 110 дугаар зүйлийн 110.1.2-т “...давж заалдах журмаар гомдлыг хянан хэлэлцээд ... гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй .../бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох”-оор, 110 дугаар зүйлийн 110.2-т “... хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч ... шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин ... маргах эрхгүй” гэж тус тус заасан тул давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээгүй “... нэр бүхий 29 нэр дэвшигчийг бүртгэхийг даалгасан”-тай холбоотой асуудалд хяналтын шатны шүүх аливаа хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 97 дугаар захирамжаар Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаар тогтоол (6 дугаар хавсралт)-ын биелэлтийг шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2/1499 дүгээр албан бичгээр Орхон аймаг дахь Сонгуулийн хороонд хандаж, шүүхийн шийдвэр биелүүлж, “... /актыг/ түдгэлзүүлэх, түдгэлзүүлсэн шийдвэрийн хувийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дотор гаргаж ирүүлэх”-ийг мэдэгдсэн хэдий ч хариуцагч Орхон аймгийн Сонгуулийн хороо хүчин төгөлдөр шүүгчийн захирамж (шүүхийн шийдвэр)-ийг биелүүлээгүй, уг 6 дугаар хавсралтад заасан нэр дэвшигчдийг 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан 2016 оны ээлжит Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалтад оролцуулсан байна.
Түүнчлэн, “... 29 нэр дэвшигчийг бүртгэхийг даалгаж шийдвэрлэсэн” шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар “Шүүхийн гүйцэтгэх хуудас” бичигдсэн, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шүүгчийн 148 дугаар захирамжаар “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх”-ээр шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 54/46 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 03/1809 дүгээр албан бичгээр “шүүхийн шийдвэр гүйцэтгэх” талаарх мэдэгдэлийг хариуцагч Орхон аймгийн Сонгуульд хороонд хүргүүлсэн боловч хариуцагч захиргааны байгууллага болох Орхон аймгийн Сонгуулийн хороо шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, ийнхүү биелүүлэхгүй байгаа үндэслэлээ “... Сонгуулийн төв байгууллагаас арга зүйн зөвлөгөө авахаар хандсан” гэж тодорхойлсон албан бичгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлжээ.
Нэхэмжлэгч нараас 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Сонгуулийн хороонд хандаж, “... шүүхийн шийдвэр биелүүлээгүй ... хууль зөрчин сонгууль явуулсан /тул/ ... сонгуулийн дүнг хүчингүй болгож дахин сонгууль явуулж өгөх” хүсэлт гаргасан, уг хүсэлттэй холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Сонгуулийн хороон дарга Г.Б-тэй уулзсан, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, “... шүүхийн шийдвэр биелүүлээгүй, ... хууль зөрчиж сонгуулийн санал хураалт явуулсан, ... сонгогдох эрхийг хязгаарласан ... /тул/ дахин сонгууль явуулахыг даалгах” нэхэмжлэл гаргасан, хариуцагчаас “... хууль тогтоомжийн дагуу ...сонгуулийг зохион байгуулж, явуулсан, ... олонхийн санал авсан нэр дэвшигчдэд ... түр үнэмлэх олгон, ... бүрэн эрхийг баталгаажуулсан. ... нэр дэвшин өрсөлдсөн нам болон нэр дэвшигчдээс ямар нэг гомдол гараагүй ... тул дахин сонгууль явуулах үндэслэл ... шаардлагагүй” гэж маргажээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар “шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” байхад хариуцагч Орхон аймгийн Сонгуулийн хороо Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 97 дугаар захирамж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2016/0436 дугаартай магадлалыг биелүүлээгүй, 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр сонгуулийн санал хураалтыг зохион байгуулахдаа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн” нь тогтоогдсон нэхэмжлэгч нарыг нэр дэвшигчээр бүртгэж, сонгуулийн санал хураалтад оролцуулаагүй, шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон нэр дэвшигчийн нэрсийн жагсаалт (Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт)-д заасан этгээдүүдийн нэр дээр сонгуулийн санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулж, явуулсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 9-д иргэний “сонгогдох эрх”-ийг баталгаажуулсан, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “сонгуулийн эрх бүхий иргэний ... сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно”, 11.8-д “...хуульд заасан ... шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй” гэж заасан, уг эрхийг баталгаатай эдлүүлэх нь Сонгуулийн байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг байхад “хууль зөрчиж” нэхэмжлэгч нарыг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтад бүртгээгүй, ийнхүү “хууль зөрчсөн” байдлыг нь шүүхээс тогтоож, нэхэмжлэгч нарын “зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол”-ыг сэргээхийг Сонгуулийн хороонд даалгасан байтал шүүхийн шийдвэрийг үл биелүүлж, нэхэмжлэгч нарыг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтад бүртгээгүй, сонгуулийн санал хураалтад оролцуулаагүй нь хариуцагч Орхон аймгийн Сонгуулийн хорооны хууль бус үйл ажиллагаа болно.
Өөрөөр хэлбэл, “нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтад бүртгэхийг даалгасан” шүүхийн шийдвэр нь иргэний “сонгогдох эрх”-ийг хангах агуулгатай, “сонгогдох эрх” нь тухайн этгээдийн хувьд зөвхөн нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээр хангагдахгүй, сонгуулийн санал хураалтад оролцсоноор бүрэн хэрэгжих юм.
Иймд, нэхэмжлэгч нарын “...сонгогдох эрхийг хязгаарласан” гэх гомдол үндэслэлтэй, хариуцагчийн уг хууль зөрчсөн үйл ажиллагаа нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “... сонгууль зохион байгуулах төрийн ... байгууллага, түүний албан тушаалтан ... сонгуулийн үйл явцыг зохион байгуулах ...-даа /хууль дээдлэх, ... шударга ёсыг сахих, ... сонгогчийн эрх .../-ийг хангах/ зарчмыг баримтлах”-аар заасантай нийцээгүй тул хариуцагчийн “... сонгууль хуулийн дагуу зохион байгуулагдсан” гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, “сонгогдох эрх зөрчигдсөн” гэх маргааны үйл баримт, дахин сонгууль зохион байгуулж явуулахгүй байгаа Сонгуулийн хорооны “эс үйлдэхүй” нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх асуудалд дүгнэлт хийлгүй, маргааны үйл баримтад хамааралгүй “Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр явагдсаны дараа аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Түр үнэмлэх олгох тухай” 09 тоот тогтоол, үүнийг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01 тоот тогтоол гарч, Орхон аймгийн орон нутгийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн дүн баталгаажсан...”, “... сонгуулийн дүнг хүчингүй болгуулах талаар ямар нэг гомдол эрх бүхий этгээдээс гаргаагүй...” гэх зэрэг үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн зарчим, “хууль бус захиргааны актын улмаас иргэний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх” захиргааны хэргийн шүүхийн зорилгод нийцээгүй байна.
Түүнчлэн, дээрх тогтоолуудын хүчинтэй байдал нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйсгэх, шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаар сонгуулийн санал хураалт явуулсан хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагааг “хууль ёсны” болгох үндэслэл болохгүй юм.
Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтуудад холбогдуулж, хэрэглэвэл зохих Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2-т заасныг хэрэглээгүй нь буруу, уг заалтад “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь маргаан хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон хэмжээгээр аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болно”, 163 дугаар зүйлийн 163.1.1-д “... сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болсон /бол/ дахин сонгууль явагдана”, 163.2-т “дахин сонгууль явуулах шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гарган, энэ хуульд заасан ерөнхий журмын дагуу зохион байгуулж явуулна” гэснийг маргааныг үйл баримтад холбогдуулан тайлбарлавал, Орхон аймгийн Сонгуулийн хороо “сонгуулийн хууль тогтоомж зөрчиж” нэхэмжлэгч нарыг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтад бүртгээгүйн улмаас эдгээр иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, энэ тохиолдолд, тогтоогдсон хэмжээгээр сонгуулийн дүн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, Орхон аймгийн Сонгуулийн хороо эрх нь зөрчигдсөн иргэдийн “сонгогдох эрх”-ийг сэргээн эдлүүлэх зорилгоор дахин сонгууль явуулах үүрэгтэй гэж үзэхээр байна.
Мөн, анхан болон давж заалдах шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн “нэхэмжлэл гаргах” хугацааны талаарх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-т “сонгуулийн байгууллагын шийдвэр нээлттэй, ил тод байх бөгөөд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 114 дүгээр зүйлийн 114.1-д “сонгууль зохион байгуулах үйл явц, үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан өргөдлийг хүлээн авсан зохих шатны сонгуулийн байгууллага өөрийн эрх хэмжээний асуудал мөн бол гурав хоногийн дотор шийдвэрлэнэ” гэсэн нь сонгуулийн байгууллагын шийдвэрт гомдол гаргах, түүнд хариу өгөх хугацаа тогтоосон ерөнхий зохицуулалт бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2 дахь заалтуудаар тусгайлан зохицуулсан харилцаанд хэрэглэгдэхгүй, өөрөөр хэлбэл, сонгуулийн байгууллага хуульд тусгайлан заасан дээрх тохиолдолд “сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болгох”, “дахин сонгууль явуулах”, “дахин сонгууль зохион байгуулах” хуулиар тогтоосон чиг үүргээ хэрэгжүүлэх, энэ чиг үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой маргаанд хамааралгүй юм.
Тодруулбал, хариуцагч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгч нарыг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтад бүртгэх үүрэгтэй, энэ тохиолдолд, тэдний сонгогдох эрхийг хангаж, дахин сонгууль явуулах хууль зүйн үр дагавар шууд бий болох талаар Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтуудаар тусгайлан зохицуулсан байх тул хариуцагч шүүхийн шийдвэр биелүүлээгүйгээс үүссэн үр дагаварыг арилгахтай холбоотой харилцаанд хөөн хэлэлцэх хугацаа тооцох, энэ нь нэхэмжлэгч нарыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон “зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол”-оо сэргээлгэх боломжийг хязгаарлах үндэслэл болохгүй.
Иймд, давж заалдах шатны шүүхийн “... /нэхэмжлэгч нараас/ Орхон аймгийн Сонгуулийн хороонд хандаж, “орон нутгийн сонгуулийн дүнг хүчингүй болгож, дахин сонгууль явуулахыг хүссэн өргөдөл...д тухайн Сонгуулийн хороо хуулиар тогтоосон 3 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд ... 10 хоногийн дотор нэхэмжлэл гаргах байсан ...”, “... хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн”, “хэдийгээр ... /шүүхийн шийдвэр/ хүчин төгөлдөр байх боловч ... хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй” гэх зэрэг дүгнэлтүүдийг хяналтын шатны шүүх буруу гэж үзлээ.
Анх Д.Днарын “29 иргэн” нэхэмжлэл гаргасан гэх боловч нэхэмжлэлд нэр дурдагдсан Л.Батгэрэл нь нэхэмжлэлд гарын үсэг зураагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.1-д тус тус заасан “нэхэмжлэлд гарын үсэг зурсан байх”, “наториатаар гэрчлүүлсэн иргэний үнэмлэхээ хавсаргах” хуулийн шаардлагыг хангаагүй, Л.Батгэрэл нь уг үйл баримттай маргаагүй тул түүнийг шүүхэд хандаж, “нэхэмжлэл гаргасан” гэж үзэх үндэслэлгүй, эрх зүйн үр дагавар үүсгэхгүй байтал анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасныг баримтлан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь мөн буруу болно.
Эдгээр үндэслэлээр, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгч Б.Г-ийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр нарын хяналтын журмаар гаргасан “... шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлыг хангах нь зүйтэй гэж гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.8, 162 дугаар зүйлийн 162.2, 163 дугаар зүйлийн 163.1.1, 163.2-т заасныг тус тус баримтлан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2017/0358 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.Д нарын 28 иргэний “Орхон аймгийн Сонгуулийн хорооноос сонгуулийн товыг дахин зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулахгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэр болон түүнд өөрчлөлт оруулсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2016/0436 дугаартай магадлалд заасан Орхон аймгийн орон нутгийн сонгуулийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 19, 20, 21, 22 дугаар тойргуудад Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг дахин товлон зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулахыг Орхон аймгийн Сонгуулийн хороонд тус тус даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д, өмгөөлөгч Д.Тогтохбаяр нараас тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА