Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 644

 

 

 

 

 

 

 

2020           5             21                                              2020/ДШМ/644

 

 

З.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сүхбат,

шүүгдэгч З.Ц-,       

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЗ/798 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Сүхбатын бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 23 дугаартай эсэргүүцлийг үндэслэн З.Ц-д холбогдох эрүүгийн 1902010120080 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хөндий овгийн Занданхүүгийн Ц-, 19.. оны 5 дугаар сарын 1-ний өдөр Орхон аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ..............................байсан, ам бүл ..........тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /........................./;

З.Ц- нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст мөрдөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 11 дүгээр сард өөрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн 180506087 дугаартай хэрэгт М.Э-ын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд түүнээс хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: З.Ц-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүх хуралдаанаар З.Ц-д холбогдох хэргийг хянан хэлэлцэх боломжгүй болсон байна. Учир нь, шүүгдэгч З.Ц-д холбогдох хэрэгт яллах дүгнэлтийн хавсралтад “нууц ажиллагааны магадлагаа бүхий тусдаа хавтас, нууц ажиллагааны магадлагааны нэг ширхэг компакт диск” гэж дурьдаж хэргийн хамт дугтуйнд хийж шүүхэд ирүүлжээ.

Тухайн нууц ажиллагааны магадлагаатай хэргийн оролцогч нар танилцсан талаар баримт хэрэгт байхгүй, хавтас хэрэгт тусгагдаагүй нууц ажиллагааны магадлагаатай шүүх танилцах боломжгүй, танилцахыг хуулиар хориглосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлд “Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох”, 1 дэх хэсэг “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох ба нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааны арга, хэрэгсэл, эх сурвалж нууц байна” гэж, 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн болох баримт, мэдээллийн талаар мөрдөгч нууц ажиллагааны магадлагаа үйлдэж, прокуророор баталгаалжуулж хавтас хэрэгт тусгана” гэж, 5 дахь хэсэгт “хавтас хэрэгт тусгагдаагүй баримт сэлт, мэдээлэл, мөрдөн шалгах ажиллагааны үр дүн, бусад баримт болон гүйцэтгэх ажиллагаатай холбоотой ямар ч баримт мэдээллийг шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд танилцуулахыг хориглоно” гэж тус тус хуульчилжээ. Дээрх хуулийн заалтаас дүгнэхэд, мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлж хавсаргах бөгөөд харин нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааны арга, хэрэгсэл, эх сурвалж нууц байхаар ойлгогдож байна. Мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нууцын зэрэглэлтэйгээр шүүхэд ирүүлсэн нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нотлох баримтыг шинжлэн судлахад талууд хэрэгт авагдсан эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шүүх, шүүгдэгч, гэрч, шинжээчид танилцуулна” гэсэн заалтыг хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзэв. Иймд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчигдсөн байх тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв” гэжээ.

Прокурор Ц.Сүхбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “...мөрдөн шалгах ажиллагааг явуулах журам, зааврыг Тагнуулын ерөнхий газрын дарга Улсын Ерөнхий прокурортой хамтран батална” гэж хуульчилсан. Хуулийн дээрх заалтыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын Ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газрын дарга нарын “Журам шинэчлэн батлах тухай” А/116, А/177 дугаартай хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар “Мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах журам”-ыг шинэчлэн баталсан. Тус журмын 7 дугаар зүйл болох “Мөрдөн шалгах ажиллагааны нууцлал, хавтас хэрэгт тусгах” гэсэн зүйлийн 7.4 дэх хэсэгт “Нууц ажиллагаа явуулах тогтоол, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа, хавсаргасан баримт сэлт, түүнд шинжилгээ хийсэн тогтоол, шинжээчийн дүгнэлт, тухайн хавтастай танилцсан тухай тэмдэглэл зэрэг мөрдөн шалгах нууц ажиллагааны баримт бичгүүдийг нэг хавтас болгож үднэ. Энэ хавтастай мөрдөн шалгах нууц ажиллагаа чиглэгдсэн оролцогч, түүний өмгөөлөгч танилцана. Мөрдөн шалгах нууц ажиллагаа чиглэгдсэн оролцогч өөрөө бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд зөвхөн тухайн оролцогчид холбогдох хэсгийг бусад оролцогчид танилцуулж болно” гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл, хэрэгт хяналт тавьж байгаа хяналтын прокурор нь дээрх “Мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах журам”-ын 7.4 дэх хэсгийг хэрэгжүүлж, мөрдөн шалгах нууц ажиллагааны баримт бичгүүдийг нэг хавтас болгон үдэж, хэргийн хамт шүүхэд хүргүүлсэн. Шүүгчийн захирамжид дурьдсан “Тухайн нууц ажиллагааны магадлагаатай хэргийн оролцогч нар танилцсан талаар баримт хэрэгт байхгүй, хавтас хэрэгт тусгагдаагүй” зэрэг үндэслэлтэй холбоотой баримтууд нь “Мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах журам”-ын 7.4 дэх хэсэгт зааснаар тусад нь 1 хавтас болгон үдэж, хэрэгт хавсарган шүүхэд хүргүүлсэн хавтас дотор байгаа болно. Түүнчлэн тухайн хэргийн цор ганц оролцогч болох З.Ц- нь шүүгчийн асуултад хариулахдаа “би уг нууц ажиллагааны магадлагаатай танилцаж гарын үсэг зурсан” гэж хурлын үеэр мэдүүлсэн болохыг дурьдах нь зүйтэй. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйл болох “Төрийн болон албаны нууцтай танилцах тусгай нөхцөл” гэсэн зүйлийн 21.5 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүн, шүүгч, прокурор, мөрдөн байцаагч зөвхөн шалгаж шийдвэрлэх тодорхой хэрэг, маргаанд хамаарах төрийн болон албаны нууцтай хуулиар тогтоосон журмын дагуу танилцана” гэж хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, шүүгч, прокурор, мөрдөгч нар нь зөвхөн өөрсдийн шалгаж шийдвэрлэх тодорхой хэрэг, маргаанд хамаарах төрийн болон албаны нууцтай хуулиар тогтоосон журмын дагуу танилцах эрхтэй болно. Дээрх хуулийн зохицуулалт нь шүүгчийн захирамжид дурьдсан “хавтас хэрэгт тусгагдаагүй нууц ажиллагааны магадлагаатай шүүх танилцах боломжгүй, танилцахыг хуулиар хориглосон байна” гэснийг үгүйсгэж байна. Прокуророос холбогдох хууль, журамд заасныг хэрэгжүүлж мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааг тусад нь 1 хавтас болгон үдэж, хавтас хэрэгт хавсарган, хэргийн хамт шүүхэд ирүүлснийг хавтас хэргийн 1 бүрдэл хэсэг биш гэж шүүхээс үзэж, хавтас хэрэгт авагдаагүй нотлох баримтыг шинжлэн судлах боломжгүй байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь, прокурорын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 101 дугаартай яллах дүгнэлтийн нотлох баримтын жагсаалт, яллах дүгнэлтийн хавсралтын шинжлэн судлах нотлох баримтын жагсаалт зэрэгт уг нууц ажиллагааны магадлагааг оруулсан, хэргийг шүүхэд хүргүүлж буй албан бичигт “хэрэгт нууц ажиллагааны магадлагаа 1 хавтас 17 хуудас, 1 сиди-г хавсаргаж хүргүүлсэн” талаар дурьдаж буй зэргээс мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа нь хавтас хэргийн нэг бүрдэл хэсэг болох талаар тодорхой тусгасан болно. Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааг холбогдох журмыг хэрэгжүүлэх үүднээс тусад нь үдэж байгаа нь хавтас хэрэгт авагдаагүй баримт гэж үзэх үндэслэл болохгүй. Уг баримтуудтай мөрдөгч, прокурор, шүүгч, тухайн оролцогч этгээд болон түүнээс зөвшөөрөл олгосон бусад оролцогч, төрийн болон албаны нууцтай танилцах эрх олгогдсон бусад этгээд танилцах боломжтой байхад шүүгчийн захирамжид “мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нууцын зэрэглэлтэйгээр шүүхэд ирүүлсэн” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Прокуророос хэргийг хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бий болоогүй байхад хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэж үзнэ. Иймд шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Шүүгдэгч З.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надаас Төрийн болон албаны нууцын тухай хуульд зааснаар нууц ажиллагааны баталгаа авсан. Мөн нууц ажиллагааны баримттай танилцаж, тэмдэглэлд гарын үсэг зурж байсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос З.Ц-г Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст мөрдөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 11 дүгээр сард өөрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн 180506087 дугаартай хэрэгт М.Э-ын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд түүнээс хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, уг яллах дүгнэлтийн хавсралтаар нууц ажиллагааны магадлагаа бүхий тусдаа хавтас, 1 ширхэг Сиди-г хэргийн хамт шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд “шүүгдэгч З.Ц-д холбогдох хэрэгт яллах дүгнэлтийн хавсралтад “нууц ажиллагааны магадлагаа бүхий тусдаа хавтас, нууц ажиллагааны магадлагааны нэг ширхэг компакт диск” гэж дурьдаж хэргийн хамт дугтуйнд хийж шүүхэд ирүүлсэн бөгөөд үүнийг оролцогч нар танилцсан талаар баримт хэрэгт байхгүй, хавтас хэрэгт тусгагдаагүй нууц ажиллагааны магадлагаатай шүүх танилцах боломжгүй, танилцахыг хуулиар хориглосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.   

Давж заалдах шатны шүүх хуралдаанаас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй, прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох ба нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааны арга, хэрэгсэл, эх сурвалж нууц байна”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн болох баримт, мэдээллийн талаар мөрдөгч нууц ажиллагааны магадлагаа үйлдэж, прокуророор баталгаажуулж хавтаст хэрэгт тусгана” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч З.Ц-д холбогдох эрүүгийн 19020101020080 тоот хэрэгт хавсаргасан “нууц”-ын зэрэгтэй материалд мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнгийн талаар магадлагаа үйлдэж хэрэгт хавсаргасан, уг магадлагааг шүүгдэгч З.Ц-д танилцуулсан болох нь баримтаар болон түүний өөрийн “би магадлагаатай танилцаж гарын үсэг зурсан” гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Энэ ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцсэн байх бөгөөд бусад оролцогч танилцах хүсэлт гаргавал хуульд заасан үндэслэл, журмын дагуу танилцуулж, хэргийг шийдвэрлэх боломжтой байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан байх тул прокурор Ц.Сүхбатын бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 23 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, З.Ц-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/798 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч З.Ц-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч З.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ