Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01065

 

                      Ө.Н-гийн нэхэмжлэлтэй

                        иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02156 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2197 дугаар магадлалтай,

Ө.Н-гийн нэхэмжлэлтэй,

“И с д” ХХКхолбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 14,760,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяагийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Н, түүний өмгөөлөгч Ж.Наранбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямжав, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ө.Н нь хариуцагч “И с д” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 14,760,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02156 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар “И с д” ХХК-аас түрээсийн зүйл ашигласны хөлс (түрээсийн төлбөр) 10,260,000 төгрөгийг гаргуулж Ө.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 179,110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2197 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02156 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “287 дугаар зүйлийн 287.1” гэснийг “318 дугаар зүйлийн 318.1” гэж, “10,260,000 төгрөгийг” гэснийг “6,840,000 төгрөгийг” гэж, “4,500,000 төгрөгийг” гэснийг, “7,920,000 төгрөгийг” гэж, 3 дахь заалтын “179,110 төгрөгийг” гэснийг “124,390 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,110 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2197 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хариуцагч нь “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, мөн 2019.10.10-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлснөөр гэрээний үүрэг дуусгавар болсон гэх боловч эд зүйлийг шилжүүлснээр гэрээний үүрэг дуусгавар болсон гэдгийг нөгөө тал хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчээс уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн авснаар гэрээний үүрэг дуусгавар болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Нэхэмжлэгч тал барилгын тулаас төмөр түрээслүүлэх гэрээний дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг 8,000,000 төгрөгт тооцуулж, дансаар 1,000,000 төгрөгийг төлж гэрээний гүйцэтгэлийг хаахаар 2019 оны 10 дугаар сард тохиролцсон. Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн ба уг нэхэмжлэл үндэслэлгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн зүйлийг хэзээ авсныг нотлох баримтыг, мөн түрээсийн гэрээний 5-д “Түрээсийн хоногийг машинд ачиж хашааны хаалгаар гарснаас эхэлж, буцаж хаалгаар орж ирэх хугацаагаар тооцно” гэж заасан боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Итгэлцлийн хүрээнд хоорондоо аман хэлцлээр тохиролцсон. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч Ө.Н-гээс хариуцагч “И с д” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 14,760,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хариуцагчаас 10,260,000 төгрөгийг гаргуулж, үлдэх 4,500,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчаас 6,840,000 төгрөгийг гаргуулж, үлдэх 7,920,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

7. Нэхэмжлэгчээс “... “И с д” ХХК-тай 2018.04.20-ны өдөр барилгын тулаас төмөр түрээслүүлэх, түрээслэх гэрээг байгуулсан. Гэрээгээр түрээслүүлэгч нь 1200 ширхэг барилгын тулаас төмрийг нэг ширхгийг нь хоногийн 80 төгрөгөөр тооцож, 4 сарын хугацаатай шилжүүлэх, түрээслэгч нь 11,520,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний 7-д “... хугацаа хэтэрсэн хоног тутамд 1 ширхэг тулаас төмрийг 150 төгрөгөөр тооцож торгууль ногдуулна” гэж заасан. Түрээслэгч нь тулаас төмрийг гэрээнд заасан хугацаанаас 1 cap, 15 хоног хэтрүүлэн ашигласан тул гэрээний 5-д заасны дагуу хэтрүүлсэн хугацааны төлбөрийг нэхэмжлэх эрхтэй юм. Иймд 4 сар, 15 хоногийн түрээсийн төлбөр нийт 15,840,000 төгрөг, торгууль 7,920,000 төгрөг, нийт 23,760,000 төгрөг төлөх ёстойгоос хариуцагчийн төлсөн 9,000,000 төгрөгийг хасаж (“Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг тооцсон 8,000,000 төгрөг болон бэлнээр шилжүүлсэн 1,000,000 төгрөг) үндсэн төлбөрийн үлдэгдэл 6,840,000 төгрөг, торгууль 7,920,000 төгрөг, нийт 14,760,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... гэрээний 5-р зүйлд “Түрээсийн хоногийг машинд ачиж хашааны хаалгаар гарснаас эхэлж буцаж хаалгаар орж ирэх хугацаагаар тооцно” гэж заасан боловч гэрээний оролцогч хэний талын хаалгаар гэдэг нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Гэрээнд оролцогч талууд түрээсийн зүйлээ хүлээлцсэн, хүлээж авсан, буцааж өгснийг нотлох түрээслэгч буюу хариуцагчийн эрх бүхий этгээд гарын үсэг зурсан, тамга тэмдэг дарсан актыг нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй. Талууд гэрээний гүйцэтгэлийг амаар хэлэлцэн тохироод хариуцагчаас нэхэмжлэгчид 2019.07.05-ны өдөр “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг 8,000,000 төгрөгт тооцуулан өгсөн, 2019.10.10-ны өдөр 1,000,000 төгрөгийг нэмж төлсөн. Үүнээс хойш нэхэмжлэгчийн зүгээс илүү төлбөр төлөх талаар мэдэгдэж, урьдчилан шаардаж байгаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... Талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байгуулсан, гэрээний хугацаа дуусахад түрээслэгч уг эд хөрөнгийг 2018.10.05-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн ашигласаар байсныг түрээслүүлэгч татгалзаагүй байх тул уг хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсан гэж тооцно, хариуцагч нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэгтэй тул 2018.04.20-ны өдрөөс 2018.10.05-ны өдрийг дуусталх хугацаанд 6,840,000 төгрөгийг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх 3,420,000 төгрөгийн торгууль төлөх үүрэгтэй...” гэж дүгнэсэн.        

9. Харин давж заалдах шатны шүүх “... хариуцагч түрээсийн гэрээний үүрэгт 6,840,000 төгрөгийн төлбөр төлөх үүрэгтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийг эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаагаар тодорхойлж шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь хууль хэрэглээний алдаатай болсон, талууд гэрээний 7-д “... төлбөрөө урьдчилж төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 1 ширхэг тулаас төмрийг 150 төгрөг ... хоногоор тооцож торгууль ногдуулна” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн анзын тохиролцоо гэж үзэх боломжгүй, талуудын гэрээнд торгуулийг 150 төгрөгөөр хоногт тооцож төлнө гэсэн нь гэрээнд заасан түрээсийн үндсэн үнэ болох 80 төгрөгөөс хэтэрсэн байдал нь Иргэний хуульд нийцээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийсэн хэлцлийн үр дагавар буюу торгуулийг шаардах эрхгүй...” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчаас гаргуулах төлбөрийн хэмжээг багасгаж буюу торгуулийг хэрэгсэхгүй болгосон байна.

10. Хяналтын шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй гэж үзлээ. Гэхдээ зарим дүгнэлтийг залруулах нь зүйтэй.

11. Тодруулбал, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй ба 232.5-д “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасан. Талууд гэрээндээ “... төлбөрөө урьдчилж төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 1 ширхэг тулаас төмрийг 150 төгрөг ... хоногоор тооцож торгууль ногдуулна” гэж заасан нь дээрх хуулийн зохицуулалтын алинд нь ч нийцэхгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв, харин энэхүү тодорхойгүй байдлыг талууд анзын талаар тохиролцоогүй гэж үзэхээс бус хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй юм.

12. Нэгэнт талууд анзын талаар тохиролцоогүй тул нэхэмжлэгч торгууль шаардах эрхгүй, иймээс нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв байна.

13. Хэрэгт талууд хариуцагчийн шилжүүлсэн тээврийн хэрэгсэл (8,000,000 төгрөг)  болон дансаар шилжүүлсэн 1,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг гэрээний төлбөрт тооцож, үүргийг дуусгавар болгосныг нотлох баримт байхгүй, хариуцагч татгалзлаа нотлоогүй тул “... гэрээний гүйцэтгэлийг хаахаар 2019 оны 10 дугаар сард тохиролцсон байхад нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй...” гэсэн агуулга бүхий энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй юм.

14. Иймд шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2197 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 124,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАЯРМАА

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

    ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                      Д.ЦОЛМОН