Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2020/02156

 

 

 

 

 

 

2020 08 28

181/ШШ2020/02156

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ИСД ХХК -д холбогдох,

түрээсийн төлбөрт 14.760.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Ө.Н би хариуцагч ИСДХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасны дагуу Барилгын тулаас төмөр /сапуд/ түрээслүүлэх, түрээслэх гэрээг бичгээр байгуулсан бөгөөд ИСДХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Б.Эрдэнэбаатар гэрээнд гарын үсэг зурсан.

Гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад барилга барихад нь зориулж 1200 ширхэг барилгын тулаас төмрийг нэг ширхэгийг нь хоногийн 80 төгрөгөөр тооцож, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 4 сарын хугацаатай шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр нийт 11.520.000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.Тооцоолол: 1.200 ширхэг * 80 төгрөг = 1 хоногийн түрээсийн төлбөр 96,000 төгрөг; 96,000 төгрөг * 30 хоног= 1 сарын түрээсийн төлбөр 2.880.000 төгрөг.

Гэрээний 5 дугаар заалтад Түрээсийн хоногийг машинд ачиж хашааны хаалгаар гарснаас эхэлж, буцаж хаалгаар орж ирэх хугацаагаар тооцно, мөн гэрээний 7 дугаар заалтад Хэрэв түрээсийн хугацааг сунгаж байгаагаа урьдчилж мэдэгдээгүй, мэдэгдсэн ч төлбөрөө урьдчилж төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 1 ширхэг тулаас төмрийг 150 төгрөгөөр тооцож торгууль ногдуулна гэж тус тус заасан.

Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.5-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, ... анзыг торгууль гэнэ гэж тус тус заажээ.

Түрээслэгч нь гэрээ ёсоор барилгын тулаас төмрийг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд ашиглах байсан боловч 1 cap 15 хоног хэтрүүлэн ашиглаж, 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр түрээслүүлэгчид буцааж өгсөн тул гэрээний 5 дугаар заалтад заасны дагуу уг хэтрүүлсэн хугацааны түрээсийн төлбөрийг түрээслүүлэгч нь түрээслэгчээс нэхэмжпэх эрхтэй юм.

Тиймээс хууль, гэрээнд заасны дагуу түрээслэгчийн төлбөл зохих түрээсийн төлбөр болон торгуулийг тооцож үзвэл:

1.Түрээсийн төлбөр: Түрээслэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх 4 сарын түрээсийн төлбөр 11.520.000 төгрөг /2.880.000 төг*4 сар=11.520.000 төг/, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх 1 сарын түрээсийн төлбөр 2.880.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 15 хоногийн түрээсийн төлбөр 1.440.000 төгрөг /96,000 төг*15 хоног=1,440,000 төг/, нийт 15,840,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

2.Торгууль: Түрээслэгч 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр барилгын тулаас төмрийг түрээслүүлэгчид буцааж өгөхдөө түрээсийн төлбөрт нийт 15.840.000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд түүнээс хойш 273 хоногийн дараа буюу 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Prius-20 маркийн 40-26 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 8.000.000 төгрөгт тооцуулан өгсөн, мөн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн буюу нийт 9.000.000 төгрөг төлсөн болно.

Тодруулбал түрээслэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 273 хоногийн хугацаанд огт гүйцэтгээгүй бөгөөд гэрээ ёсоор 1.200 ширхэг барилгын тулаас төмрийг нэг хоногийн торгууль болох 150 төгрөгөөр үржүүлбэл нэг сарын торгууль нь 180.000 төгрөг, 273 хоногийн торгууль нь 49.140.000 төгрөг болж байна.

Гэвч хуульд зааснаар торгуулийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул түрээсийн нийт төлбөр болох 15,840,000 төгрөгийн 50 хувь болох 7.920.000 төгрөгийн торгуулийг түрээслүүлэгч нь түрээслэгчээс нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Түрээслэгч нь түрээслүүлэгчид 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн төлбөр 15.840.000 төгрөг, торгууль 7.920.000 төгрөг, нийт 23.760.000 төлөх ёстой байсан боловч тухайн өдөр 8.000.000 төгрөг төлж, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7.840.000 төгрөг, торгууль 7.920.000 төгрөг, нийт 15.760.000 төгрөг болсон байна.

Мөн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөгийг данснаар төлж, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 6.840.000 төгрөг, торгууль 7.920.000 төгрөг, нийт 14.760.000 төгрөг болсон байна. Хариуцагч ИСДХХК нь үлдэгдэл төлбөрөө өгнө, өгөхдөө архиар орлуулж өгнө гэсэн тул би архи авахгүй гээд аваагүй юмаа.

Иймд хариуцагч ИСДХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт түрээсийн төлбөрийн үлдэгдэл 6.840.000 төгрөг, торгууль 7.920.000 төгрөг, нийт 14.760.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Барилгын тулаас төмөр турээслүүлэх түрээслэх гэрээний 5-р зүйлд Түрээсийн хоногийг машинд ачиж хашааны хаалгаар гарснаас эхэлж буцаж хаалгаар орж ирэх хугацаагаар тооцно гэж заасан боловч гэрээний оролцогч хэний талын хаалгаар (Түрээслүүлэгчийн эсвэл Түрээслэгчийн) гэдэг нь тодорхойгүй, ойлгомжгүй заалт буюу хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж байна.

Гэрээнд оролцогч талууд түрээсийн зүйлээ хүлээлцсэн буюу хүлээж өгсөн, хүлээж авсныг, буцааж өгснийг нотлох түрээслэгч буюу хариуцагчийн эрх бүхий этгээд гарын үсэг зурсан, тамга тэмдэг дарсан актыг нэхэмжлэгчээс нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгөөгүй.

Талууд гэрээний гүйцэтгэлийг амаар хэлэлцэн тохироод хариуцагчаас нэхэмжлэгчид 2019 оны 7 дугаар сарын 05- ны өдөр Prius 20 маркийн 40-26 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 8.000.000 төгрөгт тооцуулан өгсөн, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөгийг нэмж төлсөн. Үүнээс хойш нэхэмжпэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагад заасан илүү төлбөрийг хариуцагчид огт мэдэгдэж, урьдчилан шаардаж байгаагүй.

Зохигчдын хооронд энэ талаар хэлэлцсэн, мэдэгдсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Хариуцагч нь сүүлийн төлбөрийг нэхэмжлэгчид хийснээс хойш 7 сарын дараа гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргаж үндэслэлгүй төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. .

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Ө.Н нь хариуцагч ИСДХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 14.760.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ө.Н нь 1200 ширхэг тулаас төмрийг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагчид түрээслүүлэх, хариуцагч /түрээслэгч/ ИСДХХК нь 1 ширхэг тулаас төмрийг өдрийн 80 төгрөгөөр тооцож түрээслэхээр харилцан тохиролцож Барилгын тулаас төмөр /сапуд/ түрээслүүлэх, түрээслэх гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-ийн 6-р хуудас/

Дээрх түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу бичгээр байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулсанаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Барилгын тулаас төмөр /сапуд/ түрээслүүлэх, түрээслэх гэрээгээр түрээслүүлэгч Ө.Н нь түрээслэгч ИСДХХК-ийн эзэмшил, ашиглалтад Солонгос улсад үйлдвэрлэсэн 1200 ширхэг тулаас төмрийг шилжүүлэх, түрээслэгч ИСДХХК нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Дээрх гэрээний дагуу түрээслэгч ИСДХХК нь түрээслүүлэгч Ө.Нд 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Prius 20 маркийн 40-26 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 8.000.000 төгрөгт тооцуулан өгсөн, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөгийг өгсөн, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тулаас төмрийг буцааж өгсөн талаар талууд маргадаггүй болно.

Талуудын хооронд байгуулагдсан Барилгын тулаас төмөр /сапуд/ түрээслүүлэх, түрээслэх гэрээний 7-д Хэрэв түрээсийн хугацааг сунгаж байгаагаа урьдчилж мэдэгдээгүй, мэдэгдсэн ч төлбөрөө урьдчилж төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 1 ширхэг тулаас төмрийг 150 төгрөг, хоногоор тооцож торгууль ногдуулна гэж харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн

318.1.Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж,

318.5.-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж,

289 дүгээр зүйлийн 289.1.2.-т Хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй гэж,

296 дугаар зүйлийн 296.1.-т Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэж тус тус заажээ.

Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний хугацаа дуусахад түрээслэгч /хөлслөгч/ уг эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашиглаж 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн ашигласаар байсныг түрээслүүлэгч /хөлслүүлэгч/ татгалзаагүй байх тул мөн хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсан гэж тооцно. Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дууссан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг дуустал тухайн нөхцөлөөр сунгагдсан гэж үзнэ.

Зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд тулаас төмөр /сапуд/-ийг ашигласан талаар маргаагүй болно.

Хариуцагч ИСДХХК нь гэрээнд заасан хугацаанд 11.520.000 төгрөг /1200ширхэг Х 80төгрөг Х120хоног=11.520.000/, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг дуусталх хугацааны түрээсийн төлбөрт 4.320.000 төгрөг /1200 ширхэг Х80төгрөгХ 45 хоног=4.320.000 төгрөг/ нийт 15.840.000 төгрөг төлөх үүрэгтэй байх бөгөөд үүнээс нэхэмжлэгчид төлсөн 9.000.000 төгрөгийг хасахад үлдэх 6.840.000 төгрөгийг, торгууль 3.420.000 төгрөгийн хамт нийт 10.260.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч ИСДХХК- нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т зааснаар эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийг дуусталх хугацаанд барилгын тулаас төмөр /сапуд/ ашигласны хөлс /түрээсийн төлбөр/ 6.840.000 төгрөгийг, торгууль 3.420.000 төгрөгийн хамт төлөх үүрэгтэй болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 5, 6 -р хуудас/

Хариуцагч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй хэмжээгээр торгууль төлөх нь хуульд нийцэж байна.

Иймд хариуцагч ИСДХХК-иас 10.260.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Нд олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

Хариуцагч нь түрээсийн гэрээний дагуу түрээсийн зүйлийг ашигласан хөлсний үлдэгдэл 6.840.000 төгрөгийг, торгууль 3.420.000 төгрөгийг тус тус төлөхгүй, гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлаа нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй болно.

Хариуцагчийг тус шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 8363 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхэд албадан ирүүлж ажиллагаа хийсэн бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10.00 цагт болох шүүх хуралдааны товыг түүнийг шүүхэд хүрэлцэн ирэх хангалттай хугацааны өмнө буюу 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэж баримтжуулсан./хх-ийн 11, 33, 34, 36-р хуудас/

Иймд шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяагийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2.,116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1. дэх хэсэгт зааснаар ИСДХХК-иас түрээсийн зүйл ашигласны хөлс /түрээсийн төлбөр/ 10.260.000 төгрөгийг гаргуулж Ө.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 179110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО