Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2020/02014

 

 

 

 

  2020        06          02                                     101/ШШ2020/02014             

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Х-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Н

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хорооллын Разна импекс 356 байрны 9 тоотод оршин суух Батхан овогт Мөнхжаргалын Н /РД:СЮ78062107/ нарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Эрдэнэмөнх, хариуцагч бөгөөд хариуцагч Х.Б-ийн захирал М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Батлан хамгаалах яам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч А.Эрдэнэмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах барилга нь Батлан хамгаалах яамны хууль ёсны өмч юм. Учир нь Батлан хамгаалахын сайдын 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 159 дүгээр тушаалаар “Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн офицер, ахлагч, ажилчин, албан хаагчдыг албан тушаалын орон сууцаар хангах зорилго”-оор Өмнөговь аймаг дахь Хэрлэн-Од нөхөрлөлөөс 1102 м2 талбай бүхий 2 давхар конторын зориулалттай барилгыг тухайн үеийн зах зээлийн ханшаар 48 500 000 /дөчин найман сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдан авч 2004 онд “Хэрлэн-Од” нөхөрлөл болон Батлан хамгаалах яамны хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу аман хэлцлийг байгуулсан. Хэлцлийн гол нөхцөл бол Хэрлэн-Од нөхөрлөлийн өмчлөлд байсан 1102 м2талбай бүхий 2 давхар хуучин тээврийн товчооны конторын зориулалттай барилгыг Батлан хамгаалах яаманд шилжүүлэх, харин Батлан хамгаалах яам нь 48,500,000 төгрөгийг Хэрлэн-Од нөхөрлөлд шилжүүлэхээр тус тус тохиролцсон.

2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 48,500,000 төгрөгийг нэхэмжилсэн Хэрлэн-Од нөхөрлөлийн нэхэмжлэх хуудас, ЗХЖШ-ын даргад ирүүлсэн “үлдэгдэл 33,500,000 төгрөгийг 2004 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна уу. Хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0.03 хувийн алданги тооцох саналтай байна. Одоо байрлаж байгаа офицер, ахлагч нарын байрны түрээсийг зогсоосон тул манайд хохиролтой байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ үү.” гэх утга бухий Хэрлэн-Од нөхөрлөлийн албан бичиг, Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн албаны 404001846 дугаартай Худалдаа хөгжлийн банкны данснаас Хэрлэн-Од нөхөрлөлийн Өмнөговь аймаг дахь Хаан банкны 5585047139 дугаартай дансанд 48,500,000 төгрөгийг 4-5 удаа хувааж шилжүүлсэн дансны хуулга оолон Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн албаны төлбөрийн даалгаврууд зэрэг баримт бичиг, материал тогтоогддог.

Худалдан авсан барилгад 2007 онд 25,000,000 төгрөгөөр их засвар хийж, орон сууцны зориулалтаар ашиглах боломжийг бүрдүүлж, одоог хүртэл Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн 16 офицер, ахлагч нар гэр бүлийн нийт 60 орчим гишүүдийн хамтаар амьдарч байна. Гэтэл Хэрлэн-од нөхөрлөлийн захирал /эзэн/ Н.Мөнхжаргалийн төрсөн охин болох М.Н нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах барилгыг Өмнөговь аймаг дахь Хасбанкинд барьцаанд тавьсан ба уг зээлээ төлөх чадваргүй болж, барьцаалсан барилгаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэтгэлийг хангахаар нэхэмжлэгч болох Хас банктай харилцан тохиролцож, нэхэмжпэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх барьцаанд байгаа барилгыг зээлийн үүрэг хангуулахаар шийдвэрлэсэн нь Батлан хамгаалах яамны эрх, хууль ёсны ашиг сонирхол болоод төрийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн.

Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх болон түүнийг төрийн байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхгүй гэж хуульчилсны дагуу Батлан хамгаалах яамны өмчлөлд байгаа төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүргүүлдэггүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ авдаггүй байсан. Дээрх маргаан бүхий барилгатай холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус асуудлыг залилан мэхлэх шинж чанартай гэмт хэрэгт тооцуулахаар Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт хандан шалгуулж, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад маргаан бүхий барилгатай холбоотой бүхий л нотлох баримтуудыг бүрдүүлж, шалгасан бөгөөд Өмнөговь аймгийн прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор  яллагдагч М.Н, Н.Мөнхжаргал нарыг бусдыг залилсан болохыг тогтоож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр уг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн үндсэн хөрөнгийн данс буртгэлд тусгагдсан төрийн өмчийн 16 айлын албан тушаалын орон сууц болох Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт оршин байх 1102 м.кв талбайтай хоёр давхар, конторын зориулалттай барилгын хууль ёсны өмчлөгчөөр Батлан хамгаалах яамыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Х.Бөхөрлөл шүүхэд болон захирал М.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрлэн-Од” ББНөхөрлөлийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түрээсэлсэн гэх үндэслэлээр газрын татвараа төлж байсан. Хууль зүйн мэдлэггүй учраас өөрийн биеэр очиж уулзаад Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн үүднээс 2, 3 удаа буцаж байсан гэв.

 

Хариуцагч М.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна. Уг хэрэгт иргэнийхээ хувьд яагаад холбогдож байгааг ойлгохгүй байна. Хас банкнаас зээл авахад аж ахуй нэгжээр зээл авсан атлаа яагаад хувь хүнээр холбогдож байгааг ойлгохгүй байна. Эрүүгийн хэрэгт мөн адил барьцаанд тавихдаа аж ахуй нэгжээрээ тавьсан. Гомдол гаргах 7 хоногийн хугацаанд аав маань нас барсан ажил явдалтай байсан учраас татгалзаж чадаагүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Батлан хамгаалах яам, хариуцагч Х.Бөхөрлөл, М.Н нарт холбогдуулан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт орших хуучнаар тээврийн товчооны конторын байр нэртэй 1102 м.кв талбай бүхий хоёр давхар, конторын зориулалттай барилгын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж, уг барилгыг хариуцагч Х.Б-өөс 2004 онд 48,500,000 төгрөгөөр худалдан авсан гэх тайлбар гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, хариуцагч Х.Б уг барилгыг нэхэмжлэгчид түрээслүүлж байсан, уг мөнгийг түрээсийн төлбөрт тооцон авсан гэх, хариуцагч М.Н нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцах этгээд биш гэх тайлбарыг тус тус гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх сэргээлгэх шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өмчлөгчөөр тогтоолгох гэж өөрчилжээ.

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тодорхой цаг хугацаа, үйл явдлыг илэрхийлсэн дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Батлан хамгаалахын сайдын 2004 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 159 дүгээр тушаалаар хариуцагч Хэрлэн-Од нөхөрлөлөөс 1,102 м.кв талбай бүхий хоёр давхар конторын зориулалттай барилга худалдан авахаар 48,500,000 төгрөгөөр үнэ тогтоосон шийдвэр гарч байжээ. Энэ дагуу тус яамны Барилга захиалагчийн ажлын албаны Худалдаа хөгжлийн банкин дахь 404001846 тоот данснаас 2004 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2005 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 6 удаагийн гүйлгээгээр 48,500,000 төгрөгийг талийгаач Н.Мөнхжаргалын ХААН банкин дахь 5585047139 тоот дансанд шилжүүлсэн байна. /3-р хавтаст хэргийн 10-11, 131-132 дахь тал/

“Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн офицер, ахлагч нарт зориулан худалдаж авсан орон сууцны барилгыг хүлээлцсэн тухай нотломж” гэх 2004 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн баримтаар зохигчийн маргаж буй барилгыг хүлээлцсэн байх бөгөөд тийнхүү хүлээлцэх ажиллагаанд хариуцагч Х.Б-ийг төлөөлөн эзэн Н.Мөнхжаргал оролцсон тухай баримт үйлджээ. Мөн хариуцагч Х.Б-өөс нэхэмжлэгчид хандан “Хэрлэн-Од нөхөрлөлөөс авахыг зөвшөөрсөн 2 давхар барилгын үнэ 48,500,000 төгрөгийг Өмнөговь аймгийн ХААН банкин дахь Х.Б-ийн 5585047139 тоот дансанд 2004 оны 08 дугаар сарын 10-ны дотор шилжүүлж барилгыг хүлээн авах бүрэлдэхүүнийг ирүүлэхийг хүсье” гэсэн хүсэлтийг нэхэмжлэгчид хандан гаргаж байжээ. /2-р хавтаст хэргийн 245-247, 3-р хавтаст хэргийн 5 дахь тал/

Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ХААН банк ХХК дахь 5585047139 тоот данс нь талийгаач Н.Мөнхжаргалын данс мөн, харин тус 48,500,000 төгрөгийг хүлээн авсан эсэхийг мэдэхгүй гэж тайлбарласан. Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч Х.Б-ийг төлөөлөн маргаж буй барилгын төлбөрийг талийгаач Н.Мөнхжаргал өөрийн ХААН банкин дахь дансаар дамжуулан 2004 онд хүлээн авсан байна. Тухайн үед буюу хариуцагч Х.Б-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч худалдан авсны төлбөрт 2004-2005 онд 48,500,000 төгрөгийг Н.Мөнхжаргалын дансанд шилжүүлсэнтэй холбоотойгоор хариуцагч Х.Б-ийн зүгээс өөр этгээдэд төлбөр шилжүүлсэн гэх асуудлаар зохигч маргаж байгаагүй, энэ талаархи баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй нь зохигч төлбөрийн талаар маргаангүй байсан гэж үзэх үндэслэлтэй.

Уг барилгын өмчлөлийн асуудлаар эрүүгийн журмаар шалгаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус барилгатай холбоотой асуудлаар тайлбар, мэдүүлэг өгч байсан Д.Дэнсмаагийн “1996 онд нөхөрлөл байгуулагдсан, конторын байрыг манай нөхөр худалдан авч байсан, манай нөхөр байрыг бүхлээр нь 2004 билүү 2005 онд 48.5 сая төгрөгөөр ЗХ-ний 167-р ангид 10 жилийн хугацаатай түрээслүүлсэн гэж байсан, 2014 онд түрээсийн хугацаа дуусах байсан” гэх, Д.Батзоригийн “би 1999-2007 оны хооронд ЗХ-ний 167-р ангид ажиллаж байсан. Тухайн үед БХС-ын тушаал ирж Хэрлэн-Од нөхөрлөлөөс офицер, ахлагч нарын орон сууц худалдан авах зорилгоор 48.5 сая төгрөгөөр худалдан авсан тухай дурдсан байсан, уг барилга буюу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд тээврийн товчооны конторын зориулалттай 2 давхар барилгыг ангийн үндсэн хөрөнгөд бүртгэж орлогод авсан” гэх, Н.Наран-Очирын “би 2004 онд ЗХ-ний 167-р ангид захирагчаар ажиллаж байсан. 2004 оны намар БХС-аас Хэрлэн-Од нөхөрлөлөөс орон сууц худалдан авсан тухай тушаал очсон. Тэр үед Мөнхжаргал гэх надтай холбогдож манайх танай ангид орон сууц зарахаар болсон. БХЯ шийдэж өгсөн гэж хэлсэн, Хэрлэн-Од нөхөрлөлөөс орон сууц түрээслэсэн зүйл огт байхгүй, түрээслэх талаар яриа гараагүй” гэх, Д.Оюундэлгэрын “би 2004 онд БХЯ-ны Барилга захиалагчийн албанд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. Би Хэрлэн-Од нөхөрлөлд орон сууцны төлбөрийг 4-5 хувааж төлсөн гүйлгээ хийж байсан. Тэр үед БХЯ-ны сайдын тушаал гарч тушаалын дагуу яамны төрийн нарийн бичгийн даргын зөвшөөрлөөр орон сууц худалдан авсан төлбөрийг шилжүүлсэн” гэх мэдүүлгээс үзэхэд дээрх иргэд зохигчийн маргаж байгаа барилгыг хариуцагч, нэхэмжлэгчид худалдсан эсэхтэй холбоотой 2004-2007 оны хоорондын үйл явдлыг мэдэж гэрчилсэн гэж үзэхээр байна. /3-р хавтаст хэргийн 95-96, 102-109 дэх тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, хариуцагч татгалзлаа тус тус нотлох үүрэгтэй. Зохигч шаардлага, татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойшхи хоёр жилийн хугацаанд талуудын шүүхэд гаргасан бичгийн нотлох баримтууд, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид түрээслүүлсэн гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж нэхэмжлэлээс татгалзсан ба 1-р хавтаст хэргийн 30, 123, 3-р хавтаст хэргийн 146 дугаар талд авагдсан “нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” утга бүхий тайлбараас өөрөөр нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ тайлбарласан агуулга бүхий дэлгэрэнгүй тайлбарыг шүүхэд гаргаагүй, татгалзлаа нотолж хэрэгт нотолгооны ач холбогдолтой, үндэслэл бүхий баримтыг шүүхэд гаргаагүй байна. Иймд хариуцагч нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлын үндэслэлээ үндэслэл бүхий байдлаар шүүхийн өмнө нотлоогүй гэж үзлээ.

Зохигчийн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчилсэн гэрчилгээг 2000 оны 11 дүгээр 14-ны өдөр бүртгэх байгууллагаас олгожээ. Нэхэмжлэгч Батлан хамгаалах яам, хариуцагч Х.Бөхөрлөлийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа 2004 онд үүсчээ. Тухайн үл хөдлөх хөрөнгийн эзэмшлийг хариуцагч Х.Б нэхэмжлэгчид шилжүүлж, хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлээгүйгээс зохигчийн хооронд өмчлөлийн маргаан үүссэн байна. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй, хариуцагч Х.Бөхөрлөл энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч Батлан хамгаалах яам маргаж буй Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт орших хуучнаар Тээврийн товчооны контор нэртэй, хоёр давхар барилгын өмчлөгч байх бөгөөд уг барилгын өмчлөх эрхийг хариуцагчаас шаардах эрхтэй. /1-р хавтаст хэргийн 228 дахь тал/

Хариуцагч М.Над холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нотлогдохгүй, ямар үндэслэлээр хариуцагч М.Ныг уг нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд үзсэн үндэслэлээ шүүхийн өмнө нотлоогүй учир нэхэмжлэгчийн хариуцагч М.Над холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хасбанк ХХК тус хэрэгт гуравдагч этгээдээд оролцсон ба 2011 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээг хариуцагч М.Нтай байгуулж, мөн өдрийн Баталгаат ипотекийн гэрээгээр зохигчийн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.3-т зааснаар барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 72 дугаартай захирамжаар хариуцагч М.Наас 17,132,922 төгрөг гаргуулан Хасбанк ХХК-д олгохоор, хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заажээ. Барьцаа хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны эрхийг дуусгавар болгох үндэслэл болохгүй, түүнчлэн хариуцагч М.Н шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Хариуцагч Х.Б-ийн төлөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагч М.Нын төлөөлөгч Б.Баярмаа, гуравдагч этгээдийн төлөөлөгч Х.Тэмүүжин нар 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож, 06 дугаар сарын 02-ны өдрийн 13:30 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг шүүх хуралдааны танхимаас мэдсэн, товд гарын үсэг зурж баталгаажуулсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо илэрхийлсэн хүсэлт, баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Хариуцагч бөгөөд хариуцагч Х.Б-ийн захирал М.Н өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан ба өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Батлан хамгаалах яамыг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт орших хуучнаар Тээврийн товчооны контор нэртэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-1105000436 дугаар бүхий, хоёр давхар барилгын өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хариуцагч М.Над холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Х.Б-өөс 400,450 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЭНЭБИШ