Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2020/01900

 

 

 

 

  2020        05           25                                   101/ШШ2020/01900             

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.О -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.О -т холбогдох

10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Баасанжав, хариуцагч С.О, өмгөөлөгч Ж.Бат-Амгалан, нарийн бичгийн дарга Б.Пүжидмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Л.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус компани нь Барилгын Политехник коллежийн багш ажилчдын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэх явцад бидэнд гипсэн блок шаардлагатай байсан тул бид иргэн С.Оээс нийт 1000 ширхэг гипсэн блокыг нэг бүрийг нь 10,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар харилцан тохиролцсон.

Тухайн үед манай компани бараа материалын үнийг төлснөөс хойш хариуцагч нь 14 хоногийн дотор бараа материалыг манай компанид бүрэн нийлүүлж дуусгасан байхаар харилцан тохиролцож амаар хэлцэл хийсэн юм. Үүний дагуу бид хариуцагчийн эзэмшлийн 5024465850 тоот дансанд 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 3,500,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 6,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Гэтэл бид барааны үнийг бүрэн шилжүүлснээс хойш хариуцагч нь харилцан тохиролцсон хугацаандаа бараагаа нийлүүлээгүй бөгөөд бидний зүгээс үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдөр, маргааш гэж хойшлуулан бидний ажилд саад учруулсаар байна. Бид барилгын ажлын гэрээнд заасан хугацааны дотор барьж дуусган захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байсан тул бидэнд хариуцагч С.Оийг дахин хүлээн хугацаа байгаагүй.

Иймээс бид өөр газраас яаралтай гипсэн блок худалдан авч барилгын ажлаа хийж гүйцэтгэсэн бөгөөд хариуцагчаас ямар ч бараа материал аваагүй болно. Иймд хариуцагч С.Оээс гипсэн блокын үнэд шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.О болон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2016.04.18-нд Нью Голден Дизайн компанийн Нямсүрэн гэдэг хүн утасдаж барилгын дотор хананд танай гипсэн блокийг сонирхоё гэхэд нь танилцуулга, үнийн санал, ажлын зургийн заавар, хана өрсөн зураг зэргийг явуулсан. 2016.7-р сарын сүүлчээр холбогдож Барилгын Политехник Коллежийн /БПК/ багш ажилчдын орон сууцны барилгын гүйцэтгэгч А ХХК-ийн захирал Зулхүүгийн дугаарыг өгч би Зулхүү захиралтай холбогдож блокныхоо бүх загвараас авч очин танилцуулахад Зулхүү захирал 10 см-ын зузаантай гипсэн блокийг суурь блоктой нь хамт захиалагчид үзүүлнэ гээд авч үлдсэн.

БПК-ийн багш ажилчдын орон сууцны барилгад манай үйлдвэрийн гипсэн блокийг авахаар болж, “Блю Старлит” ХХК болон ‘’А ” ХХК- ийн хооронд 2016 оны 09-р сарын 06-ны өдор 16/09 дугаартай “Худалдах, худаддан авах гэрээ “ байгуулж, БПК-ийн багш ажилчдын орон сууцны барилгын айл хооронлын ханын өрөгт шаардлагатай 15см-ын зузаантай гипсэн блокийг айлуудын ашигтай талбайг нэмэгдүүлэх, дуу чимээ тусгаарлалтыг сайжруулах, үнэ нь бусад материалуудаас хямд зэрэг давуу талуудыг тооцоолон сонгосон.

15 см-ын зузаантай гипсэн блок үйлдвэрлэхэд гипсийг БНХАУ-с импортлоход дунджаар 10 хоног ордог, үйлдвэрлэлийн технологийн онцлогоос хамаарч үйлдвэрлэх цаг хугацаа давчуу, үйлдвэрлэл зогсоход 1 cap хагасын хугацаа үлдсэн цаг үе байсан. Зулхүү захиралтай ярилцаад гэрээний хариуцлагыг өндөржүүлэхийн тулд гэрээнд дэнчингийн заалтыг тусган, гэрээнд 2 талын үүргүүдийг хариуцлагатайгаар хүлээж байгаагаа дэнчингээр баталгаажуулсан.

Бид гипсийг БНХАУ руу захиалсан боловч нэхэмжлэгч гэрээ байгуулснаас хойш 8 хоног өнгөрөөд байхад дэнчингийн мөнгөө өгөхгүй байхаар нь Зулхүү захиралд анхааруулахад сургууль мөнгөө өгөхгүй байнаа, би өнөөдөр 3,500,000 төгрөг Хаан банкнаас хийе, Хаан банкны данс байна уу гэхээр нь би манай компанид Хаан банкинд данс байхгүй, бас БНХАУ руу яаралтай гуйвуулгыг интернетээр Хаан банкнаас хийдэг тул хувийн дансаа өгч болох уу гэхэд Зулхүү захирал болно, дараа нь НӨАТ-р баталгаажуулъя гээд миний Хаан банкин дахь хувийн дансанд 2016.09.14-нд 3,500,000 төгрөг, 2016.09.26-нд 6,500,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөг шилжүүлсэн. 2016.09.6-ны өдер гэрээнд гарын үсэг зурагдаж дуусахад гэрээ ёсоор дэнчингийн 14,810,312.5 төгрөгийг манай дансанд шилжүүлэх байсан боловч “А” ХХК-с төлбөр төлөгдөхгүй байсан, блокны үйлдвэрлэлийн хугацаа богино, түүхий эд нийлүүлэлтийн хугацаа их зэргээс шалтгаалж цаг хугацаа хожихын үүднээс харилцан тохиролцсоны үндсэн дээр хувийн дансандаа мөнгө шилжүүлүүлсэн.

Би нэхэмжлэгчийн хэрэгцээний блокийг үйлдвэрлээд та нарын хүсэлтээр хадгалсаар байтал хариуцлагагүй байдал гаргасан, гэрээгээ дүгнэцгээе гэсэн. Тэгээд 2017.04.12-ны өдөр “А” ХХК-ийн захирал Зулхүү, БПК-ийн захирал асан Нарандалай нартай уулзаж би блокны төлбөрт төлсөн мөнгөнд нь блок өгнө, энэ хүмүүс блок авна гэж мөнгө төлсөн, би ч блокийг үйлдвэрлэж, эдний хүсэлтээр хадгалсан учраас гэсэн. Эсвэл бүр төлбөрийн зориулалтынх нь дагуу Нарандалай захиралд гипс өгье гэсэн. Үүнийг Баасанжав бичгээр баталгаажуулж надаар гарын үсэг зуруулсан. Энэ өдрөөс хойш надтай холбогдоогүй ба гэрээгээ дүгнэхийн оронд гэрээг гуйвуулан захиалагч гүйцэтгэгч компаниудаас шилжүүлсэн блокны төлбөрөө “А” ХХК, “Блю Старлит” ХХК-дын хооронд байгуулсан гэрээний төлбөр болохыг мэдсээр байж “Блю Старлит” ХХК-ийг хариуцагчаар татахын оронд намайг хувь хүний хувьд хариуцагч болгон шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч С.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ‘’Блю Старлит ” ХХК болон ‘’А ” ХХК-ийн хооронд 2016 оны 09-р сарын 06-ны өдөр 16/09 дугаартай худалдах, худапдан авах гэрээ байгуулж БПК-ийн багш ажилчдын орон сууцны барилгын айл хоорондын ханын өрөгт шаардлагатай 15 см-ын зузаантай гипсэн блокийг барилгад зориулж үйлдвэрлэхээр болсон.

Тус компани нь “А” ХХК-тай2016 оны 09 сарын 06-ны өдөр16/09тоот “Худалдах, худалданавахгэрээ”-г байгуулсан бөгөөд“А” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээр зогсохгүй гэрээний агуулгыг бүхэлд нь өөрчилж, “Блю Старлит” ХХК-ийн захирал С.О намайг илтэд хуурамчаар гүтгэн буруутгаж Иргэний хэрэг үүсгэн, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь бодит байдалд нийцэхгүйгээр барахгүй “Блю Старлит” ХХК-ийн хамт олныг хөдөлмөр, цаг хугацаа, санхүүгийн хувьд ихээхэн хохироосон тул дараахь шаардлагуудыг гаргаж байна.Үүнд:

1.  “Блю Старлит” ХХК, “А” ХХК-иудын хооронд 2016 оны 09 сарын 06-ны өдөр байгуулагдсан 16/09тоот “Худалдах, худалданавахгэрээ”-ний 3.1 болон 4.1-д заагдсан дэнчингийн төлбөрийн үлдэгдэл болох 4 810 312.5 /дөрвөн сая найман зуун арван мянга гурван зуун арван хоёр төгрөг тавин менгө/ төгрөг, алдангид 2 405 156.25 /хоёр сая дөрвөн зуун таван мянга нэг зуун тавин зургаан төгрөг хорин таван мөнгө/ төгрөг, нийт 7 215 468.75 /долоон сая хоёр зуун арван таван мянга дөрвөн зуун жаран найман төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг “А” ХХК-иас гаргуулах

2.  “А” ХХК-ийн захиалсан Юсм, 15см-ийн зузаантай гипсэн блокийг үйлдвэрлэхтэй холбогдсон түүхий эд материалууд болон хүйтний улиралд үйлдвэрлэлийн технологийн горимтой уялдсан нэмэгдэл зардлыг богино хугацаатай зээлээр зохион байгуулсан бөгөөд зээлийн хүү болох 35 600 000 /гучин таван сая зургаан зуун мянган/ төгрөг, алдангид 17 800 000 /арван долоон сая найман зуун/ төгрөг, эдгээрийн нийлбэр дүн болох 53 400 000 /тавин гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөс “А” ХХК-ийн 2016.09.14-нд төлсөн 3 500 000 / гурван сая таван зуун мянган/ төгрөг, 2016.09.26-нд төлсөн 6 500 000 /зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг тус тус хасаад нийт 43 400 000 /дөчин гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг “А” ХХК-иас гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

 Нэхэмжлэгч А ХХК-ийн төлөөлөгч Л.Баасанжав сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагчаар иргэн С.От холбогдуулж иргэний нэхэмжлэл гаргаад байхад хариуцагч С.О нь тэс өөр энэ хэрэгт огт хамааралгүй гэрээний маргаапыг үндэслэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа бол зөвхөн энэ хэрэгт хамаарал бүхий сөрог нэхэмжлэл гаргах ёстой юм. Хариуцагч С.О нь сөрөг нэхэмжлэллээ А ХХК болон Блю Старлит ХХК-ний хоорондын гэрээг үндэслэж бичсэн байх ба тэдгээр аж ахуйн нэгжийн хоорондын гэрээний маргаан уг хэрэгт огт хамааралгүй гэдгийг шүүх анхааран үзнэ үү. Шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хяиан шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа болно гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК, хариуцагч С.От холбогдуулан хариуцагч гипсэн блок нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч иргэний хувьд 10 сая төгрөг хүлээж аваагүй, А ХХК болон Блю Старлит ХХК-ийн хоорондын гэрээтэй холбоотой гэж нэхэмжлэлээс татгазжээ.

Хариуцагч, А ХХК болон Блю Старлит ХХК-ийн хооронд 2016.09.06-нйи өдөр байгуулсан гэрээний үүрэгт 50,615,468 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй тооцогдохгүй, хамааралгүй нь А ХХК болон Блю Старлит ХХК-ийн хоорондын гэрээг үндэслэсэн тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр 3,500,000 төгрөг, 26-ны өдөр 6,500,000 төгрөгийг тус тус хариуцагчид төлсөн баримтыг үндэслэн хариуцагчаас гипсэн блок худалдан авахаар амаар хэлэлцэн тохирч шилжүүлсэн, хариуцагч гипсэн блок нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр төлбөрийг буцаан шаарджээ. Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ үндэслэл бүхий байдлаар шүүхийн өмнө нотлоогүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар А ХХК, БлюСтарлит ХХК-ийн хооронд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 16/09 тоот Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, талууд барилгын дотор ханын зориулалттай гипсэн блок болон дагалдах дайвар бүтээгдэхүүн худалдах-худалдан авахаар, гэрээний хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл байхаар тохиролцжээ. Хариуцагчийн зүгээс тус 10,000,000 төгрөгийн шилжүүлгийг энэхүү гэрээний үүргийн хүрээнд нэхэмжлэгч, Блюстарлит ХХК-д шилжүүлсэн, би захирал нь дээрээс цаг давцуу байсан учраас би төлбөрийг хувийн дансаараа шилжүүлэн авсан гэж тайлбарлан нэхэмжлэлээс татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит байдалд нийцсэн гэж үзэхээр байна.

Хэрэгт /1-р хавтаст хэргийн 125/ “Гэрээ дүгнэсэн тэмдэглэл үйлдсэн акт” гэх нэртэй 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр үйлдсэн баримтаар Ц.Зулхүү, П.Нарандалай, С.О нар А ХХК, БлюСтарлит ХХК нарын хооронд хийгдсэн гипсэн блок худалдах-худалдан авах гэрээг дүгнэж, А ХХК-ийн захирал Ц.Зулхүү гипсэн блок худалдан авахаар шилжүүлсэн 10,000,000 төгрөгөө буцаан авах, БлюСтарлит ХХК-ийн захирал С.О 10,000,000 төгрөгийг гипсэн блокоор төлөхөөр санал гаргаж байсныг тэмдэглэжээ.

Нэхэмжлэгчийн 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэргийн үйл баримтыг бодитой тогтооход ач холбогдол бүхий өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн хариуцагчаас нэхэмжилж буй 10,000,000 төгрөгийн шаардлага нь нэхэмжлэгч А ХХК болон БлюСтарлит ХХК-ийн хооронд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан 16/09 тоот худалдах-худалдан авах гэрээтэй холбоогүй болохыг, БлюСтарлит ХХК-ийн захирал хариуцагч С.Отэй хувь хүний нь хувьд тохиролцон гипсэн блок авахаар тохиролцож байсан тухай нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч тал шүүхэд баримтаар нотлоогүй.

Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гипсэн блок авахаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь нотлогдохгүй, түүнчлэн нэхэмжлэгч, нэхэмжлэлийн үндэслэлээ А ХХК болон БлюСтарлит ХХК-ийн хооронд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан 16/09 тоот худалдах-худалдан авах гэрээнээс тусдаа бие даасан хэлцэл хийгдсэнийг шүүхэд нотлоогүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагчаас 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт 50,615,468 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд, хариуцагч, нэхэмжлэгч А ХХК болон Блю Старлит ХХК-ийн хооронд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан 16/09 тоот худалдах-худалдан авах гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлгүй буюу хариуцагчийн хувьд БлюСтарлит ХХК-ийн нэрийн өмнөөс иргэн С.О тус 16/09 тоот гэрээний үүргийг нэхэмжлэгч А ХХК-иас шаардах эрхгүй гэж үзнэ. Иймд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсон тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч С.Оээс 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгч А ХХК-иас 50,615,468 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.Оийн сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 174,960 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс буцаан гаргуулж хариуцагч С.От олгосугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЭНЭБИШ