Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 30

 

У.Б, Я.Т, өсвөр насны шүүгдэгч

Д.Х нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Золжаргал

Өсвөр насны шүүгдэгч Д.Х

Шүүгдэгч У.Б, Я.Т

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Гантулгын бичсэн 07 дугаар эсэргүүцлээр У.Б, Я.Т, өсвөр насны шүүгдэгч Д.Х нарт холбогдох эрүүгийн 1914007160442 дугаар хэргийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, У.Б, 1987 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

Монгол Улсын иргэн, Д.Х, 2003 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

Монгол Улсын иргэн, Я.Т, 1982 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

У.Б нь Д.Х, Я.Т нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5 дугаар багийн нутаг Улсын тусгай хамгаалалтай газар болох “Дэгээ”, “Ямаан толгой гэх газруудаас 2019 оны 09 дүгээр сарын 15-19-ний өдрүүдийн хооронд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэж улмаар байгаль экологид 257640 төгрөгийн хохирол учруулсан,

 Өсвөр насны шүүгдэгч Д.Х нь У.Бтай бүлэглэн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5 дугаар багийн нутаг Улсын тусгай хамгаалалтай газар болох “Дэгээ”, “ямаан толгой” гэх газруудаас 2019 оны 09 дүгээр сарын 15-19-ний өдрүүдийн хооронд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэж улмаар байгаль экологид 257640 төгрөгийн хохирол учруулсан,

Я.Т нь У.Бтай бүлэглэн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5 дугаар багийн нутаг Улсын тусгай хамгаалалтай газар болох “Ямаан толгой” гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдрүүдийн хооронд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод тээвэрлэж улмаар байгаль экологид 257640 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас У.Б, Я.Т, өсвөр насны шүүгдэгч Д.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч У.Б, өсвөр насны шүүгдэгч Д.Х нарыг бүлэглэн зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн, У.Б, Я.Т нарыг бүлэглэж зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 29.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч У.Б, Я.Т нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээх албадлагын арга хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Хт 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, үүрэг хүлээх албадлагын арга хэмжээ тус тус авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Хт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хариуцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-т зааснаар өвсөр насны шүүгдэгч Д.Хт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 8.6 дугаар зйүлийн 1-т зааснаар шүүгдэгч У.Б, Я.Т, өсвөр насны шүүгдэгч Д.Х нар нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 8.6 дугаар зүйлийн 2, 4-д зааснаар шүүгдэгч У.Б, Я.Т, өсвөр насны шүүгдэгч Д.Х нар нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгах албадлагын арга хэмжээ зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9-т зүйлд заасан журамаар ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9-т шүүгдэгч У.Б, Я.Т, өсвөр насны шүүгдэгч Д.Х нар нь оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч У.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 56-36 БНХ улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7-д зааснаар шүүгдэгч У.Б, Я.Т, өсвөр насны шүүгдэгч Д.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Ц.Пүрэвсүрэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 2.59 м куб модыг Баянхонгор аймгийн Их богд байгалын цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд шилжүүлж, худалдан борлуулж, улсын төсөвт оруулж, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.Б, Я.Т, өсвөр насны шүүгдэгч Д.Х нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Э.Гантулга 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаар эсэргүүцэлд: Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 30 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн авч танилцахад дээрх шийтгэх тогтоол нь үндэслэл муутай байна.

Учир нь прокурорын газраас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байхад шийтгэх тогтоолын 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б, Я.Т нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж гэж хэргийн зүйл ангийг буруу бичсэн, мөн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад өсвөр насны шүүгдэгч У.Бт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж гэж У.Бт 2 удаа ял шийтгэл оногдуулж, өсвөр насны шүүгдэгч Д.Хт ял шийтгэл оногдуулахгүй орхигдуулж шийдвэрлэж байгаа нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 30 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Я.Т, У.Б, Д.Х нар нь хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн. Прокурорын газраас шүүгдэгч нарын үйдлийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар зүйлчилж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо У.Б, Я.Т нарт прокуророос зүйлчилсэн зүйл ангиас өөр зүйл ангид зааснаар зүйлчилж тэнссэн. Мөн өсвөр насны шүүгдэгчид ял оногдуулахгүй орхигдуулсан байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Золжаргал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Алдаатай шийтгэх тогтоолд залруулга хийсэн шүүгчийн захирамж гарсан тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Баянхонгор аймгийн прокурорын газраас У.Б, Я.Т, өсвөр насны шүүгдэгч Д.Х нарыг зөвшөөрөлгүйгээр бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс У.Б, Я.Т нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулахдаа прокурорын яллах дүгнэлтэд дурдсан зүйлчлэлийн хүрээнд бус, шүүгдэгч У.Б, Я.Т нарт үйлдсэн гэмт хэргээс өөр зүйл ангиар ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн мөртлөө У.Быг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, мөн өсвөр насны шүүгдэгч Д.Хт ял оногдуулалгүй орхигдуулсан мөртлөө шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж тус тус шийдвэрлэсэн нь буруу бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэгээс илт зөрүүтэй болжээ.

Хэдийгээр анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/226 дугаар шүүгчийн захирамжаар шийтгэх тогтоолд залруулга хийсэн байгаа боловч прокурор эсэргүүцэл бичсэний дараа шүүгчийн захирамжийг гардуулсан талаар прокурор тайлбарладаг бөгөөд шүүгчийн захирамжийг гардуулсан баримт /хх-ийн 227 дугаар тал/-аар нотлогдож байна гэж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргах эрх хуулиар хориглогдсон, анхан шатны шүүхээс гаргасан дээрх алдааг шийтгэх тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт оруулан зөвтгөн шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болох бөгөөд шүүгч захирамжаар ял оногдуулж зассан нь үндэслэлгүй түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 1.8-д “...шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй..., ...шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол...” гэж тус тус заасан ноцтой зөрчилд хамаарах ба, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байгаа болно.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, У.Б, Я.Т, өсвөр насны шүүгдэгч Д.Х нарт холбогдох эрүүгийн 1914007160442 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч У.Б, Я.Т, өсвөр насны шүүгдэгч Д.Х нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.