Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 3382

 

 

 

 

 

            2020        10          01

                                 101/ШШ2020/03382

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гэрч Г.О, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Ц.Л миний бие Баянзүрх дүүргийн шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дугаар шийдвэрээр А банкинд 500 сая төгрөгийг төлөхөөр болсон байдаг.

 

Дээрх шүүхийн шийдвэр дагуу миний өмчлөлийн орон сууц, гаражийг битүүмжлэн хураан авч 2.195.690.681 төгрөгөөр үнэлсэн нь өнөөдрийн зах зээлийн ханшаас хэт доогуур, мөн энэ үнээр дуудлага худалдаагаар зарах гэж байгаад гомдолтой байна.

 

Нгазрын 2019 оны 11 дүгээр сарын дугаар мэдэгдлийг 11 дүгээр сард хүлээн аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.7-д заасны дагуу гомдол гаргасан боловч 2019 оны 11-р сарын 25-ны өдрийн 101/Ш32019/19209 дүгээр захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, мөн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

 

Миний энэ орон сууц нь байршлын хувьд хотын төвд цэвэр агаарт Хан-Уул дүүрэг, Зайсанд байрлах үнэ нь өдрөөс өдөрт өсөж байгаа тав тухтай тансаг зэрэглэлийн орон сууц юм. Иймээс С ХХКомпанийн орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2.195.690.681 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй олгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“орон сууц, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2,195,690,681 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна.

 

Ц.Л нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шүүгчийн захирамжаар А банкинд 500,000,000 төгрөгийн төлбөрийг барагдуулахаар тогтоосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж өмнө урьдсан хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг албадан худалдан борлуулахаар болсон.

 

Манай зүгээс 3,900,000,000 төгрөгийн үнийн саналыг өгсөн боловч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээч томилж 2,195,690,681 төгрөгийн үнийн тогтоолгосон. Гэвч тухайн орон сууц нь хотын төв, цэвэр агаарт Хан-Уул дүүргийн Зайсанд барладаг. Өдөр ирэх тусам үнэ нь өсөх тансаг зэрэглэлийн орон сууц, авто зогсоолыг манайхаас өгсөн үнийн саналаас доогуур үнэлж дуудлага худалдаанд оруулах гэж байсан учраас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан.

 

Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

“Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 101/Ш32019/03345 дугаар шүүгчийн захирамжаар Ц.Л-с 522.877.341 төгрөгийг гаргуулж “А банкинд” олгохоор шийдвэрлэсэн.

 

Дээрхи шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Ц.Л-ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, гражийн хамт үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад үүрэг гүйцэтгэгч Ц.Л нь “талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд үнэлсэн үнийн 70 хувиар албадан дуудлага худалдааны доод үнийг тогтооно” гэж зааснаар хөрөнгийн үнэлгээний “С хөрөнгийн үнэлгээний ” Компанийг томилж үнэлгээ хийлгэхэд үл хөдлөх хөрөнгийг,

 

үл хөдлөх хөрөнгө, гражийн хамт 2.195.690.681 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр төлөгч нарт 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дүгээр мэдэгдлээр мэдэгдсэн байна.

 

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад   

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Л-оос хариуцагч Н газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариуцагчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тоот захирамжаар “А банк” ХХК-ийн өргөдөлтэй Ц.Л-д холбогдох 522,877,341.48 төгрөг гаргуулах тухай маргааныг шийдвэрлэжээ /х.х-ийн 8, 9 хуудас/.

 

Тодруулбал, тус шүүхийн тоот захирамжаар өргөдөл гаргагч “А банк” ХХК-ийн нэхэмжилсэн 522,877,341.48 төгрөг гаргуулах тухай шаардлагыг уригдагч Ц.Л хүлээн зөвшөөрч, улмаар зохигчид эвлэрсэн ба үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар болжээ.

 

Гэвч хариуцагч буюу төлбөр төлөгч тал уг захирамжийг сайн дураар биелүүлээгүй учраас тус шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн тоот захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай тоот гүйцэтгэх хуудсыг олгожээ /х.х-ийн 6, 7 хуудас/

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өгсөн баримтаар тус байгууллага нь төлбөр төлөгчөөс 522,877,341.48 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн дээрх шийдвэрийг албадан биелүүлэхээр 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 19261572 тоот тогтоол гаргаж, энэ талаар төлбөр төлөгчид мэдэгджээ /х.х-ийн 6, 43, 47, 49 хуудас/.

 

Улмаар хариуцагч Н газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг авч, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөх, тэдгээртэй уулзах, хөрөнгийн тухай лавлагааг бусад этгээдээс авах болон эд хөрөнгийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн эсэх талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 44-46, 48, 50-53 хуудас/.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гээд 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө” гэж заажээ.

 

Тайлбарлавал, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг уг худалдааг явуулахаас өмнө төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй тохиолдолд хариуцагч Н газраас хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн ийнхүү хөрөнгийн үнэлгээг тогтоох үндэслэл бий болдог.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Н газраас төлбөр төлөгч Ц.Л-оос маргааны зүйл болсон түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 3,900,000,000.00 төгрөг гэснийг төлбөр авагч “А банк” ХХК-ийн зүгээс үл хүлээн зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргажээ /х.х-ийн 53, 54 хуудас/.

 

Ингээд хариуцагч Н газрын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 341 тоот тогтоолоор дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоохоор “С” ХХК-ийг томилсон ба тус компанийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсанаар дээрх үл хөдлөх хөрөнгийг 2,195,690,681.00 төгрөг гэж үнэлжээ /х.х-ийн 56, 59-82 хуудас/.

 

Энэ дүгнэлтэд тусгагдсанаар барьцаа хөрөнгийн үнийг зах зээлийн харьцуулалтын аргад тулгуурлаж, өнөөгийн зах зээлийн ханшийг тогтоохдоо ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнийг судалсан байх тул нэхэмжлэгчийн орон сууцыг бодит байдалтай бүрэн танилцаж, зөв үнэлгээгүй гэх тайлбар үндэслэлгүй ба тус компанийн шинжээч буюу гэрч Г.О нь уг үнэлгээг ямар эх сурвалжид үндэслэсэн, үнэлгээний ямар аргыг хэрэглэсэн, ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн ханш хэд байгаа зэргийг тус тус судалж, дүгнэсэн тухайгаа тодорхой тайлбарласан.  

 

Хөрөнгийн үнэлгээний тухай 3 дугаар зүйлийн 3.1.1-д ”үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлнэ” гэж, мөн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “хараат бус байх” гэж, түүнчлэн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна” гэж тус тус заасан бол Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна” гэж тус тус заажээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар “С” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Г.О нь тусгай зөвшөөрөлтэй, түүнд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байгаагаас гадна тус компани хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа явуулдаг ажээ /х.х-ийн 57, 83, 84 хуудас/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.Л нь “С” ХХК-ийн үнэлгээг үл хүлээн зөвшөөрч, уг орон сууцны зах зээлийн ханшийг 2,195,690,681.00 төгрөгөөс илүү гэж маргаж буй тохиолдолд ийнхүү маргаан үүсгэсэн үеэс эхлэн татгалзлаа баримтаар нотлох ёстой бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй, энэ талаар холбогдох баримтыг шүүхэд өгөөгүй болно.

 

Харин хариуцагч Н газар нь хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн үнэлгээг үндэслэн төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1-д зааснаар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тооцсон нь хуульд нийцсэн байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ”үйлчлүүлэгч гэж хөрөнгийн үнэлгээ хийлгэж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийг хэлнэ” гэж, мөн 5 дугаар зүйлийн 5.1-д Хөрөнгийн үнэлгээг дараахь үндэслэлээр хийнэ” гээд 5.1.1-д “үнэлгээчин болон үйлчлүүлэгч харилцан тохиролцсон”, 5.1.2-д “хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, хөрөнгийн үнэлгээг зөвхөн үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн шүүхийн захирамж болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоолоор хийх ёстой гэж ойлгохгүй ба иргэн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хөрөнгийн үнэлгээчинд хүсэлт гаргаж, харилцан тохиролцон дүгнэлт гаргуулах боломжтой юм.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ц.Л-ийн гаргасан хариуцагч Н газарт холбогдох орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тоот захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг үүгээр дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР