Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00828

 

 

 2022          09           15                                          001/ХТ2022/00828

 

... ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01546 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1736 дугаар магадлалтай,                                                                                                                       

... ын нэхэмжлэлтэй,

... ад холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 15,736,391 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ...  нь хариуцагч ... ад  холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 15,736,391 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01546 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ... аас 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан оффисын байрыг түрээслэх, түрээслүүлэх гэрээний үүрэг, ашиглалтын зардал, алданги, олох ёстой байсан орлого зэрэгт нийт 15,736,391 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ... ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1736 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01546 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ... аас 6,868,391 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ад олгож, үлдэх 8,868,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,640 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ... аас улсын тэмдэгтийн хураамжид 124,844 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... ад олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.10-ны өдрийн 1736 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хяналтын гомдлыг гаргаж байна. 1736 дугаар магадлалаар "...Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь улмаар хүчин төгөлдөр бус талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Хүчин төгөлдөр бус гэрээ нь түрээсийн төлбөр, алданги, хохирол шаардах эрхийг нэхэмжлэгчид бий болгохгүй...” гэж зөв үнэлж дүгнэсэн. Харин хариуцагч ...  нь 2017.09.01-нээс 2018.02.28-ны хүртэл түрээсийн зүйлийг эзэмшиж, ашигласан нь “Гранд оффис” СӨХ-ны албан бичгээр нотлогдсон гэж үзэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагчаас 6,868,391 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэж үзэж байна.

1. Давж заалдах шатны шүүх гагцхүү нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн “Гранд оффис” СӨХ-ны тодорхойлолтыг үндэслэж, хариуцагчийг 2017.09.01-ний өдрөөс 2018.02.28-ны өдөр хүртэл 63 тоот оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашигласан гэж үзсэн. Хариуцагч тал нь гэрээний зүйл болох байрыг 2017 оны 11 сарыг хүртэл түрээслэсэн. Энэ талаар хариуцагч ...  шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...9, 10-р сарын түрээсийн төлбөр, СӨХ ашиглалтын төлбөрийг хийсэн, 11-р сард манай компани мөнгө байхгүй тул 11 сарын 05-наас түрээслүүлэгч ...  түрээсийн байрыг гаднаас нь цоожлох эсхүл цахилгааныг нь тасдах зэрэг үйл ажиллагаа хийсэн. Ингээд түрээслүүлэгч талтай учир байдлаа ойлгуулах гэж удаа дараа ярьсан боловч энэ байдлаа зогсоогоогүй. Бид компьютер техникээ авч гэрийн нөхцлөөр ажлаа явуулсан. Манай компани “Хорхон буян” компанийн бичгийн ажлыг 11, 12 сард гэрийн нөхцлөөр хийж дуусгасан...” гэсэн тайлбарыг өгсөн. Дээрх тайлбараа нотлох зорилгоор шүүхэд хүсэлт гаргаж улмаар “Адтай ноён” ХХК-ийн 2017 оны 11, 12, 2018 оны 01, 02 саруудын төлбөрийн нэхэмжлэхийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг “Адтай ноён" ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэхийн 6 дахь хүснэгтэд тогны заалт 2017 оны 11-р сараас 2018 оны 02-р сарыг дуустал бүгд нэг ижил 128.5 кв гэж гарсан, мөн тогны хэрэглээ гэх хүснэгтэд 2017 оны 11-р сараас 2018 оны 02-р сарыг хүртэл бүгд нэг ижил 0 гэж гарсан. Эдгээр баримтаар хариуцагчийн тайлбарт дурдсан түрээслүүлэгч ...  нь тог тасалсан, дээрх саруудад тог хэрэглээгүй, уг 63 тоот оффисыг ашиглаагүй гэдэг нь нотлогдож байхад давж заалдах шатны шүүх хариуцагч шүүхэд гаргасан тайлбараа баримтаар нотлоогүй гэж үзэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан гэрээ бус үүргийг хэрэглэж хариуцагчаас 6,868,391 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг хариуцагчийн зүгээс 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасныг зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд “Адтай ноён” ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж дүгнээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 2017 оны 11, 12, 2018 оны 01, 02-р саруудад орон сууцыг ашиглаагүй учир ...  үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй.

2. Нэхэмжлэгч тал өөрийн шаардлагатай холбогдуулан “Гранд оффис" СӨХ-ны тодорхойлолтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. “Гранд оффис" СӨХ-ны тодорхойлолтод “...63 тоотыг түрээслэгч 2017 оны 09-р сараас 2013 оны 02-р сарыг дуустал байсан, 2018 оны 02-р сарын 28-нд СӨХ-той хагас төлбөрийн тооцоо хийгээд нүүж гаргасан нь үнэн болно..." гэж тодорхой нөхцөл байдлыг гэрчилж тодорхойлолтыг хийж өгсөн. Дээрх тодорхойлолттой холбогдуулан “Гранд оффис” СӨХ нь энэ тодорхойлолтын үнэн зөв гэдгийг нотлож СӨХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргаагүй, гүйцэтгэх захирал ... гэж бичээд ...  гэж гарын үсэг зурсан байдлаас уг тодорхойлолт хүчин төгөлдөр байдал үгүйсгэгдэж байхад уг баримтыг үндэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр, тодорхой нөхцөл байдлыг гэрчилж тодорхойлолт гаргаж өгсөн гэрч “Гранд оффис" СӨХ-ны захирлаар өөрөөр нь тодорхойлолт гаргаж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т заасан нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын дээд шүүхийн 2020.07.24-ний өдрийн 263 дугаар тогтоолын 11-т нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэдэгт “....гэрчээр өөрөөр нь тодорхойлолт бичүүлж авсан ...” зэргийг хамааруулан ойлгоно гэж тайлбарласан.

Иймд хуульд заасан журмыг зөрчиж авсан нотлох баримтыг үнэлж, хариуцагчийг 2017 оны 11, 12-р сар, 2018 оны 01, 02-р саруудад үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

3. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх няцаахтай холбогдуулж дээрх нөхцөл байдлыг тодруулахаар “Гранд оффис" СӨХ- ны захирал ... г шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг 2020.04.01-нд гаргасан. Уг хүсэлттэй холбогдуулан Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн 2020.04.08-ны өдрийн 04898 дугаар захирамжаар “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар хэн ч гэрч байж болох боловч гэрчээр юу гэрчлүүлэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг хариуцагчаас шаардаагүй тул СӨХ-ны захирал ... г гэрчээр оролцуулах хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж байна... гэж шийдвэрлэсэн. Үүний улмаас “Гранд оффис” СӨХ-ны тодорхойлолтыг нотлох баримтаар шүүх шинжлэн судлаагүй, энэ баримтын талаар анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй. Мөн “Гранд оффис” СӨХ-ны Дипозет дансны хуулга хэрэгт хавсаргагдсан байх бөгөөд дээрх дансны хуулгад СӨХ-ны төлбөрийг ...  өөрийн Худалдаа хөгжлийн банкны данснаас “Гранд оффис” СӨХ гэсэн утгаар, “Түвшинбат 6-р давхар 63 тоот" гэсэн утгаар төлсөн байдаг. “Гранд оффис” СӨХ-ны данс утгаас Түвшинбат нь дээрх саруудад өөрөө СӨХ-ны төлбөрөө төлж байсан нь “Гранд оффис” СӨХ-ноос шүүхэд “...63 тоотыг түрээслэгч 2017 оны 09-р сараас 2018 оны 02-р сарыг дуустал байсан, 2018.02.28-нд СӨХ-той хагас төлбөрийн тооцоо хийгээд нүүж гаргасан нь үнэн болно...” гэсэн тодорхойлолттой зөрчилдөж, аль нь үнэн эсэх нь нотлогдохгүй байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.10-ны өдрийн 1736 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т зааснаар хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч ...  нь хариуцагч ... ад холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 15,736,391 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, бид 2018 оны 1 сарын эхний 7 хоногт нүүсэн бөгөөд нүүхдээ СӨХ, дулаан, харуул, цэвэрлэгээний төлбөрийг бүрэн төлсөн. 11, 12-р сард түрээсийн байрны тог цахилгааныг тасалж, хаалгыг түгжиж ашиглах боломж олгоогүй учир төлбөрийг төлөхгүй гэж маргасан байна.

6. Анхан шатны шүүх хариуцагч ... аас 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан оффисын байрыг түрээслэх, түрээслүүлэх гэрээний үүрэг, ашиглалтын зардал, алданги, олох ёстой байсан орлого зэрэгт нийт 15,736,391 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ... ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

7. Давж заалдах шатны шүүх хариуцагч ... аас 6,868,391 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ад олгож, үлдэх 8,868,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ. 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9. Хэргийн баримтаас үзв   эл, талууд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Оффисын байрыг түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулж, ...  нь Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъян гүний гудамж-12, Гранд оффисын 63 тоот хаягт байрлах 73.9 м.кв талбайг оффисын зориулалтаар түрээслүүлэх, ...  нь хэлэлцэн тохиролцсон түрээсийн төлбөрийг ашиглалтын зардлын хамт төлөхөөр харилцан тохиролцжээ.

10. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

11. Гэвч хүчин төгөлдөр бус гэрээний улмаас хариуцагч бусдын үл хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглаж, өөрийн гаргасан ашиглалтын зардлыг бусдаар төлүүлж үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй тул хариуцагч ... аас оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан хугацааны төлбөрийг холбогдох ашиглалтын зардлын хамт гаргуулж нэхэмжлэгчид олгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

            12. Нэхэмжлэгч ...  нь хариуцагч ... ыг оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигласан гэх тайлбараа нотолж “Гранд оффис” СӨХ-ны албан бичиг, төлбөрийн нэхэмжлэх, дансны хуулга зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч ...  нь 2018 оны 01 сарын эхний 7 хоногт нүүсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд “Адтай ноён” ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх нь хариуцагчийг 11, 12 сард уг байранд байгаагүй, гэрийн нөхцөлд ажилласан болохыг нотлох баримт болж чадахгүй тул Давж заалдах шатны шүүх хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж түүнээс 6,868,391 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах боломжгүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

13. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1736 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 126,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                       

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.БАНЗРАГЧ

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Н.БАЯРМАА

                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Д.ЦОЛМОН