Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2016/0736

 

Шинжлэх ухаан технологийн Их сургуулийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Санчигдорж, Ш.Эрдэнэцэцэг, Б.Билгүүн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 789 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, ШУТИС-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 789 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 55.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол улсын Сангийн яамны 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 тоот албан бичгийн ШУТИС-д холбогдох хэсэгт, Монгол улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 тоот албан бичгийн 7 дугаар багц буюу ШУТИС-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, ШУТИС-тай байгуулсан “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний 2016-2/7 дугаар бүхий гэрээ”-ний үүргээ биелүүлж ажиллахыг Монгол улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд даалгаж шийдвэрлэжээ.

                 Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн давж заалдах гомдолдоо: “Захиалагч байгууллага болох Уул уурхайн яамнаас "1:50000-ны машстабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил" 10 төсөл, "Монгол орны К хавтгайн хэмжээнд хийгдсэн улсын геологийн 1:200000-ны машстабын иж бүрдэл зургуудыг нэгтгэх ажил"-ын төсөл, "Агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны ажил"-ын төсөл хэрэгжүүлэх зөвлөхийг сонгон шалгаруулах тендер зарлан зохион байгуулсан байдаг. Уг тендерт оролцсон Теосан" ХХК, Теологийн судалгааны төв" ТӨҮГ, Теомин" ХХК, "Найманбат" ХХК, Тео-Эрин" ХХК, "Жинст-Уул" ХХК, "Литолог" ХХК-аас 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хуулийн 55.1 дэх хэсэгт заалтын дагуу гомдол гаргасныг Сангийн яамны зүгээс 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 5/4565 тоот гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түр түдгэлзүүлсэн тухай албан бичгээр Уул уурхайн яаманд холбогдох баримт бичиг, материалыг ирүүлэхийг шаардсан ба үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Энхжаргал гэх хүнд 2016.07.06-ны өдөр утсаар ярьж мэдэгдсэн байдаг. Энэ талаар хуульд заасан эрхийн хүрээнд шүүх байгууллага гэрчийн мэдүүлэг авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд харгалзан үзэх хүсэлттэй байна.

             Захиргааны маргаан бүхий акт болох 2016.07.22-ны өдрийн 5/4708 тоот албан бичиг захиалагч байгууллагад хүргүүлснээс хойш дээрх тендерт шалгаруулалтад шалгарсан оролцогч нартай гэрээ байгуулсан тухай Сангийн яаманд мэдэгдсэн байдгийг шүүх харгалзаж үзээгүй байдаг. Улмаар тендерийн баримт бичиг, материалыг ирүүлээгүйгээс үүсэх үр дагавар нь Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлж ажиллах нөхцөл бололцоо үүсэхгүй байгааг анхан шатны шүүх харгалзан үзээгүйд гомдолтой байна. Учир нь дээрх баримт бичиг, материалд тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг Сангийн яам шууд утгаараа ямар этгээд болохыг мэдэх боломжгүй байсан. Дээрх тендер шалгаруулалтын баримт бичиг, материал ирүүлээгүй нь хууль зөрчсөн байж болзошгүй, эргэлзээтэй байдал үүсгэж байна.

Анхан шатны шүүхээс Сангийн яамыг хууль зөрчсөн, буруутай мэт шийдвэрлэсэн нь хэт нэг талын ашиг сонирхлыг баримталсан байдаг. Захиалагч байгууллага тендерийн баримт бичиг, материалыг ирүүлээгүй үйлдэл   нь   буруутай,   үнэлгээний   хорооны   үйл   ажиллагаа   илтэд хариуцлагагүй буруутай үйлдэл, эс үйлдэхүйг Сангийн яам хариуцах үндэслэлгүй гэж үзэн гомдол гаргаж байна.

Иймд захиалагч байгууллага болон үнэлгээний хорооны бүрэлдэхүүн, тэдгээрийн үйл ажиллагаа, тендер шалгаруулалтын үнэлгээ, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, дээрх тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцсэн эсэхийг тогтоолгож улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 789 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү”  гэжээ

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зарлагдсан “2016 онд шинээр хэрэгжүүлэх геологи хайгуул, судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах “1:150000”-ны масштабтай геологи зураглал, ерөнхий эрлийн ажлын зөвлөхийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн шалгаруулалтын багц-7-д “Шинжлэх ухааны технологийн их сургууль” “хамгийн сайн” үнэлэгдэж зөвлөхөөр шалгарсан байна.

Харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх заалтыг үндэслэн “гүйцэтгэгчийг сонгох үйл ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж, тендерт оролцсон аж ахуйн нэгжээс 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гаргасан тул гомдлыг хянан үзэхэд шаардлагатай материалыг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дотор ирүүлэх” гэсэн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5/4665 дугаар албан бичгийг Сангийн яамнаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн бөгөөд уг албан бичиг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 12 минутад хүргэгдсэн байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн албан бичгээр гэрээ байгуулахыг “ШУТИС”-т мэдэгдэж, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2.Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасны дагуу “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ”-ний 2016-2/7 дугаар гэрээг захиалагч болон Шинжлэх ухааны технологийн их сургуулийн хооронд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээ болон хариуцагч, нэхэмжлэгч нарын тайлбараар нотлогджээ.

 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана”, 55.3.1-д “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх”, 55.3.2-д “тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах”, 55.3.3-д “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” гэж заажээ.

Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тендерийн баримт бичгийн холбогдох заалтыг захиалагч зөрчсөн эсэхийг шалгаж тогтоогоогүй атлаа Сангийн яам 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар албан бичгээр, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дүгээр албан бичгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зарлагдсан “2016 онд шинээр хэрэгжүүлэх геологи хайгуул, судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон байгаа нь хууль бус юм.

 Анхан шатны шүүх, нэхэмжлэгч “ШУТИС”-ийн “Сангийн яамны 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дүгээр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгийн “ШУТИС”-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, мөн “ШУТИС”-тай байгуулсан “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний 2016-2/7 дугаар гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд даалгах” тухай, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд холбогдох нэхэмжлэлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 55.3-д заасныг баримтлан бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Мөн “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ”-ний 2016-2/7 дугаар гэрээг захиалагч болон Шинжлэх ухааны технологийн их сургуулийн хооронд байгуулснаас хойш хариуцагч Сангийн яам 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар албан бичгээр, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дүгээр албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зарлагдсан “2016 онд шинээр хэрэгжүүлэх геологи хайгуул, судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерийг бүхэлд нь хүчингүй болгож байгаа нь хуульд нийцээгүй гэж үзлээ.

Дээрх дүгнэлтээр Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар албан бичиг, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дүгээр албан бичгүүдээр, Уул, уурхайн яамны “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичиг нь хууль бус болох нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “захиалагч байгууллага тендерийн баримт бичиг, материалыг ирүүлээгүй буруутай үйлдэл нь өнөөгийн нөхцөл байдлыг бий болгосон...” гэж үзсэн тайлбар, давж заалдах гомдол нь үндэслэлгүй байх тул анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 789 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                           ШҮҮГЧ                                                             О.НОМУУЛИН

                           ШҮҮГЧ                                                             Н.ХОНИНХҮҮ

                           ШҮҮГЧ                                                            Э.ХАЛИУНБАЯР