Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 388

 

С.Ж-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч С.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наранцэцэг, Ц.Оюунбилэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0355 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2017/0511 дүгээр магадлалтай, С.Ж-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0355 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ж-ын Бүтэц орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөний 6 сарын тэтгэмжийг үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож олгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2017/0511 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 355 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж нэхэмжлэгч талаас үзэж байгаа бөгөөд тодруулбал магадлалын хянавал хэсэгт 1-рт Төрийн албанаас түр чөлөөлөгдсөнөөр тухайн эрхэлж байсан албан тушаал нь хадгалагдан үлдэхгүй, бөгөөд ажил олгогч ажлын байрыг хадгалах үүрэг хүлээхгүй гэж үзсэн нь Төрийн албаны тухай тухай хуулийн 23 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн тус хуулийн 17, 27 дугаар зүйлийн зориулалт агуулгад харшилсан хууль зүйн үндэслэлгүй оновчгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. 2-рт нэхэмжлэгч нь төрийн албанаас түр чөлөөлөгдсөний дараа орон тоо бүтцийн өөрчлөлтийн улмаас түүний урьд эрхэлж байсан орон тоо хасагдаж үгүй болсон байх тул түүнийг бүтэц орон тооны өөрчлөлтийн улмаас ажилгүй болсонд тооцохгүй гэж дүгнэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй мөн Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэглээгүй бодит байдал болон хуулийн зорилго агуулгад нийцээгүй өнгөц дүгнэлт болжээ гэж үзэж байна.

Дээрх хоёр үндэслэлийг дэлгэрүүлэн авч үзвэл нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага нөхцлийг биелүүлэн сонгон шалгаруулалтад оролцож төрийн жинхэнэ албан хаагч болсон. Төрийн алба мэргэшсэн тогтвортой байх ёстой энэ ч үүднээс мэргэжлээ дээшлүүлэхээр суралцах шаардлагаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн. Гэхдээ түүнийг чөлөөлөгдсөний дараа У.Урансайхан гэгчийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг.

Нэхэмжлэгч миний бие 1 жилийн хугацаагаар суралцах тухай хүсэлт гаргаснаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 644 дугаар тушаалаар түр чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд миний ажлын байранд У.Урансайханыг “түр орлон гүйцэтгэгч”-ээр томилсон байсан нь  Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 дүгээр тушаалын хавсралтаар нотлогдоно.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбарт “... орон тоо хасагдсан учир У.Урансайханд өөр ажлын байр санал болгож ажиллуулж” байгаа гэсэн нь Төрийн албаны тухай хуульд заасан баталгааг нэхэмжлэгч миний ажлын байранд ажиллаж байсан “түр орлон гүйцэтгэгч”-д эдлүүлсэн байна.

Хариуцагч нь С.Ж миний суралцах хүсэлтийг хүлээн авч түр хугацаагаар чөлөөлсний дараа миний ажлын байранд өөр хүнийг түр хугацаагаар орлуулан гүйцэтгэж байх хугацаанд буюу 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр бүтцийн өөрчлөлт хийж орон тоог хасахад миний ажлын байрыг хадгалж байгаагаа Б/89 тушаалаар нотлосон. Энэхүү нотлох баримтыг шүүх буруу үнэлж дүгнэж нэхэмжлэгч намайг дахин хохироож байна гэж үзэж байна. Тухайн ажлын байранд хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу шалгалт өгч төрийн жинхэнэ албан хаагч болсон миний эрхийг орон тоо хасагдаж ажлын байр үгүй болсон нь шууд хөндөж байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Сайхан сум дахь улсын бүртгэгчийн ажлын байрны төрийн жинхэнэ албан хаагч Төрийн албаны тухай хуульд заасан баталгааг эдлэх эрхтэй. Гэтэл миний ажлын байранд түр орлон гүйцэтгэж байсан У.Урансайхан төрийн албан хаагчийн баталгааг эдэлж байгаа гэж үзэхээр байна.

Уг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай тушаалд нэхэмжлэгчийг ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд буюу өөрөөр хэлбэл нөөцөөс нөхөлт хийх хүртэл хугацаанд ажиллуулна гэсэн агуулгаа маш тодорхой дурьдсан байдаг юм. Эндээс харвал ажил олгогч буюу захиргаа түүний ажлын байрыг хадгалж байсан мөн нэхэмжлэгчийн миний ажлын байр бол төрийн жинхэнэ албан хаагчийн орон тоо хэвээр хадгалагдан үлдсэн талаарх нотлох баримтыг хоёр шатны шүүх хэрэгт хамааралтай талаас нь  ул суурьтай авч үзэж үнэлээгүйн улмаас Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн зорилгод харш байдлаар тухайн зүйлийг тайлбарлан хэрэглэхэд хүрчээ. Тодруулбал шүүх “төрийн албанаас түр чөлөөлөгдсөний эрх зүйн үр дагавар нь тухайн эрхэлж байсан албан тушаалаасаа бус харин төрийн албанаас чөлөөлөгдөх агуулгатай бөгөөд энэ нь ажлын байрыг хадгалж үлдээх тухай зохицуулалт биш харин нөөцөд бүртгэлтэй үлдэх зохицуулалт юм”  гэж дүгнэсэн. Яагаад тухайн төрийн албан хаагчийг нөөцөд бүртгэж авч үлдэж байгаа талаар энгийнээр бодоод үзэх юм бол маш энгийн түр орлон гүйцэтгэгч нь чөлөөтэй байх хугацаанд төрийн албыг тасралтгүй хэвийн явуулах чиг үүрэгтэй. Түр чөлөөлөгдсөн албан хаагч эргэж ажилдаа орох нөхцөл бүрдэхэд түр орлон гүйцэтгэгчийг тушаалд заасны дагуу чөлөөлснөөр сул орон тоо гарч уг орон тоог эргүүлэн нөхөхдөө төрийн алба мэргэшсэн тогтвортой байх зарчмынхаа хүрээнд өмнө нь ажиллаж байсан албан хаагчаар тухайн орон тоог нөхөх зориулалттай хэм хэмжээ юм. Ганцхан хуулийн 23 дугаар зүйл биш харин 17, 27 гэх мэт бусад зүйл заалтуудын хоорондын холбоо хамаарал харилцан уялдааг харгалзан үзэж хуулийг тайлбарлан хэрэглэх хэрэгтэй. Хэсэг хэсгээр нь салгаад үндэслэлгүй бодит байдалд ч нийцэхгүй Төрийн албаны тухай хуулийн суурь нийтлэг зохицуулалтад ч харш байдлаар тайлбарлаж хэрэглэх нь зохисгүй буюу өөрөөр хэлбэл хуулийн салангид  заалт нь амьдралд тохиолдох олон төрлийн харилцааг бүхэлд нь зохицуулах боломжгүй бөгөөд гагцхүү бусад заалттай нэгдэн уялдаж байж илүү өргөн хүрээнд үйлчлэх боломжтой. Иймд хуулийг хэрэглэхдээ бүхэлд нь зорилго агуулгаар нь  хэм хэмжээг холбон тайлбарлаж хэрэг маргааныг шийдвэрлэснээр захиргааны байгууллагын  хууль бус үйлдлийн улмаас гэм буруугүй албан хаагчид өөрөөс үл хамаарах шалтгаанаар хохирох тохиолдлыг бууруулахад ач холбогдолтой юм. Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журмын 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасан эзгүй байгаа албан хаагчийн, мөн хуулийн 17.1-д заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ.” гэснээс үзвэл нөхөх хүртэлх хугацаа гэдэг нь энэ тохиолдолд нэхэмжлэгч намайг ажилдаа эргэн орох хугацаа гэж үзэх ба үүний үндэслэл нь захиргааны үйлдлээр буюу түр орлон гүйцэтгэгч томилсон тушаалд маш тодорхой “Ж-ыг чөлөөтэй байх хугацаанд” гэж заасан. 

Төрийн албаны тухай хуулийн 27.2.4, 23.4-д дахь заалтуудыг хэрэглэхгүйгээр дүгнэлт хийсэн нь нэхэмжлэгчийг эдлэх ёстой баталгаагаа эдлэх боломжгүй мөн ажлаасаа чөлөөлөгдсөн, байгууллага нь өөрчлөн байгуулагдаж бүтэц зохион байгуулалт нь өөрчлөгдсөн талаар ямар ч мэдээлэл аваагүй, чөлөөлсөн тушаал шийдвэрээ ч гардан авалгүйгээр олон сар ажилдаа эргэн орно гэж найдаж хүлээж цаг хугацаа болон эдийн засгийн хувьд хохирол амссаар ирсэн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэхэд хүргэж байна.

Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр хасагдсан орон тооны жагсаалтад нэхэмжлэгчийн ажлын байр бүр нэхэмжлэгчийн нэр устай хамт багтсан байдаг. Түүнийг түр орлож байсан У.Урансайханд ажил олгогч өөр ажил албан тушаал санал болгосон гэх зэрэг ажил олгогчийн үйлдлүүдээс нэхэмжлэгчийн ажлын байрыг хадгалсан, түр орлон гүйцэтгэгчийг хөдөлмөрийн тухай хуулийн дагуу бүтцийн өөрчлөлтийн дараа ижил төрлийн өөр албан тушаалд шилжүүлсэн болох нь баримтаар хангалттай тодорхой нотлогдож байгаа болно. Хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд хоорондоо эрс зөрүүтэй буюу тайлбар үндэслэлгүй байхад шүүх нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүйгээр дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 17.1.”Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.” гэж заасан хэрэгт авагдсан баримтууд болон, нэхэмжлэлд  сул орон тоо хэд хэдэн удаа гарсан боловч гаднаас шинэ хүн авч ажиллуулах байдлаар захиргаа нь нэхэмжлэгчийг хохироогоод зогсохгүй хууль бусаар хөдөлмөрлөх эрхийг нь хөндсөөр өнөөдрийг хүрсэн талаар дурьдсан байна. Ажлаас чөлөөлсөн халсан талаарх мэдэгдлээ өгөлгүй хугацаа алдуулж олон сар хохироосон дээр нэмээд сонгон шалгаруулалт болон шалгалт өгч шаардлага болзол хангасаар байтал сул орон тоонд нөхөлтийг хуулийн дагуу хийхгүй байгаа нь төрийн албыг тогтвортой байхад сөргөөр нөлөөлж байна. Нэхэмжлэгч  миний бие өөрөөс үл хамаарах шалтгаанаас ажил хөдөлмөр эрхлэх нөхцөл боломжоор хязгаарлагдсаар  өнөөдрийг хүртэл хохирч байгаа ба түүний эрхэлж байсан албан тушаал нь бүтцийн өөрчлөлтийн улмаас хасагдаж алга болоогүй бол өнөөдөр ажил олгогчийн хадгалж байсан ажлын байранд ажиллах боломжтой байсан. Гэвч нэгэнт ажлын байр нь хасагдаж үгүй болсон тул төрийн албан хаагчийн хувьд хуульд заасан баталгааныхаа дагуу 6 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжээ авахаар шүүхэд хандсан энэ нөхцөл байдалд хууль зүйн үүднээс нь үндэслэл бүхий дүгнэлт хийж магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан С.Ж-аас 1 жилийн хугацаатай суралцахаар гаргасан хүсэлтийг нь үндэслэн түүнийг төрийн албанаас түр чөлөөлсөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1644 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. 

Нэхэмжлэгч нь энэ тушаалын тухайд буюу суралцах болсноор өөрийн хүсэлтээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн талаар маргаагүй, харин “...түр чөлөөлөгдсөн, миний ажлын байранд түр орлон гүйцэтгэгч томилсон,...бүтцийн өөрчлөлт хийгдэж 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 дүгээр тушаалаар намайг ажлаас чөлөөлсөнөөр миний ажлын байр хадгалагдан үлдсэн  гэж үзнэ...” хэмээн тайлбарлаж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн 6 сарын тэтгэмж авах ёстой гэж маргажээ. 

Гурван сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон нь төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар төрийн албанаас түр чөлөөлөх үндэслэл болох, ийнхүү түр чөлөөлөгдсөнөөр түүнийг “төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдох”-ыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5 дахь хэсгүүдэд тодорхой заажээ.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 2.2.1-д “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу ...захиргааны санаачилгаар түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц”, 4.2-т “...төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй” гэж зааснаас үзвэл С.Ж нь одоог хүртэл нөөцийн бүртгэлд хэвээр байгаад тооцогдоно.

Мөн энэ журмын 6.2-ын 6.2.2, 6.2.3-т зааснаар Төрийн албаны зөвлөл, аймаг нийслэл дэх салбар зөвлөл нь холбогдох байгууллагын захиалгын дагуу нөөцийн бүртгэлээс шаардлага хангасан иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэрийг нь дэвшүүлэх журмаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх зохицуулалттай байна. 

Үүнээс үзвэл, нэхэмжлэгч нь төрийн албанаас түр чөлөөлөгдөж, нөөцөд байгаад тооцогдсоноос үүсэх үр дагавар буюу төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах  хөдөлмөрлөх эрхийн харилцаатай холбоотой асуудал нь  дээрх хууль болон холбогдох журамд нийцэн хэрэгжих учиртай.

 Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь зохицуулалтаар төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас түр чөлөөлөгдөх үндэслэлийг тодорхойлсон, энэ нь эрхэлж байгаа албан тушаалаас нь түр чөлөөлөх тухай ойлголт биш, төрийн албанаас түр чөлөөлөгдсөнөөр түүний ажлын байр хадгалагдан үлдэх боломжгүй, энэ талаар шүүхүүд зөв дүгнэжээ.

 Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийг төрийн албанаас түр чөлөөлөгдсөнөөр түүний ажлын байр хадгалагдан үлдэх боломжгүйг зөв дүгнэсэн атлаа  үүнийг төрийн албанаас бүрмөсөн чөлөөлөгдсөнд тооцох, төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхгүй гэх зэргээр дээрх хууль болон журамд үл нийцэх дүгнэлт хийсэн нь буруу байна.

С.Ж нь хуульд заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн байх хугацаанд ажлын байранд хийгдсэн бүтэц, орон тооны өөрчлөлттэй холбоотой асуудал түүнд хамааралгүй, нэхэмжлэгч нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн улмаас төрийн албанаас чөлөөлөгдөөгүй болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогджээ.

Тодруулбал, цаг хугацааны  хувьд  бүтэц, орон тооны өөрчлөлтөөс өмнө гаргасан захиргааны байгууллагын 2015 оны 1644 дүгээр тушаал буюу нэхэмжлэгчийг төрийн албанаас түр чөлөөлсөн шийдвэр хүчинтэй, нэхэмжлэгч нь төрийн албанаас нэгэнт түр чөлөөлөгдсөн байхад түүнээс хойш гарсан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг үндэслэн албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн тушаалд нэхэмжлэгчийн нэр заагдсан байгаа нь түүнд 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгох үндэслэл болохгүй, шүүх энэ тушаалын тухайд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргаанд хамаарал бүхий Төрийн албаны хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, “...6 сарын нэг удаагийн тэтгэмж гаргуулах” тухай С.Ж-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0355 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2017/0511 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Ж-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.МӨНХТУЯА

 ШҮҮГЧ                                                                       Л.АТАРЦЭЦЭГ