Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2020/02111

 

 

 

 

 

        2020        08          19  

 181/ШШ2020/02111

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Их тойруу 62, ШШГЕГ,

Хариуцагч: ШШГЕГ , БХЗХТБАА-д тус тус холбогдох

2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай мэдэгдэх хуудас, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/996 дугаартай албан бичгийг тус тус хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч А.З, Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Ч.Билгүүн нар оролцов.                                                                                                       

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Тус компани нь ШШГЕГ-ын харъяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгчөөр оролцож байгаа бөгөөд гүйцэтгэх баримт бичигт заасан өр төлбөрийг барагдуулж дуусгахаар бүхий л боломж бололцоогоо дайчлан хичээн ажиллаж байна.

Гэтэл 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр манай компанийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч Ч.О нь компанийн гүйцэтгэх захирал Л.Н, үүсгэн байгуулагч Р.Б нарын гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн тухай мэдэгдэх хуудас ирүүлсэн юм.

Уг мэдэгдэх хуудсыг үйлдэх болсон шалтгаан, нөхцөл байдал бодитой бий болоогүй байхад хуулийг хавтгайруулан хэрэглэж компанийн өр төлбөрийн асуудлаар хувь хүмүүсийн хуулиар олгогдсон эрхийг бүдүүлгээр хязгаарлаж гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэнийг зөвшөөрөх боломжгүй.

Улмаар уг мэдэгдлийг хүчингүй болгуулахаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид энэ талаар гомдол гаргасан боловч 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/996 дугаартай хариу албан бичгээр шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас үндэслэлтэй гэж хариу ирүүлсэнд гомдолтой байна.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах тохиолдолд түдгэлзүүлнэ гэж гурван үндэслэл байна. Тухайлбал: эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуүн дарагдүулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй нөхцөлд гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхээр заасан байна.

Эдгээр үндэслэлүүдийн аль ч нөхцөл манай компанийн хувьд үүсээгүй, бидний зүгээс өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байсан удаа байхгүй бөгөөд шүүхийн шийдвэрт заасан өр төлбөрийг барагдуулж дуусгахаар хариуцсан шийдвэр гүйцэтгэгчтэй хамтран ажиллаж ирсэн.

Шүүхийн шийдвэрт заасан өр төлбөрөөс санаатайгаар зайлсхийх, аль эсвэл төлбөрийн чадваргүйд тооцуулахаар дампуурлын хэрэг үүсгүүлэх, дуудсан үед очихоос үндэслэлгүйгээр татгалзах, төлөөлөгч томилохгүй байх зэргээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулж байсан удаагүй.

Бид өр төлбөрийн асуудлыг шат дараатайгаар барагдуулж дуусгахаар бүхий л боломж, дотоод нөөц бололцоогоо дайчилж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хүндэтгэлтэй хандсаар ирсэн.

Гэтэл БХЗХТБААлба нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх талаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид санал оруулахдаа хуульд заасан үндэслэл, төлбөр төлөгчийн шүүхийн шийдвэр биелүүлж байгаа хичээл зүтгэл зэргийг харгалзан үзэж, уг асуудалд ялгамжтай байдлаар бус хуулийн 59 дүгээр зүйлд заасныг хавтгайруулан хэрэглэж улмаар манай компанийн үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх захирал миний гадаад улсад зорчих эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Э ХХКнь татвар, нийгмийн даатгалаас өөр олон байгуулллагад өр, төлбөр төлдөг татвар нийгмийн даатгал хоёр эд хөрөнгө авдаггүй, зөвхөн мөнгө авдаг. 9 тэр бум төгрөгийн төлбөртэй байсанаас төлсөөр байгаад өнөөдөр нэг тэрбум хүрэхгүй төлбөр байхад гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээд байх шаардлагагүй, яг ямар шалтгаанаар эрхийг нь хязгаарлаад байгаа нь нотлогдохгүй байна, дуудсан цагт нь байнга очиж байсан, оргон зайлах гээд байсан зүйлгүй.

Иймд БХЗХТБАА-ны 192-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай Телбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/996 дугаартай Гомдолд хариу өгөх тухай албан бичгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч ШШГЕГ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 353 дугаар захирамжаар Эрдэс холдинг ХХК-аас 1.579.179.700 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2016/00728 дугаар тогтоолоор 147.428.255 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор тус тус шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Э ХХКнь 8 жилийн хугацаанд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үүргээ биелүүлээгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй... төлбөр төлөгч, хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, төлөөлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхээр заасныг үндэслэн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь хуульд нийцсэн тул нэхэмжпэгч Эрдэс холдинг ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч: Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 353 дугаар захирамжаар Эрдэс холдинг ХХКомпаниас 1.579.179.700 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст олгох, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/01118 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 667 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 728 дугаар тогтоолоор Эрдэс холдинг ХХКомпаниас 147.428.255 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст тус тус олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Эрдэс холдинг ХХКомпанид удаа дараа хугацаатай мэдэгдэл хүргүүлэхэд төлбөрийн шаардлагаас татварын 713.561.100 төгрөгийг, нийгмийн даатгалаас 67.428.255 төгрөгийг тус тус хэсэгчлэн биелүүлсэн байна.

Эрдэс холдинг ХХКомпаний гүйцэтгэх удирдлага Л.Нацагдоржид 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 04 тоот төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-д заасны дагуу итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Бадамжаргалд дамжуулан өгөх эрхтэйгээр гарын үсэг зуруулж мэдэгдлийн нэг хувийг өгсөн. Эрдэс холдинг ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Р.Батхишигийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн зүйл байхгүй юм.

Төлбөр төлөгч хуулийн этгээд нь төлбөрийн үлдэгдэл 50.000.000 төгрөгөөс дээш буюу 945.618.600 төгрөгийн төлбөртэй байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан ...Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй...", төлбөр төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, төлёөлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхээр заасныг үндэслэн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                    ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Э ХХК нь БХЗХТБАА болон ШШГЕГт холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 04, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/996 дугаартай албан бичгийг буюу төлбөр төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтаны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгуулах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч БХЗХТБАА болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ мөн хуулийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 353 дугаартай шүүгчийн захирамжаар Эрдэс холдинг ХХК-иас 1.579.179.700 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст олгохоор,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1118 дугаартай шийдвэр, Улсын дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 0728 дугаартай тогтоолоор 147.428.255 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор тус тус шийдвэрлэж шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 26-30, 36-44-р хуудас/

            БХЗХТБАА Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийдвэрүүд, тус шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 567 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж мөн өдрийн 0451 дугаартай гүйцэтгэх хуудсуудыг үндэслэн 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдөр, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрүүдэд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. /хх-ийн 26, 27, 44, 45-р хуудас/

БХЗХТБААнаас 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 202/01, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 196/2, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 196/3, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3/01, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 301тоот мэдэгдэлүүдээр ... шүүхийн шийдвэр биелүүлэхийг шаардаж, тэмдэглэл үйлдэн, төлбөр төлөгчийн банк дахь болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр үйлдэж, зохих ажиллагаануудыг хийжээ. /хх-ийн 31-34, 46-75-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж,

44.4.-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж тус тус заасны дагуу Эрдэс холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Нацагдорж гомдол гаргаж 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 4/996 дугаартай Гомдолд хариу өгөх тухай албан бичгээр хариу авсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-т Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно.

59.1.1.эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн;

59.1.2.хөрөнгөө нуун дарагдуулсан;

59.1.3.төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй бол гэжээ.

Мөн хуулийн 59.2.-т Энэ хуулийн 59.1-д заасан шийдвэр гарсан бол төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл төлөөлөгчид түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэнэ гэж заасны дагуу 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 04 тоот мэдэгдэх хуудсаар төлбөр төлөгч Эрдэс холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Нацагдоржийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай мэдэгдэж , 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/996 дугаартай албан бичгээр түүнд хариу өгсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байна. /хх-ийн 8-р хуудас/

Эрдэс холдинг ХХК-ийн үүсгэн байгуулагч , хувьцаа эзэмшигч Р.Батхишигийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болох нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байгааг дурьдах нь зүйтэй.

            Иймд шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 04, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/996 дугаартай албан бичгүүдийг буюу төлбөр төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтаны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгуулах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                                            

ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5. дах хэсэгт зааснаар БХЗХТБАА болон ШШГЕГт холбогдох шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 04, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/996 дугаартай албан бичгүүдийг буюу төлбөр төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтаны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгуулах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Ч.ИЧИНХОРЛОО