Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/00856

 

...........................ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00981 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1565 дугаар магадлалтай,

...........................ны нэхэмжлэлтэй,

“СХ” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт нийт 1,901,894,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Б.Бэхтбат болон хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ........................... нь хариуцагч “СХ” ХХК-д холбогдуулан АҮ/2017/17 тоот болон АҮ/2017/53 тоот гэрээнүүдийн үүрэгт өр төлбөр 1,293,806,880 төгрөг, алданги 608,087,440 төгрөг, нийт 1,901,894,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00981 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “СХ” ХХК-аас 1,800,652,624 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд олгож, нэхэмжлэлээс 101,124,696 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 зааснаар хариуцагч “СХ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 9,161,213 төгрөг гаргуулж улсын төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1565 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00981 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,161,213 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн төлөөлөгч Б.Бэхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1 “СХ” ХХК-ийн захирал Б.Бэхбат миний бие 2020.05.05-ны өдөр хөдөө албан ажлаар явж байсан бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тус өдрийн 09 цагт зарласан шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаагаа албан бичгээр мэдэгдсээр байтал шүүх хуралдаанд намайг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх хуралдаанд оролцох, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримттай танилцах, хариу тайлбар гаргах, нэхэмжлэгч талтай мэтгэлцэх, хүсэлт гаргах, нотлох баримт өгөх, нэхэмжлэгч талтай эвлэрэн хэлэлцэх боломжийг анхан шатны шүүх надад олгоогүйд гомдолтой байна.

4.2 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжилж, анхан шатны шүүхээр хариуцагчаар төлүүлэхээр тогтоосон 546,845,744 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь тухайн сан нь тариаланчдаас тариалсан улаан буудайг худалдан авч тариаланчдаа дэмжихийн сацуу улмаар уг улаан буудайг гурилын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан гурилын үйлдвэрүүдээ дэмжиж, улс орны хэмжээнд гурилын үнийг тогтвортой барих эдийн засгийн бодлого хэрэгжүүлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг инфляцаас хамгаалдаг юм. Гэтэл улаан буудай худалдсан үнийнхээ талтай тэнцэх хэмжээний алдангийг банк бус санхүү болон мөнгө хүүлдэг байгууллагын адил тооцож авч байгаа нь дээрх зорилгынхоо эсрэг арга хэмжээ болж үүнийгээ шүүхэд нэхэмжлэн шийдвэрлүүлж байгаад харамсаж байна. Ийм хэмжээний алдангийг төлөх боломж дэлхий нийтийг хамарсан цар тахал өвчний улмаас хямар ч байгаа эдийн засгийн хямралын үед манай компанид үнэхээр байхгүй бөгөөд санхүүгийн хувьд хямралд орж дампуурахад хүрнэ. Анхан болон давж заалдах шатны шүүх эдийн засаг хямралтай байгаа үеийн нөхцөл байдлыг анхаарч ойлголгүй, хариуцагчийн санхүүгийн байдлын тодорхойлолгүй шууд ийм их хэмжээний алдангийг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхээр манай компаниас төлүүлэхээр тогтоосон алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан эрх хэмжээний хүрээнд багасгаж өгөхийг Монгол Улсын Дээд шүүхээс хүсч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн өмгөөлөгч би эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

5.1 Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хавтаст хэргийн материалын 96 дугаар талд авагдсан нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан, Улсын дээд шүүхийн 2002.07.24-ний өдрийн 263 дугаар тогтоолын 11-д тайлбарласан бичмэл нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлээгүй байх тул нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байна. Мөн хавтаст хэргийн материалын 89 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт “Уг тогтоолд зааснаар Тариалан дэмжих сангийн, санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө өглөг, авлага болон Мал хамгаалах сангаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлсэн хөрөнгө, өглөг, авлагыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу Хөдөө аж ахуйг дэмжих сан хүлээн авах ажиллагаа явагдаж байгаа болно” гэжээ. Энэхүү тайлбараас үзэхэд Хөдөө аж ахуйг дэмжих сан нь ажлаа бүрэн хүлээж аваагүй болох нь тогтоогдож байна. Гэтэл анхан шатны шүүх эдгээр үйл баримтыг тодруулж нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлэлгүй нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих санг Хөдөө аж ахуйг дэмжих сангаар сольсон нь учир дутагдалтай байна. Анхан шатны шүүх ядаж ажил хүлээлцэж дууссан актыг нэхэмжлэгч талаас гаргуулж авах ёстой байсан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “Хэргийн 88, 92-95, 96 дугаар талд авагдсан хууль, тогтоол нь хэргийн оролцогчид нээлттэй эх сурвалжаас /www.legalinfo.mn, Төрийн мэдээлэл/ авах боломжтой учир нотариатчаар гэрчлүүлсэн байхыг шаардахгүй. Энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй” гэжээ. Үүнийг давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь хэргийн 96 дугаар талд авагдсан бичмэл нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 44 дүгээр зүйлийн 44.2, Улсын дээд шүүхийн 2002.07.24-ний өдрийн 263 дугаар тогтоолын 11-д заасныг зөрчсөн байх бөгөөд хуульд нээлттэй эх сурвалжаас авах боломжтой бичмэл нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлэхгүй байхыг зөвшөөрсөн заалт байхгүй байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хуульд байхгүй зүйлийг үндэслэн хуулийг тайлбарлан хэрэглэж байгаа нь хууль хэрэглээний хувьд ноцтой алдаа гаргаж байгаа үйлдэл юм.

5.2 Хариуцагч талын шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгааныг анхан шатны шүүх нотолж чадаагүй гэж үзээд хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2020.05.05-ны өдөр явуулсан байдаг. Гэхдээ хавтаст хэргийн материалын 110-113, 118-121 дүгээр талуудад авагдсан нотлох баримтуудыг хариуцагч талд танилцуулаагүй байна. Хавтаст хэргийн материалын 103 дугаар талд авагдсан хэргийн оролцогчдод хэргийн материал танилцуулсан тухай баримтаас харахад хариуцагч тал 2020.03.27-ны өдөр хамгийн сүүлд хэргийн материалтай танилцсан байна. Гэтэл хавтаст хэргийн материалын 110-113, 118-121 дүгээр талд авагдсан нотлох баримтууд нь 2020.03.27-ны өдрөөс хойш авагдсан баримт байна. Энэхүү үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан зохигч (хариуцагч)-ийн эрхийг хангаагүй орхигдуулсан ноцтой зөрчил байна. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд “Хэргийн материалтай танилцах нь зохигчийн эрх буюу, энэхүү эрхээ хэрэгжүүлэх эсэх нь түүний хүсэл зоригийн асуудал тул 2020.03.27-ны өдрөөс хойш хэргийн материалтай танилцуулаагүй гэх давж заалдах гомдол мөн үндэслэлгүй байна” гэжээ. Үүнийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь анхан шатны шүүх хариуцагчид хавтаст хэргийн материалын 110-113 талд авагдсан бичмэл нотлох баримтыг танилцах эрхээ эдлэх боломжоор хэрхэн хангасан нь тодорхойгүй, мөн 118-121 дүгээр талд авагдсан бичмэл нотлох баримтыг нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан байдаг бөгөөд хариуцагчид тус бичмэл нотлох баримттай танилцах, хариу тайлбар гаргах эрхээ эдлэх боломжоор хангаагүй нь харагддаг. Өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд анхан шатны шүүх хариуцагчид дээрх эрхийг нь эдлүүлэх боломж олгоогүй байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бодит байдлыг дутуу үнэлж хариуцагчийн эрхээ эдлэх боломж нь түүний хүсэл зоригийн асуудал мэтээр тайлбарласан нь буруу байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

7. Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь хариуцагч “СХ” ХХК-д холбогдуулан 2017.03.27-ны өдрийн АҮ/2017/17 тоот гэрээний үүрэгт 805,806,880 төгрөг, алданги 468,979,092 төгрөг, 2017.07.18-ны өдрийн АҮ/2017/53 тоот гэрээний үүрэгт 448,000,000 төгрөг, алданги 205,184,000 төгрөг, нийт 1,901,894,320 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч хариу тайлбартаа “нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэгчтэй зөвшилцөнө, тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд холбогдох баримтуудыг шүүхэд гарган асуудлыг шийдвэрлүүлнэ” гэжээ.

8. Анхан шатны шүүх хариуцагчаас нийт 1,800,652.624 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлээс 101,124,696 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

9. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигч 2017.03.27-ны өдөр АҮ/2017/17 тоот, 2017.07.18-ны өдөр АҮ/2017/53 тоот Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулжээ.

АҮ/2017/17 тоот гэрээний 1.2-т 23,0-с дээш хувийн цавуулагтай 2000 тн буудай нийлүүлэх, 1.3-т нэг тн-г 560,000 төгрөгөөр тооцох, 1.4-т гэрээний нийт үнэ 1,120,000,000 төгрөг байх, 1.5-д буудай нийлүүлэх хугацааг талууд харилцан тохиролцож шийдвэрлэхээр, 3.1.1-3.1.4-т хэсэгчлэн нийлүүлэх буудайн хэмжээ, төлбөр төлөх хугацааг талууд харилцан тохирчээ.

АҮ/2017/53 тоот гэрээний 1.2-т 23-аас дээш хувийн цавуулагтай нийт 1000 тонн хүнсний улаан буудай нийлүүлнэ, 1.3-т гэрээний нийт үнийн дүн 560,000,000 төгрөг гэж тусгагдсан, мөн гэрээний 1.5-д буудай нийлүүлэх хугацааг талууд харилцан тохиролцож шийдвэрлэх ба хуваарийг гаргаж гэрээнд хавсаргахаар заасан байна.

10. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд

талуудын хоорондох тохиролцоо дээрх гэрээний шинжийг агуулжээ.

11. Гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, иймд гэрээний үүргийг зохигчийн хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй болно.

2 удаагийн гэрээний үүргээ биелүүлж, нийт 3000 тн хүнсний улаан буудай нийлүүлсэн  тухай нэхэмжлэгчийн баримтыг хариуцагч үгүйсгээгүй тул  энэ үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-г зөрчөөгүй байна.

Түүнчлэн  төлөгдсөн төлбөр болон үлдэгдэл төлбөрийн тооцооллын талаар хариуцагч маргасан тайлбар, нотлох баримт гаргаагүй, иймээс шүүх нэхэмжлэлээс 2017.03.27-ны өдрийн АҮ/2017/17 тоот гэрээний үүрэгт 805,806,880 төгрөг, 2017.07.18-ны өдрийн АҮ/2017/53 тоот гэрээний үүрэгт 448,000,000 төгрөг тус тус гаргуулах шаардлагыг үндэслэл бүхий гэж үзэж нэхэмжлэлийн эдгээр шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 243, 206 дугаар зүйлд заасантай нийцжээ.

12. Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд зааж болох ба зохигч нь нэхэмжлэлийн үндэслэл болсон 2 удаагийн гэрээний 4.2.8, 5.2-т алданги төлөхөөр тохиролцсон, хариуцагч үүрэг гүйцэтгэх гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдсон тул шүүх нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин нэхэмжлэгч алдангийг шаардахдаа хугацаа хэтрүүлсэн хоногийг буруу тодорхойлсон гэж үзээд анхан шатны шүүх нийт алдангид 546,845,744 төгрөг гаргуулсныг үгүйсгэх үндэслэлгүй гэж үзлээ.з

13. Хариуцагч “СХ” ХХК-ийн захирал Б.Бэхбат болон түүний өмгөөлөгч Бат-Эрдэнийн гомдлын тухайд.

13.1. Хэргийг хэлэлцсэн анхан шатны шүүхийн 2020.05.05-ны өдрийн шүүх хуралдааны мэдэгдлийг хариуцагчийн төлөөлөгч Б.Бэхбатад 2020.04.21-ний өдөр хүргүүлсэн боловч тэрээр албан ажлаар хөдөө явсан шалтгаанаар ирээгүй ба энэ нь шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан болоогүйгээс шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг зөрчөөгүй байна.

13.2. АҮ/2017/17 тоот гэрээнд хариуцагч нь төлбөрийн үлдэгдэл 805,806,880 төгрөгийг 2017.07.01-ний дотор, АҮ/2017/53 тоот гэрээний үүрэгт 448,000,000 төгрөгийг 2017.12.01-ний өдөр тус тус төлөх үүрэг хүлээсэн хэдий ч хугацааг хэтрүүлжээ. Хариуцагч алданги төлөхгүй шалтгаанаа дэлхий нийтийг хамарсан цар цахалтай холбож эдийн засгийн хувьд хямарсан гэх боловч, төлбөр төлөх үүрэг гүйцэтгэх хугацаанаас хойш 2 жилийн дараа үүссэн нөхцөл байдлыг төлбөрийн чадварт нөлөөлсөн үндэслэлд хамаатуулах боломжгүй. Мөн алдангийн хэмжээг багасгах тухай хүсэлтийг хариуцагч анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй, зохигч энэ талаар мэтгэлцээгүй байна, иймээс хяналтын шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг зөрчинө.

13.3. Нэхэмжлэлийг анх Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан 2019.08.15-ны өдөр гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад Засгийн газрын 2020.01.08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг шинээр байгуулж, тус ажлын албанд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн тайланд бүртгэлтэй өглөг, авлагыг шилжүүлэхээр шийдвэрлэснээр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцжээ.

Тус ажлын алба нь 2020.01.31-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн нь хэргийн 88-р талд авагдсан гэрчилгээгээр тогтоогдсон байна. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч солигдсон явдалд маргаагүй байна. Иймээс Хөдөө аж ахуйг дэмжих ажлын алба нь ажлаа бүрэн гүйцэд аваагүй байхад нэхэмжлэгчийг сольсон, ажлаа бүрэн хүлээн авсан актыг гаргуулаагүй гэх гомдол үндэслэлгүй гэж дүгнэв.

Хэргийн 90-95, 96 дугаар талд авагдсан Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон Засгийн газрын тогтоолыг хэргийн оролцогч нээлттэй эх сурвалж буюу Төрийн мэдээлэл сэтгүүл, legalinfo.mn сайтаас авах боломжтой тул эдгээрийг нотариатаар гэрчлүүлээгүйгээс нотлох баримтын шаардлага хангаагүй баримт гэж үзэхгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт буруу биш болно.

13.4. Хэргийн оролцогч нарт хэргийн баримтыг танилцуулсан тухай баримт хэргийн 103, 122-р талд авагдсан, 2020.05.05-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч ирээгүй тул шүүх хэргийн баримтыг танилцуулах боломж олгоогүй гэж үзэхгүй.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах үүрэг хүлээдэг тул шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн, хариуцагч нь “нэхэмжлэгчтэй тохиролцох, тохиролцоогүй бол шүүхэд нотлох баримт гаргаж мэтгэлцэнэ “гэсэн агуулгатай хариу тайлбараас өөр тайлбар болон нотлох баримт ирүүлээгүй байгааг дурдав.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00981 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1565 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “СХ” ХХК /төлөөлөгч Б.Бэхбат, өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ/-ийн 2020.09.07-ны өдөр 9,161,213 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

Н.БАЯРМАА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ