Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 24

 

  Н.Э холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа

Шүүгдэгч Н.Энхбат, түүний өмгөөлөгч Л.Батбаяр

Шүүгдэгч Н.Энхбат

Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЗ/127 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн 11 тоот эсэргүүцлээр Н.Э холбогдох эрүүгийн 1914003250402 дугаар хэргийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  Н.Э, 1987 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

Н.Энхбат нь өөрийн эзэмшлийн улсын дугааргүй даюун маркийн мотоцикль жолоодон гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.Мягмарсүрэнг сундлан 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн төвөөс Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг Ар ширгүү гэх газарт байх гэртээ харихаар явах замдаа 2019 оны 4 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг Хар хуруу гэх газарт болгоомжгүй үйлдлийн улмаас эхнэр Ш.Мягмарсүрэнг нам хэмийн үйлчлэлийн улмаас буюу осгоосны улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр                                                                                                    

Баянхонгор аймгийн прокурорын газраас Н.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1-т ... гэм буруу санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна..., мөн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-т... санаатай үйлдэл, эс үйлдэхгүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ... гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Н.Энхбатын үйлдлийн улмаас талийгаач Ш.Мягмарсүрэн нас барсан буюу гэмт хэргийн объектив талын заавал байх нэг шинж болох гэм буруутай этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/  хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдсэн бүхий л нөхцөл байдлууд, газар, цаг хугацаа, арга хэрэгсэл, бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл, /эс үйлдэхүй/ хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хооронд шалтгаант холбоотой байх шинж зэрэгт анхаарах шаардлагатай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т... энэ хууль засан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн гэм буруугийн зарчмыг баримталж  шүүгдэгч Н.Энхбатыг гэмт хэрэг гаргахад хүргэсэн үйлдэлд /эс үйлдэхүй/  эрх зүйн үнэлэлт,  дүгнэлт өгөх, гэм буруугийн хэлбэрт анхаарч, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхгүй үүднээс гэмт хэргийг зөв зүйлчлэх зэрэг асуудлыг мөрдөн байцаалтын шатанд дахин шалгаж шийдвэрлэх, үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч Н.Э холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор  В.Дэлгэрмаа тус шүүхэд гаргасан 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаар эсэргүүцэлдээ: Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгчийн захирамжийн агуулгаас үзэхэд Н.Энхбатын үйлдлийг хүнийг алах гэмт хэргээр зүйлчлэх гэсэн утга илэрхийлэгдэж байна гэж үзэхээр байна. Хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих бүхий л ажиллагааг бүрэн дүүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд хэрэгт хууль ёсны дагуу авагдсан нотлох баримтуудаар Н.Энхбат нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл нотолгоо тогтоогдоогүй. Учир нь хүнийг алах гэмт хэрэг нь гэмт этгээдийн зүгээс хүнийг амь насыг хохирооход чиглэсэн аюултай үйлдлийг өөрийн биеэр хийсэн гагцхүү санаатай үйлдэл байхыг шаардана. Гэтэл гэмт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар алахыг чиглэсэн үйлдэл хийсэн, үхэлд хүргэх хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдоогүй болно.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Н.Энхбат нь амь хохирогч Ш.Мягмарсүрэнгийн амь насыг өөрийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас буюу цас шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байхад харанхуй шөнө орхиж явсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь бусдын амь насыг санаатайгаар хохироох санаа зорилго агуулаагүй юм.

Учир нь амь хохирогчийг хээр хөдөө орхиж явснаар тэрээр бусдын амь насыг хохироох санаа зорилго агуулаагүй буюу гэмт хэргийн субьектив шинжээр бусдын амь насыг санаатайгаар хохироосон гэж дүгнэхээргүй, өөрийн болгоомжгүй буюу орхиж явснаар амь хохирогчийг амь насыг хохирно гэдгийг мэдээгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэн гарч байна.

Шүүхээс хэргийг хянахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэх заалтыг зөрчсөн буюу хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн байдалд бодитоор үнэлэлт, дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Иймд шүүгдэгч Н.Э холбогдох эрүүгийн 1914003250402 дугаартай хэргийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 127 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих бүхий л ажиллагааг бүрэн дүүрэн хийсэн, гэмт хэрэг бүрэн тогтоогдсон, шүүгчийн захирамж ойлгомжгүй, үндэс муутай тул хэрэгсэхгүй болгоно уу гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо  эргэлзээтэй байдаг. Шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр тус шүүхэд гаргасан саналдаа: Хэргийг хавтаст хэрэгт цуцларсан нотлох баримтуудаар шийдвэрлэх боломжтой тул шүүгчийн гаргасан захирамжийг хүчингүй болгоно уу гэв.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

   Прокурорын бичсэн эсэргүүцэлд үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагааг прокурорын эсэргүүцлийн үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Н.Энхбат нь өөрийн эзэмшлийн улсын дугааргүй даюун маркийн мотоцикль жолоодон гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.Мягмарсүрэнг сундлан 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн төвөөс Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг Ар ширгүү гэх газарт байх гэртээ харихаар явах замдаа 2019 оны 4 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг Хар хуруу гэх газарт болгоомжгүй үйлдлийн улмаас эхнэр Ш.Мягмарсүрэнг нам хэмийн үйлчлэлийн улмаас буюу осгоосны улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Н.Э  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоовол зохих зүйлийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүгдийг шалган тогтоосон  байх тул Н.Э холбогдох эрүүгийн  хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан  нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлуудыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн хэр хэмжээг тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

           Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.1-1.3-д  заасан  аль  үндэслэлээр нь  хэргийг прокурорт буцааж байгаа нь тодорхойгүйгээс гадна захирамжийн үндэслэл ойлгомжгүй гарчээ.

Прокурорын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэх заалтыг зөрчсөн, хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн байдалд бодитоор үнэлэлт, дүгнэлт хийгээгүй  талаар бичсэн эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЗ/127 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                                      Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

                                      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

                           зүйлийн  1.3-т  тус тус заасныг  удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЗ/127 дугаар  захирамжийг хүчингүй болгож, Н.Э холбогдох 1914003250402 дугаар эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурорын  бичсэн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр эсэргүүцэлийг хүлээн авсугай.

2. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар  шүүгдэгч Н.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол  хэвээр  үргэлжлүүлсүгэй.

             3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй