Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 23

 

                                      Ч.Б холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Г.Доржготов

Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Бийн гаргасан давж заалдах гомдлоор Ч.Б холбогдох эрүүгийн 1914005270337 дугаар хэргийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  Ч.Б, 1973 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд 1998 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 175 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

1999 оны 5 дугаар сарын 10-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар, 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан ялын хөнгөн ялыг хүнд ялд багтааж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 3 жилийн үлдсэн хорих ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялаас 1 жилийг ялыг нэмж 4 жилийн хорих ялаар шийтгүүлж,

 2004 оны 01 дүгээр сарын 22-нд Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 1-д заасныг хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,

2006 оны 9 дүгээр сарын 11-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

 2011 оны 10 дугаар сарын 07-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 250 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,

2012 оны 3 дугаар сарын 09-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

2013 оны 9 дүгээр сарын 02-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар /ВК73032112/

Ч.Б нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2-39-3 тоотод Л.Дэнсмааг хүчиндэхийг завдсан,

2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Их богд хүнсний дэлгүүрийн ар талын зогсоолд байсан иргэн Ж.Амгалангийн эзэмшлийн мустанг-5 маркийн 66-10 БНЗ улсын дугаартай улбар шар өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 1.170.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 64 дүгээр байрны гаднаас иргэн А.Дашдаваагийн эзэмшлийн мустанг-5 маркийн улсын дугаар бичиг баримтгүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 370.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Гантиг хүнсний дэлгүүрийн гадна талын зогсоол дээр байсан иргэн Д.Мэнд-Өсөхийн эзэмшлийн SUPER BENYI маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/                                                               

Баянхонгор аймгийн прокурорын газраас Ч.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч  Ч.Б хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн хүчиндэхийг завдах, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Б 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 2 8 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бийн цагдан хоригдсон 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 117 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн оймс 1 ширхэг зэргийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн Тамгын газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгч Ч.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Б тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Миний хувьд үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрч, хохирол хор уршгийг бүрэн барагдуулсан тул миний надад оногдуулсан хорих ялын хэмжээг хөнгөрүүлж өгөхийг хүсч гомдол гаргаж байна. Би хойшид дахин гэмт хэрэг үйлдэхгүй өөрийгөө засч, хүмүүжүүлж засч авч чадна гэдгээ илэрхийлж байна гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Доржготов шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ч.Б оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэв.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Бийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянахад:

Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2-39-3 тоотод Л.Дэнсмааг хүчиндэхийг завдсан,

2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Их богд хүнсний дэлгүүрийн ар талын зогсоолд байсан иргэн Ж.Амгалангийн эзэмшлийн мустанг-5 маркийн 66-10 БНЗ улсын дугаартай улбар шар өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар , 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 64 дүгээр байрны гаднаас иргэн А.Дашдаваагийн эзэмшлийн мустанг-5 маркийн улсын дугаар бичиг баримтгүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар,

2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Гантиг хүнсний дэлгүүрийн гадна талын зогсоол дээр байсан иргэн Д.Мэнд-Өсөхийн эзэмшлийн SUPER BENYI маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар тус тус хулгайлсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ч.Бийн мэдүүлгүүд, хохирогч Л.Дэнсмаа, Ж.Амгалан, А.Дашдаваа, Д.Мэнд-Өсөх, гэрч М.Саранцэцэг, Д.Мөнхбат нарын мэдүүлгүүд, эд хөрөнгөнд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ч.Б холбогдох хэргийг мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

                Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх үүднээс анхан шатны шүүх Ч.Бийн үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулж, хорих ялуудыг нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийг хэрэглэхдээ ял дээр гэхийг ялд гэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэснийг хасаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Харин “...оногдуулсан хорих ялын хэмжээг хөнгөрүүлж өгөхийг хүссэн...” шүүгдэгч Ч.Бийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй буюу анхан шатны шүүх  шүүгдэгч Ч.Бийн 4 удаагийн гэмт үйлдэлд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэсэн, түүнд оногдуулсан нийт 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял нь түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ч.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

                   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

                   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

              зүйлийн 1.4-т тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад

            “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар..., ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялд ...” гэснийг

            “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар..., ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр...” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.Бийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 70 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.